Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2019/00037/И |
Дугаар | 99 |
Огноо | 2019-02-25 |
Маргааны төрөл | Эцэг эх байх эрх хассан , |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 99
2019 оны 02 сарын 25 өдөр Дугаар 153/ШШ2019/00099 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын 04-25 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Дээд чоно овогт Цэгмидийн Лийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын 1-р 80 айлын орон сууцны 03-10 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Баяраанхан овогт Чойсүрэнгийн Болормаад холбогдох хүү Э.Тэмүүлэн, охин Э.Баяржаргал нарын эх байх эрхийг хасуулах, авга ах Ц.Л хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоолгох, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг шилжүүлэн өгөх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Лувсан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Лувсан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ах Ц.Энхбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зуурдаар нас барж эхнэр Ч.Болормаа 2 хүүхдийн хамт үлдсэн. Тухайн үед би оюутан цэрэгт байсан. Ах Энхбаярыг нас барснаас хойш 14 хоногийн дараа Ч.Болормаа нь “хоёр хүүхэдтэйгээ хашаандаа ганц гэр байж чадахгүй байна” гэж хэлээд аав ээж дээрээ очно гээд хуучин ягаан 30-айлын 2 давхарын зүүн талын хаалганд амьдрах болсон. Тэгээд эзгүй хашаанд манай ахын гэр эзгүй 10 сар хүртэл байсныг би эгч нарын хамт буулгаж хураасан. Ингээд 2017 оны 6 сард ээж Цэцэгсүрэн хотод амьдарч байгаад шилжин ирж ахын гэрийг гаргаж бариад нэг зээ, миний биеийн хамт амьдарсан. Ээжийг ирсэн үеэс хойш Ч.Болормаа нь 2017 оны 6 сард татварын албанд хүний оронд ажиллаж байгаа ээж, аав хотруу эмчилгээнд явж байгаа гээд 2 ачийг авчирж өгсөн. Түүнээс хойш 2 хүүхэд чинь санаад байна гэж дуудаж байж 2-3 удаа ирж, авч дэргэдээ 3-4 хонуулаад буцаан авчирч өгсөн. 2017 оны 7 дугаар сарын наадмын үеэр 2 хүүхдээ авч баяр наадам үзүүл гэж хэлээд өгч явуулахад 2 шөнө 03 цагийн үед “ээжээ айгаад байна та хайчихваа” гээд блокон дээр гаран “эм авна гээд гарсан яаваа” гээд уйлаад байна гэж орчин тойроны 1-р сургуулийн багш Ганчимэг, З давхарын Наранцэцэг хөрш ХДТ-ын дуучин Тунгалаг нар ээжид хэл хүргэсний дагуу бид 2 хүүхдийг очиж авсан. Түүнээс хойш Ч.Болормаа 2 хүүхэдээ харж асрах нь муу голцуу түүний ээж аав нь 2 хүүхдийг харж байгаа сураг гарсан. 9 сард охин Э.Баяржаргал 1-р ангид орсон. Ч.Болормаагийн аав ээж дээр нь өссөн хүү нь хүнд өвчтэй хотруу байнга ирж очоод явдаг байсан болохоор Баяржаргалын хичээлд анхаарал хандуулах нь муу, цэцэрлэгээс хүүхэд авахгүй анхаарал хандуулахгүй гээд Ч.Болормаагийн ээж ярьж байж хүү Э.Тэмүүлэнг байрандаа ойрхон 7-р цэцэрлэгт оруулсан. 2017 оны 12 дугаар сард би гэр бүл зохион тусдаа гарсан. Энэ үес хойш Ч.Болормаа нь ээж Цэндсүрэн нь байх үед ээж дээрээ, байхгүй үед нь манайд 2 хүүхдээ авчирч өгдөг байсан. Жишээлбэл: 2018 оны 4 сард хөдөө ажлаар явлаа гээд хүү Тэмүүлэнг халуурч байхад нь орхиод явсныг бид мөн очиж авсан. Энэ мэтчилэн Ч.Болормаа нь хүүхдүүдээ өөрийн биеэр асран хамгааллах нь муу хувцас ч бараг авч өгдөггүй тэтгэмжийг нь авч байж ихэвчлэн ээж, аав, дүү нарын өгсөн, явуулсан зүйлсийг хэрэглэдэг. Мөн 2018 оны 7 сард ээжтэй нь байлга гээд ээж Цэндсүрэнд нь аваачиж өгсөн. Гэтэл 10 гаруй хоноход 2 хүүхэдтэйгээ 1 удаа хонолоо, хүүхдээ харсангүй гэж загинахад нь манай ээжрүү мессеж бичиж байж авчирч өгсөн. Ч.Болормаа 2018 оны 7 сард хүү Тэмүүлэнг бид нарт өгмөөр байна гэж хүссэн. Түүний дараа ээж Цэцэгсүрэн, эгч Цэцэгзул нар Ч.Болормаа түүний ээж Цэндсүрэн нартай очиж уулзсан. Тухайн үед чи хүний эх хүн байж том хүүг чинь өөрийн чинь ээж аав өсгөлөө бага хүүг чинь бид авъя ганц охиноо өөрөө хүн болгон асран хамгаалж, хүмүүжүүл гээд хүү Тэмүүлэнг бид авсан. 2018 оны 10 сард ээж Цэндсүрэн нь манай ээж Цэцэгсүрэн рүү залгаж уулзан Баяржаргал надтай байгаа Ч.Болормаа хамтран амьдрагчтай болсон. Би хотруу эмчилгээндээ явахаар боллоо, би өөр дээрээ авч чадахгүй гээд Ч.Болормаа руу залгахад утсаа авахгүй хамтран амьдрагчтай нь уулзахад өөрөө анх надтай хамтран амьдрахдаа хүүхэд авахгүй гэж тохирсон хэрвээ хүүхдээ авахаар бол өөрөө очиж харна биз гэж хамтран амьдрагч нь Ч.Болормаагийн ээжид хэлсэн байсан. Тийм болохоор Ч.Болормаа охин Баяржаргалыг өөрөө ирж харна гэсэн та нар Баяржаргалыг эргэж тойрч байгаарай гэж манай ээж Цэцэгсүрэнд захисан байсан. Түүнээс хойш Ч.Болормаа охин Баяржаргалтай байна гээд гэрийн түлхүүрийг авч үлдсэн байсан. Хэд хоногийн дараа эргэж очиход өөрөө байхгүй Политехник коллежид сурдаг сайн танидаггүй нэг охиноор харуулсан байсан. Тэр охиноос чи Ч.Болормаатай төрөл юмуу гэж асуухад үгүй ээ манай найз энэ эгчид туслаад хүүхдийн харж бай гэж гуйсан юмаа гэж хэлсэн. Ингээд бид Ч.Болормаагийн ээж Цэндсүрэн лүү залгаж “энэ хүүхэд ийм танихгүй хүүхэдтэй байгаа юм байна” гэж хэлсэн гэтэл ээж нь “надад өөрөө харж байгаа гээд байсан худлаа яриад байсан байна тийм юм баймааргүй юм” гэж хариу өгсөн. Үүний дараа бид ямар хүнтэй байгаа нь мэдэхгүй юм чинь юу ч болж магадгүй гэж санаа зовж Ч.Болормаатай уулзаж чи энэ 2 хүүхдийг харж чадахгүй юм байна, тэглээч 2 хүүхдийг хагацал дээр хагацал үзүүлээд яах юм гээд хамтад нь байлгахаар шийдвэр гаргасан. Ингэж тохиролцоод Ч.Болормаа нь охин Э.Баяржаргалыг 11 сарын 22-нд авчирч өгөхдөө 2 хүүхдээ бидний асаргаанд өгнө гэсэн бичгийг хийж өгснийг хавсаргасан болно. 2 хүүхэдтэйгээ байх хугацаандаа хүүхдүүдээ харж хандахгүй гэрт нь орхин явдаг харин зарим үедээ таньдаг таньдгүй хамаагүй айлд аваачиж өгч харуулдаг. Үүнийг эргэн тойронд нь байдаг хөршүүд бүгд мэднэ. Хөршүүд нь бид нарт энэ 2 хүүхдийг аваачээ, Ч.Болормаа 2 хүүхдээ харахгүй хаяж яваад байна гэсэн санал тавьж байсан. Энэ талаар тухай бүрд нь утсаар ярьдаг байсан. Өвчин зовлонтой байхад янз бүрийн зүйл яриад хэрэггүй гэж бодоод зарим зүйлсийг хэлдэггүй байсан. 2018 оны 11 сарын 22-нд охин Баяржаргалыг авч ирэхэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж, халамжийн 20,000 төгрөгийг энэ 2 хүүхдэд нь зарцуулмаар байна тэртээ тэргүй чи тусдаа амьдралтай болсон тэрийг бидэнд өг гэж хүссэн. Охин Э.Баяржаргалыг авчирч өгөхөөс өмнө Ч.Болормаатай манай ээж Цэцэгсүрэнтэй уулзаж хууль зүйн зөвлөх Оюунцэцэг гэдэг хүн дээр очиж зөвөлгөө аваад 7 сар хүртэл зээлтэй байгаа зээл дуусахаар итгэмжлэх хийлгээд өгье гэж Ч.Болормаа хэлсэн. Тэр үед сүүлийн хугацаа хэзээ вэ гэхэд 7 сард байх надад банкнаас гэрээ өгөөгүй гэж эргэлзсэн хариу өгч, дараа утсаар асуух бүрт худал хэлж байсан учир Хаан банк дээр очиж зээлийн сүүлийн хугацааг мэдэх хүсэлт гаргасан. Гэвч банкны нууц мэдээлэл задалж болохгүй уг хүнтэй нь холбогдож байж мэдээлэл өгнө гэж Хаан банкны ахлах мэргэжилтэн Ч.Болормаатай ярьж мэдээлэл өгч болох талаар лавлан асууж зөвшөөрөл авсан. Түүний улмаас бидэнд 12 сарын 17-нд 14-15 цагийн хооронд 12 сарын 4-ны өдөр тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зээлийг 36 сараар сунгаж зээл авсан нь үнэн гэсэн мэдээллийг бид авсан. Тухайн мэдээллийг зээлдэгчтэй тохиролцсоны улмаас мэдээллийг авсан учир банк буруугүй. Мөн Бугат багийн 4-29 тоот хашаанд бид амьдардаг байсан төдийгүй ээжийн нэр дээр байсныг ах Энхбаярыг гэр бүл зохион тусдаа гарахад уг хашааны гэрчилгээг ах Энхбаярын нэр дээр шилжүүлж өгсөн. Иймээс тус хашааны гэрчилгээг хүү Тэмүүлэн эсвэл асран хамгаалагч болох хүсэлтэй байгаа миний нэр дээр шилжүүлэн өгөхийг хүсэж байна. Мөн 2 хүүхдийг ах эгч нар бид бүгд тусалж дэмжин зөв хүмүүжилтэй, боловсролтой, эрүүл энх өсгөн бойжуулахыг хүсэж тус нэхэмжлэлийг гаргасан болно. Эдгээр мэдээллийг холбогдох хүмүүсээс асуун лавлахад үнэн зөв мэдээллийг өгнө гэж итгэж байна. Мөн Ч.Болормаа нь утсаар залгах бүрт үргэлж худлаа ярьдаг хүүхэд асрах чадваргүй хариуцлагагүй учир хуулийн дагуу Ч.Болормааг хүү Э.Тэмүүлэн, охин Э.Баяржаргал нарын эх байх эрхийг хасаж авга ах Ц.Лувсан миний биеийг асран хамгаалагчаар тогтоож, хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг асран хамгаалагч надад шилжүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Болормаа нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Учир нь манай гэр бүлийн хүн Ц.Энхбаяр нь 2016 оны 6 дугаар сард нас барсан бөгөөд миний хүүхдүүд болох Э.Тэмүүлэн, Э.Баяржаргал нар нь Ц.Энхбаярын ээжийн хамт 2018 оны 9 дүгээр сараас хойш амьдарч байгаа бөгөөд миний бие 2018 оноос эхэлж өөр хүнтэй гэр бүл болсон тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Ч.Болормаа нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Миний бие төрөх хугацаа болоод аймгийн төрөх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Ц.Лийн нэхэмжлэлтэй маргах асуудалгүй, хүлээн зөвшөөрч байх тул өнөөдрийн шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр явуулж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Лувсан нь хариуцагч Ч.Болормаад холбогдуулан хүү Э.Тэмүүлэн, охин Э.Баяржаргал нарын эх байх эрхийг хасуулах, хүүхдүүдийн авга ах Ц.Л хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоолгох, тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг шилжүүлэн өгөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Ц.Энхбаяр, Ч.Болормаа нар нь 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүргэлд бүртгүүлж, тэдгээрийн дундаас 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүү Э.Тэмүүлэн, 2011 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр охин Э.Баяржаргал нар төрсөн, улмаар эцэг Ц.Энхбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өвчний улмаас нас барсан болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Мөн хүү Э.Тэмүүлэн, охин Э.Баяржаргал нар нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл авга эмээ н.Цэцэгсүрэнгийн хамт амьдарч, хариуцагч Ч.Болормаа нь өөр хүнтэй гэр бүл болж, хүү Э.Тэмүүлэн, охин Э.Баяржаргал нарыг өсгөн хүмүүжүүлэх үүргээсээ зайлсхийсэн болох нь нэхэмжлэгч Ц.Лийн шүүх хуралдаанд гаргасан “Манай ах Ц.Энхбаяр нас барснаас хойш бэргэн эгч Ч.Болормаа нь хашаандаа ганц гэрээр байж чадахгүй байна гээд аав ээж дээрээ очно гэж хэлээд хүү Э.Тэмүүлэн, охин Э.Баяржаргал нарыг авч явсан. Тэгээд удалгүй манай ээж хотоос ирэхэд хүү Э.Тэмүүлэн, охин Э.Баяржаргал нарыг авчирч өгөөд явсан. Түүнээс хойш Ч.Болормаа ирэхгүй байсан учир 2 хүүхэд чинь санаад байна гэж дуудуулаад 2-3 удаа ирсэн. Тэгээд хүүхдүүдээ 3-4 хонуулаад буцааж авчирч өгч байсан. 2017оны 7 дугаар сарын наадмын үер 2 хүүхдээ авч баяр наадам үзүүл гэж өгч явуулахад хүүхдүүд 2 шөнө 03 цагийн үед “ээжээ айгаад байна та хайчихваа гээд блокон дээр гаран та эм авна гээд гарсан яаваа” гээд уйлаад байна гэж орчин тойроны хүмүүс манай ээжид хэл хүргэсний дагуу бид 2 хүүхдийг очиж авсан. Түүнээс хойш Ч.Болормаа 2 хүүхдээ харж асрах нь муу, голцуу ээж аав нь 2 хүүхдийг харж байгаа сураг гарсан. 9 сард охин Э.Баяржаргал 1-р ангид орсон. Ч.Болормаагийн аав ээж нь өөрийн хүүгээ хотруу байнга авч явж эмчлүүлдэг учир Э.Баяржаргалын хичээлд анхаарал хандуулах нь муу, цэцэрлэгээс хүүхэд авдаггүй ба энэ талаар Ч.Болормаагийн ээж нь бас ярьдаг. Ингээд Ч.Болормаа нь нэг бол өөрийн ээж Цэндсүрэн дээр түүнийг байхгүй үед хүүхдүүдийг манай ээж дээр авчирч өгдөг байсан. Жишээлбэл: 2018 оны 4 сард Ч.Болормаа нь хөдөө ажиллаар явлаа гээд хүү Э.Тэмүүлэнг халуурч байхад нь орхиод явсныг бид мөн очиж авсан. Энэ мэтчилэн Ч.Болормаа нь хүүхдүүдээ өөрийн биеэр асран хамгаалах нь муу, хувцас ч бараг авч өгдөггүй хүүхдийн тэтгэмжийг нь авч байж ихэвчлэн ээж аав дүү нарын өгсөн, явуулсан зүйлсийг хэрэглэдэг. Тэгээд Ч.Болормаа нь 2018 оны 7 сард хүү Тэмүүлэнг та нарт өгмөөр байна гэж хүссэн…” гэх тайлбар, хариуцагч Ч.Болормаагийн шүүхэд ирүүлсэн “...манай гэр бүлийн хүн Ц.Энхбаяр нь 2016 оны 6 дугаар сард нас барсан бөгөөд миний хүүхдүүд болох Э.Тэмүүлэн, Э.Баяржаргал нар нь Ц.Энхбаярын ээжийн хамт 2018 оны 9 дүгээр сараас хойш амьдарч байна. Миний бие 2018 оноос эхэлж өөр хүнтэй гэр бүл болсон тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбараар нотлогдож байна. Иймд хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдсөн үйлдэл байх тул иргэн Ц.Лувсан нь Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн эх Ч.Болормаа нь хүүхдүүдээ орхин явж, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээсээ санаатайгаар зайлсхийсэн, хүүхдүүддээ тусламж дэмжлэг үзүүлдэггүй, санаа тавьдаггүй, уулздаггүй, хуулиар олгогдсон эх хүнийхээ үүргийг биелүүлдэггүй, хүүхдүүдийг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Ц.Лийн эх н.Цэцэгсүрэн өсгөн хүмүүжүүлж байгаа болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг гэж, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг тус тус заажээ.
Иймд Ч.Болормаа нь эх хүний үүргээ биелүүлээгүй, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Ч.Болормаагийн хүү Э.Тэмүүлэн, охин Э.Баяржаргал нарын эх байх эрхийг хасаж, хүү Э.Тэмүүлэн, охин Э.Баяржаргал нарын асран хамгаалагчаар хүүхдүүдийн авга ах Ц.Л томилж, хүү Э.Тэмүүлэн, охин Э.Баяржаргал нарын тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг хүү Э.Тэмүүлэн, охин Э.Баяржаргал нарын асран хамгаалагч Ц.Лувсанд шилжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар тоот регистрийн дугаартай, Баяраанхан овогт Чойсүрэнгийн Болормаагийн хүү Э.Тэмүүлэн, охин Э.Баяржаргал нарын эх байх эрхийг хасаж, хүү Э.Тэмүүлэн, охин Э.Баяржаргал нарын авга ах Ц.Л хүү Э.Тэмүүлэн, охин Э.Баяржаргал нарын асран хамгаалагчаар тогтоож, хүү Э.Тэмүүлэн, охин Э.Баяржаргал нарын тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг Ч.Болормаагаас гаргуулан асран хамгаалагч ЦЛ шилжүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Лийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА