| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0551/З |
| Дугаар | 221/МА2025/0017 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2025/0017
П.Г-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц
Нэхэмжлэлийн шаардлага: “...П.Г-с 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0000 дугаартай “Арилжааны гэрээ”-ний дагуу П.Г-н өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000000000 , 000000000 дугаартай, У, Б, 7 дугаар хороо, гудамж, тоот хаягтай давхар барилгын давхарт байрлах м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Г-н өмчлөлд шилжүүлэхдээ 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө гэж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 804 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Гуравдагч этгээд Д.Г
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д
Хэргийн индекс: 128/2024/0551/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Г нь “...2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0000 дугаартай “Арилжааны гэрээ”-ний дагуу П.Г-н өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000000000 , 000000000 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, … дугаар хороо, гудамж, тоот хаягтай давхар барилгын давхарт байрлах м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Г-н өмчлөлд шилжүүлэхдээ 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө гэж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 804 дүгээр шийдвэрээр: “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Г-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн хуулийн 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж тус тус заасны дагуу шүүх уг гэрээний үндэслэл болсон П.Г-н емчлөлийн 80% гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалтай, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үнэлж дүгнэлгүй зөвхөн арилжааны гэрээний заалтыг дүгнэсэнд гомдолтой байна ... Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд П.Г нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Гэтэл захиргааны хэргийн шүүхээс хуулийн хүчин төгөлдөр бус шийдвэрт үндэслэн дүгнэлт гаргаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Харин ч Улсын дээд шүүхийн тогтоолоор улсын бүртгэл үнэн зөв бүртгэсэн эсэх талаар нэхэмжлэгчийн маргаж байгаа асуудлыг тодруулахаар буцааж шийдвэрлэсэн болно.
3.2. Тус шүүхэд нэхэмжлэгч нь уг үл хөдлөх эд хөрөнгөд хэн, хэзээ хөрөнгө оруулалт хийсэн эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр гомдол гаргаагүй. Улсын бүртгэлийн байгууллага П.Г-н өмчлөлийн 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Г-н өмчлөлд бүртгэхдээ 100 хувийн гүйцэтгэлтэй гэж буруу бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хэрэгт ач холбогдолгүй асуудлын талаар дүгнэлт гаргасан ... Өөрөөр хэлбэл хариуцагчийн ... үл хөдлөх хөрөнгө нь анх бүртгэлд 80 хувийн гүйцэтгэлтэй гэж бүртгэгдсэн, улсын комисс барилгыг бүхэлд нь хүлээн аваагүй тохиолдолд уг барилга бүрэн гүйцэтгэлтэй гэж бүртгэлд өөрчлөлт оруулахгүй гэж тайлбарлаж байгаагаас дүгнэхэд Улсын комисс барилгыг хүлээж аваагүй тохиолдолд 100 хувийн гүйцэтгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээ гарах боломжгүйг хүлээн зөвшөөрснийг шүүх анхаараагүй.
3.3. … Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Иргэний хуулийн 183.3-т заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж” үзсэн этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу, ташаа хийсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно ” гэж заасны дагуу улсын бүртгэгч нь Арилжааны гэрээний үндэслэл болсон талуудын хоорондоо солилцож буй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний мэдээллийг шалгаж, баталгаажуулаагүй, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг, 100 хувийн гүйцэтгэлтэй гэж гэрчилгээ гаргасан нь илт байхад шүүхээс уүнийг дүгнэлгүй өмчлөгч биш П.Г нь Д.Г-н өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардах эрхгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна ... улсын бүртгэлийн байгууллага 100 хувийн гүйцэтгэлтэй гэж бүртгэл хийхийн тулд ямар баримт бичигт үндэслэж гэрчилгээг гаргаж өгөх эсэх тал дээр огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.
3.4. Өөрөөр хэлбэл барилгын гүйцэтгэл 100 хувиас бага гүйцэтгэлтэй тохиолдолд гүйцэтгэлийн хувийг улсын бүртгэлийн гэрчилгээ дээр тэмдэглэдэг талаар хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан атал шүүхээс барилгын гүйцэтгэлийн хэмжээний талаар бичилт хийгээгүй нь уг хөрөнгийг 100 хувийн гүйцэтгэлтэй барилга гэсэн бүртгэл биш болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй, нотлох баримтыг харьцуулан үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн дүгнээгүйгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гараагүй гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn гэх албан ёсны цахим хуудас дээр “Шинээр баригдсан орон сууц, оффис, үйлчилгээ, автозогсоол зэрэг нийтийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэх”-д бүрдүүлэх ёстой баримт бичгийн жагсаалтыг дурдсан байдаг. Үүнд “Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын коммисын дүгнэлт”-ийн хуулбарыг зайлшгүй хавсаргах ёстой байхаар дурдсан. Гэтэл улсын коммисын дүгнэлт гараагүй, 100 хувийн гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээг гаргуулах ямар ч мэдүүлэг, хүсэлт, шаардлагатай баримт бичиг, нотлох баримтыг улсын бүрггэлийн байгууллагад гарган өгөөгүй байхад Д.Г ын нэр дээр 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн.
3.5. Улсын бүртгэгч мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн үнэн зөвийг нягталж авах үүрэгтэй бөгөөд хэрэв зөрүүтэй байвал буцааж болох байтал буцаагаагүй мэдүүлгийг хүлээн авч, гэрчилгээг гаргаж өгөхдөө гүйцэтгэлийн хувийг бичилгүй орхигдуулсан. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа өмчлөх эрхийн гэрчилгээг шилжуүлэн буртгэсэн улсын бүртгэгч гэрчилгээг хэвлэхдээ гуйцэтгэлийн хувийг орхигдуулсан байна" гэж өөрсдийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүх шаардлагатай нотлох баримтыг үнэлэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.
3.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 804 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч П.Г нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0000 дугаартай “Арилжааны гэрээ”-ний дагуу П.Г-н өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000000000 , 000000000 дугаартай, У, Б дүүрэг, 0 дугаар хороо, Б гудамж, 00 тоот хаягтай 0 давхар барилгын 0 давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Г ын өмчлөлд шилжүүлэхдээ 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө гэж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гарган маргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 0000000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаар магадлалаар Өмчлөх эрхийн 000000000 дугаар бүхий гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Г нь хариуцагч нарын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлсээ чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнээд уг хөрөнгийг П.Г , П.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэжээ. 00000 дугаар магадлалын хянавал хэсгийн 3.2-т “Дээрх гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг Д.Г ын нэр дээр тус тус шилжүүлсэн болох нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгогдсон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. Энэ талаар зохигчид маргаагүй гэж дүгнэснээс үзвэл тухайн иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал гарах үед улсын бүртгэлээр маргаж байгаагүй болох нь тогтоогдлоо ... Хуулийн дээрх заалтын дагуу Д.Г од өмчлөх эрх шилжсэнийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж, 00000000 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Д.Г од олгосноор уг хөрөнгийн өмчлөх эрх нь Д.Г од үүссэн байгаа тул өмчлөгч биш П.Г-с Д.Г ын өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардах эрх байхгүй байна. Хуульд зааснаар П.Г нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх үедээ үл хөдлөх хөрөнгийг 80 хувийн гүйцэтгэлтэй талаарх урьдчилсан тэмдэглэлийг хийлгэсэн байсан боловч П.Г-н энэ урьдчилсан тэмдэглэл нь, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасны дагуу Д.Г нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаар дуусгавар болохоор хуульд зааснаас гадна эрх шилжсэнээр ийм тэмдэглэлийг хийлгэх хүсэлтийг өмчлөгч Д.Г гарах эрхтэй бөгөөд түүний зүгээс бүртгэлд ийм тэмдэглэл хийлгээгүйг хууль бус гэж үзэх үндэслэл нотлогдсонгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
2.3. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн байх тул хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаар шийдвэрээр “... Д.Г ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Y-000000000 дугаарт бүртгэгдсэн Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар гудамж, 00 тоот байр 0 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг П.Г, П.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэж”, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дүгээр магадлалаар өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
2.5. Улмаар Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Д.Г ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон нь нийтэд илэрхий байхад хуулийн хүчин төгөлдөр болоогүй шүүхийн шийдвэрийг үндэслэн шууд “Дээрх гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг Д.Г ын нэр дээр тус тус шилжүүлсэн болох нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгогдсон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. Энэ талаар зохигчид маргаагүй” гэж дүгнэснээс үзвэл тухайн иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал гарах үед улсын бүртгэлээр маргаж байгаагүй болох нь тогтоогдлоо” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд энэ талаар тодруулах ажиллагаа хийсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
2.6. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... захиргааны хэргийн шүүхээс хуулийн хүчин төгөлдөр бус шийдвэрт үндэслэн дүгнэлт гаргаж байгаа нь хууль зөрчсөн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.
2.7. Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагад бүрэн дүүрэн дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн ...” гэх үндэслэлд хамаарч байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс “улсын бүртгэгч нь улсын бүртгэлийн гэрчилгээний мэдээллийг шалгаж, баталгаажуулаагүй 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг, 100 хувийн гүйцэтгэлтэй гэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж, 800 сая төгрөгөөр хохирох хэмжээний асуудал байгаа тул эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт өгч шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.
2.8. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж дурдсан ажиллагааг явуулж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 804 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ