Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 27 өдөр              Дугаар 153/ШШ2019/00136             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Манхан сумын Улаан хүрээ багт оршин суух, тоот регистрийн дугаартай, Галтынхан овогт Цэрэнбадамын Мийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1969 оны 6 дугаар сард Ховд аймгийн Манхан сумын Улаан хүрээ бригадад төрсөн. Төрсөнөөс цагаасаа хойш 1990 оныг хүртэл ээжийнхээ хажууд мал маллаж байсан. 1991 оны 10 сард Ө.Пүрэвсүрэнтэй гэр бүл болж, 10 хүүхэд төрүүлэн нэгдэл нийгэмд ажилласаар өдий хүртэл мал малласаар байна. Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл нь 1992 онд тарж, хувьцаат компани болсон. Баясгалант амьдрал нэгдэл тарахаас өмнө уг нэгдэлд бог мал маллаж байсан.

Миний бие 1985-1989 оны хооронд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд бог мал маллаж байсан Ховд аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 190 дугаартай архивын лавлагаа олдсон, 1990 оны 1 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал улсаас 10 жил олгогдсон, 2016 оны 1 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл нийгмийн даатгалыг сайн дураараа төлсөн.

Тэтгэврийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу 50 нас хүрч өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй, сумын архив шатсаны улмаас өндөр насны тэтгэвэртээ гарч чадахгүй хохироод байна. Иймд намайг 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд бог мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Ц.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хань Ц.М нь сургуульд сурч байгаагүй бөгөөд багаасаа эх Цэрэнбадамын хамт мал маллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон тул түүний 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.М нь 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаа нотлохоор дараах баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 190 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ бригадын 1985-1989 оны Цэрэнбадам, М нарын нэр дээрх 70-р дансны хуулбар,

-Ц.Мийн 0772901 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Улсын бүртгэлийн хэлстийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай “Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл нь 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Баясгалант амьдрал ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн” гэх лавлагаа,

-Гэрч Б.Хөөдөөгийн шүүхэд өгсөн “...Ц.М нь Цэрэнбадам гэдэг хүний 2 дахь охин юм. Ц.М нь сургуульд сурч байгаагүй. Ээж Цэрэнбадамын хамт бага наснаасаа эхэлж Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарахад Баясгалант амьдрал компанид 1996 он хүртэл ажилласан. Би 1964-1993 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч С.Казаагийн шүүхэд өгсөн “...Ц.М нь Цэрэнбадам гэдэг хүний ганц охин юм. Ц.М нь сургуульд сурч байгаагүй. Ээж Цэрэнбадамын хамт бага наснаасаа эхэлж Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарахад Баясгалант амьдрал компанид 1996 он хүртэл ажилласан. Би 1963 оноос эхлэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1970-1992 он хүртэл нэгдлийн аж ахуйн нярав, тоо бүртгэгч, хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Бид нэг нутгийн хүмүүс учир бие биеэ сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч Ц.М нь Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Тэрээр 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дээрх баримтууд болон түүний нэр дээрх Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 190 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ бригадын 1985-1989 оны 70-р дансны хуулбараар нотлогдож байх тул түүний шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар тоот регистрийн дугаартай, Галтынхан овогт Цэрэнбадамын Мийн 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж  байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА