Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
Хэргийн индекс | 187/2022/0806/Э |
Дугаар | 2022/ШЦТ/801 |
Огноо | 2022-11-28 |
Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/801
2022 11 25 2022/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Г.Эрдэнэ,
шүүгдэгч Б.Д-, М.Л-, тэдний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Д-ийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Л-г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Д /РД:.../,
Монгол Улсын иргэн, ... аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.Л /РД:УП.../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д- нь ... буюу нийтийн албан тушаалтнаар 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж байхдаа хахууль өгөгч М.Л-гийн утсаар холбогдож өөрт нь хэлсэн “хүнд даацын нүүрс тээвэрлэсэн 3 тээврийн хэрэгслийг зогсоож, бичиг баримтыг шалгуулахгүйгээр явуулах” гэсэн ашиг сонирхлын дагуу Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйл “Нийтийн хэв журам хамгаалах”-ийн 11.1.11-д заасан “...хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэх...”, 11.1.3-д заасан “замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” гэснийг,
мөн Ажлын байр /албан тушаалын/-ны тодорхойлолтын албан тушаалыг зорилго, зорилтод заасан “Гашуун сухайт хилийн боомт орчимд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг хариуцаж ажиллах” гэснийг тус тус зөрчиж, өөрийн үүрэг гүйцэтгэж байгаа авто замаар зорчиж байсан хүнд даацын нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийг шалгалгүй өнгөрөөж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих”-д заасан зөрчил үйлдсэн эсэхийг илрүүлж шийдвэрлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 280,000 төгрөгийн үнэ бүхий пүүзний төлбөрийг төлөх ... гэсэн дансны дугаар, гүйлгээний утгад бичигдэх өөрийн фэйсбүүк хаяг болох “Dashka Dashka” гэсэн хаягийн мэдээллийг М.Л-д хэлж өгч, түүнээс хахууль авахаар шаардсан, улмаар тус данс руу барааны төлбөр болох 280,000 төгрөгийг шилжүүлүүлж хахууль авсан гэмт хэргийг,
шүүгдэгч М.Л- нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймаг дахь ... Б.Д-ийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад суурьшлын бүсэд ажил үүргээ гүйцэтгэж байхад нь түүнтэй утсаар холбогдож “хүнд даацын нүүрс тээвэрлэсэн 3 тээврийн хэрэгслийг зогсоож, бичиг баримтыг шалгуулахгүйгээр явуулах” гэсэн ашиг сонирхлоо илэрхийлсний дагуу Б.Д-ийг хүнд даацын нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийг шалгалгүй өнгөрөөж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих”-д заасан зөрчил үйлдсэн эсэхийг илрүүлж, шийдвэрлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Б.Д-ийн хэлж өгсөн Хаан банкны ... дугаартай данс руу “Dashka Dashka” гэсэн гүйлгээний утгатай 280,000 төгрөгийг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлж, пүүз буюу барааны төлбөрийг нь төлж хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
2. Шүүгдэгч М.Л-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
3. Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 3 дугаар сард өдрийг нь бол санахгүй байна. М.Л- нь миний ашигладаг ... дугаарын утас руу залгаад “сонин юу байна, ажил өндөр үү, би хотод байна” гэсэн. Би зөрүүлээд “ажил сайн, сонин юу байна” гэсэн. Тэгсэн М.Л- нь “гурван машин явуулах гэсэн юм, бичиг баримтгүй, хойноос чинь одоо ингээд явна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за, за” гэж хэлсэн. Би “Энержи ресурс” ХХК-ийн уулзвар дээр үүрэг гүйцэтгээд ганцаараа зогсож байсан чинь хойд зүгээс засмал замаар машинууд явж эхэлсэн. Би эхнээс нь машинуудыг явж байхад нь гараараа дохио зангаагаар бичиг баримтаа үзүүл гээд дөрвөлжин дүрс үзүүлж заасан. Яагаад ингэдэг гэхээр тэр олон нүүрс тээврийн хэрэгслүүдийг бүгдийг нь зогсоогоод нэг бүрчлэн шалгах боломжгүй. Хэрэв ингэвэл маш их очер дараалал үүсчихдэг юм. Иймээс постон дээр дамжин өнгөрч байгаа нүүрс тээврийн жолооч нарын бичиг баримт болох “С” зөвшөөрөл гэх зэрэг бичиг баримтаа урд салхины шилэн дээрээ нааш нь харуулж үзүүл гээд заагаад зөрчилгүй бол зогсоолгүй шууд явуулдаг. Ингээд тэр олон машинууд дунд аль нь М.Л-гийн захиж хэлсэн машинууд байсныг мэдэхгүй байна, бүгдийг постоор гаргаад явуулсан. Ингээд байж байтал М.Л- над руу дахиж залгаад “машин явчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи хотод байгаа юм бол наана чинь нэг пүүзний онлайн шоп байгаа, тэднээс би нэг пүүз захиалах гэсэн юм, чи хотод байгаа юм чинь захиалчих, ирэхээр нь би мөнгө төгрөгийг нь өгье, гүйлгээний утга дээр нь “Dashka Dashka” гэж бичээрэй гээд пүүзний дэлгүүрийн дансны дугаарыг өгсөн. Тэгээд би “Forceman” гэх фэйсбүүк хаягтай пүүзний дэлгүүр лүү холбогдоод гүйлгээний утга дээр нь ““Dashka Dashka” гээд пүүзний мөнгөө хийе” гэж хэлсэн. Ингээд 280,000 төгрөгийг М.Л-гээр пүүзний дэлгүүр лүү шилжүүлүүлсэн. Худалдаж авсан пүүзийг замыг унаанд хийгээд явуулсан байсан. Би хүнд захиж дэлгүүрээс нь авахуулсан билүү, эсвэл дэлгүүрээс нь замын унаанд хийж явуулсан билүү одоо санахгүй байна. ...Би уг пүүзийг өмсөж явж байгаад зүүн хөлийн урд хэсгийг нь юманд ханзлаад урчихсан тул хаячихсан. ...Бид нар постон дээр гарч байхдаа ачаалал хир байгаа талаар өөрсдийн гарч байгаа постныхоо нөхцөл байдлын талаар “видео калл“ хийж байнга харуулдаг. Х.Еркинтэй утсаар ярьсан билүү, “видео калл“ хийсэн билүү одоо санахгүй байна. Х.Еркин Оюутолгойн уулзвар дээр тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан. Би холбогдоод “бичиг баримтгүй гурван машин явна гэсэн, та наанаа шалгаарай, би энд постон дээрээ шалгалаа, ямар нэгэн зөрчил алга” гэж хэлсэн. Тэгээд машинууд нь гараад явсан. Ямар, ямар улсын дугаартай, ямар маркийн машинууд явсныг би одоо санахгүй байна. Х.Еркинд бол мөнгө өгөөгүй. М.Л- надад “гурван машины зуу зуун мянган төгрөг өгье” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “тэр яах вэ, пүүз захиалъя наад пүүзний мөнгийг ирэхээр чинь өгье” гэсэн. Ямар ч байсан пүүз захиалчих гэсэн. ...М.Л- надтай утсаар холбогдож гуйсан. Миний одоо ярьж байгаа мэдүүлэг үнэн. Урд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө хольж хутгаад сандраад суудлын хар өнгийн Приус-30 маркийн машинтай 30 гаран насны халзан эрэгтэй хүн ирж гуйсан гээд буруу ярьчихсан байна лээ. М.Л- нь урд нь намайг постон дээр үүрэг гүйцэтгэж байхад ирж уулзаж байсан үетэй нь хольж хутгаад буруу ярьсан байна лээ...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дахь тал)
4. Гэрч М.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэг өгөөд гарч явснаасаа хойш бодоод байсан чинь би 2021 оны 3 дугаар сарын дундуур Б.Даашка руу утсаар яриад “Манифестгүй 3 машин байгаа юм байна, чи зогсоогоод шалгавал явуулаарай” гэж гуйсан. Машины номер дугаар ч хэлээгүй, одоо ямар машинууд байснаа ч би санахгүй байна. Даашка намайг “чи хаана байгаа юм” гэж надаас асуухаар нь би хотод байна гэдгээ хэлсэн. “Цалин мөнгө буух болоогүй байна хөгшөөн, 280.000 төгрөгөөр пүүз авах гэсэн юм, цалин буухаар өгье, нэг данс руу 280.000 төгрөг хийгээч” гэж гуйсан. Тэгээд надад ямар утгаар мөнгө шилжүүлэхийг нь Даашка хэлж өгсөн. Мөн ямар данс руу шилжүүлэх талаар дансны дугаар өгсөн. Би тэр данс руу нь 280.000 төгрөг шилжүүлсэн. Би дээр мэдүүлэг өгч гарч яваад өөрийнхөө дансны хуулгыг аваад дахиж нягталж үзэж байгаад энэ талаар санасан. Би Даашкагийн бүтэн нэрийг мэддэггүй. ...Надад 280,000 төгрөг буцааж өгөөгүй. Тэр үеэс хойш бид хоёр уулзаж чадаагүй явна. ...Цагаан хаданд ажилладаг нүүрс тээвэрт явдаг нэг ах над руу яриад “Манифестгүй 3 тээврийн хэрэгсэл байна, цагдаагийн постоор гаргаад өгөх боломж байна уу” гэж надаас асуухаар нь би Даашка руу яриад “Манифестгүй 3 машин байгаа шүү” гэж хэлсэн. Тэгээд пүүзний асуудал яригдсан. Одоо хэний ямар маркийн, хэд гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд байсан талаар би мэдэхгүй байна. Яг өөрөө нүдээр хараагүй болохоор ямар машин байсан талаар мэдэхгүй байна. Над руу ярьсан ах эргэж яриад “зүгээр зүгээр, болчихлоо” гэж хэлсэн. Одоо яг хэн гэж хүн над руу ярьсныг санахгүй байна. Би өөрөө Цагаан хаданд 5 жил жолооч хийсэн болохоор тэнд жолооч хийдэг хүмүүсийг ихэнхийг нь таньдаг. Би өөр цагдаад мөнгө өгөөгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 103 дахь тал),
5. Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Аварзэдийн Анирлин нь миний оюутны найз байгаа юм. А.Анирлин 2021 оны 11 дүгээр сард Америкийн нэгдсэн улс руу сурахаар гэр бүлээрэй явсан. А.Анирлин “Forceman” гэх фэйсбүүк хаягаар иргэдээс пүүзний захиалга аваад, гадаадаас пүүз оруулж ирээд, захиалсан хүмүүст нь хүлээлгэж өгдөг онлайн худалдаа хийдэг байсан. Пүүзний мөнгийг Анирлин нь өөрийн “Хаан банк”-ны ..., “Голомт банк”-ны ... тоот данснуудаар хүлээн авдаг байсан. Миний хувьд бол Анирлин нь Америкийн нэгдсэн улс руу 2021 оны 11 дүгээр сард явахаар болоод намайг онлайн худалдаагаа хариуцаж байгаач гэж надаас гуйсан тул би зөвшөөрөөд онлайн худалдааг нь түр хариуцаж байгаа. ...Би энэ цаг хугацаанд Монголд байхгүй байсан. Мөн энэ пүүзний онлайн худалдааг нь хариуцдаггүй байсан болохоор энэ орлогын талаар мэдэхгүй байна. Хүмүүс пүүзний мөнгөө шилжүүлэхдээ фэйсбүүк хаягийнхаа нэрийг, утасны дугаараа утга дээр нь бичиж явуулдаг. Тэгэхээр энэ хүн “dashka dashka” гэх фэйсбүүк хаягтай байсан учраас пүүзний мөнгө шилжүүлэхдээ “dashka dashka 2” гэх утгаар шилжүүлсэн байна гэсэн үг...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 114 дэх тал),
6. Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн гаалийн хяналтын талбай дээр байгаа нүүрсийг тээврийн хэрэгсэлд ачихад гаалийн улсын байцаагч хяналт тавьж ачуулаад гаалийн лацаар лацдаж хяналтын бүсийн пүүн дээр пүүлээд, пүүний бичгийг үндэслэж тухайн аж ахуйн нэгж хэдэн тонн нүүрс ачсан талаар гаальд программаар мэдүүлнэ. Гаалийн байгууллагаас мэдүүлгийг нь шалгаад бичиг баримтын байцаагч гаалийн үнэлгээ хийгээд хяналтын байцаагч мэдүүлгийг баталгаажуулсны дараа Гаалийн улсын ахлах байцаагч мэдүүлгийг зөвшөөрнө. Ингээд мэдүүлэг гааль зөвшөөрөв төлөвт орсны дараа ачааны “Манифест” үүснэ. Гаалийн мэдүүлэг, ачааны Манифест зэргийг мэдүүлэгч нар хэвлэж авахыг хүсвэл хэвлэж өгдөг. Ингээд хяналтын бүсээс хил дээр очиход ачааны дагалдах Манифестийг нүүрс ачсан бодит тээврийн хэрэгсэлтэй нь тулгаж үзээд зөрчилгүй байх юм бол программ дээр “хил нэвтрүүлэх” гэж товч дардаг. Ингээд хилээр гарах тээврийн хэрэгслийн бүртгэл автоматаар үүсэж тухайн тээврийн хэрэгслийг улсын хилээр гарахыг зөвшөөрч байна гэсэн үг. Тусгай зөвшөөрөл бол биш. Гаалийн улсын байцаагч нар нүүрс тээврийн автомашин хил дээр ирэхэд нь Манифестийн мэдээлэлтэй биет байдал нь тохирч байгаа эсэхийг тулган шалгаж хил нэвтрүүлдэг. Цагдаагийн алба хаагч нар нь Манифестийн бичгийг шалгах шаардлага байхгүй. Мөн цагдаагийн алба хаагч нар нь нүүрс тээврийн жолооч нарыг “Манифестийн бичиг байхгүй байна” гээд хуулийн хариуцлага хүлээлгэх боломж байхгүй. Энэ бол гаалийн байцаагчийн ажил. Манифест нь гаалийн бүрдүүлэлтийн дараа Хятад улсын Гаалийн байгууллагатай цахимаар мэдээлэл солилцох бичиг юм. Тиймээс Манифестийн мэдээлэл программд ороогүй нүүрс тээврийн автомашиныг улсын хилээр нэвтрүүлэх ямар ч боломж байхгүй. Иймээс ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэх ойлголт байхгүй. Нүүрс тээвэрлээд хилээр гарч байгаа бүх автомашинд Манифест шивэгдсэн байдаг...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь тал),
7. Шүүгдэгч М.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Надад бол өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Болсон асуудлыг товч ярих юм бол би энэ Дашцэнд гэх залууг зүс танина. Зүс таньдаг учраас Дашцэнд рүү яриад “3 машин явуулчих уу” гэсэн надаас зөрүүлээд “чи хотод байгаа юм чинь 1 пүүз аваадахаач” гэхээр нь тэрийг авч өгсөн асуудал байгаа юм. Тэр гуйсан 3 машиных нь бичиг баримт нь бол байсан юм байна лээ. Жолооч нар нь солигдоод бичиг баримтаа олохгүй байсан юм байна лээ. ...Би тэр онлайн шоп дэлгүүр лүү нь буюу Дашцэндийн өгсөн данс руу нь Улаанбаатар хотод Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 120-ын автобусны буудлын арын зогсоол дээр машинтайгаа явж байхдаа интернет банк ашиглаж шилжүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 128 дахь тал),
8. Эд зүйл (баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд)-д үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал),
9. Үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 7-10 дахь тал),
10. “Хаан банк” дахь А.Анирлины эзэмшлийн .... дугаар дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 24 дэх тал),
11. “Хаан банк” дахь М.Л-гийн эзэмшлийн ... дугаар дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 44 дэх тал),
12. Иргэн М.Л-, А.Анирлин нарын “Хаан банк” дахь данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал),
13. Гэрээт цагдаагийн хэлтсийн “Хоногийн нөхцөл байдал”-ын мэдээ (1 дүгээр хавтаст хэргийн 82-85 дахь тал),
14. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Б.Д-ийг ажилд томилох тухай” 6/12 дугаар тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 246 дахь тал),
15. Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Орон нутгийн замын хяналтын хэлтсийн Гэрээт цагдаагийн хэлтсийн Цагдаа зохицуулагчийн албан тушаалын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 247-249 дэх тал),
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 54 дэх тал), “Аз дөрвөн заан” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д- нь ... албан тушаалд ажиллаж байхдаа 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад суурьшлын бүсэд М.Л-гийн утсаар холбогдож өөрт нь хэлсэн “хүнд даацын нүүрс тээвэрлэсэн 3 тээврийн хэрэгслийг зогсоож, бичиг баримтыг шалгуулахгүй явуулах” гэсэн ашиг сонирхлын дагуу Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.11-д заасан “...хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэх...”, 11.1.3-т заасан “замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” гэснийг,
мөн албан тушаалын тодорхойлолтын албан тушаалыг зорилго, зорилтод заасан “Гашуун сухайт хилийн боомт орчимд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг хариуцаж ажиллах” гэснийг тус тус зөрчиж, өөрийн үүрэг гүйцэтгэж байгаа авто замаар зорчиж байсан хүнд даацын нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийг шалгалгүй өнгөрөөж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих”-д заасан зөрчил үйлдсэн эсэхийг илрүүлж, шийдвэрлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 280,000 төгрөгийн үнэ бүхий пүүзний төлбөрийг төлөх 5084198042 гэсэн дансны дугаар, гүйлгээний утгад бичигдэх өөрийн фэйсбүүк хаяг болох “Dashka Dashka” гэсэн хаягийн мэдээллийг М.Л-д хэлж өгч, түүнээс хахууль авахаар шаардсан, улмаар тус данс руу барааны төлбөр болох 280,000 төгрөгийг шилжүүлүүлж хахууль авсан гэмт хэргийг,
шүүгдэгч М.Л- нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ... Б.Д-ийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад суурьшлын бүсэд ажил үүргээ гүйцэтгэж байхад нь түүнтэй утсаар холбогдож “хүнд даацын нүүрс тээвэрлэсэн 3 тээврийн хэрэгслийг зогсоож, бичиг баримтыг шалгуулахгүй явуулах” гэсэн ашиг сонирхлоо илэрхийлсний дагуу Б.Д-ийг хүнд даацын нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийг шалгалгүй өнгөрөөж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих”-д заасан зөрчил үйлдсэн эсэхийг илрүүлж, шийдвэрлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Б.Д-ийн хэлж өгсөн “Хаан банк”-ны ... дугаартай данс руу “Dashka Dashka” гэсэн гүйлгээний утгатай 280,000 төгрөгийг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлж, пүүз буюу барааны төлбөрийг нь төлж хахууль өгсөн үйл баримт тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэрэгт албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ авсныг ойлгоно. Харин нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдана.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна”, 13.1.4-т “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллагын удирдлага” гэж хуульчилсан тул цагдаагийн албан хаагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан буюу тухайн гэмт хэргийн субьект болно.
Шүүгдэгч Б.Д-ийн хахууль авсан, шүүгдэгч М.Л-гийн хахууль өгсөн тус тус үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Хөрхийн шарнууд овогт Батхуягийн Дашцэндийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Түмэн овогт Мягмарбаатарын Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон “Хахууль өгөх”, “Хахууль авах” гэмт хэргүүд нь бодит хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хавтаст хэрэгт дээрх гэмт хэргүүдтэй холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх болон мөнгөн дүнгээр орлуулах хохирол учраагүй байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Д-, М.Л- нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан
шүүгдэгч Б.Д-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал (32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг),
шүүгдэгч М.Л-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал (33 настай, эрэгтэй, дээд боловсролтой) зэргийг харгалзан
шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,
шүүгдэгч М.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Д-ээс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 280,000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Д-, М.Л- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Д-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч М.Л-г бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Л-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д-эд оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд, М.Л-д оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг тус бүр 1 (нэг) жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ээс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 280,000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч Б.Д-, М.Л- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-, М.Л- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тус тус тоолсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Д-, М.Л- нарт сануулсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Д-, М.Л- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР