Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/32

 

 

 

 

 

 

 

 

 

    2023       01          09                                         2022/ШЦТ/32

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,   

улсын яллагч С.Ууганбаяр,

хохирогч М.Т-, М.Э-, тэдгээрийн өмгөөлөгч А.З,

шүүгдэгч А.Ц-, Х.Н-, тэдгээрийн өмгөөлөгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Ц-ыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Н-г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ... аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... дугаар гудамж, 5 тоотод оршин суух,

урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн ** оны **дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дугаар сарын **-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдсэн, А.Ц /РД:.../,

Монгол Улсын иргэн, 1** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ** дүүргийн ** дүгээр хороо, Т** дугаар гудамж, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х.Н /РД:ЧВ.../.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Ц- нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хилл цогцолборын гадаа М.Т-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний биед нь халдан зодож баруун гайморын хөндийн урд болон гадна хана, хацрын нум, хамар ясны хугарал, хамар, баруун хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун хацарт цус хуралт, духанд зулгаралт, цус хуралт, зүүн сарвуу, баруун шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

мөн тухайн цаг хугацаанд М.Э-тэй маргалдан улмаар түүний биед нь халдан зодож баруун хөмсөгний дээд хэсэгт шарх, дух, хамар, зүүн нүдний доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхи, баруун чихний дээд дэлбэн, хүзүү, баруун бугалга, цээж, зүүн дал, хэвлийн зүүн хажуу, зүүн мөр, эгэм, шуунд цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, дух, зүүн чамархай, баруун нүдний зовхи, хамар, дагз, хүзүү, баруун чигчий хуруу, зүүн бугалга, тохой, шуу, шилбэнд зулгаралт, зүүн хацар, баруун мөр, тохой, шуу, авдагт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.Н- нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хилл цогцолборын гадаа Б.Х-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний үснээс зулгааж нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж биед нь хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

            1.Шүүгдэгч А.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 3.000.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            2.Шүүгдэгч Х.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хохиролд хохирогч Б.Х-д 2.000.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            3.Хохирогч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ганц А.Ц- бид нарыг зодсон хүн биш. Хуримд орсон нэлээн олон хүн нийлж зодсон. Өөр хүмүүс ял завших нөхцөл бүрдэж байгаа учраас хэргийг прокурорт буцааж өгнө үү. Намайг анх А.Ц- цохисон. Дараа нь өөр хүмүүс зодсон...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            4.Хохирогч М.Э-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэргийг прокурорт буцааж өгнө үү. Би анх мэдүүлэхдээ олон хүн байсан гэж мэдүүлсэн. Тухайн үед харагдаж байсан хүн нь А.Ц-. Бусад хүмүүс ямар байсныг хараагүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

           5.Хохирогч М.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны 21 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хилл цогцолборт байрлах “**” нэртэй шөнийн клубээр үйлчлүүлсэн. 23 цаг 40 минутын орчим гараад уруудах шатны 3 дахь эгнээний сандал дээр эхнэр А**, найз Э**, Ж**, Г**, Г** нарын хамт юм яриад сууж байгаад харихаар шийдсэн. Тэгээд машин руугаа дөхөж байтал манай эхнэр А**“машин руу хүн юм шидчихлээ” гэхээр нь машин руугаа ойртоод харахад 2 эмэгтэй, 1 эрэгтэй байсан. Нэг түлхүүр машины доороос авах шиг болохоор нь очоод “юу шидчихэв ээ, яав аа” гэхэд “юу ч шидээгүй, юм аа авч байна аа, шидсэн байсан ч яадаг юм, наад машиныг чинь төлөөд өгье, хэдэн сая юм бэ” гээд өдөөд, маргалдсан. Их удаан маргасан зүйл байхгүй. 1-2 минут маргалдаж байхад эрэгтэй нь намайг шууд нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгсэн надтай хамт байсан найз нар юу болов гээд салгаад бужигнаад эхэлсэн. Тэгэхэд миний хамраас цус гарсан байсан. 5 минутын дараа 10-аад хүмүүс хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй бид нар луу дайраад нэг том биетэй эрэгтэй нь миний нүүр лүү гараараа нэг удаа цохих үед дахиад цохих вий гээд ухарч байгаад зүлгэн дээр унахад 3 хүн дайрахаар нь баруун тийшээ зугтаагаад найзынхаа машины хажууд байж байхад манай хэд салаад ардаас хүрээд ирсэн. Тэгэхэд манай найз ******* зодуулчихсан, найз нар түшээд ирсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. ...Миний хамар хугарч, хамрын хөндийд цус хурсан. Баруун хацрын яс цөмөрсөн...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал),

           6.Хохирогч М.Э-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Зайсан хилл Цогцолборт найз Т**, А**, А**ийн найз хоёр эмэгтэй, М**нарын хамт байж байгаад 00:00 цаг өнгөрч байсан байх аа Ион баарнаас гарсан. Манай эхнэр М** дээд террас дээр байхаар нь дуудахаар явсан. Нөгөө хэдэн найз маань машин зогсоол руу машин руугаа явсан. Эхнэр гарч ирээд юм яриад зогсож байгаад эхнэрээ наанаа байж байгаарай гээд зам дагуу зогсоол руу нөгөө хэд рүүгээ явж очиход ******* хамраас цус гарсан, нэг залуутай барилцаж аваад заамдалцсан зогсож байхаар нь би очиж салгасан. Тэгээд учрыг нь тайлбарлаад чи манай найзын хамрыг цохиод цус гаргасан байна гэж хэлэхэд над руу дайраад байхаар нь “Чи зодолдъё гээд байгаа бол сайхан эр хүн шиг зодолдож болно. Дараа нь цагдаа сэргийлэхийн асуудал болоод бөөн юм болдог шүү” гэж хэлээд байж байхад удалгүй 10-аад залуучууд цаанаас гүйгээд ирээд над руу бүгд дайрахаар нь хүүе ээ би салгаж байгаа хүн шүү дээ гэж хэлэхэд хэнийг цохисныг хараагүй шууд нүүр лүүгээ баахан цохиулаад унасны дараа зөндөө өшиглөсөн. Тэр дундаас нэг туранхай жижиг залуу болиулаад холдуулж, машины голоор оруулахад дахиад намайг нэг нь үсдээд доош нь дараад өшиглөж байгаад больсон. Яг хэнийг цохиж зодсоныг сайн хараагүй. Тэгээд би дээшээ эхнэр рүүгээ явахад өөдөөс ирэхээр нь шатан дээр цагдаа ирэхийг хүлээж сууж байхад найз нар дээр цагдаа нар ирэхээр нь очсон...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дахь тал),

            7.Хохирогч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр найз Энхцацрал, Тү**, Т**ын найз О**гийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хилл цогцолборын Ион бааранд үйлчлүүлсэн. Тус баарнаас 00 цаг 30 минутын үед гараад машин руугаа явах замд хоёр эмэгтэй дээр доороо гарсан зодолдож байсан. Тойроод зөндөө хүмүүс байсан. Дүү Т** зодооныг салгах гээд түрүүлж очиход доор нь орсон зодуулж байсан эмэгтэй босож ирээд дүү Түвшинжаргалыг үсдээд салсан. Тэр үед энд тэндгүй зодоон болж байсан учраас Т** дээр очоод “явъя” гэхэд Э** нь Х.Н- гэх эмэгтэйтэй нөхөрт нь үсдүүлсэн цохиулж байхаар нь би очоод зодооныг салгаад Э**ыг тайвшруулаад тэврээд байж байхад Т** нь Х.Н- дээр зөрөөд очихоор нь хоорондоо зодолдчих байх гээд гүйж очоод дүүгээ холдуулахад Х.Н- нь замын хажуу боржур дээр сууж байсан. Хажууд нь нэг найз нь байхаар нь “найз охиныгоо аваад яваач ээ” гэж хэлж байх хооронд Х.Н- нь босож ирээд шууд хойноос үснээс зулгаагаад хойшоо унагаад нүүр лүү нэг удаа өшиглөөд, үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь “тавиач ээ, болиоч ээ” гэхэд тэр хавийн хүмүүс ирж салгасан. ...Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхөд зодолдсон хүмүүс чинь цагдаа дээр ирсэн байна гэсэн. ...Саарал үстэй, ягаан хувцастай Х.Н- гэх эмэгтэй үсдэж унагааж, нүүр лүү өшиглөж учруулсан...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 61-63 дахь тал),

             8.Гэрч М.Э**ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр найз Х**, Тү**, Т**ын найзтай хамт Хан-Уул дүүргийн Зайсан хилл цогцолборын бааранд үйлчлүүлж байгаад 00 цаг өнгөрч байхад ...Тухайн үед Хулан руу саарал үстэй эмэгтэй дайраад маргалдаад байсан. Саарал үстэй, согтуу эмэгтэй үсдээд, өшиглөөд учруулсан байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дэх тал),

9.Гэрч Н.А**гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нөхөр *******, найз Ж**, найзын нөхөр Г**, Г**, Э** нарын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хилл цогцолборын бааранд үйлчлүүлж байгаад 23 цаг 30 минутын үед гараад харих гээд зогсоол дээр тавьсан автомашин руу явахдаа Э**, Г** хоёрыг тамхи татаж байхад нь хүлээгээд зогсож байхад нэг эмэгтэй “хөөе хөөе” гээд орилоод байхаар нь харахад манай машины ар луу нэг юм шидэхээр нь “хөөе машин руу юм шидчихлээ” гээд нөхөр *******д хэлээд бид хоёр түрүүлээд очоод “яагаад машин руу юм шидчихэв ээ” гээд машинаа эргэж тойроод харахад нэг хүүхэн “ямар сүртэй юм” гээд яриад байхаар нь согтуу хүмүүстэй юу ярих вэ гээд явах гэж эргээд харахад манай нөхрийг тэр эмэгтэйтэй хамт явж байсан нөхөр нь цохиод хамраас цус гаргасан байхаар нь “хүүш яаж байна аа” гэхэд хамт явж байсан найз нар ирээд “яасан бэ, хамар нь далийсан байна” гээд байж байхад тус согтуу эмэгтэй манай найз Жавзанг үсдээд унагаахаар нь *******, ******* хоёр салгах гэхэд салахгүй үснээс тавихгүй байсан. Тэгэхээр нь нөгөө согтуу эмэгтэйтэй хамт явж байсан нөхөрт хэлээд “эхнэрээ аваач ээ” гэхэд утсаар яриад зогсоод байсан. Ингээд Ж**гийн үснээс арай гэж тавиулахад Г**г үсдээд унагаахаар нь би очиж салгахад намайг үстсэн. Ж**, Г** нар дахиж салгахаар нь босоод ирэхэд нөхөр Т**, Э**н хоёр ******* хамрыг цохисон залуутай зогсож байхад баахан олон залуучууд ирээд шууд зодолдсон. Тэгсэн манай нөхөр замын хажуугийн уруу зүлэг дээр өнхрөөд унахад нь дахиад хүмүүс зодох гээд араас нь очихоор нь би нөхрийгөө цаашаа зугт гээд хэлэхэд цаашаа зугтсан. Ардаас нь 4-5 залуучууд гүйж байхыг хараад эргээд харахад Э**г хоёр машины голд оруулсан 4-5 залуучууд цохиж зодож байхаар нь дээшээ Зайсан хиллийн хамгаалагч нарыг дуудах гээд гүйгээд Зайсан хиллийн хаалга дээр ирэхэд *******гийн эхнэр нь нэг хүнтэй юм яриад зогсож байхаар нь Э**г баахан хүн зодоод байна гээд бид хоёр хамт доошоо буугаад би нөхрийгөө хайгаад цаашаа явахад Маралаа нөхөр лүүгээ явсан. Манай нөхөр өөдөөс ирэхээр нь Г**ын машин зогсож байсан зогсоол дээр очиход Г**, Ж**, Г** нар байж байсан. Тэгсэн Т** Э**г авч ирэхгүй бол болохгүй гээд явах гэхээр нь болиулаад би өөрөө явж машиныхаа түлхүүр болон Э** байвал авч ирэх гээд найз *******тай хамт явсан. Тэгээд нөхрийн өнхөрч унадаг зүлэг дээр түлхүүрээ хайж байхад нөгөө хүүхэн, залуу хоёр болон өөр зөндөө хүмүүс байсан бөгөөд тус эмэгтэй өөр хүмүүстэй зодолдож байхаар нь айгаад дээшээ гарч чадаагүй шууд буцаад явсан. Тэгэхэд Э** ирээгүй байсан бөгөөд утсаар яриад байгаа газар нь очоод хамт буцаад ирсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 111-113 дахь тал),

    10.Гэрч М.Ж**гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нөхөр Г*, найз А*, Т*, Э*, Г* гэдэг хүмүүстэй Зайсан хиллийн Ион бааранд үйлчлүүлж байгаад 23:40 цагийн үед гарсан. Зайсан хиллийн гадаа шатны тэнд сандал дээр сууж байгаад ******* тамхи татаж байгаад салах гэж байсан бөгөөд ******* “манай машины тийшээ нэг хүн юм шидчих шиг боллоо” гээд Т*, А* хоёр машин руугаа явахад, бид нар сандал дээрээ суугаад үлдсэн. Тэгээд тэр хоёрыг хүлээсэн чинь ирэхгүй машиныхаа тэнд хүмүүстэй яриад зогсож байхад шиг байхаар нь машин руугаа явах гээд нөхөр *******, ******* бид гурав ******* араас очиход, ******* хамраас цус гарсан байхаар нь “юу болов, яав” гэхэд нэг эмэгтэй миний араас үсдээд дараад авахаар “хөөе салгаач ээ” гэхэд *******, ******* хоёр “хөөе чи гараа тавиач ээ” гээд байсан. Тэгээд намайг унагаагаад үснээс тавихгүй байж байгаад тавихаар холдоод үсээ янзлаад юу болоод байгааг нь учрыг олохгүй хувцас энэ тэрээ янзлаад бугуйвч тасарсан байхаар нь янзлаад байж байхад дахиад нөгөө эмэгтэй гүйж ирээд унгаагаад дээр мордоод суухаар нь доошоо хараад нүүрээ дараад байж байхад үсдээд л байхаар нь дийлэхгүй “энийгээ аваач ээ” гэхэд Г* хажууд дугараад байх шиг байсан бөгөөд “хөөе энийг салгаач ээ” гээд байх шиг байсан. Тэгсэн хажуугаар зөрж байсан эмэгтэй хүмүүс “болиоч ээ” гээд байсан. Би доошоо харсан байсан учраас хэнийг нь мэдээгүй. Тэгээд үснээс нэг тавихаар нь  босоод цаашаа яваад хувцсаа янзлаад байж байхад нөгөө намайг болон ******* зодсон хүмүүс цаашаа өөр хүмүүстэй маргалдаад зодолдоод байх шиг байхаар нь Г*тай нөгөө хэдийгээ хайгаад доошоо машин руугаа явахад машины хажууд А*, Э* зогсож байсан ба Т*, Э* хоёр аймар зодуулсан байсан. Удалгүй *******гийн эхнэр Марал ирсэн. Бид нарыг доор байхад дээр зогсоол хүмүүс орилолдоод зодолдоод байсан. Тэгээд сүүлд ******* бид хоёр миний унасан газарт бугуйвчаа хайгаад олоогүй....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 115-116 дахь тал),

    11.Гэрч Б.Г*н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр эхнэр Жавзан, эхнэрийн найзуудтай явж байсан, сайн танихгүй. Тэгээд Зайсан хиллийн Ион бааранд үйлчлүүлж байгаад 00:00 цагийн үед байхаа гарч яваад би машинаа доор зогсоол дээр тавьсан бөгөөд машинаа авч ирэх гээд ганцаараа явж байхад хүмүүс орилолдоод буцаад очих тэнд бужигнасан зодоон болж байсан. Тэгэхэд манай эхнэр Ж*г нэг саарал үстэй махлаг хүүхэн үстсэн байхаар нь салгахад энд тэнд юу болоод байгаа мэдэгдэхгүй байсан бөгөөд нэг машины ард ******* танихгүй хүмүүст зодуулж байхаар нь очих гэхэд нэг том залуу намайг бариад ойртуулахгүй байхад хэдэн хүмүүс салгахаар нь эхнэрийг бугуйвчийг хайж байгаад нөгөө хэд рүү утсаар ярихад “цагдаа руу явж байна” гэхээр нь эхнэр Ж*, найз Г*г нь аваад *******г гэрт нь хүргэж өгчхөөд гэр лүүгээ явж байхад А* манай эхнэр лүү залгаад “гэмтэл дээр байна” гэхээр нь бид хоёр очсон. Т*г хэнд цохиулж зодуулсныг хараагүй, эхнэрийг аваад доошоо бууж байхад доор зогсоол дээр Т*тай таараад “ямар хүнд зодуулчихав аа” гэхэд цагдаагийн машин ирэхэд цагдаа руу гүйгээд явсан. Харин хальт Э**г машины ард хана хоёрын завсарт хүмүүс бужигнаад хэн хэнтэй зодолдоод байгаа нь 4-5 метрийн зайнаас харагдахгүй байхаар нь очих гэхэд нэг том биетэй залуу намайг хориглоод очуулаагүй, хүмүүс салгаж байгаа гэсэн. Тэгэхээр нь эхнэртэйгээ доошоо зогсоол руу явсан. Миний ойлгосноор хаа хамаагүй зөндөө хүмүүс зодолдоод байсан, учир нь олдоогүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дахь тал),

    12.Гэрч Г.**ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүрэгт байдаг Зайсан хилл цогцолборт найз М**ын хуримын хүлээн авалтад эхнэр А**ын хамт 16 цагийн үед орсон. Тэгээд хурим тараад гарч ирэхэд А.Ц- зогсоол дээр машины дунд баахан хүмүүс бужигналдаад байсан. Би ойртож харж чадаагүй очих гээд явахад өөдөөс баахан танихгүй хүмүүс ирэхээр нь “найз яагаад бөөнөөрөө зодож цохиод байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд над дээр ирсэн хэдэн хүүхэн нэг бондгор шар залуу байсан бөгөөд намайг ойртуулаагүй. Тэгээд очиж салгаж чадаагүй. Цаана хүмүүстэй зодолдоод байх шиг байсан бөгөөд удалгүй цагдаагийн машин ирээд аваад явсан. Сүүлд гарч ирээд машины зогсоол дээр ирэхэд А.Ц- машины голд хэдэн хүмүүстэй зодолдож байсан.  Яг ямар хүмүүстэй маргалдаж зодолдсон талаар мэдэхгүй, ойртож очоогүй, очих гэхэд хэдэн хүмүүс явуулахгүй байсан. Тэгэхэд Х.Н- нь цаана хэдэн эмэгтэй хүмүүстэй  зодолдож байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дэх тал),

    13.Шүүгдэгч А.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хилл цогцолборт найз Б**гийн хуримд эхнэр Х.Н-гийн уригдаж орчхоод цаг өнгөрөөд хурим тарах болоод эхнэр Х.Н-, найз А**ын хамт харих гээд  машины зогсоол руу явж байхад эхнэр Х.Н- түлхүүр шидээд нэг машины доогуур орохоор нь авах гээд байж байхад хэдэн залуучууд эмэгтэйчүүд ирээд нэг залуу нь “машин тэрэг яагаад байна аа” гэхээр нь “яагаа ч үгүй машин доогуур чинь түлхүүрээ унагаачхаад авсан юм, машин тэргээ шалгаад үзээрэй” гэж хэлээд маргаан болоод, зодоон болсон. Тухайн үед тэр хавийн баар хурим тарж байсан учраас их хүмүүс бужигналдаж байсан. Тэгээд машины эзэн гэх залуу намайг эхлээд цохиод хамт байсан хүмүүс нь зодоод, баахан хүмүүс гарч ирээд хэн хэн нь мэдэгдэхгүй салгахаар нэг залуу нь буцаагаад нүүр лүү нь цохиод, нөгөө залуу нь хоёр машины голд байхаар нь цохиж унагаад нүүр лүү нь өшиглөсөн. Би өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг барагдуулсан. Мөн Т**гэх залууд 4,000,000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлсөн байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг нь үндэслэлтэй баримтын дагуу төлөхөд татгалзах зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 114-115 дахь тал),

   14.Шүүгдэгч Х.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нөхөр А.Ц-ын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хилл дотор найзынхаа хуриманд очоод байж байгаад хурим дуусах дөхөөд орой 23 цагийн үед санагдаж байна нөхөр А.Ц-, найз А**ын хамт хуримаас гараад Зайсан хилл автомашины зогсоол дээр байгаа 09-83 УНА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн машин руугаа явсан. Манай найз *******ын нөхөр ******* гарч ирээгүй хурим дээр үлдсэн юм. Тэгсэн нөхөр А.Ц- хамт үлдэнэ гээд байхаар нь “чи үлдвэл үлд” гээд түлхүүрээ шидэхэд нэг авто машин доогуур түлхүүр орчихоор нь нөхөр маань машин доороос түлхүүрээ тонгойгоод авахад 3 залуу ирээд “машин гэмтээлээ” гэхэд А.Ц- “сэвтээсэн зүйл байхгүй, доороос нь түлхүүрээ авсан юм” гэхэд шууд 2 залуу нөхрийг маань цохиод хамт явж байсан 3 эмэгтэй цуг байсан учраас би нөхрийгөө өмөөрөөд 3 эмэгтэйтэй маргалдаад нэг эмэгтэйтэй нь үсдэлцээд ноцолдоход хамт байсан эмэгтэйчүүд дайраад байхаар нь босож ирээд салгах гэж ирсэн өөр эмэгтэйг андуураад цохисон юм.  Би өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас Хулан гэх эмэгтэйд учирсан хохирлын мөнгө болох 2,000,000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлсөн байгаа...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 117-118 дахь тал),

            15.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7745 дугаартай:

“-М.******* биед баруун гайморын хөндийн урд болон гадна хана, хацрын нум, хамар ясны хугарал, хамар, баруун хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун хацарт цус хуралт, духанд зулгаралт, цус хуралт, зүүн сарвуу, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

-Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дахь тал),

            16.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7741 дугаартай:

“-М.Э-гийн биед баруун хөмсөгний дээд хэсэгт шарх, дух, хамар, зүүн нүдний доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхи, баруун чихний дээд дэлбэн, хүзүү, баруун бугалга, цээж, зүүн дал, хэвлийн зүүн хажуу, зүүн мөр, эгэм, шуунд цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, дух, зүүн чамархай, баруун нүдний зовхи, хамар, дагз, хүзүү, баруун чигчий хуруу, зүүн бугалга, тохой, шуу, шилбэнд зулгаралт, зүүн хацар, баруун мөр, тохой, шуу, авдагт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

-Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дахь тал),

            17.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7756 дугаартай:

“-Б.Х-гийн биед хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

-Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 143-144 дэх тал),

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгч А.Ц-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 231 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 237 дахь тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (1дүгээр хавтаст хэргийн 238 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 241-250, 2 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал),

Шүүгдэгч Х.Н-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 17 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 23 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал) зэрэг болно.

 

        I. Гэм буруугийн талаар:

 

                    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц- нь согтуурсан үедээ 2021 оны 8 дугаар сарын 21-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хилл цогцолборын гадаа М.Т-тай “машин руу түлхүүр шидлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний биед нь халдан зодож баруун гайморын хөндийн урд болон гадна хана, хацрын нум, хамар ясны хугарал, хамар, баруун хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун хацарт цус хуралт, духанд зулгаралт, цус хуралт, зүүн сарвуу, баруун шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

        мөн тухайн цаг хугацаанд М.Э-тэй маргалдан улмаар түүний биед нь халдан зодож баруун хөмсөгний дээд хэсэгт шарх, дух, хамар, зүүн нүдний доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхи, баруун чихний дээд дэлбэн, хүзүү, баруун бугалга, цээж, зүүн дал, хэвлийн зүүн хажуу, зүүн мөр, эгэм, шуунд цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, дух, зүүн чамархай, баруун нүдний зовхи, хамар, дагз, хүзүү, баруун чигчий хуруу, зүүн бугалга, тохой, шуу, шилбэнд зулгаралт, зүүн хацар, баруун мөр, тохой, шуу, авдагт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

          шүүгдэгч Х.Н- нь согтуурсан үедээ 2021 оны 8 дугаар сарын 21-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хилл цогцолборын гадаа Б.Х-тай маргалдан улмаар түүний үснээс зулгааж, нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж биед нь хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн, хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч А.Ц-ын М.Т**н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Х.Н-гийн Б.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

            Түүнчлэн хохирогч М.Т- шүүх хуралдаанд “...Намайг анх А.Ц- цохисон...” гэж, мөрдөн шалгах ажиллагаанд “...“машин руу хүн юм шидчихлээ” гэхээр нь ...маргалдсан. ...эрэгтэй нь намайг шууд нүүр лүү гараараа нэг удаа цохисон...” гэж, хохирогч М.Э- шүүх хуралдаанд “...Тухайн үед харагдаж байсан хүн нь А.Ц-...” гэж, мөрдөн шалгах ажиллагаанд “...чи манай найзын хамрыг цохиод цус гаргасан байна гэж хэлэхэд над руу дайраад байхаар нь чи зодолдъё гээд байгаа бол сайхан эр хүн шиг зодолдож болно. Дараа нь цагдаа сэргийлэхийн асуудал болоод бөөн юм болдог шүү” гэж хэлээд ...хэнийг цохисныг хараагүй шууд нүүр лүүгээ баахан цохиулаад..” гэж, шүүгдэгч А.Ц- мөрдөн шалгах ажиллагаанд “...Х.Н- түлхүүр шидээд нэг машины доогуур орохоор нь авах гээд байж байхад хэдэн залуучууд эмэгтэйчүүд ирээд нэг залуу нь “машин тэрэг яагаад байна аа” гэхээр нь “яагаа ч үгүй машин доогуур чинь түлхүүрээ унагаагаад авсан юм, машин тэргээ шалгаад үзээрэй” гэж хэлээд маргаан болоод ...нэг залуу нь буцаагаад нүүр лүү нь цохиод, нөгөө залуу нь хоёр машины голд байхаар нь цохиж унагаад нүүр лүү нь өшиглөсөн...” гэж, шүүгдэгч Х.Н- мөрдөн шалгах ажиллагаанд “...А**ын нөхөр С** гарч ирээгүй хурим дээр үлдсэн юм. Нөхөр А.Ц- хамт үлдэнэ гээд байхаар нь “чи үлдвэл үлд” гээд түлхүүрээ шидэхэд...” гэж тус тус мэдүүлснээс үзэхэд эхнэр, нөхөр болох А.Ц-, Х.Н- нар нь хоорондоо маргалдаж, Х.Н- нь автомашины түлхүүр М.Т-, М.Э- нарын автомашин орчим шидсэнээр, шүүгдэгч, хохирогч нарын хооронд маргаан үүсэж, улмаар А.Ц- нь М.Т-, М.Э- нарын биед халдаж, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан М.Т-д хүндэвтэр зэргийн, М.Э-д хөнгөн зэргийн тус тус гэмтэл учруулсан үйлдэлд прокуророос А.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Харин хохирогч Б.Х-, шүүгдэгч Х.Н- нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

           

            Иймд шүүгдэгч А.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Н-г Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Т**н эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч М.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Б.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан.

Хохирогч Б.Х-гийн “...Нэхэмжлэх, гомдоллох зүйл байхгүй. 2,000,000 төгрөг өгч хохирлоо барагдуулсан...” гэсэн гар бичвэр (2 дугаар хавтаст хэргийн)-ийг үндэслэн шүүгдэгч Х.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин мөрдөн шалгах ажиллагаанд хохирол, хор уршигтай холбоотой хохирогч М.Т- 3,552,955 төгрөгийн баримт гаргаж өгснөөс А.Ц- нь 4,000,000 төгрөгийн хохирол, хохирогч М.Э-д 3,000,000 төгрөг тус тус төлсөн болох нь “Хаан банк”-ны дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 125 дахь тал)-аар тогтоогдох тул шүүгдэгч А.Ц-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч М.Т-, М.Э- нарын шүүгдэгч А.Ц-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

           II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Х.Н-гийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Харин шүүгдэгч А.Ц-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогүй болно.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан

            шүүгдэгч Х.Н-гийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохиролд 2,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал (эмэгтэй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг) зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

шүүгдэгч А.Ц-ын хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохиролд 7,000,000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал (эрэгтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг) зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял дээр, Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх торгох ялын хэмжээг 900.000 төгрөгөөр тогтоож, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянах бөгөөд тухайн нөхцөл байдлуудыг үгүйсгэх үндэслэл тогтоогоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

           lll. Бусад асуудлаар:

             

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск 2 ширхгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч А.Ц-, Х.Н- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, Х.Н- бусдад төлөх төлбөргүй, А.Ц- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч А.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Х.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2.Шүүгдэгч А.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ял, Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ял,

шүүгдэгч Х.Н-г Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял дээр, Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх торгох ялын хэмжээг 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ц-т оногдуулсан 900.000 төгрөгийн торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд, Х.Н-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск 2 ширхгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч А.Ц-, Х.Н- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, Х.Н- бусдад төлөх төлбөргүй, А.Ц- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6.Хохирогч М.Т-, М.Э- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг А.Ц-, Х.Н- нарт сануулсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай. 

10.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Ц-, Х.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР