| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0867/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/04 |
| Огноо | 2022-12-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/04
2022 12 21 2023/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч А.Ариунаа,
шүүгдэгч Г.Л- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Г.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Г.Л- нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа 2” хорооллын 1035 дугаар байрны баруун замд “Тоуоtа Рrius” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хороолол дотор давуу эрхтэй зорчиж явсан 8 настай, эрэгтэй Э.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Л-эс: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. гэсэн болно.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс:
1. 2022 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт Ухаа 2 дугаар хорооллын 1035 дугаар байрны баруун замд Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (0.00 хувь буюу хэрэглээгүй тухай) (хавтаст хэргийн 4-9 дэх тал),
2. Хяналтын камерын бичлэгт 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдөр үзлэг хийсэн: “...15:25:38 цагт ногоон өнгийн байшингийн хажуугаар хүүхэд гүйж байгаа нь харагдаж байна. Мөн цагаан өнгийн автомашин урагш чиглэлд явж байгаа нь араас нь харагдаж байна. Бичлэгийн 6 дахь секунтэд цагаан өнгийн автомашин огцом тооромсолж хүн газарт унаж байгаа нь харагдаж байна. 6 дахь секунтэд жолооч бууж мөргүүлсэн хүн дээр очиж байгаа нь харагдаж байна. Бичлэгт өөр ач холбогдолтой хэсэг байхгүй байна. Бичлэг 00 минут 21 секунт үргэлжилж байна.” ...гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),
3. Авто тээврийн үндэсний төвийн ***** улсын дугаартай Toyota маркийн Prius Alpha загварын Сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь Нэткапитал Финанс корпораци ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 22 дахь тал),
4. Нэткапитал /Net capital/ ББСБ” ХХК-ийг төлөөлж У.Түмэндэмбэрэлд олгосон 2022 оны итгэмжлэл, салбар төлөөлөгчийн газрын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 23-24 дэх тал), зээлийн гэрээ (хавтаст хэргийн 29-42 дахь тал),
5. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр өгсөн: “...2022 оны 10 дүгээр сарын 09-ний өдөр болсон ослын талаар мэдэх зүйл байхгүй. Би гэртээ байсан. Ихэр ах, эгч нар нь 11 настай бөгөөд тоглохоор Баяр болон ихэр нь дөрвүүлээ гадагш гараад 10 орчим минутын дараа Баярын нүүр нь шалбарчихсан жолооч нь гэх залуу тэвэрчихсэн орж ирсэн. Тэндээс гараад камер шүүж үзээд жолоочийн хамт гэмтэл орж хүүхдээ үзүүлэхэд баруун гарын сарвуу хэсгээр хугарсан гээд гипсдсэн. Эмнэлэгт хэвтээгүй, гэртээ ирсний дараа цагдаа ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Одоо миний хүү нүүр нь сорвитой байгаа. Ослын 10 орчим хоногийн дараа MRI хийлгэхэд хугарал гараагүй. Жолооч ослын дараа 100,000 төгрөг өгсөн. Зураг нь үнэгүй авагдсан. Одоогоор бүрэн тооцоо гараагүй байна. Дараа тооцоо гаргаж өгнө. Жолооч харшлын тос авч өгсөн, эм авч өгсөн, тэр нь хэдэн төгрөг болсныг мэдэхгүй.” ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 04-ны өдөр дахин өгсөн: “...2022 оны 10 дүгээр сарын 09-ний өдөр гарсан ослын талаар өмнө нь мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр ярьсан нэмж ярих зүйлгүй. Манай 11 настай 2 ихэр хүүхэд Баяртай хамт гарсан боловч хүүхдийн гарч ирсэн байшингийн ард тоглоод үлдсэн гэсэн. Баяр ганцаараа гэр лүү орох гээд гүйж явсан байсан. Би тухайн үед гэртээ байсан. Өөр том хүн хамт гараагүй. Хүүгийн эмчилгээний зардалд жолооч 100,000 төгрөг өгсөн. 2 удаа эм авч өгсөн, 1 сорвины тос авч өгсөн. Эмчилгээтэй холбоотой баримт байхгүй. Өгсөн мөнгөөр нь эм аваад, гэртээ байсан эмийг хэрэглэсэн. Надад цаашид нэхэмжлэх санал гомдол байхгүй. Жолоочид гомдолгүй. Хэргийг хялбаршуулан шийдэхэд татгалзах зүйлгүй. ...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), насанд хүрээгүй хохирогч Э.Б-ын төрсний гэрчилгээний хуулбар хавтаст хэргийн 20 дахь тал),
6. Гэрч О.М-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 04-ны өдөр өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 09-ны өдөр нөхөр Г.Л- Тoyota Prius-41 маркийн ***** улсын дугаартай автомашиныг жолоодон би хажууд нь суугаад гэрээс гараад “Шинэ өргөө” орох зорилгоор байрны голын замаар хойноос урагш чиглэлд явж байсан. Хойноос урагш явах эгнээнд машин тавьсан байсан учир урдаас хойш явдаг эгнээгээр нь явж байтал гэнэт том гэр бүлийн микро шиг машины цаанаас эрэгтэй хүүхэд гүйж гарч ирээд машинд урд гүфер хэсгээр мөргүүлээд газар унасан. Машинаа зогсоогоод нөхөр гарч хүүхдийг босгоод гэрт нь тэврээд оруулсан. Би тухайн үед машин дотор суугаад үлдсэн. Ээжтэй нь хамт хүүхдийг аваад гэмтлийн эмнэлэг дээр очиход гар нь цуурсан байж магад гээд гипсдсэн.” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),
7. У.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд:
иргэний хариуцагчаар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...Би ямар хэрэгт иргэний хариуцагчаар мэдүүлэг өгч байгаагаа ойлголоо. Бусдад учруулсан хохирлыг барагдуулах үүрэгтэйгээ ойлголоо. Нэмж хэлэх зүйл байхгүй.” ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
-иргэний нэхэмжлэгчээр 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...Тoyota Prius-41 маркийн ***** улсын дугаартай автомашиныг Г.Л-д жолоодох зөвшөөрөл өгсөн. Автомашинд үнэлгээ хийлгэхгүй, эвдрэл гэмтэл байхгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй.” ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 14012 дугаартай хүний биед хийгдсэн:
- Э.Б-ын биед баруун шуу ясны зөрүүгүй хугарал, зүүн хөмсөг, хацар, эрүү, зүүн сарвуу, өвдөгт зулгаралт, баруун зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал),
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар нэмэлтээр Э.Б-ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн 1001 дугаартай хүний биед хийгдсэн:
- Нэмэлтээр ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн тархины соронзон резонанст томографи (MRI)-н шинжилгээгээр гэмтлийн гаралтай өөрчлөлт тогтоогдохгүй байна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 55-57 дахь тал),
10. Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1228 дугаартай:
“...Жолооч Г.Л- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байх бөгөөд явган зорчигч нь жолоочийн хөдөлгөөнд саад хийсэн үндэслэл тогтоогдохгүй байна.
- Явган зорчигчийн асран хамгаалагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-т заасан Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: а/ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх. гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 68 дахь тал),
11. Яллагдагч Г.Л--ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Буянт-Ухаа 2 хорооллын 1062 дугаар байрны баруун замаар хойноос урагш чиглэлд Т.Приус маркийн ***** дугаарын автомашиныг жолоодон 10 гаран км цагийн хурдтай явж байтал баруун гар талаар зам дагуулан байрлуулсан автомашинуудын араас 8 орчим насны эрэгтэй хүүхэд гэнэт гүйгээд гараад ирэхээр нь тоормос гишгэсэн боловч бүрэн зогсолгүй машины урд хэсгээрээ хүүхдийг мөргөөд зогссон. Хорооллын доторх тэмдэгтэй газар байсан. Би машин жолоодон эхнэр хажууд суугаад гэрээсээ гараад “Шинэ өргөө” орох зорилгоор явж байсан. Бид байрны голын замаар хойноосоо урагш чиглэлд явж байсан. 2 эгнээтэй зорчих хэсгийн 1 эгнээнд машин дүүрэн тавьсан байсан. Хойноос урагш явах эгнээнд нь машин тавьсан байсан учир урдаас хойш явдаг эгнээгээр нь явж байтал гэнэт том гэр бүлийн микро шиг машины цаанаас эрэгтэй хүүхэд гүйж гарч ирээд машинд урд гүпер хэсгээр мөргүүлээд газар унасан. Машинаа зогсоогоод хүүхдийг босгоод гэрт нь тэврээд оруулсан. Ээжтэй нь хамт хүүхдийг аваад гэмтлийн эмнэлэг дээр очиход гар нь цуурсан байж магадаггүй гээд гипсдсэн. Тэр хүүхэд ганцаараа гүйж явсан. Ах, эгч нь гэх хүүхэд байгаагүй. Одоогоор MRI зураг авхуулахад нь 350,000 төгрөг, эмийг нь аваарай гээд 100,000 төгрөг, сорвины тос 20,000 төгрөгөөр авч өгсөн. Ээж нь гомдолгүй гэж хэлээд байсан. Автомашинд ямар нэгэн осолд нөлөөлөх хэмжээний эвдрэл гэмтэл байгаагүй. Манай үеэл ахын автомашин юм. Орж ирээд 1-2 сар болж байгаа юм. Хүүхдийг урд гүйгээд гараад ирэх үед нь хараад тоормос гишгэсэн боловч мөргөсөн. Би одоогоор 900,000 төгрөгийн цалин авч байна. Эхнэр 800,000 төгрөгийн төгрөгийн цалинтай өөр орлого байхгүй. Шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадалгаатай танилцсан. Зөвшөөрч байна. Осол гарсанд маш их харамсаж байна. Би өөрөө их гэмшиж байна. Санамсаргүй үйлдэл хийсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал),
12. Яллагдагч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, (хавтаст хэргийн 93-94 дэх тал), прокурорын тогтоол (хавтаст хэргийн 99-100 дахь тал), ялын санал (хавтаст хэргийн 87 дахь тал),
13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа, бакалаврын дипломын хуулбар, дүнгийн хавсралт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (хавтаст хэргийн 72-80 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Г.Л- нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, яллагдагчид эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар ялын санал танилцуулахад зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Л-ийн үйлдсэн авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.Л- нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Буянт-Ухаа 2” хорооллын 1035 дугаар байрны хорооллын баруун замд “Тоуоtа Рrius” маркийн ***** улсын дугаартай Нэткапитал Финанс корпораци ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийг 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 20 минутын үед жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хороолол дотор давуу эрхтэй зорчиж явсан насанд хүрээгүй буюу 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн 8 нас 4 сар 11 хоногтой эрэгтэй хүүхэд болох Э.Б-ыг мөргөж, бие, эрүүл мэндэд нь баруун шуу ясны зөрүүгүй хугарал, зүүн хөмсөг, хацар, эрүү, зүүн сарвуу, өвдөгт зулгаралт, баруун зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:
- Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт Ухаа 2 дугаар хорооллын 1035 дугаар байрны баруун замд Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, (хавтаст хэргийн 4-8 дах тал),
- Хяналтын камерын бичлэгт 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр (хавтаст хэргийн 14 дэх тал) болон дахин 2022 оны 12 дугаар сарын 04-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 15 дахь тал), насанд хүрээгүй хохирогч Э.Б-ын төрсний гэрчилгээний хуулбар хавтаст хэргийн 20 дахь тал),
- Гэрч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 04-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч У.Түмэндэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 12-ний өдөр өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 26, 28 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 14012 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал),
- Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1228 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 68 дахь тал),
-Яллагдагч Г.Л-ий мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон байх тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн үндсэн шинжийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүн нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэж тодорхойлжээ.
Дээрх гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ба, объектив тал нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл ба энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх, гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаардана.
Шүүгдэгч Г.Л- нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан заалтыг зөрчсөн болохыг Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадалгаагаар, зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Б-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон бөгөөд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авч чадалгүй зам тээврийн осол хэрэг гаргасан байх бөгөөд энэхүү байдал нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг тодорхойлж байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийг хуульчилсан ба, тус зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Г.Л- нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэй байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн шүүгдэгчийн үйлдэл, явган зорчигч Э.Б-ын бие, эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй байсан болон хайхрамжгүй үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна. Нөгөө талаас хохирогчийн асран хамгаалагч бага насны хүүхдийг хараа хяналтгүй, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-а гэсэн заалтыг зөрчиж үүргээ биелүүлээгүй нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагааг шалгахад хуулийн шаардлагад нийцсэн байна.
Иймд Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, зам тээврийн осол хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Лхагва-Эрдэнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
- мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”,
- 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ...сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”,
499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Л-ийн жолоодон явсан ***** улсын дугаартай Toyota маркийн Prius Alpha загварын Сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь Нэт капитал Финанс корпораци ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй боловч шууд эзэмшигч нь иргэн У.Т болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд түүнийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж мэдүүлэг авахад “өөрийн зөвшөөрлийн үндсэн дээр тээврийн хэрэгслийг Г.Л-д шилжүүлсэн, түүнчлэн хохирогчийн хохирол, хор уршгийн зардал, нэхэмжлэлийг төлөхөө илэрхийлж” мэдүүлжээ. Иймд гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн зардлыг шүүгдэгч болон иргэний хариуцагч Г.Л- нар нь хуулийн дагуу хариуцах үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г-ын баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөр байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичгийн хүсэлт хэрэгт авагдсан байх боловч шүүгдэгч нь 2022 оны 10 дүгээр сарын 11-ний өдөр Э.Б-ын эмчилгээнд гэсэн утгатайгаар 100,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэргийн 91 дүгээр талд авагдсан байна. Иймд шүүгдэгчийг насанд хүрээгүй хохирогч болон хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Г.Л-ийг шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Л-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, оногдуулах ялын саналыг шүүгдэгчид танилцуулсан тул тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт хэлэхдээ улсын яллагчийн гаргаж буй ялын саналыг зөвшөөрч байгааг илэрхийлсэн.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Г.Л-ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого буюу Евро гарден ХХК-д нярав ажилтай, цалин хөлс орлоготой зэргийг харгалзан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хууль заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна. гэж хуульчилсан бөгөөд тус хэргийн хохирогч нь насанд хүрээгүй хүн байх тул шүүх хуралдааныг хуульд заасны дагуу хаалттай явуулсан болно.
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч нь баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Л-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Л-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л- оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Л-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Г.Л-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН