Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 135

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 27 өдөр              Дугаар 153/ШШ2019/00135                  Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 10-18 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Соён овогт Батмөнхийн Эгийн хүсэлттэй Найман овогт Мядагмаагийн Маналжавтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, М.Маналжавыг охин Э.Номин-Эрдэний эцэг мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Э, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Маналжавтай 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдөр танилцаж, 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. 2014 он 9 дүгээр сарын 24-ний өдөр охин Э.Номин-Эрдэнийг төрүүлсэн юм. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр М.Маналжав маань 2014 оны 5 дугаар сараас эхлэн бие нь өвдөж, Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгийн цусны тасагт эмчилгээ хийлгэж байгаад, 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “aplastis anaemia” оношоор нас барсан. Бид хоёр энэ хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны Драгон төвийн ар талын 23а байрны 35 тоотод амьдарч байсан. Хоёулаа сургуулиа төгсөөд гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Охин Э.Номин-Эрдэнийг төрөхөд би өөрийн нэрээр овоглож байсан. Одоо тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож, төрсний гэрчилгээний овог нэрийг солиулах гэтэл хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Миний охины сэвлэг үргээх ёслолоор М.Маналжавын эцэг, эх нь мөнгөн аяга өгсөн. Энэ мөнгөн аяганы зургийг хэрэгт хавсаргасан. Бид хоёр 2012 оны 8 дугаар сараас, 2014 оны 09 дүгээр сарыг хүртэл хамтран амьдарч байсан тул тогтоож, мөн М.Маналжавыг охин Э.Номин-Эрдэний эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Э нь Найман овогт Мядагмаагийн Маналжавтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, М.Маналжавыг охин Э.Номин-Эрдэний эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Э нь М.Маналжавтай 2012 оны 8 дугаар сараас 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан, тэдгээр нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан, хүсэлт гаргагч Б.Э нь М.Маналжавтай хамт амьдрах хугацаандаа буюу 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр охин Э.Номин-Эрдэнэг төрүүлсэн,  охин Э.Номин-Эрдэнэ нь эх Б.Эгийн нэрээр овоглосон болох нь охин Э.Номин-Эрдэний төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Б.Батмөнхийн шүүхэд өгсөн “...миний охин Б.Э нь М.Маналжавтай 2013 оноос эхлэн үерхэж байгаад охин Э.Номин-Эрдэнэг төрүүлсэн. М.Маналжав нь өвчний улмаас 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан” гэх мэдүүлэг, гэрч М.Мядагмаагийн шүүхэд өгсөн “...би М.Маналжавын аав нь юм. Б.Э нь миний хүү М.Маналжавтай 2013 оны 9 дүгээр сараас эхлэн 2014 оны 9 дүгээр сар хүртэл хамт амьдарсан. Миний хүү М.Маналжав нь 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өвчний улмаас нас барсан.  Тэдгээр нь хамт амьдарч байх хугацаандаа буюу 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр миний ач охин Номин-Эрдэнэг төрүүлсэн. Би 2017 оны 7 дугаар сард ач охин Номин-Эрдэний сэвлэг үргээх ёслолд зориулж мөнгөн аяга бэлэглэсэн” гэх мэдүүлэг, М.Маналжав Б.Э нарын хамт авахуулсан гэрэл зураг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Улмаар М.Маналжав нь 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өвчний улмаас нас барсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, 151847 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тоот регистрийн дугаартай, Соён овогт Батмөнхийн Э нь тоот регистрийн дугаартай, Найман овогт Мядагмаагийн Маналжавтай 2012 оны 8 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан, охин Э.Номин-Эрдэний эцэг Найман овогт Мядагмаагийн Маналжав мөн болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.14-д зааснаар тоот регистрийн дугаартай, Соён овогт Батмөнхийн Э нь тоот регистрийн дугаартай, Найман овогт Мядагмаагийн Маналжавтай 2012 оны 8 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн охин Э.Номин-Эрдэнийн эцэг ИЭ96050770 регистрийн дугаартай, Найман овогт Мядагмаагийн Маналжав мөн болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МАРИНА