Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/53

 

 

 

                                                                                                           

 

 

 

 

    2023          01          17                                    2023/ШЦТ/53

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж ,

улсын яллагч А.Алтангэрэл,

шүүгдэгч Ж.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, нөхөр гурван хүүхдийн хамт  ... тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж.Ц /РД:..../,

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Ж.Ц- нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны шөнийн 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 24-570 тоотод Р.О-тай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт цохиж, зүүн гарын ядам хурууг хазаж , түүний биед зүүн сарвуу, тохойд, шуу, баруун нүдний дээд зовхи, эрүү, уруулд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ц-аас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Манай гэрийнхэн архи уучхаад агсам тавиад байна” гэх утгаар бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

2. Хохирогч Р.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охины хамт явж байгаад хуучин нөхөр Золбаярын төрсөн дүүгийн эхнэр Ж.Ц-ын гэрт нь очоод нөхрийнх нь талаар ярьж байгаад Сэнгүр нэртэй 2 литрийн 2 сав пиво хувааж уусан. Гараад караокед орохоор явж байгаад Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 24-570 тоотод хадам ээж Мөнгөнцэцэгийн гэрт очсон чинь хуучин нөхөр Золбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ээжтэйгээ маргалдаад байж байсан. Тэгсэн чинь хадам ээж Мөнгөнцэцэг бид хоёр руу дайраад хэл амаар доромжлоод байсан. Ж.Ц- тайвшруулаад гаднаас авч орж ирсэн 0,75 литрийн архийг бид нар хувааж уугаад ярилцаад суусан. Ж.Ц-ын нөхөр нь архинаас нэлээн уугаад байсан. Бид нар дахиад нэг шил архи хувааж уусан. Миний салсан нөхөр Золбаяр над руу агсамнаад би юм яриад сууж байсан чинь Золбаярын төрсөн дүү Цог-Эрдэнэ ахыгаа өмөөрөөд над руу дайраад хэрэлдээд байсан. Миний уур хүрээд хэрэлдээд байж байсан чинь Ж.Ц- миний үснээс зулгаагаад над руу дайрч, янз бүрээр хэлж эхэлсэн. Би Ж.Ц-ыг мөн адил үстээд зууралдаж байсан чинь миний зүүн гарыг хазсан. Тэгээд салаад би уурлаад дайрсан чинь Ж.Ц-ын хүүхэд нь салгасан. Би гэрээс гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би үүдэн дээр зогсож байсан чинь Ж.Ц- гарч ирээд үснээс зулгаагаад, нүүр рүү нэлээн хэдэн удаа цохисон. Намайг зодоод, газар шороон дээр чирч байсан чинь цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Миний үс унасан, зүүн гар шалбарч, зулгарсан. Толгой, нүүрэнд жижиг зулгаралтууд үүссэн, хавдсан. Тухайн гэмтлийг Ж.Ц- учруулсан. Тухайн үед эмнэлэгт үзүүлсэн баримтыг гаргаж өгнө. Надад одоо бол гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 36 дахь тал),

 

3. Гэрч Ц.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: Би эрх үүрэгтэйгээ болон Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх үүргээ уншиж танилцаж ойлгосон. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Тухайн өдөр 20 цагийн орчим ажлаа тараад гэртээ очсон чинь ээж Ж.Ц-, Р.О- эгчтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан. Р.О- эгч ээжийг дагуулаад хамт гарсан. Орой ээж Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 24-570 тоотоос ирээд авчих гэхээр нь яваад очсон чинь Р.О- эгч нөхөртэйгөө хэрэлдсэн гэж байсан. Р.О- эгч уурлаад орилж, чарлаад байсан чинь ээж Ж.Ц- одоо болно шүү дээ гээд уурласан чинь ээжийг Р.О- эгч үсдэж аваад орон дээр унаад өгсөн. Тэр хоёр ноцолдоод байсан. Би салгах гээд очсон чинь ээж Ж.Ц- Р.О- эгчийн зүүн гарыг хазсан. Тэгээд салаад Р.О- эгч цагдаа дуудна гээд гэрээс гараад явсан. Удалгүй ээж бид нар гэр лүү гээ харина гээд гарсан чинь Р.О- эгч зогсож байсан. Ээж рүү гар хазсан гээд уурлаад үстсэн чинь ээж зөрүүлээд үстээд хэсэг ноцолдсон. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №11801 дугаартай:

- Р.О-гийн биед зүүн сарвуунд шарх, тохой, бугалгад зулгаралт, баруун бугалга, сарвуу, тохойд, шуу, баруун нүдний дээд зовхи, эрүү, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

-Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

5. Яллагдагч Ж.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байхад 16 цагийн орчим нөхөр Цог-Эрдэнийн төрсөн ах Золбаярын салсан эхнэр Р.О- охин Анужинтай хамт ирсэн. Бид хоёр уулзаад 2 литрийн 2 пиво ууж дууссан. Хамт гэрээс гараад хадам ээж Мөнгөнцэцэгийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 24-570 тоотод байх гэрт нь очсон. Бид хоёрыг очиход Р.О-гийн салсан нөхөр Золбаяр, хадам ээж Мөнгөнцэцэг нар байсан. Р.О- салсан нөхөр Золбаяртай хэрэлдэж маргалдсан. Р.О-г боль гэж хэлсэн чинь үстэхээр нь уур хүрээд үсдэлцсэн. Бид хоёрыг үсдэлцэж байхад хүү Чинбат салгасан. Тухайн үед би салах үедээ Р.О-г тавихгүй байхаар нь зүүн талын зүүн сарвууг хазсан. Р.О- гэрээс гараад явсан. Би удалгүй араас нь гарсан чинь гадаа хашааны үүдэнд байж байсан. Бид хоёр хашааны гадна дахин үсдэлцэж, ноцолдсон. Тэгээд бид хоёр салсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Гэмтлийг тухайн өдөр надтай маргалдах үед би учруулсан. Тухайн үед Р.О- намайг бас үсдэж, зодож гэмтэл учруулсан бөгөөд би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Тухайн үед хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45-48 дахь тал), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Ж.Ц-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ж.Ц- нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жаргалантын 24-570 тоотод согтуурсан үедээ Р.О-тай 2022 оны 08 дугаар сарын 26-ны шөнийн 00 цагийн үед тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар үснээс нь зулгаах, гарыг нь хазах зэргээр бие, эрүүл мэндэд нь зүүн сарвуунд шарх, тохой, бугалгад зулгаралт, баруун бугалга, сарвуу, тохойд, шуу, баруун нүдний дээд зовхи, эрүү, уруулд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэнээс ирсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),

- Хохирогч Р.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг ( хавтаст хэргийн 36 дахь тал),

- Гэрч Ц.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №11801 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

- Яллагдагч Ж.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Р.О-гийн бие, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, тухайн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу хохирогчийн үснээс зулгаах, ноцолдох, зүүн гарын хурууг хазсанаар гэмтэл учирсан байна. Мөн шүүгдэгч Ж.Ц- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

            Шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тухайн үед таарамжгүй харилцаа үүсгэх шалтгаан нөхцөл байдал бий болж гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

 

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Ц-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

             

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Р.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагаанд 160,000 (хавтаст хэргийн 44 дэх тал) төгрөгийн хохиролтой холбоотой баримт гаргаж өгсөн. Шүүгдэгч Ж.Ц- нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дээрх хохирлын төлбөрийг хохирогчийн Хаан банкны данс руу шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 100 дахь тал) хэрэгт авагдсан тул энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж,

   6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч Ж.Ц-ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ж.Ц-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч Ж.Ц-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, эрхэлсэн ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж ялын хугацаанд өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тогтоож, ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Ж.Ц-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-ыг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Ж.Ц-ыг өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

              5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчид төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

              6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.Ц-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Ц-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ДОРЖСҮРЭН