Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 470

 

 

 

         2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2019/00470

        Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Ууганбаяр, шүүгч С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Миний Хайпермаркет-1 хаягт оршин байгаа, /рд:6225608/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаа 33 гудамж, 445Е тоот хаягт оршин суугаа, Боржигон овогт Бямбадашийн  /рд:ТЕ74052411/-д холбогдох,

 

1,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Баттулга, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундраа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б. нь “Миний дэлгүүр” ХХК-д 2018 оны 12 сарын 06-ны өдрөөс эхлэн МД-112 салбар дэлгүүрт Хяналтын ахлах ажилтны албан тушаалд авч хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн болно.

2018 оны 12 сарын 09-ний өдөр тус дэлгүүрт албан үүргээ гүйцэтгэж байх үедээ өөрийн санамсар болгоомжгүй байдлын улмаас камерын өрөөний хяналтын дэлгэцийг тохойгоороо цохиж хагалсан.

Б. нь 2018 оны 12 сарын 12-ны өдөр тус компанийн захиргаанд гаргаж өгсөн өргөдөлдөө ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ санамсар болгоомжгүйгээс болж хяналтын камерын дэлгэцийг хагалсан нь үнэн бөгөөд учирсан хохирлоо цаашид ажиллаж төлж барагдуулна гэж өөрийн гараар бичсэн хүсэлтдээ дурдсан байна. Гэвч тэрээр ажилдаа ирэхгүй байгаа ба улмаар ажлаасаа гарч байгаа талаараа мэдэгдсэн болно.

Уг эвдэрсэн гэх хяналтын дэлгэц нь Япон улсад үйлдвэрлэгдсэн “Тошиба” маркийн 43 инчийн 1080 Эйч Ди зурагт бөгөөд нэг бүрийн үнэ нь 1,050,000 төгрөгийн үнэлгээтэй болно.

Иймд хариуцагч Б.өөс тус компанид учруулсан гэм хорын хохирол болох 1,050,000 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б. миний бие МД-112 салбарт Хяналтын ахлах ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Ажиллах хугацаандаа хамт олны дунд идэвхи санаачлатай ажиллаж хяналтын ажлыг үр дүнтэй болгох талаар албаны удирдлага, дэлгүүрийн удирдлагатай байнга холбоотой ажиллаж зохих үр дүнд хүрч байсан.

Гэтэл 2018 оны 12 сарын 09-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хяналтын өрөөний ил задгай байсан дэлгэцний цахилгааны утсанд хөл орооцолдож унахдаа тохойгоороо хяналтын дэлгэцийг цохиж, санамсаргүйгээр хагалсан.

Дэлгүүрийн эрхлэгч н.Зуунцэцэг хэлэхдээ “Би энэ шалаар нэг хөглөрөөд байгаа цахилгааны утсыг далдлаад өгөөч гэж “Дэмжих”-ийн дарга нарт олон удаа шаардлага тавиад хийж өгөөгүй. Ийм зүйл болох гээд байсан юм. Үүгээр далимдуулаад дахин асуудал болгож тавья” гэж байсан билээ.

2018 оны 12 сарын 12-ны өдөр компанийн захиргаанд бичиж өгсөн хүсэлтдээ “Үйлдвэрлэлийн осол боллоо, ажлын байрны нөхцөл орчин муу байснаас би гэмтэж бэртэх шахлаа, ажилтан надад нааштай шийдвэрлэж өгөөч” гэж 1 хуудас хүсэлт бичиж өгсөн.

Гэтэл “Миний дэлгүүр”-ийн нэхэмжлэлд “учирсан хохирлыг бүрэн төлнө” гэсэн гэж илт гуйвуулж бичжээ.

Миний бие хохирлын 50%-ийг л төлөх боломжтой гэж бодож байна. Зурагтны үнэ гээд байгаа 1,050,000 төгрөгийн баримт, данс тооцоо, элэгдэл хорогдол тооцсон байдлыг шүүх хянан шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.өд холбогдуулан, гэм хорын хохиролд 1,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “Б. нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хохирол учруулсан, тус байгууллага нь Б.тэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг бичгээр байгуулсан учир хөдөлмөрийн гэрээний харилцааг үндэслэн 1,050,000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн агуулга бүхий тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч гаргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Талууд 2018 оны 12 сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Б. нь “Миний дэлгүүр” ХХК-ийн 112-р салбар дэлгүүрт Хяналтын ахлах ажилтнаар ажиллах, хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлж, нэг сарын 650,000 төгрөгөөр цалинжуулахаар тус тус харилцан тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах хөдөлмөрийн гэрээний харилцаанд хамаарч байна. /хх-11-13х/

Талууд мөн өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх ба уг гэрээнд компани нь ажилтныг ажлаа гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангах, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай эд хогшил, сэлбэг, багаж хэрэгсэл зэрэг эд зүйлийг эд харицагчид хүлээлгэн өгч, эд хөрөнгийн картанд тусгаж, ажилтнаар гарын үсэг зуруулах, ажилтан нь хүлээн авсан эд хөрөнгийг ариг гамтай, зөв ашиглах, өөрийн буруугаас эд хөрөнгийг эвдэх, гэмтэх, дутаах тохиолдолд түүнийг засварлах, эсхүл төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т нийцсэн байна. /хх-14х/

Б. нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа буюу 2018 оны 12 сарын 09-ний өдөр камерын өрөөний цахилгааны ил утсанд тээглэн бүдэрч унахдаа 43 инчийн хяналтын дэлгэцийг тохойгоороо цохиж хагалж эвдэлсэн үйл баримтын талаар зохигч талууд маргадаггүй.

Б. нь хяналтын дэлгэцийг хагалж эвдэлсэн явдалд тодорхой хэмжээний буруутай гэж үзэн нэхэмжлэгчийн шаардсан 1,050,000 төгрөгөөс 525,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрдөг ба цахилгааны ил утсыг далдлаагүйгээс тээглэн бүдэрсэн учир ажил олгогчийн буруу мөн бий гэж тайлбарладаг.

Ажил олгогч буюу нэхэмжлэгчийн төлөөлөгч нь цахилгааны ил утсыг далдлаагүйн улмаас компанид хохирол учирсан болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргадаг бөгөөд энэ явдлаас хойш цахилгааны ил утсыг далдалж хүн бүдрэхээргүй болгосон тайлбарладаг.

Иймд нэхэмжлэгч “Миний дэлгүүр” ХХК-ийг Хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтны хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэх үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй

Мөн нэхэмжлэгч нь Эд хөрөнгийн бүрэн хариуцлын гэрээнд заасны дагуу Хяналтын ахлах ажилтан Б.өд “хяналтын дэлгэц”-ийг хүлээлгэн өгч, эд хариуцагчийн картанд тусгаж, ажилтнаар гарын үсэг зуруулаагүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хяналтын дэлгэцийг 1,050,000 төгрөгийн үнэтэй хэмээн тайлбарлаж, “Хяналтын системийн төхөөрөмж” гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг баримтаар тухайн дэлгэц нь 1,050,000 төгрөгийн үнэтэй болох нь нотлогдохгүй буюу тухайн дэлгэцийг 1,050,000 төгрөгөөр худалдан авсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. /хх-6х/

Хэргийн 18-р хуудаст авагдсан “Миний дэлгүүр ХХК-ийн захиргаанд” гэх Б.ийн өргөдлийг гүйцэтгэх захирал Л.Зоригт хянаад “849,900 төгрөгөөр үнийг тооцож ажилтнаар төлүүлэх хэрэгтэй” гэсэн цохолт хийсэн атлаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1,050,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. /хх-18х/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.өөс 1,050,000 төгрөгийг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ буюу 525,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ зохигч талууд шүүхэд илэрхийлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар хариуцагч Б.өөс 525,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Миний дэлгүүр” ХХК-д олгож, үлдэх 525,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,750  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.өөс улсын тэмдэгтийн хураамжид 16,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Миний дэлгүүр” ХХК-д буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.