| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2024/0759/З |
| Дугаар | 221/МА2025/0055 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2025/0055
“ӨК” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж
Нэхэмжлэгч: “ӨК” ХХК
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар, Тендерийн Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: “СМ” ХХК, “МӨ” ХХК-иудын түншлэл
Нэхэмжлэлийн шаардлага: “Тендерийн үнэлгээний хорооны Дотуур байрны барилга, 160 суудал /Увс, Өмнөговь сум, ** дугаар баг/, УТ2401502431 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг үнэлсэн шийдвэр /зөвлөмж/, “СМ” ХХК, “МӨ” ХХК-иудын түншлэлийн тендерийг шалгаруулсан тухай мэдэгдэл, ажил гүйцэтгэх тухай гэрээг тус тус хүчингүй болгуулах, манай компанийн тендерээс татгалзсан 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А-1/2893 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тендерт шалгаруулахыг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 924 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М
Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С
Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0759/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ӨК” ХХК нь хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, Тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Тендерийн үнэлгээний хорооны Дотуур байрны барилга, 160 суудал /Увс, Өмнөговь сум, ** дугаар баг/, УТ2401502431 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг үнэлсэн шийдвэр /зөвлөмж/, “СМ” ХХК, “МӨ” ХХК-иудын түншлэлийн тендерийг шалгаруулсан тухай мэдэгдэл, ажил гүйцэтгэх тухай гэрээг тус тус хүчингүй болгуулах, манай компанийн тендерээс татгалзсан 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А-1/2893 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тендерт шалгаруулахыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 924 дүгээр шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 51 дүгээр зүйлийн 51.4-т заасныг тус тус баримтлан “ӨК” ХХК-аас Төрийн худалдан авах ажиллагааны газар, Дотуур байрны барилга, 160 суудал /Увс, Өмнөговь сум, ** дугаар баг/, төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Тендерийн үнэлгээний хорооны Дотуур байрны барилга, 160 суудал /Увс, Өмнөговь сум, ** дугаар баг/, УТ2401502431 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг үнэлсэн шийдвэр /зөвлөмж/, “СМ” ХХК, “МӨ” ХХК-уудын түншлэлийн тендерийг шалгаруулсан тухай мэдэгдэл, ажил гүйцэтгэх тухай гэрээг тус тус хүчингүй болгуулах, манай компанийн тендерээс татгалзсан 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А-1/2893 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тендерт шалгаруулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...манай компани бүх шалгуурыг ханга ан гэж үзэж байгаа бөгөөд Ус хангамж ариутгах татуургын инженер Э.Ятай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг нотариатаар баталгаажуулан, Ус хангамж, ариутгах татуургын зураг төслийн зөвлөх инженерийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А-24/002 дугаартай албан бичгийг эх хувиар нь хавсралтаар хүргүүлсэн. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Э энэхүү асуудлыг шалгаж үзээд “ӨК” ХХК-ийн бурууг нотолж чадаагүй. Инженер Э.Я 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А-24/002 дугаар албан бичгээр Сангийн яаманд зохих тодорхойлолтыг гаргаж өгсөн байдаг. Шүүх эдгээр баримтуудыг, бодит нөхцөл байдлыг дүгнээд, “ӨК” ХХК-ийн тендерээс татгалзсан 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А-1/2893 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоох ёстой. Дээрх асуудлыг шүүх “...тендерийн материалыг бүрдүүлэхдээ тендерт оролцогч хариуцлагатай хандаж, тендерийн баримт бичигт заасан шаардлага хангасан материал хавсарган гаргах боломжтой байжээ” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан явдал мөн. Тендерийн үнэлгээний хороо Э.Яаас авсан гэх албан бичиг нь эх хувиараа ирээгүй, гарын үсэг нь зөрүүтэй байсныг нягтлаагүйн дээр тендерт оролцогчоос өөрөөр нь энэ тухай тодруулга авч нөхцөл байдлыг бүрэн тогтоосноор шийдвэрлэх үүрэгтэй байсан.
3.2. Мөн тус тендерт шалгарсан төлөөлөх эрх бүхий гишүүн “СМ” ХХК, түншлэлийн гишүүн “МӨ” ХХК-ийн түншлэлийн тендерийн баримт бичигт танилцаж үзэхэд дараах төрлийн шаардлагыг хангаагүй байхад шалгаруулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй, илт хууль бус шийдвэр гэж үзэж байна. Тендерийн баримт бичигт Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байхаар заасан. Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн “СМ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн “Материал хүргүүлэх тухай” 10 дугаартай албан бичиг болон цахимаар тендер ирүүлэхдээ тендер нээснээс хойш ажлын 45 хоногт хүчинтэй байна гэж ирүүлсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
3.3. ТШЗ 19.1-д заасныг Түншлэлийн гишүүн “МӨ” ХХК-ийн захирал Э.Н 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ц.Цтэй /РД:********/ 04 дугаартай Дотуур байрны барилга, 160 суудал /Увс, Өмнөговь сум, ** дугаар баг/-ын Халаалт агаар сэлгэлтийн инженерээр хөлсөөр ажиллахаар гэрээ байгуулсан байгаа нь түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн “СМ” ХХК байгуулаагүй шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Мөн тус тендерт Халаалт агаар сэлгэлтийн инженерээр санал болгосон Ц.Ц нь 2019 онд ШУТИС-ийг Хүрээлэн буй орчны инженер мэргэжлээр суралцаж төгссөн нь шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. Түншлэлийн гишүүн “МӨ” ХХК-ийн захирал Э.Н 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэн М.Гтай /РД:***************/ 03 дугаартай Дотуур байрны барилга, 160 суудал /Увс, Өмнөговь сум, ** дугаар баг/-ын Усан хангамж ариутгах татуургын инженерээр хөлсөөр ажиллахаар гэрээ байгуулсан байгаа нь төлөөлөх эрх бүхий гишүүн “СМ” ХХК байгуулаагүй шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Мөн М.Гыг тус мэргэжлээр суралцаж төгссөн талаар е-Mongolia-аас шалгаж үзэхэд усан хангамж ариутгах татуургын инженерийн шаардлагыг хангахгүй байхад шалгаруулсан нь шаардлагад нийцээгүй байна.
3.4. ТШЗ 19.2-т Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичиг гэж заасныг Түншлэлийн гишүүн “МӨ” ХХК-ийн захирал Э.Н 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэн М.Гтай /РД:********/ Усан хангамж ариутгах татуургын инженерээр 03 дугаартай, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ц.Цтэй /РД:********/ 04 дүгээртэй Дотуур байрны барилга, 160 суудал /Увс, Өмнөговь сум, ** дугаар баг/-ын Халаалт агаар сэлгэлтийн инженерээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байгаа нь төлөөлөх эрх бүхий гишүүн “СМ” ХХК байгуулаагүй шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Мөн цахим системээр санал болгохдоо “СМ” ХХК-ийн үндсэн ажилтан гэж ирүүлж санал болгосон нь шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
3.5. ТШЗ 19.2-т Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн нотлох дараах баримт бичиг ирүүлнэ гэж заасныг “СМ” ХХК нь иргэн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэн А.Хтай ****УН улсын дугаартай экскаваторыг Дотуур байрны барилга, 160 суудал /Увс, Өмнөговь сум, ** дугаар баг/-ын ажилд ашиглахаар машин механизм түрээслэх гэрээ хийсэн бөгөөд цахим системд санал болгохдоо “СМ” ХХК-ийн өмчлөлийн машин механизм гэж санал болгосон нь шаардлагад нийцээгүй гэж үзэж байна..
3.6. Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн “СМ” ХХК, түншлэлийн гишүүн “МӨ” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4, 26 дугаар зүйлийн 26.5 болон тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангахгүй байхад шаардлага хангасан гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус шийдвэр гэж үзэж байна
Иймд анхан шатны шүүх Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Дотуур байрны барилга, 160 суудал /Увс, Өмнөговь сум, ** дугаар баг/, БШУЯ/20240101017/02/01 урилгын дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “СМ” ХХК, “МӨ” ХХК-уудын түншлэлийн тендерийг шалгаруулсан мэдэгдлийг хүчингүй болгож, “ӨК” ХХК-ийн тендерээс татгалзсан 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А-1/2893 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тендер шалгаруулахыг даалгаж шийдвэрлэх байжээ. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “ӨК” ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газар, Тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Тендерийн үнэлгээний хорооны Дотуур байрны барилга, 160 суудал /Увс, Өмнөговь сум, ** дугаар баг/, УТ2401502431 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг үнэлсэн шийдвэр /зөвлөмж/, “СМ” ХХК, “МӨ” ХХК-уудын түншлэлийн тендерийг шалгаруулсан тухай мэдэгдэл, ажил гүйцэтгэх тухай гэрээг тус тус хүчингүй болгуулах, манай компанийн тендерээс татгалзсан 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А-1/2893 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тендерт шалгаруулахыг даалгах”-аар маргасан байна.
2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Төрийн худалдан авах ажиллагааны газраас Дотуур байрны барилга, 160 суудал /Увс, Өмнөговь сум, ** дугаар баг/ УТ2401502431 дугаар тендерийг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулж, тус үнэлгээний хороо тендерийн сонгон шалгаруулалтыг явуулжээ.
2.3. Маргаан бүхий тендерт нэхэмжлэгч “ӨК” ХХК, гуравдагч этгээд “СМ” ХХК болон “МӨ” ХХК-уудын түншлэлээс гадна “СУК” ХХК болон “ОИ” ХХК-уудын түншлэл нар өрсөлдсөн бөгөөд хариуцагч үнэлгээний хороо 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хуралдаад “ТӨХ 19.2-т заасан Тендерт оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх V бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно” гэсэн шаардлагад нийцээгүй буюу Ус хангамж ариутгах татуургын инженерээр санал болгосон Э.Ятай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний огноо зөрүүтэй байсныг тодруулга авахад тэрээр “надтай гэрээ байгуулаагүй ба хувь хүний баримт бичгийг хууль бусаар ашигласан байна...” гэж хариу мэдэгдсэн, уг мэдэгдэл болон гэрээнд зурагдсан гарын үсэг зөрүүтэй байгаа байдлыг үндэслэн тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж, бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан гуравдагч этгээдийг ажил гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж, улмаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас Боловсролын ерөнхий газрын даргад 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-1/3198 дугаартай “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдэж, харин нэхэмжлэгчид тендерт шалгараагүй тухай 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А-1/2893 дугаартай мэдэгдлийг, Гэрээ байгуулах эрх олгох тухай А-1/2895 дугаартай мэдэгдлийг гуравдагч этгээдэд тус тус хүргүүлсэн, уг мэдэгдлийг үндэслэн Боловсролын ерөнхий газар болон гуравдагч этгээд нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр №БШУЯ/20240101037 дугаартай XIII.1.1.268, Дотуур байрны барилга, 160 суудал /Увс, Өмнөговь сум, ** дугаар баг/ ажлын гэрээ байгуулсныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч нэхэмжлэл гарган маргаж байна.
2.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д ““тендер шалгаруулалтын баримт бичиг” гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг” ойлгоно гэж, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 17 дугаар зүйлийн 17.2-т “Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно” гээд 17.2.3-д “гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээлэл” гэж тус тус зааснаар захиалагч нь тендер шалгаруулалтад тавигдах Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлага, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар зэрэгт шалгуур үзүүлэлтийг тусгайлан тавих эрхтэй.
2.5. Маргаан бүхий тендерийн өгөгдлийн хүснэгтийн 19.2-т “Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичиг хэсэгт “Ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагыг нотлох дараах бичиг баримтыг ирүүлнэ”, а) Тендерт оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх V бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно...” гэсэн шаардлагыг тусгайлан заасан байна. Энд тусгагдсан Хөлсөөр ажиллах гэрээ гэдэг нь аливаа ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхээр тухайн үедээ зориулан хийгддэг гэрээг ойлгоно. Гэтэл тендерийн баримт бичигт ирүүлсэн нэхэмжлэгч “ӨК” ХХК-ийн Ус хангамж ариутгах татуургын инженер Э.Ятай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн огноотой, харин Э.Яын гэрээнд гарын үсэг зурсан огноо 4 дүгээр сарын 20 гэсэн зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдсон тул хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасны дагуу тодруулга авахад Ус хангамж, ариутгах, татуургын зураг төслийн зөвлөх инженер Э.Я нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 24/001 дугаартай албан бичгээр ...“ӨК” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй, хувь хүний баримт бичгийг хууль бусаар ашигласан, гэрээнд зурагдсан гарын үсэг зөрүүтэй байна гэх хариуг ирүүлсэн төдийгүй уг албан бичиг болон тендерийн бичиг баримтад ирүүлсэн Хөлсөөр ажиллах гэрээнд зурагдсан гарын үсгүүд зөрүүтэй болох нь тогтоогдсон байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тендерийг шаардлага хангаагүй гэж татгалзсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй.
2.6. Учир нь Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээс бус тендерт оролцогч этгээдээс ирүүлсэн тендерийн баримт бичиг болон тодруулга авсан баримт бичигт зурагдсан зөрүүтэй гарын үсгийн аль нь зөв болохыг тогтоох үүрэггүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Тендерийн үнэлгээний хороо Э.Яаас авсан гэх албан бичиг нь эх хувиараа ирээгүй, гарын үсэг нь зөрүүтэй байсныг нягтлаагүйн дээр тендерт оролцогчоос өөрөөс нь энэ тухай тодруулга авч нөхцөл байдлыг бүрэн тогтоосноор шийдвэрлэх үүрэгтэй байсан...” гэх гомдол үндэслэлгүй.
2.7. Хэдийгээр Ус хангамж, ариутгах татуургын зураг төслийн зөвлөх инженер Э.Я нь “...“ӨК” ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 24/21 дугаартай хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан нь үнэн” гэх агуулга бүхий 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А-24/002 дугаартай албан бичгийг Монгол Улсын Сангийн яаманд, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А-24/006 дугаартай албан бичгийг Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Эд тус тус нөхөн хүргүүлсэн баримтууд хэрэгт авагдсан байх боловч энэ нь тухайн үед гаргасан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.
2.8. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “...гуравдагч этгээдээс тендерийн материалаа тендер нээснээс хойш ажлын 45 хоногт хүчинтэй байна гэж ирүүлсэн, Түншлэлийн гишүүн “МӨ” ХХК-ийн захирал Э.Н нь Ц.Ц, М.Г нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байгаа нь шаардлагад нийцээгүй, мөн цахим системээр санал болгохдоо “СМ” ХХК-ийн үндсэн ажилтан гэж ирүүлж санал болгосон нь шаардлагад нийцээгүй, “СМ” ХХК нь иргэн А.Хтай экскаваторыг ажилд ашиглахаар машин механизм түрээслэх гэрээ хийсэн бөгөөд цахим системд санал болгохдоо “СМ” ХХК-ийн өмчлөлийн машин механизм гэж санал болгосон нь шаардлагад нийцээгүй” зэрэг үндэслэлд нэгэнт анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэжээ.
2.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж зааснаар тендер сонгон шалгаруулах ажиллагаа нь тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан тусгай шаардлагуудыг бүгдийг нь хангасан, хамгийн хямд үнийн санал бүхий өрсөлдөгчийг сонгох бөгөөд харин тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс илүү хямд үнийн санал гаргасан боловч ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагыг хангаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 924 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА