Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/12

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч*******

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Өргөн суманд 1979 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг, Найрамдлын******* тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэлгүй,******* овогт************** холбогдох эрүүгийн 2220000000137 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар  сарын 28-ны оройны 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэлт ивээлт түшиг” нэртэй караокены дотор өрөө рүү оруулсангүй гэх шатгааны улмаас  маргалдаж улмаар  караокены гадаа гарч газарт унагаан нүүр тус газарт хэд хэдэн удаа гараараа  цохиж биед нь хамар ясны хугарал, баруун ташаа орчим зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, дух эрүүнд зулгаралт, баруун нүдний доод зовхинд  цус хуралт, дух эрүүнд  зулгаралт гэмтэл бүхий  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Караокед ороход надтай хамт явж байсан Мантуу хочтой Амартүвшин Өсөхбаярын өрөөнд орсон байхаар нь орох гэхэд оруулаагүй. Тэгээд миний шилэн хүзүүний ар талас түлхээд  бид гадаа гарсан. Ингээд зодолдсон,  би нүүр рүү нь хэд, хэдэн удаа цохьсон, Өсөхбаяр ч миний  хамар ам, мөр гээд цохьсон, уруулын дээд доод тал язарсан байсан. Мөнхсайханыг салгахад миний гар цус болсон гэж мэдүүүлсэн байсан, тэр нь миний ам, хамраас гарсан миний цус болсон байсан юм. Миний үйлдлээс Өсөхбаярт гэмтэл учирсаныг зөвшөөрч байна. Бас миний биед хөнгөн гэмтэл учирсан байгаа. Өсөхбаярын эмчилгээний зардалд эмнэлгийн төлбөр 204,000 төгрөг гарсан байсныг бэлэн авчирсан байна, хурлын дараа данс авч байгаад төлнө. Харин Өсөхбаяр эмчилгээний зардлыг дараа нь нэхэмжилвэл төлөхөд татгалзах зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/

 

2022 оны 10 сарын 28-ны өдрийн яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 04-06/

 

Дорноговь нэгдсэн эмнэлэгийн компьютер томографийн кабинетийн 2022 оны 10 сарын 29-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 07/

 

Хохирогч Э.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2022 оны 10 дугаар сарын 28-нд 20 цагийн орчим Өргөн сум  4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг караоке бааранд ганцаараа сууж байтал  манай найз охин Б.Энхзул араас ороод  ирэхээр нь  би гаргаж өгөөд  буцаж орж ирэхдээ Мантуу гэх хүнтэй танилцаад гал өгөх гээд өрөө рүү хамт орсон. Тэгтэл гаднаас хоёр хүн орж ирээд манай өрөө рүү орно гээд дайрсан. Тэгээд өрөө рүү орохоор нь караоке баарны зөөгчтэй хамт гаргасан. Тэгээд над руу дайраад  байхаар нь гадаа гараад байсан. Тэгээд би гадаа гараад  тэр арай намхан настай ах нь намайг хавирч унагаагаад  дээрээс миний нүүрэн тус  газар гараараа  цохисон. Тэгээд намайг хөлөөрөө дээрээс дэвсээд байсан. Намайг хэн нь дэвсээд байсныг би мэдэхгүй байна. Тэгээд бид нарыг  караоке баарны зөөгч, манай найз охин Энхзул, мөн Түшиг дэлгүүрийн ах салгасан.  Миний хамар хугарсан байна. Шанаа хэсэгт хавдсан байна. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 0.5 литрийн  савалгаатай калтан берги нэртэй пиво нэгийг уусан байсан. Надад нэхэмжлэх зүйл байна, эмчилгээний төлбөр гаргуулан авмаар байна. Мөн сэтгэл санааны хохиролтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2022 оны 10 дугаар сарын 28-нд 20 цаг 05-06 минутын орчим Бат- Эрдэнэ буюу Батаа нь дэлгүүр караоке орчмоор эргэлдээд байсан. Тэгж байж байгаад караокеруу орохоор нь би шалгах гээд араас нь орсон чинь ШТС-ын түгээгч залуутай хамт мөн Бат-Эрдэнэ буюу орос гэх хочтой залуутай хамт гурвуулаа надтай зөрөөд маргалдаад гарцгаасан. Тэгээд би караокены бармен буюу Отгонбаяр буюу Отгоогоос юу болсон талаар асуухад наад хоёр чинь өрөө рүү нь орох гээд байна. Бас өрөөнд нь нэг хүн байгаа тэрийг нь гарга гэхээр нь би караоке баарны 3 номерын өрөөнд сууж байсан Мантуу гэх хочтой бүтэн нэрийг нь мэдэхгүй залууг өрөөнөөс нь гар гэж хэлчихээд би өөрөө буцаад гадаа гартал Батаа буюу Бат- Эрдэнэ нь ШТС-ийн түгээгч залуугийн дээр нь гараад хоолойг нь боогоод дээр нь сандайлаад суусан байсан. Нөгөө залуугийн хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Харин Батаа буюу Бат-Эрдэнийн баруун гар нь битүү цус болсон байсан. Тэгээд би очоод больцгоо гээд салгасан. Тухайн үед орос хочтой Бат-Эрдэнэ нөгөө ШТС-ийн түгээгч залууг өшиглөх гэхээр нь би салгаад Бат-Эрдэнийг цааш түлхэх явцад Батаа буюу Бат-Эрдэнэ нь нөгөө залууг гараараа хэд хэдэн удаа толгойн тус газар руу нь цохисон. Тэгээд би нөгөө хоёрыг хоёуланг нь босгоод салгасан. Тэгтэл нөгөө ШТС-ын залуу миний хамар хугарсан байна гээд Батаа руу дайрсан. Тэгэхээр нь би дахиад салгаад түлхсэн чинь орос хочтой Бат-Эрдэнэ дахиад голоор нь орж ирээд цохих гээд байхаар нь би орос хочтой Бат-Эрдэнийг хорьсон. Тэр хооронд ШТС-ийн залуу Батаа буюу Бат-Эрдэнийг нэг удаа тийрч унагасан. Тэгээд би буцаад нөгөө залууг тэвэрч аваад хориод байж байтал цагдаа ирсэн. Батаа Бат-Эрдэнийн биед болон нүүрэнд гэмтэл шарх харагдаагүй. Гар нь цус болсон байсан. Харин ШТС-ийн түгээгч залууд нэг удаа тийрүүлээд унаад босож ирэхдээ чи намайг цохисон гээд гартаа наалдсан цусаар нүүр амаа арчаад байсан. Өсөхбаяр нь орос хочтой Бат-Эрдэнэ гэх хүнийг цохиж зодсон асуудал байхгүй. Харин Бат-Эрдэнэ Өсөхбаярыг өшиглөх гэхээр нь би салгасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

 

Гэрч Ж.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2022 оны 10 дугаар сарын 28-нд 19 цагийн орчим ШТС-ийн түгээгч залуу ганцаараа орж ирээд 2 цаг дуулсан. Дараа нь дахиад нэг цаг аваад эхнэртэйгээ хамт дуулсан. Тэгээд байж байтал эхнэр нь эхлээд гараад явсан. Дараа нь нөгөө ШТС-ийн түгээгч буюу Өсөхбаяр гараад явсан тэгээд 20 орчим минутын дараа орж ирэхдээ Мантуу хочтой Баттүвшин гэдэг байхаа нэг залуутай хамт орж ирсэн. Тэгээд байж байтал гаднаас орос хочтой Бат-Эрдэнэ, Нүдлээ эгчийн нөхөр Бат-Эрдэнэ нар гаднаас орж ирээд Өсөхбаярын сууж байсан өрөө рүү нь орох гэтэл Өсөхбаяр нь оруулахгүй гээд хаалга алдлаад оруулахгүй гэсэн. Тэгтэл нөгөө хоёр нь манай хүн орсон байна бид хоёр хамт орчихоё гээд Нүдлээ эгчийн нөхөр Бат- Эрдэнэ нь Өсөхбаярыг мөрлөсөн. Тэгтэл Өсөхбаяр нь чи намайг мөрлөдөг хэн бэ гээд гарчихая гээд тэд нар хамт караоке баарнаас гарсан. Тэгээд би араас нь гарсан чинь Нүдлээ эгчийн нөхөр Бат-Эрдэнэ нь Өсөхбаярын дээр нь сандаалаад суучихсан гараараа цохиж байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгөх гээд ажил руугаа буцаад орсон. Тэгээд байж байтал Мөнхсайхан гаднаас орж ирээд нөгөө зодолдож байсан хүмүүсийг салгасан. Тэгээд би цагдаад дуудлага өгчихөөд гараад хартал Өсөхбаярын хамарнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/

 

            Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 сарын 18-ны өдрийн “1. Э.Өсөхбаярын биед хамар ясны хугарал, баруун ташаа орчим зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, дух эрүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдийн хамар ясны хугарал гэмтэл "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун ташаа орчим зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, дух эрүүнд зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд "Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинээр илэрсэн зүйлгүй болно.” гэсэн 04/227 тоот дүгнэлт /хх-ийн 41-42/

Шүүгдэгч ЕН79060311 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67/

 

Шүүгдэгч******* нь урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, оршин суух хаягийн тодорхойлолт  /хх-ийн 72/

 

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 сарын 29-ний өдрийн 19/66 тоот албан бичиг, түүнд хавсаргасан Эрдэнэбилэгийн Өсөхбаярт /РД:ЛЮ02270630/ эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсэний зардал 204,000 төгрөгийн зардлын лавлагаа /хх-ийн 82-83/

Гэрч А.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Дорноговь аймгийн Өргөн сумын нэг бааранд  орой 20 цагийн орчим*******тэй хамт орсон. Ороход /Мантуу / Амартүвшин гэдэг байх сайн мэдэхгүй байна/ байж байсан, тэгээд бид хоёрыг караокены өрөөнд ороод ир гэхээр нь  орох гэсэн чинь******* бид хоёрыг нэг залуу гар гээд хөөгөөд  байсан. Тэгээд******* бид хоёр гарах гээд эргээд явж байхад хойноос  тэр залуу /Өсөхбаяр/ Б.Бат-Эрдэний хойноос цохих шиг болсон. Яг хаашаа цохисныг сайн мэдэхгүй байна, би урд нь явж байсан юм. Тэгтэл Мантуу гарч ирээд Бат-Эрдэнийг боль гээд хойноос нь доошоо дарсан. Тэгээд цааш нь юу болсныг би сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85/

 

Иргэний нэхэмжлэгч Э.Болорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн гэмт хэргийн улмаас хохирсон иргэд нь Эрүүл мэндийн сангаас 204,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн сангаас 204,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч*******эс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103/  

Прокурорын 2022 оны 12 сарын 21-ний өдрийн “ хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоолын хуулбар  /хх-ийн 112/

Эрдэнэбилэгийн Өсөхбаярыг эрэн сурвалжлах тухай баримт /хх-ийн 105-106/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар  сарын 28-ны оройны 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэлт ивээлт түшиг” караокед хохирогч Э.Өсөхбаярийг “өрөө рүү оруулсангүй” гэх шатгааны улмаас  маргалдаж улмаар  караокены гадаа гарцгааж, хохирогчийг газарт унагаан нүүр тус газарт хэд, хэдэн удаа гараараа  цохиж биед нь хамар ясны хугарал, баруун ташаа орчим зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, дух эрүүнд зулгаралт, баруун нүдний доод зовхинд  цус хуралт, дух эрүүнд  зулгаралт гэмтэл бүхий  гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

 

Хохирогч Э.Өсөхбаярын эрүүл мэндэд учирсан дээрх гэмтлээс “хамар ясны хугарал” бүхий гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар “ хөнгөн” зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн хошууч П.Гаваасүрэн нь 2022 оны 11 сарын 18-ны өдөр 04/227тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Э.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч З.Мөнхсайхан, Ж.Отгонбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 04/227 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирлын хувьд:

Шүүгдэгч******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хохирогч Э.Өсөхбаяр нь мөрдөн шалгах ажиллагаанд “...эмчилгээний төлбөр гаргуулан авмаар байна. Мөн сэтгэл санааны хохиролтой байна” гэж мэдүүлсэн боловч энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Тэрээр энэ гэмт хэргийн улмаас өөрийн  мэндэд учирсан гэмтлийг эмчлэхтэй холбогдсон зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй юм.

 

Түүнчлэн хохирогч Э.Өсөхбаяр нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өргөн сумын эрүүл мэндийн төвөөс, 2022 оны 10 сарын 29-ний  өдөр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгаас эмчилгээ үйлчилгээ авсан байх ба тухайн үед 204,000 төгрөгийн зардал гарсан нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 сарын 29-ний өдрийн 19/66 тоот албан бичиг, түүнд хавсаргасан Эрдэнэбилэгийн Өсөхбаярын эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсэний зардал 204,000 төгрөгийн зардлын лавлагаа /хх-ийн 82-83/ зэргээр хэрэгт тогтоогдож байх тул шүүгдэгчээс 204,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

            Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Улсын яллагч нь “ үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “ Эрүүл мэндийн даатгалын хэлтэст учруулсан хохирлыг шүүх хурлын дараа төлнө, хохирогч Э.Өсөхбаяр нь хохирол нэхэмжилсэн тохиолдолд төлөхөө илэрхийлж байгаа, хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж, 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт******* Бат-Эрдэнэ-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч******* Бат-Эрдэнийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн  мэндэд учирсан гэмтлийг эмчлэхтэй холбогдсон зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус, тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч*******эс гэм хорын хохиролд 204,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст /Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд шилжүүлэх/ олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч******* нь 500,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                                                                                                            

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД