Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 85

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 19 өдөр             Дугаар 153/ШШ2019/00085          Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 05-42 тоотод  оршин суух, тоот регистрийн дугаартай, Харчин овогт Батмөнхийн Нийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, Н.Очирбат, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь 1969 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийг 8 дугаар анги төгссөн. 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд эцэг Т.Батмөнх, эх П.Эрдэв нарын хамт мал дээр гарч 1992 онд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл тарах хүртэл бод мал маллаж байсан. 1992 онд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл тараад Хөдөлмөр компани болоход тус компанид малчнаар ажиллаж байсан. Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр компани тарсны дараа Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багт 2001 оныг дуустал мал маллаж байсан. 1989 оны 9 дүгээр сард Ч.Мандалбаяртай гэрлэсэн. 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан.

Б.Н нь одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч анх нэгдэлд ажилд орсон, гарсан тушаал байхгүй, малчнаар ажиллаж байх үеийн 70 дугаар дансны хуулга дутуу байгаан улмаас өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд Б.Нийг 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Б.Н нь 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан тул түүний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Н нь 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаа нотлохоор дараах баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2255 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан буюу 2 дугаар бригадын 1985-1986 оны Батмөнхийн нэр дээрх, 1987-1990 оны Батмөнх, Н нарын нэр дээрх 70-р дансны хуулбарууд,

-Б.Нийн нэр дээрх 1988 оны 1 дүгээр сард нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Б.Нийн нэр дээрх 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Д.Гонгорын шүүхэд өгсөн “...миний бие 1960 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. 1979 оноос эхлэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байгаад тусдаа гарсан. Улмаар 1993 он хүртэл Хөдөлмөр нэгдэл болон нэгдлийн суурь дээр байгуулагдсан Хөдөлмөр компанид малчнаар ажиллаж байсан. Б.Н нь Батмөнх гэдэг айлын 8 дахь охин. Б.Н 8-р анги төгсөөд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байсан. 1989 онд Мандалбаяр гэдэг хүнтэй суусан. Б.Н нь 1991 он хүртэл нэгдлийн мал малласан” гэх мэдүүлэг,

-Гэрч Ц.Цэвэлмаагийн шүүхэд өгсөн “Миний бие Ховд аймгийн Зэрэг суманд төрж өссөн бөгөөд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн үйлдвэр бригадад 1983-1989 он хүртэл ажиллаж байсан. Б.Н нь Батмөнх гэдэг айлын 8 дахь охин. Б.Н 8-р анги төгсөөд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байсан. 1989 онд Мандалбаяр гэдэг хүнтэй суусан. Б.Н нь намайг 1989 онд аймгийн төв рүү шилжих хүртэл тэндээ мал малласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч Б.Н нь Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1990 оны 7 дугаар сараас 2000 оныг дуустал нөхөн тооцуулсан байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Б.Н нь 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан Б.Нийн нэр дээрх 1988 оны 1 дүгээр сард нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаан дээр түүний эх хувьтай нь тулган үзэхэд тус хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он засвартай, хүйс дээр “эрэгтэй” гэж бичигдсэн байх тул Б.Нийн нэр дээрх 1988 оны 1 дүгээр сард нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар тоот регистрийн дугаартай, Харчин овогт Батмөнхийн Нийн 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МАРИНА