Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 133

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 27 өдөр              Дугаар 153/ШШ2019/00133            Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, тоот регистрийн дугаартай, Хотод овогт Цэвгээгийн Сийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 8,884,092 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гэрэлмаа, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/78 дугаартай захирамжаар Ховд аймгийн Булган сумын Минжит-Булган цогцолбор сургуулийн захирлаар томилогдон ажилласан. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 дугаартай захирамжаар ажлаас халагдсан. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж марган Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар миний нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд миний нэхэмжлэлийг бүрэн хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 дугаартай захирамжийг хүчингүй болгож, намайг Булган сумын Минжит Булган цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй тул давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан.

Давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.

Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 дугаартай захирамжаар Ц.С намайг Минжит Булган цогцолбор сургуулийн захирлын ажилд томилсон. Одоо миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна.

Миний бие ажил олгогчийн буруу шийдвэрийн улмаас ажил хөдөлмөр эрхлэхгүй байсан ба 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажил хөдөлмөр эрхлэлгүй хохирсон тул ажилгүй байсан /7 сар 13 хоног/ хугацааны цалин 8,384,092 /найман сая найман зуун наян дөрвөн мянга ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Снь Ховд аймгийн Булган сумын Минжит булган цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байсан. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 дугаартай захирамжаар ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ажлаасаа чөлөөлөгдсөн тул Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ц.Сийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон 40 дугаартай шийдвэр гарсан. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч нь 2011МА2018003 гэсэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаж 154 дугаартай тогтоол гаргасан. Шүүх хуралдааны тогтоол гарсан боловч 1 сарын хугацаанд Ц.Сийг эгүүлэн ажилд нь томилоогүй. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 дугаартай захирамжаар 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс ажилд нь томилсон. Анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ц.Сийн ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлага нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл буюу 7 сар 13 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн цалинг сургуулийн нягтлан тооцож гаргасан. Ингээд 8,884,092 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ц. Сийн 1 сарын цалин нь 740,341 төгрөг байгаа. Хариуцагч байгууллага Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар буюу шийдвэрийг гаргасан тухайн албан тушаалтан хариуцлагыг хүлээх ёстой гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Төрийн албаны тухай хууль 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн.  Энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажилтанг ажлаас нь хууль зүйн үндэслэлгүй чөлөөлсөн бол тухайн шийдвэрийг гаргасан албан тушаалтан хариуцлагыг хүлээнэ гэсэн заалт байгаа. Энэ нь 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш мөрдөгдөх зүйл заалт байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг төр хариуцах үндэслэл байна гэж үзэж байна. 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн албаны тухай хууль тухайн хэрэг маргааны хянан шийдвэрлэхэд учир дутагдалтай байх юм бол нарийвчилсан хуулийг хэрэглэж хэрэг маргааныг шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд тодорхой заалт байдаг. Энэ заалтаар ажилтанг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол урьд эрхэлж байсан ажлын дундаж хэмжээтэй тэнцэх хэмжээний цалин олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол цалингийн зөрүүг байгууллагаас гаргаж олгоно гэсэн зүйл заалт байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1.2-д зааснаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан ажилтанг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол гэсэн үндэслэл байдаг. 3 шатны шүүхийн шийдвэр гараад хүчин төгөлдөр болчихсон учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Гэрэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу тухайн үед албан тушаал эрхэлж байсан этгээдийн буруутай шийдвэр гарсан учраас буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаас ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нь гаргуулж өгнө үү гэсэн саналтай байгаа. 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн шинэ хуулиар хэрэг маргааныг шийдвэрлэж өгнө үү. Нэгэнт шинэ хууль дагаж мөрдөгдөж байгаа учраас хуучин хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Иймд тухайн үед Засаг даргын ажил хийж байсан Д.Галсандондогоос Ц.Сийн цалинг гаргуулж өгнө үү. 2019 оны төсөвт ажилгүй байсан хугацааны мөнгө гаргаж өгөх төсөв суугдаагүй учраас энэ мөнгийг Засаг даргын Тамгын газраас төлөх боломжгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 8,884,092 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ц.Сь нь 2014-2017 он хүртэл Ховд аймгийн Булган сумын Минжит Булган цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тус ажлаасаа чөлөөлөгдөж, улмаар шүүхэд хандаж тус ажлын байранд эгүүлэн тогтоогдсон болох нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 40 дугаартай шийдвэр /хх-6-14/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0003 дугаартай магадлал /хх-15-20/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 154 дугаартай тогтоол /хх-21-27/-уудаар нотлогдож байх ба эдгээр шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Ховд аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Ц.Сийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Булган сумын Минжит Булган цогцолбор сургуулийн захирлаар томилсон болох нь Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 дугаартай захирамж /хх-30/ болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д зааснаар Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг Ховд аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж томилох ба түүний ажлын алба нь Тамгын газар байна. Засаг даргын тамгын газар нь мөн хуулийн  33 дугаар зүйлийн 33.1.2-д зааснаар Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулан ажиллах чиг үүрэгтэй байдаг. Иймд тухайн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдах алба тушаалтан ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байх тул нэхэмжлэгчийн Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжилж, түүнийг хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, ажилтан үүнийг  нэхэмжлэх эрхтэй байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу тухайн үед албан тушаал эрхэлж байсан этгээдийн буруутай шийдвэр гарсан учраас буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаас ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нь гаргуулах ёстой” гэж тайлбарлалаа.

Нэхэмжлэгч Ц.Сийг ажил олгогчийн санаачилгаар 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ажлаас нь халсан байх тул 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн үйл явдал болсон хугацаанд үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ.

Мөн хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор авсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 40 дугаартай шийдвэр /хх-6-14/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0003 дугаартай магадлал /хх-15-20/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 154 дугаартай тогтоолоор нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Сийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Ц.Сь нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг нэхэмжлэхдээ 1 өдрийн цалин буюу 34,092 төгрөгийг илүү нэхэмжилсэн байх тул илүү нэхэмжилсэн 34,092 төгрөгийг хасаж, 8,850,000 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас нөхөн олговорт төлсөн 8, 850,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 156,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Сд олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас 8, 850,000 /найман сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Сьд олгож, илүү нэхэмжилсэн 34,092 /гучин дөрвөн мянга ерэн хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 156,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Сд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА