Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/838

 

 

 

 

 

 

      2022        12           20                                       2022/ШЦТ/856

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

улсын яллагч Ц.Гансүлд ,

шүүгдэгч У.А-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Ц.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

У.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ... төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ...ажилтай байсан, одоо тэтгэвэрт, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... /РД:..../,

            Монгол Улсын иргэн, ... төрсөн, 53 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б.А /РД:.../.

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..., нийтийн албан тушаалтан Ц.Б- нь Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.7-т заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэснийг,

-Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.2-т заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, 37.1.3-т заасан эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 36 дугаар зүйлд заасан “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээр өргөсөн тангараг”, 39 дүгээр зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон “албаны эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана” гэснийг,

-Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д заасан “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албаны ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-т заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэсэн үйл ажиллагаандаа дагаж мөрдөх хэм хэмжээг тус тус зөрчиж,

Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням- Очирын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/41 дугаартай “Ажлын хэсэг байгуулах” тухай тушаалаар “Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгагдаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт буюу яллагдагч У.А- нарт холбогдох эрүүгийн 1910001360572 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах, шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэгт томилогдон ажиллаж, хахууль өгөгч У.А-гийн Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгагдаж буй өөрт холбогдох хэрэгт хэргийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэл авах гэсэн ашиг сонирхлын үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана” гэсэн үүргээ хэрэгжүүлэлгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, эрүүгийн хэргийн талаарх мэдээ, мэдээллийг өгснийхөө хариуд 2020 оны 12 дугаар сард У.А-гаас шинэ жилийн бэлэг гэж 2.545.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон-11 про макс” маркийн гар утсыг, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Г.Б-аар дамжуулан 50.000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Д.Б-гийн “Хаан” банкны 50... дугаарын дансаар дамжуулан өөрийн “Хаан” банк дахь 5084260421 дугаарын харилцах дансаар 200.000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч Ц.Б-ы “Хаан” банкны 54... дугаарын харилцах дансаар дамжуулан 420.000 төгрөгийг буюу нийт 3.215.000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч У.А- нь Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт эрүүгийн ... дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа хэргийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэл авч өөртөө давуу байдал бий болгох зорилгоор,

Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/41 дугаартай “Ажлын хэсэг байгуулах” тухай тушаалаар “Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгагдаж буй эрүүгийн 1910001360572 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах, шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэгт томилогдон ажилласан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой Ц.Б-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрт холбогдох хэрэгт мэдээ, мэдээллийг өгч, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд Ц.Б-т 2020 оны 12 дугаар сард шинэ жилийн бэлэг гэж 2.545.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон-11 про макс" маркийн гар утсыг, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Г.Б-аар дамжуулан 50.000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Д.Б-гийн “Хаан” банкны 50... дугаарын дансаар дамжуулан 200.000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч Ц.Б-ы “Хаан” банкны 54... дугаарын харилцах дансаар дамжуулан 420.000 төгрөгийг буюу нийт 3.215.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

            1.Шүүгдэгч Ц.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудалд маргахгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            2.Шүүгдэгч У.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудалд маргахгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

           3. Гэрч Л.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Уламбаярын Алтанзаяа гэж хүнийг танина. У.А-гийн охин А.Ц- бид хоёр СУИС-ийн Радио телевиз, мульт медиагийн  сургуульд нэг ангид хамт суралцдаг байсан. А.Ц- бид 2 хоорондоо үерхдэг байсан бөгөөд  2018 онд салсан. Мобикомын дугаарын дата нь хямд байдаг болохоор би Мобикомоос 2-3 дугаар аваад зөвхөн датаг нь ашигладаг байсан. Энэ 95... дугаарыг яг хэзээ мобикомоос авсан гэдгээ сайн санахгүй байна. А.Ц-гийн ээж У.А- над руу 1 удаа залгаад “би өөрийнхөө 99... дугаарыг барьцаалаад зээл авсан чинь зээлээ төлж чадахгүй байсаар хаалгачихлаа, түр барих дугаар байна уу” гэхээр нь мобикомоос авсан дугаар өгч байсан. Яг хэд гэсэн дугаартай утас гэдгийг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 120-121 дэх тал),

            4. Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ мөнгөн гүйлгээг сайн санаж байна. Миний төрсөн өдөр 01 дүгээр сарын 09-ний өдөр болдог. Манай гэр бүлийнхэн Цонжин болдог дахь амралтын газарт (албан ёсоор нээгдэж үйл ажиллагаа эхлээгүй байгаа) гэр бүлээрээ хонож миний төрсөн өдрийг тэмдэглэсэн. Маргааш нь буюу 09-ний өдрийн өглөө гэр бүлээрээ хоол идээд сууж байхад манай нөхөр У.Алтанбаганын төрсөн эгч У.А- надад хандаж “дансны дугаараа хэлээч, чиний данс руу мөнгө шилжүүлье, чи хүний данс руу мөнгө шилжүүлээдэх” гэсэн. Би У.А- эгчид дансны дугаараа хэлсэн. Төд удалгүй миний дансанд 200,000 төгрөгийн орлого орж ирсэн. Би У.А- эгчээс дансны дугаарыг нь аваад өөрийнхөө утаснаас 200,000 төгрөгийн эмийн мөнгө гэж шилжүүлсэн. Ер нь У.А- эгчид өөрийн гэсэн дансны дугаар байхгүй, нөхөр Гүрсэдийн Болдбаатарын дансаар гүйлгээ хийгээд байдаг. Энэ 200,000 төгрөгийг У.А- эгчийн нөхөр Г.Б-ын данснаас өөрөө миний данс руу шилжүүлсэн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 117-118 дахь тал),

            5. Гэрч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нь амралтын өдөр байсан. Би гэртээ амарч байсан. Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Ц.Б- 88... дугаарын утаснаасаа миний 99... дугаарын утас руу өдөр залгаад “миний дүү “Хаан банк”-ны дансаа мессежээр явуулаач, ах нь 420,000 төгрөг хийх хэрэгтэй байна, мөнгө орохоор нь ах руугаа хэлээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн гар утаснаас Ц.Б- ахлахын утас руу өөрийнхөө Хаан банкны 54... дугаарын дансыг мессежээр явуулсан. Нээх удалгүй 5-10 минутын дараа “Хаан банк”-ны данс руу 420,000 төгрөгийн орлого орж ирсэн. Одоо санаж байгаагаар Заяа гэсэн гүйлгээний утгатай байсан санагдаж байна. Ц.Б- ахлах руу залгаад “миний дансанд 420,000 төгрөг орсон байна” гэж хэлэхэд Ц.Б- ахлах “аан за, тэгж байгаад би чам руу нэг данс явуулна, чи тэр данс руу 400,000 төгрөгийг нь шилжүүлээрэй, 20,000 төгрөг нь байж байг” гэж хэлсэн. Тухайн өдрийн орой билүү, маргааш өглөө нь билүү ажил руу явж байхад Ц.Б- ахлах над руу залгаад “чам руу нэг данс явуулна, чи тэр данс руу 400,000 төгрөгийг “Хөгжмийн үнэ” гээд шилжүүлчих” гэсэн. Төд удалгүй нэг дансны дугаар мессежээр ирээд би тэр дансны дугаар луу нь 400,000 төгрөгийг шилжүүлсэн. 420,000 төгрөгийн үлдэгдэл 20,000 төгрөг нь одоо миний дансанд байгаа. Ц.Б- ахлахын явуулсан дансны дугаар, Ц.Б- ахлах руу явуулсан миний дансны дугаар нь одоо миний утсан дээр хадгалаастай байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104-106 дахь тал),

            6. Гэрч Ц.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр бүл “Авто молл”, “Уран ган” гэх газруудад хөгжмийн лангуу ажиллуулдаг. Манай аавыг Чулуунбаатарын Цогт-Эрдэнэ гэдэг. Би аавынхаа хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд “Уран ган” гэх газар лангуу ажиллуулдаг. Харин манай ээж Дуламсүрэнгийн Лхагвасүрэн нь Дөлгөөн нуурын залгаа “Авто молл” гэх газарт дүү Цогт-Эрдэнийн Энхтөрийн хамт хөгжмийн лангуу ажиллуулдаг. 2021 оны 01 дүгээр сарын 24-ний орой 19 цагт ажлаа тараад явж байхад нэг хүн бэлэн машиндаа хөгжим авах талаар надад хэлсэн.  Би 400,000 төгрөгийн хөгжим өгөхөөр болж тухайн өдрийн 20-21 цагийн орчим Замын цагдаагийн газрын хажуу талын “МТ” колонк, авто угаалгын дундуур орсон замд тэр хүнтэй холбоо барьж уулзаад нэрийг нь мэдэхгүй нэг хотхон руу хамт орсон. Тэр хүн 30 орчим насны эрэгтэй хүн байсан. Маск зүүсэн байсан учир царайг нь сайн санахгүй байна. Тэр хүн намайг цагаан өнгийн Альфард маркийн автомашинд оруулаад өөрийнх нь хөгжим эвдэрсэн учир солиулсан. Миний анзаарснаар тухайн автомашины урд салон дээр цагдаагийн алба хаагчийн малгай байсан санагдаж байна. Тус автомашины онцлох зүйл нь арын суудал нь дэлгэцтэй, сансар дижиталын төхөөрөмжтэй байсан. Би хөгжмийг нь 30 минут сольж өгсөн. Ажлаа хийж дуусгаад ээж Лхагвасүрэнгийн дансыг өгч мөнгийг нь шилжүүлж авсныхаа дараа явсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дахь тал),

            7. Гэрч Э.А- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “Уран ган” гэх газарт хувиараа хөгжим засварын ажил эрхэлдэг. Энхтүвшин бид хоёр заримдаа оройн цагаар дуудлагаар автомашинуудад хөгжим тавьж өгдөг. Тухайн үед буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-ний орой санагдаж байна. Энхтүвшин бид хоёр ажлаа тараад явж байтал автомашинд хөгжим тавиулах дуудлага ирэхээр нь бид хоёр Замын цагдаагийн газрын тэнд очсон. Тухайн үед Энхтүвшин автомашин жолоодоод, харин би утсаа оролдоод явж байсан учир яг ямар газар очсоныг санахгүй байна, цагаан өнгийн Альпард маркийн автомашинд хөгжим суулгаж өгсөн. Машиндаа хөгжим суулгуулсан хүн эрэгтэй, нас тогтсон хүн байсан. Автомашины дотор талд сансар дижиталын төхөөрөмжтэй байсан. Тэр ах хөгжим тавиулсан мөнгөө Энхтүвшингийн ээжийн данс руу явуулсан. Яг хэдэн төгрөг явуулсан талаар би мэдэхгүй байна. Тус автомашинд суулгасан хөгжим нь дангаараа 400,000 төгрөгийн үнэтэй байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дугаар тал),

            8. Гэрч Н.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз А.Ц- надаас 2021 оны 01 дүгээр сарын дундуур 400,000 төгрөгийг зээлж авсан. Ингэхдээ “420,000 төгрөг болгож өгнө” гээд бэлнээр авч байсан. Нээх удалгүй А.Ц- 420,000 төгрөгийг надад өгье гээд миний данс руу шилжүүлсэн. Төд удалгүй А.Ц-гийн ээж У.А- эгч над руу яриад “А.Ц- чамаас зээлсэн мөнгөө өгсөн байгаа гэнээ, эгчид нь мөнгө хэрэгтэй болоод байна, наад мөнгөө эгчдээ түр зээлээч” гэсэн. Над руу мөнгө шилжүүлэх хүний дансыг хэлээд би энэ 420,000 төгрөгийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл У.А- эгч гуйсны дагуу энэ мөнгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг(1 дүгээр хавтаст хэргийн 123-124 дэх тал),

            9. Гэрч А.Ц-гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Радио Телевизийн сургуульд суралцаж байхдаа буюу төгсөх жил Л.Д- бид 2 үерхэж эхлээд сүүлдээ нэг нэгнийхээ гэрээр орж гардаг байсан. Улмаар 2016 оны 9 дүгээр сард намайг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын сургуульд явах жил бид 2 нэг гэрт орсон. Би урагшаа сургуульд яваад бид 2-ын харилцаа холдож салсан. Одоо ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. Надад энэ асуудлын талаар мэдэх зүйл алга, намайг БНХАУ-д суралцаад ирсний дараа Л.Д- миний утас руу залгахаар нь би авдаггүй байсан. Танихгүй утас залгахаар нь хааяа авахад Л.Д- байдаг бөгөөд “ээжтэй чинь холбогдох гэсэн юм” гэдэг байсан. Заримдаа манай гэрт  ээжийг асууж ирдэг байсан. Тухайн үед яагаад ээжтэй уулзах гээд байгаа юм бол гэж бодож байсан. Саяхнаас ээж У.А-, Л.Д-оос мөнгө зээлсэн байсныг нь мэдсэн. 10 гаран сая төгрөгийн асуудлыг нь мэдээд Л.Д-т өөрийнхөө зөөврийн компьютерийг өрөнд нь өгсөн. Ээж Л.Д- 2-ын хооронд болсон асуудлуудын талаар надад мэдэх зүйл үнэхээр алга. ...Н.Э- нь миний Радио телевизийн сургуульд хамт суралцаж байсан найз. 2021 оны 01 дүгээр сарын эхээр 400,000 төгрөгийг зээлж байсан. Н.Э-гаас авсан мөнгөө 01 дүгээр сарын 23-ны өдөр 420,000 төгрөг болгож буцааж өгч байсан. Би “хорол” гэдэг эвлүүлдэг оньсон тоглоом хийж зарж, хэдэн төгрөг олох гэсэн юм. Тэгээд тоглоомоо хийх гээд хэдэн найзаасаа мөнгө зээлээд буцааж өгсөн. Үүний нэг нь найз Н.Э-гаас 400,000 төгрөг зээлээд хүүнд нь 20,000 төгрөг өгч байсан. Ер нь манай ээж хэрэгт холбогдон шалгагдаад манай гэр бүлд мөнгө олж амьдрал залгуулж байгаа хүн нь бараг би болоод байна. ...Өчигдөр Н.Э- над руу утсаар яриад “У.А- эгч надаас мөнгө зээлсэн чинь намайг дуудаад байна гэж хэлж байна лээ, тухайн үед ээж Н.Э-тай холбогдоод мөнгө байна уу гээд байсан мөнгийг нь хүний данс руу хийлгэсэн” гэж байсан. Ер нь манай хэдэн найз нартай манай ээж У.А- хамаагүй харьцдаг юм...” гэсэн мэдүүлэг(1 дүгээр хавтаст хэргийн 131-133 дахь тал),

             10. Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр У.А- 2016 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт татварын хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Эхнэр У.А-г батлан даалтад авахад тухайн үед хэргийг шалгаж байсан Ц.Б- гэдэг байцаагчийг харж байсан бөгөөд тэр үеэс таних болсон. Би 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 200,000 төгрөгийн мөнгөн гүйлгээний талаар мэдэхгүй. Би мобайл банкаар мөнгө хэрхэн яаж шилжүүлдэг эсэхийг нь мэдэхгүй байна. Манай эхнэр У.А- миний дансны дугаарыг ашигладаг. Миний санаж байгаагаар 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэр эхнэр У.А- надад 50,000 төгрөгийг өгөөд “энэ мөнгийг Замын цагдаагийн газрын ертөнцийн зүгээр зүүн талд байдаг “Магнай Трейд”-ийн ШТС дээр очоод мөрдөгч Ц.Б-т аваачаад өгчих” гэсэн. 11 дүгээр хорооллоос алхаад “Магнай Трейд”-ийн шатахуун түгээх станц дээр очиход мөрдөгч Ц.Б- цагаан өнгийн Альпард маркийн машинтай хүлээгээд зогсож байсан. Эхнэр У.А-гийн өгөөрэй гэсэн мөнгийг нь өгөөд буцаад гэр лүүгээ явсан. Одоо он сар өдрийг нь санахгүй байна. Өвөл над руу нэг хүн залгаад ““iphone 11” гар утасны мөнгийг танаас ав гэж байна” гэсэн. Тэгэхээр нь “юу яриад байгаа юм бэ, би наад утсыг чинь аваагүй, та нар утас авсан, өгсөн хүмүүсээсээ мөнгөө авцгаа” гэж хэлээд утсаа салгасан. Тухайн үед над руу хэдэн номерын утаснаас залгасан эсэхийг нь мэдэхгүй байна, утаснаас устгагдсан. Тэр үед манай У.А-г хорьсон байсан. Сүүлд сонсоход Ш.Л- гэж хүн хүнээс тэр утсыг зээлж аваад манай эхнэр У.А-д өгсөн. Эхнэр цааш нь Ц.Б-т өгсөн гэж сонссон. Үүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 135-137 дахь тал),

              11. Гэрч Ш.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У.А- надад хандаж “эгчдээ iphone маркийн 2 утас зээлээр олж өгөөч, манай охин БНХАУ-д магистр хамгаалаад ирж байгаа, охиндоо утас бэлэглэх гэсэн юм, мөн Ц.Б- надаас утас асуугаад байна, утас өгөх гэсэн юм” гэж гуйсаар байгаад миний “Теди” төв дээр утасны наймаа хийдэг танил Батчимэг гэдэг хүүхдээс iphone 11 pro max, iphone 11 мини загварын 2 утас зээлээр авахуулж байсан. 2020 оны 12 дугаар сарын сүүлээр У.А- 0461 дүгээр ангиас гарч ирээд утсаа авсан шиг санагдаж байна. Би энэ 2 утсыг 11 дүгээр хорооллын Номингийн гадаа У.А-д аваачиж өгсөн. Тухайн үед надад энэ 2 утсыг зээлээр өгсөн хүүхэд надаас мөнгөө нэхээд У.А- мөнгөө өгөхгүй байхаар нь энэ 2 утасны арай хямд үнэтэй утасны мөнгийг нь би өөрөөсөө төлсөн. Одоо Батчимэг Теди төв дээр гар утасны наймаа хийж байгаа бөгөөд түүнээс хэд хэдэн төгрөгийн утас авсан, хэдэн төгрөгийг нь төлсөн гэдгийг нь тодорхой хэлэх байх. Миний санаж байгаагаар тухайн 2 утас нь 2,000,000 төгрөгөөс, 2,400,000 төгрөгийн үнэтэй байсан. ...Энэ 2 утасны арай хямд 2,000,000 орчим төгрөгийг би төлсөн байгаа. Энэ мөнгөө У.А-гаас авсан байгаа. Харин арай үнэтэй утасны мөнгийг нь У.А- одоо болтол Батчимэгт төлөөгүй байгаа гэсэн...” гэсэн мэдүүлэг(1 дүгээр хавтаст хэргийн 139-141 дэх тал),

              12. Иргэний нэхэмжлэгч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний нөхрийн хүргэн ах нь Солонгос улсад ажиллаж амьдардаг бөгөөд Солонгос улсаас над руу гар утаснууд явуулж түүнийг нь нөхөр бид 2 Теди төв дээр зардаг юм. 2020 оны 12 дугаар сарын сүүлээр 23-ны үеэр Ш.Л- эгч над дээр ирээд гар утаснууд үзэж байгаад хүнд бэлгэнд өгөх гэсэн юм гэж үзэж байгаад iphone 12 mini загварын хар өнгөтэй 128gb багтаамжтай гар утсыг, iphone 11 promax загварын хар ногоон өнгөтэй 64gb багтаамжтай гар утас худалдаж авсан. Iphone 12 mini загварын хар өнгөтэй 128gb багтаамжтай гар утас нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Kана моделтой утас, хайрцаг савтайгаа байсан. 2,400,000 төгрөгийг Ш.Л- эгч бэлнээр төлөөд явсан. Iphone 11 promax загварын хар ногоон өнгөтэй 64gb багтаамжтай гар утас нь хайрцаггүй байсан. Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Kана моделтой утас байсан. Тухайн үед Ш.Л- эгч хүнд бэлгэнд өгөх гэж байгаа юм, хайрцаг сав байхгүй юм уу гэхэд нь би гэрт байсан цагаан өнгийн iphone 11 promax загварын 256gb багтаамжтай гар утасны хайрцаг, чихэвч, цэнэглэгч зэргийг аваад дотор нь Iphone 11 promax загварын 64gb багтаамжтай, хар өнгийн гар утсыг өгч байсан. Энэ гар утасны үнэ нь 2,550,000 төгрөг бөгөөд мөнгийг нь Ш.Л- эгч 2-3 хоногийн дараа өгнө гэхээр нь за гэж хэлээд явуулсан. Гэтэл энэ утасны мөнгийг одоо болтол өгөөгүй байгаа. Өөрөөр хэлбэл iphone 11 promax загварын 64gb багтаамжтай гар утасны сериал номер нь утасны хайрцаг дээрх сериал номертай зөрөх ёстой. Уг нь бол өөрийнхөө хайрцагтай зарагдаж байгаа гар утасны сериал номер, хайрцаг дээрх сериал номертой таардаг. Тухайн 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеийн iphone 11 promax загварын 64gb багтаамжтай гар утас нь 2,550,000 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 1,900,000 төгрөгийн үнэтэй болсон. Учир нь iphone 13 promax загварын шинэ гар утас гарч ирээд доод загварын гар утасны үнэ унасан байгааг анхаарч үзээрэй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 143-145 дугаар тал, 6 дугаар хавтаст хэргийн 72-73 дахь тал),

                13. Гэрч Р.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхад Татварын байгууллагаас 55 аж ахуй нэгж байгууллагатай холбоотой материал ирж байсан. Энэ материалыг шалгах чиглэлийг Мөрдөн шалгах хэлтсийн дарга Оргил цохолт хийж өгсөн бөгөөд Ц.Б- ахлах бид 2 тэр материал дээр 7 хоног хэртээ сууж ажиллахад тухайн 55 аж ахуй нэгж байгууллагуудын материалуудын учрыг нь олохгүй байсан. Тэгж байгаад У.А-гаас тухайн 55 аж ахуй нэгж байгууллагатай холбоотой материалыг асуухад “би наад компаниудын ард ямар ямар хүмүүс байгааг бараг мэдэж байна” гэж хэлсэн. Тэгээд У.А-г мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр аж ахуй нэгж байгууллагуудын мэдээллийг асуухад бараг мэдэхгүй байсан бөгөөд ганцхан компанийн ард нь байгаа хүний мэдээллийг хэлж байсан. У.А-гийн хэлснийг мөрдөн байцаалтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж болох байдлаар ашиглаж болох юм байна гэж Оргил даргад танилцуулж байсан. Манай хэлтсээс шалгаж байгаа эрүүгийн ... дугаар хэргийг УЕПГ-аас татаж хянаад саяхан ирүүлсэн, ер нь манай хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа эрүүгийн 1910001360572 хэрэг дуусах шатандаа орж байгаа...” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 75-77 дахь тал),

            14. Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөрдөн шалгах хэлтсийн даргын хувьд У.А нарт холбогдох “татвараас зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн ... дугаар хэргийг шалгах хэргийг Сундуйсүрэнд цохож, Ц.Б-ыг хамт ажиллах хэргийн бодит үнэнийг тогтоох, яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулж хурдан шуурхай шалгах үүрэг чиглэлийг Сундуйсүрэн болон Ц.Б- нарт өгсөн. Ц.Б- өмнө нь Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ажиллаж байсан дадлага туршлагатай гэдэг утгаар нь Сундуйсүрэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа өгөх, хэргийг хурдан шуурхай шалгах чиглэл өгч байсан. Түүнээс хэргийн холбогдогч У.А-тай хувийн харилцаа холбоо тогтоогоод мөнгө төгрөг аваадах гэсэн чиглэл өгнө гэж юу байхав дээ. Мөн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Ц.Ганчулуун намайг дуудаж уулзахдаа У.А- нарт холбогдох эрүүгийн хэрэгт ажлын хэсэгт ажиллаж байгаа Ц.Б- хэргийн холбогдогч У.А-тай хувийн харилцаа тогтоож байна гэсэн мэдээлэл ирээд байна гэж байсан учир Ц.Б-ыг уг хэргээс холдуулаад Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт нь ахлах мөрдөгчийн ажлыг нь хийлгээд У.А- нарт холбогдох хэргээс бүр холдуулж байсан...” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 79-81 дэх тал),

              15. Шүүгдэгч У.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Миний шалгагдаж байгаа эрүүгийн хэргийг шалгах ажлын хэсэгт Ц.Б- байцаагч Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс ирж ажиллаж байгаад буцаад Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү явсан. Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байгаа эрүүгийн хэргийн үйл явц байдал, хэрэгт хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаануудын мэдээллийг, миний хэрэг ардын хувьсгалын 100 жилээр гарах Өршөөлийн хуульд хамрагдах эсэх талаарх мэдээллийг авах зорилгоор Ц.Б- байцаагчид өгсөн дугаараар түүнтэй холбогдож байсан. Ц.Б- байцаагчтай холбоо барихад “Ковид өвчний цар тахлын хамгаалалтад ажиллаж байна” гэхээр нь “бензиний мөнгө” гэж 200,000 төгрөгийг манай бэр Д.Б-гийн данснаас 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Б- байцаагчийн данс руу шилжүүлж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ц.Б- байцаагч над руу яриад “Лэнд.мн мөнгө төлөх хэрэгтэй байна, мөнгө байна уу” гэж надаас асуухаар нь би ойр орчмын 2-3 хүнээс мөнгө асуугаад олдоогүй. Тэгэхээр нь өөрийн том охин А.Ц-гийн найз Энхмаа руу залгаад мөнгө асуухад “420,000 төгрөг байна” гэсэн. Уг мөнгийг нь Ц.Б-ын данс руу шилжүүлсэн. 2020  оны 12 дугаар сарын 28-29-ний үед Ц.Б- байцаагч “бензиний мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь өөрөө билүү нөхөр Болдбаатараар 50,000 төгрөг өгч байсан. Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байгаа эрүүгийн хэрэгт хамт шалгагдаж байгаа Ш.Л- бид 2 Ц.Б- байцаагчид 2020 оны шинэ жилийн баярын үеэр “бэлэг авч өгье” гээд iphone 11 загварын гар утасны талаар ярилцаж, Ц.Б- байцаагчийн we-chat руу зургийг нь явуулж байсан. Уг гар утсыг Ц.Б- байцаагчид өгөөгүй шиг санагдаж байна. Дээрх 4 асуудлаас өөрөөр Ц.Б- байцаагчид мөнгө төгрөг, эд зүйлс өгсөн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр  хавтаст хэргийн 126-129 дэх тал),

              16. Шүүгдэгч У.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн 1910001360572 дугаар хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх явцдаа уг хэргийг шалгах ажлын хэсэгт орж ажилласан Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөгч Ц.Б-аас эрүүгийн хэргийн мэдээ, мэдээлэл авч түүний хариуд Ц.Б-т 2020 оны 12 дугаар сард шинэ жилийн бэлэг гэж 2,545,000 төгрөгийн үнэ бүхий “Айпони-11 про макс” гар утсыг, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Г.Б-аар дамжуулан 50,000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Д.Б-гийн “Хаан банкны” 50... дугаарын дансаар дамжуулан 200,000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Ц.Б-ы “Хаан банк”-ны 54... дугаарын харилцах дансаар дамжуулан 420,000 төгрөгийг буюу нийт 3,215,000 төгрөгийн хахууль өгсөн нь үнэн. Энэ асуудал дээр маргах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг(6 дугаар хавтаст хэргийн 93-96, 98-100 дахь тал),

              17. Шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэг өгсөн: “...Прокурорын яллагдагчаар татсан тогтоолд дурьдсан гар утас, мөнгөн дүнгүүд үнэн зөв. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Ковид-19 өвчний хөл хорионы үед ажиллаж байсан учир бензиний мөнгө хэрэг болж байсан тул У.А-гаас “бензиний мөнгө” гэж 420,000 төгрөгийг, 200,000 төгрөгийг зээлж авсан. Зээлсэн мөнгөө буцаагаад өгсөн байгаа.  Харин 500,000 төгрөгийг авсан эсэхээ санахгүй байна. Гар утасны хувьд шинэ жилийн бэлэг гэж өгсөн учир авсан юм. Үүнийг харин хахууль авсан гэж үзэхгүй байна. Гэхдээ Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс У.А- нарт холбогдох хэрэгт 2 жил гаран мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад хэргийг нь нотолж чадаагүй байсан учир уг хэргийг шалгах ажлын хэсгийг байгуулан, уг ажлын хэсэгт би томилогдон ажилласан. Ажлын хэсэгт ажилласнаар У.А- нарт холбогдох эрүүгийн хэргийн рамыг нь босгож өгсөн. У.А-гаар хэргийг нь хүлээлгэн өгч байсан. Тухайн үед хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаагаар татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэмт хэргийн үйлдлүүд тогтоогдож байна гэж Мөрдөн шалгах хэлтсийн дарга Оргилд танилцуулж байсан. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхад татварын байгууллагаас У.А-гийн хэрэгтэй ижил үйлдэлтэй 55 аж ахуй нэгж байгууллагын хэрэг ирж байсан. Энэ хэрэг дээр ажиллахад У.А-тай холбоо тогтоож, тэр 55 аж ахуй нэгж байгууллагуудын ард ямар ямар хүмүүс байдаг эсэхийг олж тогтоохын тулд У.А-тай ойртож холбогдох болсон. Энэ асуудлыг Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан Оргил дарга мэдэж байгаа бөгөөд намайг У.А-тай ойртож ажиллах чиглэл өгч байсан. Мөн хэргийг шалгаж байгаа Сундуйсүрэн энэ талаар мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл эрүүгийн мөрдөгч нар ажиллахын хажуугаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа намайг У.А-тай ойртож ажиллах чиглэл өгсөн. У.А- хамтарч ажиллахаа амласан бичиг хийж өгсөн. У.А-гийн хэрэгт данснуудад үзлэг хийгээд мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байсныг тогтоож, татвараас зайлсхийсэн гэмт хэргийг шүүхэд очих хэмжээний болгосон...” гэсэн мэдүүлэг (6 дугаар  хавтаст хэргийн 109-112, 113-114 дэх тал)

18. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 107-А байр, 22 тоот хаягт нэгжлэгийн ажиллагаа хийх үеийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 48-51 дэх тал),

19. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 20-23 дахь тал),

20. Эд зүйлд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 82-86, 87-90 дэх тал),

21. Хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 167-174 дэх тал),

22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 0713 дугаар дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 177-182 дахь тал),

23. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 1-5 дахь тал),

24. Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 18-19, 60-61, 239-240 дэх тал),

25. Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй эрүүгийн ... дугаар хэрэгт үзлэг хийж хуулбарласан авсан баримт материал (1 дүгээр хавтаст хэргийн 185-207 дахь тал),

26. “Мобиком” ХХК-ийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 83-98 дахь тал),

27. Ц.Б-ын эзэмшлийн 78-28 УНХ улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 232-239 дэх тал),

28. Мөрдөн шалгах ажиллагааны магадлагаа,

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгч Ж.Ц.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 2 дахь тал), шүүгдэгч У.А-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (6 дугаар хавтаст хэргийн 118 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б- нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа

Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.2-т заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, 37.1.3-т заасан эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 36 дугаар зүйлд заасан “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээр өргөсөн тангараг”, 39 дүгээр зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон “албаны эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана” гэснийг,

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д заасан “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх”, 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албаны ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-т заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэсэн үйл ажиллагаандаа дагаж мөрдөх хэм хэмжээг тус тус зөрчиж,

Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням- Очирын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/41 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар “Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгагдаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт буюу яллагдагч У.А- нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах, шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэгт томилогдон ажиллаж, хахууль өгөгч У.А-гийн Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгагдаж буй өөрт холбогдох хэрэгт хэргийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэл авах гэсэн ашиг сонирхлын үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана” гэсэн үүргээ хэрэгжүүлэлгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, эрүүгийн хэргийн талаарх мэдээ, мэдээллийг өгснийхөө хариуд 2020 оны 12 дугаар сард У.А-гаас шинэ жилийн бэлэг гэж 2.545.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон-11 про макс” маркийн гар утсыг, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Г.Б-аар дамжуулан 50,000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Д.Б-гийн “Хаан банк”-ны 50... дугаарын дансаар дамжуулан өөрийн “Хаан банк” дахь ... дугаарын харилцах дансаар 200,000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Ц.Б-ы “Хаан банк”-ны 54... дугаарын харилцах дансаар дамжуулан 420,000 төгрөгийг буюу нийт 3,215,000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч У.А- нь Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт эрүүгийн ... дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа хэргийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэл авч өөртөө давуу байдал бий болгох зорилгоор,

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/41 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар “Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгагдаж буй эрүүгийн 1910001360572 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах, шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэгт томилогдон ажилласан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой Ц.Б-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрт холбогдох хэрэгт мэдээ, мэдээллийг өгч, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд Ц.Б-д 2020 оны 12 дугаар сард шинэ жилийн бэлэг гэж 2,545,000 төгрөгийн үнэ бүхий “Айфон-11 про макс” маркийн гар утсыг, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Г.Б-аар дамжуулан 50,000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Д.Б-гийн “Хаан банк”-ны 50... дугаарын дансаар дамжуулан 200,000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Ц.Б-ы “Хаан банк”-ны 54... дугаарын харилцах дансаар дамжуулан 420,000 төгрөгийг буюу нийт 3,215,000 төгрөгийн хахууль өгсөн үйл баримт тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэрэгт албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ авсныг ойлгоно. Харин нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдана.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна”, 13.1.4-т “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллагын удирдлага” гэж хуульчилсан тул цагдаагийн албан хаагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан буюу тухайн гэмт хэргийн субьект болно.

Шүүгдэгч Ц.Б-ын хахууль авсан, шүүгдэгч У.А-гийн хахууль өгсөн тус тус үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Иймд шүүгдэгч Ц.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч У.А-г үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.

              Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон “Хахууль өгөх”, “Хахууль авах” гэмт хэргүүд нь бодит хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хавтаст хэрэгт дээрх гэмт хэргүүдтэй холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх болон мөнгөн дүнгээр орлуулах хохирол учраагүй байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Ц.Б-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Харин шүүгдэгч У.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан

шүүгдэгч Ц.Б-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал (40 настай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг), үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,

шүүгдэгч У.А-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал (53 настай, ам бүл 3, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг), үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг тус тус харгалзан

шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,

шүүгдэгч У.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-аас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 670,000 төгрөг, “Айфон-11 про макс” маркийн гар утасны үнэлгээ болох 2,545,000 төгрөг, нийт 3,215,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй.

           

           lll. Бусад асуудлаар:

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны магадлагаа, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал тус тус хэрэгт хавсаргаж, харин “Айфон 11 про макс” загварын гар утас нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар иргэний нэхэмжлэгч Ж.Б-ийнх болох нь тогтоогдох тул түүнд олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Б-, У.А- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ц.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч У.А-г үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 (арван сая төгрөг) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.А-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б-д оногдуулсан 12.000.000 төгрөгийн торгох ялыг, У.А-д оногдуулсан 7.000.000 төгрөгийн торгох ялыг тус бүр 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б-ын нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, У.А-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тус бүр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

            5. Шүүгдэгч Ц.Б-, У.А- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны магадалгаа, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал тус тус хэрэгт хавсаргаж, “Айфон 11 про макс” загварын гар утсыг иргэний нэхэмжлэгч Ж.Б-т олгосугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.215.000 /гурван сая хоёр зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ц.Б-, У.А- нарт сануулсугай.

            9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            10. Шүүгдэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Б-, У.А- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР