Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/42

 

 

 

 

 

 

 

 

   2023         01           10                                      2023/ШЦТ/42

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа,   

улсын яллагч А.Алтангэрэл /томилолт/,

шүүгдэгч Б.З- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ... төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... оператор ажилтай, ам бүл 4, ах, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

 Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэгдсэн ... (РД:...).

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.З- нь 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “фейсбүүк” цахим орчинд “Санхүү эдийн засгийн их сургуульд оруулж өгнө” хэмээн зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон М.Хд өөрийгөө тус сургуульд ажилладаг гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч М.Хыг ... тоот гэртээ байхад нь Л.С-гийн “Хаан банк”-ны ... дугаарын дансаар 857.000 төгрөг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Б.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ......” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

          2.Хохирогч М.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр фейсбүүк хаягаар 2021 онд төгссөн хүүхдүүдийн групп хуудсанд “бүртгэл нь явагдаж байгаа сургууль байгаа болов уу” гэсэн пост байсан. Тэрний сэтгэгдэл хэсэгт “SEZI surguul” гэсэн фейсбүүк хаягаас “та ямар хөтөлбөр сонирхож байна вэ” гэж бичсэн байсан. Тэгээд би найзын хүсэлт тухайн фейсбүүк хаяг руу явуулсан. Над руу “танд юугаар туслах вэ” гэж хэлж байсан. Би санхүүгийн босго оноо 620, миний хичээлийн дундаж 560 гэж хэлсэн. Тэгэхэд надад энэ ... гэсэн нэрийн хуудас фейсбүүк хаягаар явуулсан. Би тухайн ... гэсэн дугаар луу залгаад “тантай ярьж би сургуульд бүртгүүлэх гээд” гэсэн чинь “чиний суурь хичээлийн дундаж хэд вэ, ямар мэргэжил сонирхож байгаа юм” гэж асуусан. Би “аялал зуучлалын менежмент мэргэжил сонирхож байгаа, гэхдээ миний босго оноо хүрэхгүй байгаа, яах вэ” гэж асуухад “мейл хаягаар гар өргөдөл бичээд иргэний үнэмлэхийн зураг, ЭЕШ-ийн батламж хуудасны зураг энэ 3-ыг хавсаргаад цуг явуулчих” гэж хэлсэн. Би явуулсан. “Даргадаа танилцуулаад хариу хэлнэ” гэж хэлж байсан. 30 минутын дараа миний ... дугаар луу “чиний өргөдлийг хүлээж авсан, 8 кредит хичээлийн мөнгө болох 857,000 төгрөг ... гэсэн дугаарын Хаан банкны данс руу 12 цагаас 13 цагийн хооронд хийнэ үү” гэж хэлсэн. Би аав С**ын данснаас тухайн мөнгийг явуулсан. Удалгүй “чиний төлбөрийн мөнгө баталгаажаад суралцах эрх чинь баталгаажсан, чиний хүсэлт явуулсан материалуудыг янзалж байгаад суралцах батламж, оюутны код зэргийг мэйл хаягаар тухайн өдөртөө явуулна” гэж хэлсэн. Би хүлээж байгаад залгахад “онлайн хуралтай байна, энийг дуусгаад явуулна” гэж хэлсэн. 2021 оны 8  дугаар сарын 29-ний өдөр батламж гээд нэг юм миний майл хаяг руу явуулсан. Тэгээд оюутны код нь тухайн сурагчийн өмч болохоор майл хаягаар явуулахгүй өөрийн биеэр 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр очихдоо кодоо аваарай гэсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

            3.Гэрч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагад ийм нэртэй хүн ажилладаггүй. Би 2013 оноос хойш ажиллаж байна. ийм нэртэй хүн ажиллаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

            4.Гэрч Л.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ талаар бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан би 857.000 төгрөг аваагүй, манай нөхөр болох Р.М** энэ талаар мэдэж байгаа юм. Би дансанд хэдэн төгрөг ороод хаашаа шилжүүлсэн талаар нөхрөөсөө асуудаггүй. Тухайн дансны интернет банк бусад зүйлсийг нөхөр бид хоёр хамтран ашигладаг. Би нөхрөөсөө сүүлд асуухад манай нөхрийн найз гэх эмэгтэй заавал “Хаан банк”-ны данс руу мөнгө шилжүүлж авах гээд байгаа юм, өөрөө “Хаан банк”-ны дансгүй учраас гэж хэлсэн учраас манай нөхөр миний эзэмшдэг дансны дугаарыг өгсөн юм билээ. Тэгээд тухайн орсон мөнгөнүүдийг манай нөхөр Золоо гэх найзынхаа ...., ... дугаартай дансууд руу шилжүүлдэг юм. Нөхөр бид хоёр энэ талаар мэддэггүй байсан. 2021 оны 9 дүгээр сард байх цагдаагийн байгууллагаас залгаж байна гээд утсаар асуудаг байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сард нэг танихгүй цагдаа яриад “ирж мэдүүлэг өг” гэж хэлсэн. Бид хоёр цагдаа ярихаар болсон асуудлын талаар л хэлдэг юм. Тухайн мөнгийг бол ямар нэгэн хүнээс залилж авч, ашигласан зүйл бол байхгүй. Манай нөхөр найздаа итгээд дансаа ашиглуулсан нь буруу зүйл болсон байна. Би болсон асуудлын талаар бол нарийн зүйлсийг мэдэхгүй байна. Нөхөр мэдүүлэг өгнө...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал)

     5.Гэрч Р.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэр Л.С-, охин Э**, Б** нарын хамт Улаанбаатар хотод байр түрээслэн амьдардаг. Би эхнэр Л.С-тэй 2018 онд танилцаж 2019 оноос хойш хамт амьдарч байгаа юм. Эхнэр бид хоёр дундаа нэг “Хаан банк”-ны ... дугаартай данс ашигладаг бөгөөд тухайн дансны интернет банк болон бусад үйлчилгээг хамт ашигладаг юм. Тухайн данс манай эхнэр Л.С-гийн нэр дээр байдаг юм. 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өмнө нь барилга дээр хамт ажиллаж байсан З** гэх эмэгтэй над руу зурвас бичээд “надад Хаан банкны дан байвал өгч туслаач, би хүнээс мөнгө авах гэсэн чинь Хаан банкаар заавал ав гээд байна тус болооч” гэхээр нь эхнэрийн нэр дээр байдаг ... дугаартай дансны дугаарыг өгсөн. Удалгүй эхнэрийн дансанд 868.800 төгрөг шилжиж орсон байсан. Тэгээд Золжаргал над руу утсаар залгаад “дансанд чинь мөнгө орчихсон байгаа миний ... дугаартай данс руу 790.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн юм. Би 790.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд мөнгийг шилжүүлээд удалгүй байж байсан чинь Золжаргал утсаар залгаад дансанд чинь дахиад мөнгө орсон байгаа гэхээр нь интернет банкаа харсан чинь 857.000 төгрөг орчихсон байсан бөгөөд Золжаргал надад ... дансны дугаар өгөөд 850.000 төгрөгийг нь шилжүүлчих гэсэн юм. Тэгээд би тухайн өгсөн ... данс руу 850.000 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байсан чинь З** миний утас руу залгаад дансыг чинь дахиад нэг хүнд өгчихсөн, мөнгө орчихсон байгаа миний ... дугаартай данс руу 2.230.000 төгрөгийг шилжүүлчих гэхээр нь интернет банкаараа ороод харсан чинь 2.256.000 төгрөг шилжүүлсэн байсан бөгөөд Зо** надад хэлэхдээ “үлдсэн мөнгийг чи ав дансаа ашиглуулсанд баярлалаа” гэж байсан юм. Тэгээд би тухайн өдөр З**аас яагаад миний дансыг хамаагүй хүнд өгөөд мөнгө аваад байгаа юм, яагаад ийм их мөнгө орж ирээд байгаа юм гэж асуухад нөхрийнхөө машиныг ломбардад тавьсан юм, тэгээд нөгөө хүмүүс нь заавал Хаан банкны данс гээд байгаа юм, тэгээд чиний дансны дугаарыг өгчихсөн юм, уучлаарай гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал)

            6. “Хаан банк”-ны ... дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 12 дахь тал)

            7. Санхүү эдийн засгийн их сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/612 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 49 дэх тал)

           

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 99 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 109 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 127-136 дахь тал), шүүх хуралдаанд яллах талаас гаргаж өгсөн шийтгэх тогтоолын хуулбар (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З- нь 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фейсбүүк цахим орчинд “Санхүү эдийн засгийн их сургуульд оруулж өгнө” хэмээн зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон М.Хд өөрийгөө тус сургуульд ажилладаг гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч М.Хыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хангарьд сити 1 хотхоны 103 дугаар байрны 99 тоот гэртээ байхад нь Л.С-гийн Хаан банкны ... дугаарын дансаар 857.000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдлоо.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой.

            Шүүгдэгч Б.З-ын бусдыг залилсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч М.Х, гэрч Л.С**, Р.М**, Н.М** нарын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын банкны дансны хуулга, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

  Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

   Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

     Иймд шүүгдэгч Б.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Хд 857,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч төлсөн болох нь түүний шүүхэд гаргаж өгсөн “Худалдаа хөгжлийн банк”-ны дансны хуулгаар тогтоогдох тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.З-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал /25 настай, ... оператор ажилтай, ам бүл 4, ах, хүүхдүүдийн хамт амьдардаг/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.З-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

            Шүүгдэгч Б.З-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.З-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Б.З-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.З-д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            5.Шүүгдэгч Б.З-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.З-д сануулсугай.

            7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            9.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР