Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/45

 

 

 

 

 

 

 

    2023          01          12                                    2023/ШЦТ/45

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Н.Уранбайгаль,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.У-, түүний өмгөөлөгч Н.Мянган,

шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.А-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, ... төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто краны оператор мэргэжилтэй, ... кранист ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т.А (РД:...).  

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Т.А- нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 07 цаг 45  минутын орчимд Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Маршал таун” хотхоны замд А.Х-ын эзэмшлийн “Toyota” маркийн “Prius alpha” загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16-д Явган хүний гарц нэвтрэх: 16.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 10 настай, эмэгтэй, Б.Ө-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэгт:

Шүүгдэгч Т.А- мэдүүлэгтээ: 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө 07 цаг 45 минутын орчимд Маршал таун хотхоны хашаан дотор зүүнээс баруун тийш явж байхад хүүхэд урдуур орж ирсэн. Энэ бол болсон процесс. Хүүхдийн хөлийн өлмий хэсэг дээгүүр дугуй гарсан. Энэ үед хүүхэд хойш, урагш унаагүй, толгойгоор юм цохиогүй. Хохирогч талын ярьж байгаагаар тархи гэмтсэн гэж ярьсныг үгүйсгэж үүнийг хэллээ. гэсэн,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.У-ээс:

2022 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө 07 цаг 45 минутын орчимд манай хүүхэд Маршал таун-д байрлах гэрээсээ гараад хотхон доторх сургууль руугаа хотхоны машин зам дээр явган хүний гарцаар хойноос урагш чиглэлд явж байгаад шүүгдэгчийн машинд хөлөө дайруулж гэмтсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хүүхдээ гэмтлийн эмнэлэг рүү авч явж эмчилгээ хийлгэж, хөлийг нь гипсдүүлж замын цагдаагийн газар ирж мэдүүлэг өгсөн. Энэ хугацаанд шүүгдэгчийн зүгээс түргэн, цагдаа дуудах үйлдэл хийгээгүй. Бид ослын газраас хүүхдээ аваад эмнэлэг явахад шүүгдэгч яваад өгсөн. Бид хойноос нь дуудаж байж гэмтлийн эмнэлэгт ирүүлсэн. Хүүхдийн хөл хугарсан байна, эм шаардлагатай гэж хэлэхэд зөвхөн өвчин намдаах эм авч өгнө гээд өөр эм авч өгөөгүй. Түүнээс хойш уулзаагүй, яриагүй, уучлалт гуйгаагүй. Би бачимдаж шүүгдэгчтэй юм яриагүй. Шүүгдэгч эмнэлэг дээр миний хажууд байхад би юу ч хэлээгүй. Шүүгдэгч ч юм хэлээгүй. Эхний шүүх хуралдаан болж хойшилсон орой шүүгдэгч 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Өмнөх 2 хурлыг харахад шүүгдэгч буруугаа зөвшөөрч байгаа үгүй нь мэдэгдэхгүй, маргах гэж байгаа юм шиг, шахаж байж буруутай гэж хэлж байна гэж харж байна. Бид хүүхдээ өвчтэй байх хугацаанд нь асарч, ясны гэмтлийг бороолуулсан. Цаашид физик эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Олон сувилал судалж байгаад Хужиртын рашаан руу явуулсан. Мөн улсын эмнэлгийг сонгож эмчлүүлсэн. Бид хувийн үнэтэй эмнэлэг, гадаад руу явж эмчлүүлээгүй. Аль болох улсын эмнэлэг, гэмтлийн эмнэлэг, өрхийн эмнэлгээр явж байгаа. Мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалаар хөнгөлүүлж байгаад хямд зардал гаргаж байгаа. Бидэнд хүүхдээр далимдуулж амрах гэж явж байна гэж хэлж байсан. Тэгж бодож болно. Энэ үйл явдал бидний хувьд хар дарсан зүүд. Миний хөл хугарсан бол хамаагүй. Өсөж торниж байгаа, шилжилтийн насанд явж байгаа хүүхэд сэтгэл санаа, бие мах бодиор хохирч байна. Манай хүүхэд 3-4 жил бүжиг, балетаар хичээллэж байсан. Бид авч байсан шагнал, амжилтын үзүүлэлт, гэрэл зураг зэргийг нотлох баримтаар авч ирсэн. Ирээдүйд бүжигчин болох байсан гэж үзвэл хөл, тавхайн гэмтэл энэ хүүхдийг дахин энэ спорт руу оруулах боломжгүй болж байна. Жишээ нь өмгөөлөгчөөс хүний хөлийг тастаад ясны хугарал гэж хэлбэл юу гэсэн үг вэ. Шүүгдэгч тал хөлийн яс, тавхайн жижиг яс юун сүртэй юм гэж хэлж байсан. Үгүй. Энэ бол суурь яс. Хөл дээр гишгээд гарахад гар бариад явдаг монгол ёс байгаа. Тэгчхээд өмгөөлөгч, шүүгдэгч нар зүгээр өлмий дээгүүр нь дайраад гарсан, юун сүртэй юм гэж хэлж байгаа. Тийм зүйл биш. Шүүх үүнд хууль ёсны шийдвэр гаргана гэж бодож байна. Энэ бол их бага гэмтэл биш, хүүхдийн ирээдүй. Бид амралтад яваагүй, эмчилгээнд явсан гэдгийг дахин хэлье. Мөн цаашид энэ гэмтэл хүүхдэд ямар гаж нөлөө үзүүлэхийг бид мэдэхгүй. Хүний биеийн хөгжил 22 нас хүртэл явагддаг. Үүнийг шинжлэх ухаанаар тогтоосон. Тиймээс хүүхдийг бүрэн эдгэртэл гарах зардлыг нэхэмжилнэ. гэсэн мэдүүлгийг  тус тус гаргасан.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс:

 

1. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 2 дахь тал),

 

2. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Маршалл Таун хотхоны 113 дугаар байрны хойд талд хийсэн хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 дахь тал),

3. Насанд хүрээгүй хохирогч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: Би 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө хичээлдээ явах гээд гэрээсээ гараад “Маршал Таун” хотхоны дотор байдаг замаар явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарах гэж байсан чинь ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй суудлын машин намайг мөргөж гэмтээсэн. Тухайн ослын улмаас зүүн хөлийн тавхайны яс хугарсан, шагайн хэсгийн яс цуурсан байсан. Надад эмчилгээний зардлын баримт байхгүй. Би гомдолтой байна. Цаашдаа гарах эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилнэ. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: Ослын улмаас хүүхдийн зүүн хөлийн тавхайны ясны хугарал гэмтэл тогтоогдсон. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа. Надад санал хүсэлт байхгүй. Би 2 газар ажилладаг тухайн ослын улмаас болж ажлаа хийж чадаагүй. Цалингүй чөлөө авч хүүхдээ гэрээр харсан болохоор энэ 10 сарын цалингаа нэхэмжилж байгаа. Мөн хүүхдийн эмчилгээтэй болон гэрээр багш авсан сургалтын төлбөр зэргийг нэхэмжилж байгаа. Баримтаар гаргаж өгсөн. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

5. А.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд иргэний, нэхэмжлэгч, хариуцагчаар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: Т.А- манай аав байгаа юм. Төрөл садны харилцаа холбоотой. Тоёота Приус 41 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг. Машинд тухайн ослын улмаас ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан. Би өөрийн машиныг Т.А- гэх хүнд жолоодуулах зөвшөөрөл олгосон. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал), ***** улсын дугаартай Toyota Prius Alpha-XW тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

 

-гэрчээр 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: Т.А- нь дөрвөн хүүхэдтэй, тусгай дунд боловсролтой, Орбитод байдаг цэргийн ангид алба хаасан. Онцгой байдалд ажилладаг байсан. Зан аашны хувьд дөлгөөн тайван, хариуцлагатай, худлаа ярьдаггүй, шударга, ..үг дуу цөөтэй, хүнтэй хэрэлдэж, муудалцдаггүй, хүнд тусархаг хүн байгаа юм. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),

 

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №13499 дугаартай:

-Б.Ө-ын биед зүүн хөлийн чигчий хурууны өлмий ясны зөрүүгүй сэтэрсэн хугарал гэмтэл тогтоогдоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

 

-Материалаар хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №51 дугаартай:

-Б.Ө-ын биед зүүн хөлийн өлмий ясны зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдоо.

-Тогтоогдсон гэмтэл нь хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

-№13499 дугаартай дүгнэлтийн 4-р заалтын 2.4.1-т зааснаар сарниулахгүй гэснээс бусад нь үндэслэлтэй байна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 154-156 дахь тал),

 

7. Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №1138905523 дугаартай :

-Toyota Prius 41 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 1,3 мм, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.5 кН, баруун талдаа 2.3 кН зөрүү нь 8% (стандарт<20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.5 кН, баруун талдаа 1.5 кН, зөрүү нь 0% (стандарт<30%), байна. Зогсоолын тоормосны хүч зүүн талдаа 1.6 кН, баруун талдаа 1.7 кН хэвийн ажиллаж байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 11800 cd, хол дээрээ 75600cd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 16200cd, хол дээрээ 85000cd (стандарт 10000-225000cd) байна.

-Уг тээврийн хэрэгслийн дугаарын хоёр гэрэл асахгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Ашиглалтын явцад үүссэн ба осолд нөлөөлөхгүй.

-Уг тээврийн хэрэгсэл нь осолд нөлөөлөх эвдрэл гэмтэлгүй байна.

-Тухайн тээврийн хэрэгслийн хурд, замын гадаргуу, цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч тоормосны мөр зам дээр үүснэ. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй.” гэсэн дүгнэлт  (хавтаст хэргийн 64-69 дэх тал),

 

8. Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №1126 дугаартай:

-Жолооч Т.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн явган хүний гарц нэвтрэх: 16.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. гэснийг зөрчсөн байна.

-Явган зорчигч Б.Ө- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 73 дахь тал),

 

9. Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө гэрээсээ гараад “Маршал Таун” дотор байдаг ажил руугаа очих гээд “Маршал Тауны” доторх замаар Тоёота приүс маркийн ***** дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод зорчих хэсгээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй 10 орчим километр цагийн хурдтай явж байтал модон саадан дотроос хүүхэд гэнэт гүйгээд урдуур ороод машины зүүн талын урд дугуй хүүхдийн зүүн хөл дээгүүр нь дайрчихсан. Тэгээд би машинаа замаас чөлөөлж зогсоод хүүхдийн байдлыг асуугаад ээж аав руу нь залгаад аав нь ирээд гэмтлийн эмнэлэг рүү дагаад явсан. Би явган зорчигчийг хараагүй гэнэт гараад ирсэн. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл нь охин Хишигдуламын эзэмшилд байдаг. Би 1991 онд жолооч болсон. Жолоо барих эрхтэй байсан. Осол болох үед бөглөрөл түгжрэлгүй байсан. Харагдах орчин чөлөөтэй байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал),

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтас хэргийн 94 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 96 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 91 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 95 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 92-93 дахь тал), жолоочийн үнэмлэхийн хуулбар, жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дахь тал), ... ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн албаны тодорхойлолт (хавтаст хэргийн 89 дэх тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 90 дэх тал)  болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн талаарх дүгнэлтдээ шүүгдэгч Т.А- нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 07 цаг 45  минутын орчимд Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Маршал таун” хотхоны замд А.Хишигдулмын эзэмшлийн “Toyota” маркийн “Prius alpha” загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 10 настай, эмэгтэй, Б.Ө-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогчийн биеийн байдал бүрэн эдгэрээгүй, эдгэрэх хүртэлх хугацаанд гарах зардлыг Иргэний хуульд заасны дагуу шүүгдэгч төлөх үүрэгтэй тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай. Хохирлын хувьд улсын яллагчаас хүүхдийн эмчилгээнд 2,854,800 төгрөг, хууль ёсны төлөөлөгчийн цалин 4,633,559 төгрөг, нийт 7,488,359 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Үүнээс шүүгдэгч 1,000,000 төгрөгийг төлсөн байна. Хохирлын баримтад түлшний 1, хүнсний 1 баримт хэрэгт авагдсан байсан. Үүнийг хохирогчийн эмчилгээтэй холбоотой гэж үзээд хүүхдийн эмчилгээний зардал, хууль ёсны төлөөлөгчийн цалин нийт 6,488,359 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай, мөн цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг иргэний хариуцагч, шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээх саналтай байна. гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Мянган дүгнэлтдээ шүүгдэгч  хохирлын тодорхой хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргахгүй, шууд хохирлыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Гэмт хэргийн хор уршгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна. Хууль ёсны төлөөлөгчийн 1 сарын цалинг зөвшөөрөхгүй байгаад тайлбар хэлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хор уршгийг заасан. Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигт гарах зардлыг үнэн зөвөөр тогтооно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан. Хууль ёсны төлөөлөгч 2 байгууллагад ажиллаж байсан. Энэ нь нийгмийн даатгалын тодорхойлолтоор харагдаж байгаа. Мөн хавтаст хэргийн 34-36 талд тухайн байгууллагуудын тушаалууд буюу нэг сарын чөлөө олгосон талаар захирлуудын тушаалууд, цалингийн тодорхойлолт байгаа. 2,783,000 төгрөгийн үндсэн цалинтай байсан. Энэ 2 байгууллагын тодорхойлолтоор 2 ажил хийж байсан, гэмт хэрэг гарсны дараа цалингүй чөлөө олгосон байна гэдгийг нотолж байна. 10 сарын тодорхойлолтыг аваагүй ч гэсэн ажиллаж байсан, чөлөө авсан гэдэг нь нотлогдож байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл цалин авч байсан, ажиллаж байсан, цалингүй чөлөө авсан нь нотлогдож байна. Иймээс ажилгүй байсан хугацааны 4,633,559 төгрөг, нийт 6,488,359 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож өгнө үү. гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир дүгнэлтдээ хохирлын хэмжээнд байр сууриа илэрхийлж байгаа. Шууд хохиролтой асуудлыг шийдвэрлээд явахад татгалзахгүй. Өмнөх хуралдаанд маргасан зүйлийг талууд ойлгосон байх. Шинжээчийн дүгнэлт өөрөө эргэлзээтэй, шинжээч шүүх хуралд эргэлзэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн. Хөнгөн гэмтэл байвал 28 хоногоос дээш зовуурь учруулдаггүй. Хүндэвтэр гэмтэл гэдгийг эргэлзээгүй тогтоосон. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар баримт байхгүй, эргэлзээ төрж байна. Мөн цалингийн дансны хуулга 10 сард байхгүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн эсэхийг гаргаж өгөх боломжтой боловч гаргаж өгөөгүй. Мон скан ХХК-ийн захирал хохирогчийн өвөө нь байна. Зээ охин нь өвдсөн байхад ээжид нь цалингүй чөлөө олгодог эцэг хүн байхгүй байх. Энэ бол Монгол хүний сэтгэлгээ, гадны оронд өөр байх. Тиймээс цалин хөлстэй холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл, баримтаа гаргах, хариуцагч мөн холбогдох баримтыг гаргаад явах боломжтой. Иймээс цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Т.А- нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Маршал таун” хотхоны замд иргэн А.Х-ын эзэмшлийн “Toyota” маркийн “Prius alpha” загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 07 цаг 45  минутын орчимд жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16-д Явган хүний гарц нэвтрэх: 16.1-т Явган хүний  зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч насанд хүрээгүй буюу 10 настай, эмэгтэй, Б.Ө-ыг мөргөж, бие, эрүүл мэндэд нь зүүн хөлийн өлмий ясны зөрүүгүй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

 

-Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 2 дахь тал),

 

-2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 дахь тал),

 

-Насанд хүрээгүй хохирогч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал) болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,

 

-Материалаар хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №51 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 154-156 дахь тал),

 

-Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №1126 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 73 дахь тал),

 

-Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал) болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно. гэж хуульчилсан.

Мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардах ба, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн шинжийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” бол гэж тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Т.А- нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.  

Шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй байсан болон хайхрамжгүй үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна. Нөгөө талаас хохирогчийн асран хамгаалагч бага насны хүүхдийг хараа хяналтгүй, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж үүргээ биелүүлээгүй нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Т.А-ын үйлдлийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй, хуульд нийцсэн байх ба хэрэгт шалгавал зохих ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

-мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд  хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн зардал нь хор уршигт тооцно.

 

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.

Мөн шүүгдэгч Т.А-ын жолоодон явсан “Toyota”маркийн Prius Alpha  загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн А.Х-ынх болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. гэж хуульчилсан.

 

Иймд иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоогдсон А.Х- нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг зөвшөөрлийн үндсэн дээр шүүгдэгч Т.А-т шилжүүлсэн талаар мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэж үзэхээр байх тул шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч насанд хүрээгүй хохирогчийн бие, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсны хохирол төлбөрийг шүүгдэгч болон иргэний хариуцагч А.Х- нар хамтран хариуцахаар байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хохирогч нь эрх зүйн бүрэн чадамжгүй, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ., мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад гэмт хэргийн улмаас учирсан, хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй талаар заажээ.

 

Тус хэргийн хохирогч нь 10 настай насанд хүрээгүй буюу Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд байх тул түүний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалан төрсөн эх нь хууль ёсны төлөөлөгчөөр оролцож дараах хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжилсэн. Үүнд:

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс насанд хүрээгүй хохирогч Б.Ө-ын эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргаж өгсөн хохирлын баримт нь:

- 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Бест массаж газарт тархи доргисон бариулсан 10,000 төгрөг,

- 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Бест массаж газарт тархи доргисон бариулсан 10,000 төгрөг,

- 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Долоон отог дэлгүүрээс суга таяг авсан 40,000 төгрөг,

- 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нора Мед ХХК эмийн сангаас кальци витамин үнэ 44,000 төгрөг,

- 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хишигт шандас эмийн сангаас бинт авсан 2,500 төгрөг

- 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт хөлийн зураг, сиди 10,000 төгрөг,

- 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  Мөнх хур эдүкэйшн-ээс хичээлийн давтлага авсан 280,000 төгрөг,

- 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр  Мөнх хур эдүкэйшн-ээс хичээлийн давтлага авсан 280,000 төгрөг,

- 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Барагшуун тэмээний чөмөгний тос-18,000 төгрөг,

- 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр авсан хоол-53,700 төгрөг,

- 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Эмчилгээний төлбөр витамин, дусал-80,000 төгрөг;

- 2022 оны 10 дугаар сарын  04-ний өдрийн Авто зогсоолын төлбөр 1,000 төгрөг,

- 2022 оны 10 дугаар сарын  04-ний өдрийн Авто зогсоолын төлбөр 1,000 төгрөг,

- 2022 оны 10 дугаар сарын  23-ны өдрийн 7,500 төгрөг,

- 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн эргэлтийн зардал 52,500 төгрөг,

- 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн бензиний зардал 60,000 төгрөг,

- 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тохойны таяг авсан 50,000 төгрөг,

- мөн насанд хүрээгүй хохирогчийн гэмтэл авсны улмаас хууль ёсны төлөөлөгч нь асарсантай холбоотойгоор буюу ажлаасаа чөлөө авсан гэж тайлбарлаж, “Мультивас Трэйдинг Лимитэд” ХХК-нд ажилладаг 10 дугаар сарын цалин хөлс 2,228,659.50 төгрөг,

- Монскан ХХК-нд ажилладаг 10 дугаар сарын цалин хөлс 2,404,900 төгрөг, нийт 5,633,759 төгрөг гэх тооцоо (хавтаст хэргийн 20 дахь тал) гаргаж нэхэмжилсэн,

 

Шүүхийн шатанд:

- 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн УБ төлөөлөгчийн газар хужирт рашаан сувилал руу 735,700 төгрөгийг “М.У, Б.Ө сувиллын төлбөр” гэх утгаар шилжүүлсэн Хаан банкны баримт, (хавтаст хэргийн 128 дахь тал),

- 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн УБ төлөөлөгчийн газар хужирт рашаан сувилал руу 435,100 төгрөгийг “Баярт сувиллын төлбөр” гэх утгаар шилжүүлсэн Хаан банкны баримт, (хавтаст хэргийн 129 дэх тал),

- 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хонхондой-5 эмийн сангаас 683,600 төгрөгийн эм авсан баримт (хавтаст хэргийн 130 дахь тал) ирүүлж,  нийт 7,488,359 төгрөгийг нэхэмжилсэн.  Үүнээс хуулийн шаардлага хангасан нотлох баримтын хүрээнд насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2,854,600 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн ба шүүгдэгч Т.А- нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн шүүхээс шүүгдэгч Т.А-ыг гэм буруутайд тооцсон шийдвэр гарсны дараа шүүгдэгчээс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1,854,600 төгрөгийг хууль ёсны төлөөлөгчид төлж, нотлох баримтын хүрээнд хохирлыг төлсөн байна.

 

Харин үлдэх 4,633,359 төгрөг буюу насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.У-ээс хүүхдээ асрах шалтгаанаар цалингүй чөлөө авсан гэж Мультивас Трэйдинг Лимитэд ХХК-ийн 10 дугаар сарын цалин хөлс 2,228,659.50 төгрөг, Монскан ХХК-ийн 10 дугаар сарын цалин 2,404,900 төгрөг, нийт 4,633,359 төгрөг нэхэмжилж байх боловч дээрх хоёр компаниас цалин хөлс авдаг талаарх санхүүгийн анхан шатны баримтыг бүрэн ирүүлээгүй, тодруулбал зам тээврийн осол 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гарсан байхад хууль ёсны төлөөлөгчөөс Монскан ХХК-нд ажиллаж байсантай холбоотой 2022 оны 09 дүгээр сарын цалин хөлсний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлтийн баримтгүй, холбогдох санхүүгийн анхан шатны баримтгүй нь хор уршигтай холбоотой цалин хөлсний зөрүүг тооцох боломжгүй, хангалттай баримтгүй байна. Тиймээс нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болон иргэний хариуцагчаас нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзэв.

2.Шүүгдэгчийн жолоодон явсан “Toyota”маркийн Prius Alpha  загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь А.Х- байх тул мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож мэдүүлэхдээ дээрх тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Т.А-ыг насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж,

   6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай. гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Мянганаас гэмт хэргийн хор уршиг арилаагүй. Хүүхдийн эрүүл мэнд бүрэн эдгэрээгүй. Энэ хүүхдийн цаашид гаргах байсан амжилт байхгүй болж байна. Энэ бүхэнд шүүгдэгч дүгнэлт хийж чадахгүй байна. Миний хувьд оршин суугаа газраасаа 1 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна. гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очироос улсын яллагчтай санал нэг байна. Шүүгдэгч тодорхой ажил эрхэлдэг. Мөн ажил хөдөлмөрөө хэвийн эрхэлж явах нь хохирогчийн эрх ашигт нийцнэ. Хохирогч цаашид эмчилгээтэй холбоотой зардал нэхэмжлэхийг үгүйсгэхгүй. Үйлчлүүлэгчид цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой маргаагүй. Үүнийг шүүх харгалзан үзнэ үү. Мөн тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт 54 насандаа холбогдсон. Үүнийг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү. гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан.

 

Шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Иймд шүүгдэгч Т.А-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн хувийн байдал, насанд хүрээгүй хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчид баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлого зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэж харин дээрх үндэслэлээр насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулах ялын талаар гаргасан саналыг хүлээн аваагүй болно.

Мөн шүүгдэгчийн хөрөнгө, орлогын хэмжээг харгалзан торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

 

   3. Бусад асуудлын талаар: Хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.А-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоосугай.

           

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А- нь хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

           

            6. Шүүгдэгч Т.А-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч болон иргэний хариуцагч нар нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.У-т энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.У- нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу цалин хөлс, цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

           

            8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН