Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 01 өдөр                 Дугаар 153/ШШ2019/00141             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багт оршин суух, тоот регистрийн дугаартай, Сартуул овогт Мангалын Гийн хүсэлттэй хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Мангалын г нь 1958 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 1974 онд сургууль төгсөөд эцэг эхийнхээ хамт мал маллаж байгаад 1982 онд гэр бүл болоод түүнээс хойш тус сумын нэгдүгээр бригадад гэр бүлийнхээ хамт 1990 оныг дуустал мал маллаж байсан. 1995 онд биеийн эрүүл мэнд муудаж даралт харвасны улмаас группэд орсон. Одоо хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд намайг 1974 оноос 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч М.Г шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний шүүхэд гаргаж өгсөн хөдөлмөрийн дэвтрийн нэр зөрүүтэй байгаа тул тус хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч М.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намсрай шүүхэд  гаргасан хүсэлтдээ: М.Г нь ам бүл, эцэг, эх, дүү нарын хамт хүүхэд байхаасаа мал маллаж амьдарч байсан. М.Г нь 1974 онд илгээлтээр гарч мал маллаж байгаад 1980 онд Баян-Өлгий аймгийн цэргийн ангид алба хааж 1982 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн мал маллаж байгаад эхнэр авч өрх тусгаарласан. М.Гт эцэг эх нь “Гансүх” гэдэг нэр өгсөн боловч хүүхэд байх үеэс нь бие нь өвддөг байсан тул ламаас асуухад нэр нь тохирохгүй байна гэсэн учир “Гансүх”-ийг “Г” болгож өөрчлүүлсэн. М.Г нь М.Гансүх гэдэг нэртэй байсан учир зарим бичиг баримт нь М.Гансүх гэдэг нэрээр бичигдсэн байна. Мөн М.Гийг хүүхэд байхад нь эцэг, эх, ах дүү, нутгийн хүмүүс “Ган” гэж дууддаг байсан тул тухайн үеийн зарим 70 дугаар дансыг “Ган” гэж дууддаг нэрээр нь бичсэн байна. М.Гийн хөдөлмөрийн дэвтрийг Н.Очирбат гэдэг өмгөөлөгчид өгсөн боловч тухайн өмгөөлөгч Солонгос улс руу явсан тул хөдөлмөрийн дэвтрээ өөрийн эцэг Нүрзээд үлдээсэн гэж хэлсэн учир Нүрзээгээс хөдөлмөрийн дэвтрийг нь авах гэтэл Улаанбаатар хот руу эмчилгээнд явж байна гээд хөдөлмөрийн дэвтрийг нь авч чадаагүй. М.Гийн хөдөлмөрийн дэвтэр нь М.Гансүх гэдэг нэрээр бичигдсэн байгаа боловч М.Гансүх гэдэг нь М.Гийн анхны нэр юм. М.Г нь Мангал гэдэг хүний ганц хүү бөгөөд М.Г нь өргөмөл нэг дүүтэй бөгөөд дүү М.Ганхөлөг нь Ховд аймгийн Чандмань суманд одоог хүртэл мал маллаж амьдарч байгаа. М.Г эцэг эх хоёр нь ганц хүү төрүүлсэн бөгөөд тэр хүү нь М.Гюм. М. нь 1995 онд даралт харваж одоо биеийн байдал тааруухан асаргаанд байгаа. М.Гнь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдаагүй бөгөөд грүпд байдаг тул одоо тэтгэвэрт гарахаар шүүхэд хандсан. М.Гнь насаараа мал маллаж амьдарч байгаа бөгөөд одоо түүний эхнэр нь малаа хариулж М.Г асарч байгаа. М.Г нь хүний хэлсэн ярьсан зүйлийг ойлгох боловч ярьж чадахгүй байгаа тул Б.Намсрай би итгэмжлэл хийлгэсэн болов миний хань хорт хавдар тусч Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Одоо миний нөхрийн бие муу байгаа тул би байнга хажууд нь сахиж байгаа тул М. Гийн ажилласан жил тогтоолгох тухай шүүх хуралдаанд очих боломжгүй байна. Иймд надгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Гнь 1974 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1980 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох, 1974-1977 оныг дуустал, 1983 оны 9-11 дүгээр сарын бичилттэй 823 дугаартай Мангалын Гансүхийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаа нотлохоор дараах баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг бригадын 1974-1977, 1980-1987, 1989 оны Мангал, Гана, Г нарын нэр дээрх 70-р дансны хуулбар,

-М.Гийн нэр дээрх 1983 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Баярын бичиг, 1985 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Баярын бичиг, 1982 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Баярын бичиг, 1982 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Баярын бичиг,

-1974-1977 оныг дуустал, 1983 оны 9-11 дүгээр сарын бичилттэй 823 дугаартай Мангалын Гансүхийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-М.Гийн нэр дээрх 1981 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 05/363 дугаартай Архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн “Төрөл садангийн тухай лавлагаа”,

-Гэрч Д.Нүрзээгийн шүүхэд өгсөн “...М.Г бид хоёр нэг нутаг ус, нэг голын хүмүүс. 1974 онд М.Г 7-р анги төгсөөд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд илгээлтээр гарсан. Тэгээд цэрэгт яваад халагдаж ирээд Шинэ зам нэгдэлдээ малчнаар ажилласан. Тэрээр 1992 оны өмч хувьчлалын дараа Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант алтай ХХК-д малчнаар 1994 оныг дуустал ажилласан. Харин би 1977-1988 оныг хүртэл Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчин, тоо бүртгэгч, нягтланаар ажиллаж байгаад Чандмань сумын Нийгмийн даатгалд байцаагчаар ажилласан. Ийм учраас М.гийг сайн мэднэ. Түүний аавыг Мангал, ээжийг нь Дуламсүрэн гэдэг байсан. М.Гийг бид Ганаа гэж дууддаг байсан. Мангалынх хоёр хүүхэдтэй байсан бөгөөд Гийн эгч Оюужав нь нэлээн эрт нас барсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Лхагвадоржийн шүүхэд өгсөн “...М.Г нь 1958 онд төрсөн, Мангалын ганц хүү юм. Тэрээр 1974 онд 7-р анги төгсөөд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар 1994 он хүртэл ажилласан. Би 1978-1992 он хүртэл Чандмань сумын Талын булаг бригадад тоо бүртгэгч хийж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч М.Гийг бага байхад нь “Гансүх” гэдэг байсан болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намсрайгийн шүүхэд гаргасан “...М.Гт эцэг эх нь “Гансүх” гэдэг нэр өгсөн боловч хүүхэд байх үеэс нь бие нь өвддөг байсан тул ламаас асуухад нэр нь тохирохгүй байна гэсэн учир “Гансүх”-ийг “Г” болгож өөрчлүүлсэн. М.Г нь М.Гансүх гэдэг нэртэй байсан учир зарим бичиг баримт нь М.Гансүх гэдэг нэрээр бичигдсэн байна. Мөн М.Гийг хүүхэд байхад нь эцэг, эх, ах дүү, нутгийн хүмүүс “Ган” гэж дууддаг байсан тул тухайн үеийн зарим 70 дугаар дансыг “Ган” гэж дууддаг нэрээр нь бичсэн байна” гэх хүсэлт, гэрч Д.Нүрзээгийн шүүхэд өгсөн “...М.Г бид хоёр нэг нутаг ус, нэг голын хүмүүс. М.Гийг бид Ганаа гэж дууддаг байсан. Мангалынх хоёр хүүхэдтэй байсан бөгөөд Гийн эгч Оюужав нь нэлээн эрт нас барсан” гэх мэдүүлэгээр нотлогдож байна.

Мөн 1974-1977 оныг дуустал, 1983 оны 9-11 дүгээр сарын бичилттэй 823 дугаартай Мангалын Гансүхийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн төрсөн он 1958, боловсрол үгүй гэх бичвэр нь Мангалын Гийн төрсөн онтой таарч байна. Иймд 1974-1977 оныг дуустал, 1983 оны 9-11 дүгээр сарын бичилттэй 823 дугаартай Мангалын Гансүхийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Мангалын Г мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Тэрээр 1974 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1980 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дээрх баримтууд болон Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг бригадын 1974-1977, 1980-1987, 1989 оны 70-р дансны хуулбараар нотлогдож байх тул түүний шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1974-1977 оныг дуустал, 1983 оны 9-11 дүгээр сарын бичилттэй 823 дугаартай Мангалын Гансүхийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь ПН58071313 тоот регистрийн дугаартай, Сартуул овогт Мангалын Г мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПН58071313 тоот регистрийн дугаартай, Сартуул овогт Мангалын Гийн 1974 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1980 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж  байсан байдлыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА