Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Г.Амарсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Хохирогч Ж.Сайнбуян 

Шүүгдэгч Ч.Эрхэмбаяр, З.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Ч.Эрхэмбаяр,  мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар З.Мөнгөншагай нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201617000221 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Нэг. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын  4 дүгээр багийн харьяат, 1992 оны 03 дугаар сарын 03-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хувиараа хөдөлмөр эрхэлдэг улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ЛД92030315 регистртэй, Боржигон овгийн Чулуунбаатарын Эрхэмбаяр. 

 

Хоёр. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  4 дүгээр багийн харьяат, 1992 оны 11 дугаар сарын 23-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, СЩ 92112239 регистртэй, Тэнгэр язгууртан овгийн Зэсэнжавын Алтаншагай. 

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

  Нэг. Яллагдагч Ч.Эрхэмбаяр нь согтуурсан үедээ яллагдагч З.Алтаншагайтай бүлэглэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р багийн нутаг дэвсгэрт 2016.07.07-

 

ны шөнө үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Ж.Сайнбуянг зодож түүний бие махбодид тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, 

           

Хоёр. Яллагдагч З.Алтаншагай нь согтуурсан үедээ яллагдагч Ч.Эрхэмбаяртай бүлэглэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р багийн нутаг дэвсгэрт 2016.07.07-ны шөнө үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Ж.Сайнбуянг зодож танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ч.Эрхэмбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  Тэр орой баарнаас гарч ирээд Ойдовын машинтай Төрийн банкны ойролцоо явж байтал араас явж байсан машины жолооч та нар яаж яваад байна гээд орилход Алтаншагай машинаас бууж очсон. Тэгэхээр би хойноос нь бууж очсон. Тухайн үед би согтуу байсан болохоор урагшаа гишгэх гээд хөл алдаад, хөл рүү нь цохисон. Тэгээд л  2-3 цохисон. Тийм л зүйл болсон. Цагдаа дуудна гэхээр нь Татварын хэлтсийн тэндээс Ойдовын машинд суугаад явсан. Тэгээд л маргааш өглөө нь цагдаад дуудагдсан гэв.  

  - Шүүгдэгч З.Алтаншагай шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 07-ны шөнө Мөнххаан сумаас Ойдовын машинтай ирээд, Ардчилсан намын байрны биллярданд тоглож байгаад Энхжин бааранд орсон. Энхжин бааранд ороод 0.75 граммын Болор архи, нэг нэг пиво уусан. Тэндээс гараад төв замаар явж байтал Ойдов зүүн гар тийш хүчтэй эргэх үед араас явж  байсан 97-15 сүа улсын дугаартай Портер маркийн машины жолооч гарч ирээд та нар яаж яваад байгаа юм бэ гэж хэлэхэд би жаахан уусан байсан болохоор яаж явах нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгээд машинаас Эрхэмбаяр гарч ирээд маргалдсан. Тэгэхэд би салгах гэж оролдоход Эрхэмбаяр нэг удаа мөргөсөн. Би Эрхэмбаярыг аваад урагшаа явах гэтэл машин байхгүй Ойдов хөдлөөд явсан байсан. Гэтэл Сайнбуян явуулахгүй байсан. Түүнээс салж урагшаагаа яваад машиндаа суусан гэв. 

 

- Хохирогч Ж.Сайнбуян шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016.07.07-ны шөнө 00.00 цагийн орчимд хот руу хүнд мах өгч явуулах гээд цагаан 24-өөс хөдлөөд Төрийн банкны зүүн талаар баруун гар тийш эргэж тэжээл тийш явах гээд Истима маркийн машины араас дүрмийн дагуу орсон. Гэтэл урд явж байсан машин Татварын хэлтсийн нарийн зам дээр огцом эргэхэд нь та нар дүрмээ мэдэх үү гэж шаардлага тавьсан. Миний урд огцом эргэсэн учраас би зогссон. Тэгтэл Алтаншагай машинаас гарч ирээд маргалдсан. Тэгэхээр нь цагдаад мэдэгдье гэтэл миний утасны цэнэг дууссан байсан. Эрхэмбаяр машины арын хаалганаас бууж ирээд болсон асуудлыг ойлгоогүй байж над руу дайрсан. Миний фудволкыг урсаныг би мэдээгүй. Түлхэх үедээ урсан юм шиг байна лээ. Алтаншагай Эрхэмбаярыг салгах гэтэл Эрхэмбаяр намайг мөргөсөн. Тэгээд энэ хоёр буцаад машиндаа суух гэтэл машин нь хөдлөөд явсан байсан. Тухайн үед энэ хоёртой муудалцаад хэрэггүй гээд бодтол харанхуй руу чирээд алчихая гэж ярьж байсан. Тэгээд би тэр хоёртой зууралдаж байгаад мултраад цагдаа дуудлаа шүү гэхэд энэ хоёр зугтаад явсан. Тухайн өдрөө цагдаад гомдол гаргасан. Маргааш өглөө нь жижүүрийн цагдаад мэдүүлэг өгсөн. Томографийн зураг авахуулаад асуудал гарахгүй бол өргөдлөө буцааж авъя гэж байтал шинжилгээний хариу гарахгүй байсаар 9 хоногийн хугацаа өнгөрч дараа дараагийн шатанд шилжсэн байсан. Энэ хэргийг ийм шатанд хүрнэ гэдгийг мэдээгүй. Би энэ хоёр залууд гомдол санал байхгүй гэв. 

 

- Хохирогч Ж.Сайнбуянгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 07 сарын 07-ны шөнө 00 цаг 30 минутын үед ах Одхүүгийн эзэмшлийн Портер маркийн 97-15 СҮА улсын дугаартай машинтай цагаан 24-өөс хөдлөөд Төрийн банкны зүүн талаар хойшоогоо яваад төв замруу Тэжээлрүү явах гээд зүүн гар тийшээ эргээд явтал төв замаар зүүнээс баруун тийшээ явж байсан Истима маркийн 51-00 СҮА машин гэнэт Татварын хэлтсийн хойд талын зам дээр эргэхдээ зам  тавьж  өгөхгүй хөндөлсөөд зогссон юм. Тэр үед би цонхоороо тэд нарт хандаж Та нар яаж яваад байгаа юм бэ дүрмээ мэдэх үү гэж хэлсэн юм. Тэгсэн чинь Истима машины зүүн урд талд нь сууж байсан  залуу буюу Алтаншагай бууж ирээд  чи юу гээд байгаа юм гэхээр нь би машинаасаа буугаад түүнд хандаж  та нар дүрмээ мэддэггүй юмуу гэсэн чинь бид нар яаж явахаа чамаар заалгахгүй шүү пизда минь гээд  хэрүүл маргаан хийгээд байж байтал Истама машины арын суудлаас Эрхэмбаяр гэдэг  бууж ирсэнээ наадахыг чинь алчихая л даа гичийний зулзага минь, сүрний банди минь гээд намайг хэл амаар доромжилж байснаа  чамайг цохичих уу гэж хэлэхэд нь би юу ч гэж хэлж амжаагүй байтал миний нүүррүү 2 удаа мөргөсөн. Энэ үед Алтаншагай харчихаад Эрхэмбаярыг салгах гэхэд Эрхэмбаяр намайг цохих гэж далайхаар нь би булттал Алтаншагай миний зүүн нүдрүү гараараа цохичихсон.  Тэр үед Истима маркийн машиныг жолоодож явсан Ойдов гэх залуу Алтаншагай, Эрхэмбаяр 2-ыг ориход машинаа асаагаад явахад тэр 2 намайг харанхуйруу алчихая гээд чирээд явж байхад Эрхэмбаяр миний зүүн нүдрүү хөлөөрөө нэг удаа өшиглөхөд оночихсон. Тэгээд араас дахиад 2 удаа өшиглөхөд нь би гараараа  хамгаалсан. Тэр үед Алтаншагай миний баруун гарнаас барьчихаад явахдаа мөн гараараа миний нүүррүү цохиод байсан. Ингээд тэр хоёроос арай гэж гараа мултлаад авраарай цагдаа дуудлаа гэсэн чинь тэр 2 зугтаагаад явчихсан юм.

Машинруугаа очих гээд явтал Ойдов нь машинаа хаана тавьсаныг мэдэхгүй явган ирээд хөгшөөн уучлаарай гэж надад хэлэхэд амнаас нь архи үнэртэж байсан. Тухайн үед Эрхэмбаяр, Алтаншагай хоёр намайг 2 талаас чирч явахдаа миний өмсөж явсан хар фудволкны 2 талаас урсан. Би Алтаншагай, Эрхэмбаяр хоёрыг танихгүй, энэ хоёртой ямарч харилцаа холбоо байхгүй, урьд өмнө маргалдаж, муудалцаж байгаагүй, энэ хэргээс хойш таньдаг болсон. Би тухайн үед тэр хоёрын хэнийг нь цохиж зодоогүй, харин тэр хоёр харанхуйруу чирээд алчихая гээд байхаар нь гараа угз татаж авсан тэр үед Алтаншагайг цохисон үгүй мэдэхгүй байна.  Маргааш нь Алтаншагай намайг цохисон гэж яриад байсан. Намайг эхлээд Эрхэмбаяр 2 удаа мөргөж зодсон тэгэхэд нь миний тархи доргиж, дух хавдаж мөн зүүн хөмсөг хавдсан байсан.  Энэ үед Алтаншагай Эрхэмбаярыг салгах гээд байж байхад Эрхэмбаяр намайг цохих гээд далайхаар нь би бултсан. Энэ үед Алтаншагай миний зүүн нүдрүү гараараа нэг удаа цохисон.  Тэр үед Алтаншагай, Эрхэмбаяр хоёртой хамт явж байсан Ойдов гэх залуу машинтайгаа хөдөлөөд яваад өгсөн. Ойдовыг явсаны дараа тэр 2 намайг харанхуйруу алчихая гээд чирээд явж байхад Эрхэмбаяр миний зүүн нүдрүү хөлөөрөө нэг удаа өшиглөхөд оночихсон.  Тэгээд араас дахиад 2 удаа өшиглөхөд нь би гараараа  хамгаалж нүүррүүгээ цохиулаагүй. Тэр үед Алтаншагай миний баруун гарнаас барьчихаад явахдаа мөн гараараа миний шанааруу аль нэг гараараа зөөлөн цохисон. Тийм болохоор Эрхэмбаяр, Алтаншагай хоёр хоёулаа намайг цохиж зодсон. Илүү цохиж зодсон нь Эрхэмбаяр юм. Алтаншагай, Эрхэмбаяр нарт гаргах  гомдол санал байхгүй. Энэ хоёртой эвлэрч хохирлын маргаангүй болсон. Алтаншагай, Эрхэмбаяр хоёр надад 

эмчилгээний мөнгө гэж 200000 /хоёр зуун мянга/ төгрөг өгсөн. Тийм болохоор энэ хоёроос нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед Эрхэмбаяр, Алтаншагай 2 байсан. Ойдов машин дотроо сууж байгаад тэр хоёр намайг зодох үед хөдлөөд яваад өгсөн гэх мэдүүлэг ...” /хх-ийн 14/

 

- Гэрч Д.Баатарцэндийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Сүхбаатар аймгийн Татварын хэлтэсийн жижүүр ажилтай юм. 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байхдаа шөнө хөл бөмбөг үзээд сууж байтал гадаа хүн чанга, чанга чимээ гарахаар нь цонхоор хартал хашааны гадна зүүн хойд самбарын дор хоёр хүн маргалдаж нэг нь чи нөгөө хүнээ олж өг хэлж байхад нөгөө залуу нь юу ч хэлэлгүй зогсоод байсан. Мөн машины талаар яриад байсан. Яг ямар учиртай юм яриад байсан болохыг нь би мэдээгүй, ойлгоогүй. Тэгээд л удалгүй тэр хоёр харагдахгүй болсон. Удалгүй дахиад цонхоор хойд зам руу харахад зам дээр нэг цагаан өнгийн Портер машин баруун тийшээ хараад зогсож байсан. Эмнэлгийн машин тэр Портер машины дэргэд зүүн тийш хараад зогсож байснаа удалгүй хоёулаа хөдлөөд яваад өгсөн. Би тухайн үед Цагдаагийн байгуулагад энэ талаар мэдэгдээгүй. Ер нь бол баар тарах үеэд согтуу хөлчүү хүмүүс гуддамжаар орилж чарлаад чанга чанга дуугараад явдаг болохоор санаанд ч ороогүй юм...гэх мэдүүлэг /хх-20/ 

 

- Гэрч Б.Ойдовын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр найз Алтаншагай, Эрхэмбаяр бид гурав миний өөрийн эзэмшлийн Истима маркийн 51-00 сүа улсын дугаартай машинтай 17 цагийн үед Мөнххаан сумаас Баруун-Урт сум руу явсан юм. Аймаг руу явдаг нь шоудаж архи, пиво уух санаатай байсан юм. Аймагт ирээд эхлээд бид гурав Ардчилсан намын байранд байдаг биллярданд биллярд тоглож байгаад, 21 цаг өнгөрөөгөөд Энхжин ресторан руу архи, пиво уухаар орцгоосон. Тэнд бид гурав нэг шил 0.75 литрийн Болор архи хувааж уусан. Алтаншагай, Эрэхмбаяр хоёр архинаас гадна пиво авч ууцгаасан. Энхжин ресторан хаах үеэр бид  гурав гарч миний машинтай төв рүү явсан юм. Монгол банкны хойд талын засмал замаар баруун тийшээгээ явж байснаа гэнэт Хас банкны зүүн талаар урагшаа явсан замаар явмаар санагдаад Татварын хэлтсийн арын зам дээр огцом эргэтэл  цагаан өнгийн Портер машины жолооч ард зогсоод цонхоороо та нар яаж яваад байгаа юм бэ гэж орилсон юм. Тэгсэн чинь миний дэргэд урд талын суудал дээр сууж явсан Алтаншагай машинаас буугаад, тэр залуутай маргалдаад байсан. Тэгтэл ард сууж  явсан Эрхэмбаяр мөн машинаас буугаад Алтаншагай руу очих үед нь би машинтайгаа эргээд зүүн тийш яваад аймгийн Холбооны газрын урд талд машинаа тавьж орхичихоод Эрхэмбаяр, Алтаншагай хоёрруу алхаад очсон чинь Алтаншагай, Эрхэмбаяр хоёр харагдахгүй нөгөө Портер машины жолооч Монгол банкны баруун талын замаар гүйгээд ирсэн. Тэгээд надаас нөгөө хоёрыгоо олж өг танай хоёр найз чинь намайг зодсон гээд байхаар нь би яаж мэддэг юм гээд уучлалт гуйчихаад түүнээс салаад буцаад машин руугаа очиход Алтаншагай, Эрхэмбаяр хоёр машин дээр ирчихсэн байсан. Тэгээд л бид гурав явцгаасан юм. Тухайн үед намайг Эрхэмбаяр, Алтаншагай хоёрруу очиход тэр хоёр байхгүй Сайнбуян урдаас гүйгээд ирэхэд түүний фудволкны аль нэг мөр, суганы хэсэг урагдчихсан байсан. Нүүр амыг нь харахад бол цохиулж зодуулсан гэх цус болсон юм бол байгаагүй. Харин маргааш нь Сайнбуянтай уулзахад түүний зүүн нүднийх нь хажууд бага зэрэг хөхөрч хавдсан байсан. Өөр бол мэдэгдэх гэмтэл шарх байгаагүй. Эрхэмбаяр, Алтаншагай хоёр архи пиво уусан байсан болохоор нилээд согтолттой байсан. Би архинаас хэдэн хундага уусан байсан болохоор бага зэрэг халамцуу байсан... гэх мэдүүлэг /хх-21/

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 сарын 18-ны өдрийн 324 тоот Шинжээчийн дүгнэлтэнд: 1. Ж.Сайнбуянгийн биед тархи доргилт, зүүн 

нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт

 

- Шинжээч эмч Э.Сансартайвангийн Тархи доргилт бол дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Мөн зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарагдана. Энэ нь нэг удаа зүүн нүд рүү цохих үед үүсэх боломжтой гэмтэл юм  гэсэн мэдүүлэг  /хх-38/ гэжээ.

 

-  Ч.Эрхэмбаяр иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 74/

-  Ч.Эрхэмбаярын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 73/ 

 

     -  З.Алтаншагайгийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 78/ 

 

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын  2016 оны 08 сарын 10-ны өдрийн 95 дугаартай албан бичиг/хх-76/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын  2016 оны 07 сарын 26-ны өдрийн 4/357 дугаартай албан бичиг/хх-81/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Эрхэмбаяр нь 2016.07.07-ны шөнө 00.10 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан З.Алтаншагайтай бүлэглэн,  иргэн Ж.Сайнбуянг зодож түүний бие махбодид тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий  хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, 

шүүгдэгч З.Алтаншагай нь 2016.07.07-ны шөнө 00.10 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан Ч.Эрхэмбаяртай бүлэглэн, иргэн Ж.Сайнбуянг зодож танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Эрхэмбаяр, З.Алтаншагай нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Сайнбуян, гэрч Д.Баатарцэнд, Б.Ойдов нарын мэдүүлгүүд, Шинжээчийн 324 тоот дүгнэлт, Камерын бичлэг-СД болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Ч.Эрхэмбаяр, З.Алтаншагай нар архи ууж согтуурсан үедээ хохирогч Ж.Сайнбуянгын Истима маркийн машины жолооч Б.Ойдовт тавьсан шаардлагыг эсэргүүцэн, өөрсдөд нь огт хамааралгүй асуудалаар, ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөөн, түүнийг үг хэлээр басамжлан, доромжлон, илтэд хүч хэрэглэн бүлэглэн зодож, Ч.Эрхэмбаяр нь түүнд хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд тэдгээрийг гэмт хэргийг шууд санаатайгаар үйлдсэн гэж үйлджээ. Энэ нь хохирогч Ж.Сайнбуянгийн  Тэр үед би цонхоороо  Та нар яаж яваад байгаа юм бэ дүрмээ мэдэх үү гэж хэлэхэд Истима машины зүүн урд талд нь сууж байсан  залуу буюу Алтаншагай бууж ирээд  чи юу гээд байгаа юм, бид нар яаж явахаа чамаар заалгахгүй шүү пизда минь  гээд  хэрүүл маргаан хийж байтал арын суудлаас Эрхэмбаяр бууж ирсэнээ “наадахыг чинь алчихая л даа, гичийний зулзага минь, сүрний банди минь, гээд намайг хэл амаар доромжилж байснаа  чамайг цохичих уу гээд миний нүүррүү 2 удаа мөргөсөн. Алтаншагай Эрхэмбаярыг салгах гэхэд Эрхэмбаяр намайг цохих гэж далайхаар нь би булттал 

Алтаншагай миний зүүн нүдрүү гараараа цохичихсон.Эрхэмбаяр, Алтаншагай 2 намайг харанхуйруу алчихая гээд чирээд явж байхад Алтаншагай миний баруун гарнаас барьчихаад явахдаа мөн гараараа миний нүүррүү цохиод байсан гэх, гэрч Д.Ойдовын  Татварын хэлтсийн арын зам дээр огцом эргэтэл ард явж байсан цагаан өнгийн Портер машины жолооч  зогсоод цонхоороо  та нар яаж яваад байгаа юм бэ  гэж орилход урд талын суудал дээр сууж явсан Алтаншагай машинаас буугаад, тэр залуутай маргалдаад байсан. Тэгтэл ард сууж  явсан Эрхэмбаяр машинаас буугаад Алтаншагай руу очсон. Портер машины жолооч Монгол банкны баруун талын замаар гүйгээд ирээд  нөгөө хоёрыгоо олж өг, танай хоёр найз чинь намайг зодсон  гээд байхаар нь би яаж мэддэг юм гээд уучлалт гуйчихаад түүнээс салаад буцаад машин руугаа очиход Алтаншагай, Эрхэмбаяр хоёр машин дээр ирчихсэн байсан  гэх мэдүүлгүүд зэргээр хэрэгт нотлогдоно.

 

Шүүгдэгч Ч.Эрхэмбаяр, З.Алтаншагай нарын дээрх үйлдэл нь танхайрах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан буюу тээврийн хэргслийн зорчих зам, гудамжинд  үл ялих зүйлээр шалтаглан, хуулиар хамгаалагдсан бусдын халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд хүч хэрэглэн халдсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэл байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Эрхэмбаяр, З.Алтаншагай нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож, тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн байх тул шүүгдэгч Ч.Эрхэмбаярыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан, шүүгдэгч З.Алтаншагайг бусдыг бүлэглэн зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр  З.Алтаншагайн үйлдэл танхайрах гэмт хэргийн шинж агуулаагүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүгдэгч З.Алтаншагайн гэм буруугийн талаар маргаж буйг шүүх үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь шүүгдэгч З.Алтаншагай нь өөрт хамааралгүй асуудал буюу хохирогч Ж.Сайнбуянгийн жолоочид дүрмээрээ явахыг сануулсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн, эхэлж машинаас бууж  бид нар яаж явахаа чамаар заалгахгүй шүү пизда минь гэж хэрүүл маргааныг анх эхлүүлсэн, мөн хохирогчийн нүүрэнд гараараа цохисон зэрэг нь хохирогч Ж.Сайнбуянгийн мөрдөн байцаалтад өгсөн Эрхэмбаяр намайг цохих гэж далайхаар нь би булттал Алтаншагай миний зүүн нүдрүү гараараа цохичихсон. Тэр үед Алтаншагай миний баруун гарнаас барьчихаад явахдаа мөн гараараа миний шанааруу аль нэг гараараа зөөлөн цохисон. Эрхэмбаяр, Алтаншагай хоёр хоёулаа намайг цохиж зодсон. Илүү цохиж зодсон нь Эрхэмбаяр юм  гэх, шүүгдэгч З.Алтаншагай нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

 

Шүүгдэгч Ч.Эрхэмбаяр, З.Алтаншагай нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаагүй, тэдгээр нь хохирогчийн эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ж.Сайнбуян гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахад согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял оногдуулахад хүндрүүлэх, харин үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.3, 55.1.9-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болно. 

З.Алтаншагай, Ч.Эрхэмбаяр нар нь  гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан байснаа хүлээн зөвшөөрөх ба үүнийг хохирогч Ж.Сайнбуян, гэрч Б.Ойдов нар гэрчилжээ. 

 

Шүүгдэгч Ч.Эрхэмбаяр, З.Алтаншагай нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн гэмтэл учирч, эдгэрсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ж.Сайнбуян гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Эрхэмбаяр, З.Алтаншагай нарт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн уг ялыг тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сүхбаатар аймаг дахь Монгол банкны 1 дүгээр камерын бичлэг  бүхий 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, хохирогч Ж.Сайнбуянгийн өмсөж явсан гэх хар хөх өнгийн фудволкыг устгана. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Чулуунбаатарын Эрхэмбаярыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан, шүүгдэгч Тэнгэр язгууртан овогт Зэсэнжавын Алтаншагайг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Эрхэмбаярт 03 / гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих,  мөн хуулийн 181.2.5-д зааснаар шүүгдэгч З.Алтаншагайд 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хорих ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Ч.Эрхэмбаяр, З.Алтаншагай нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан ялтан Ч.Эрхэмбаярт оногдуулсан 03 жил 06 сарын хорих, ялтан З. Алтаншагайд оногдуулсан 3 /гурав/  10 /арав/ хоногийн хорих ялыг тэнсэж,  1 жилийн хугацаагаар тус тус  хянан харгалзсугай.

 

5. Ялтан Ч.Эрхэмбаяр, З.Алтаншагай нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаагүй, тэдгээр нь хохирогчийн эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ж.Сайнбуян гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сүхбаатар аймаг дахь Монгол банкны 1 дүгээр камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, Ж.Сайнбуянгийн өмсөж явсан гэх хар хөх өнгийн фудволкыг устгах нь зүйтэй байна.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Ч.Эрхэмбаяр, З.Алтаншагай нарт хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснааар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ч.Эрхэмбаяр, З.Алтаншагай нарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш яваж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

                                     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.НАСАНБУЯН