Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 278

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч С.Ариунболд түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгч Б.Дөлгөөн, Ш.Анхбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Агваандорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Сутай овогт Сүхбаатарын Ариунболд, Боржигон овогт Батболдын Дөлгөөн, Гахыхан овогт Шагдарсүрэнгийн Анхбаяр нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625010105 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Гахыхан овогт Шагдарсүрэнгийн Анхбаяр, 1996 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 45-21 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, УП96090554 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Батболдын Дөлгөөн, 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн  хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дугаар хороо, 21 дүгээр хорооллын 3-60-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, УШ94112836 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Сутай овогт Сүхбаатарын Ариунболд, 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошуу 39-14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1159 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж шийдвэрлэсэн, УП89051094 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Ш.Анхбаяр, М.Дөлгөөн, С.Ариунболд нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 12 дугаар сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холидэй” зочид буудлын гадна байсан иргэн А.Дэлгэрсайханы эзэмшлийн 88-28 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилийг хагалж халтар манан хөөрөг, жижиг гарын мөнгөн аяга, цүнх, бэлтгэлийн хувцас зэргийг хулгайлж бусдад 6.000.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Ш.Анхбаяр М.Дөлгөөн нар нь давтан үйлдлээр бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав хотхоны 103 тоот байрны доод зогсоолд байсан иргэн И.Ёндонсамбуугийн эзэмшлийн 01-99 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилийг хагалж 210.000 мянган төгрөгийн эд зүйл хулгайлсан,

мөн иргэн О.Эрдэнэсайханы эзэмшлийн 70-02 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилийг хагалж дотор нь байсан “Ленова” маркийн нөүтбүүк, хар цүнх зэргийг хулгайлж бусдад 520.000 мянган төгрөгийн хохирол  тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Дөлгөөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Ариунболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

Хохирогч И.Ёндонсамбуу мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 07 цаг 10 минутын үед гражид орж машинаа гаргах гээд ороход миний эзэмшлийн 01-99 УНД улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хаалганы цонх хагарсан байдалтай байхаар нь шууд гараад жижүүр Мөнхбаатар гэх залууг дуудаж цагдаад дуудлага өгсөн. Миний машины урд талын хайрцганд байсан хайрцаг  дотроос шар цэнхэр өнгийн тус тусдаа боосон байсан 80.000 төгрөг алдагдсан байсан би машиныхаа хагарсан цонхыг 250.000 төгрөгөөр хийлгүүлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-28/,

Хохирогч О.Эрдэнэсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би өөрийн эзэмшлийн 70-02 УБЭ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг гадуур унаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав хотхоны доод талын 103 дугаар байрны 1 номерийн зогсоол дээр машинаа орой байрлуулж тавиад гэр рүүгээ орсон, би маргааш өглөө нь 04 цагийн үед гадаад улс руу явсан. Гадаадад байх хугацаанд манай гэрийнхэн утасдаж 2016 оны 11 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө чиний машины цонхыг хагалж хулгай орсон байна гэж хэлсэн, 12 дугаар сарын 10-ны өдөр ирэхэд манай гэрийнхэн миний машиныг авч яваад 140.000 төгрөгөөр хагалсан цонхыг нь хийлгэсэн байсан,  автомашин доторх эд зүйлийг бүртгэж үзэхэд хар өнгийн цүнхтэй Ленова маркийн нөүтбүүк алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг. /хх 31/

Хохирогч А.Дэлгэрсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би 2015 оны 12 дугаар сарын 26-ны шөнийн 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холидэй” нэртэй буудалд орж амарсан бөгөөд өглөө 11 цагийн үед буудлын жижүүр нь машины чинь баруун талын цонхыг хагалсан байна гэж надад хэлсэн бөгөөд би гараад харахад миний 88-28 УНБ улсын дугаартай цагаан өнгийн Ланд 100 маркийн автомашины жолоочийн хойд талын салхины шилийг хагалан хулгай орсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...миний машинд байсан улбар шар өнгийн даалинтай, шүрэн толгойтой, алтан нуухтай, мөнгөн халбагатай халтар манан хөөргийг би 4 сая төгрөгөөр үнэлнэ. Мөн бор шар өнгөтэй, жижиг гарын мөнгөн аяга 150.000 төгрөг, хар цүнхтэй бэлтгэлийн хувцас 100.000 төгрөг, найк фермийн улбар шар өнгийн алаг, эрээн 41 размерийн пүүз 280.000 төгрөг, мөн хагалсан цонхоо 150.000 төгрөгөөр шиллэсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-79/

Гэрч Б.Халиун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…би 2001 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн нэгдүгээр ангид ороход Дөлгөөн манай ангид надтай хамт сурч эхэлсэн. Бид 2 арван жилийн нэг ангийн хүүхдүүд, Дөлгөөн арван жилд сурч байхдаа нийтэч урлаг спортоор ангийн хүүхдүүдээ манлайлдаг сурагч байсан. Ахуй амьдралын хувьд багаасаа өвөө болон ээжийнхээ дүүтэй хамт амьдардаг, ээж нь бага байхаас нь Солонгос улсад байдаг. Би Дөлгөөнтэй 2011 оноос хойш үерхэж байгаад дундаасаа Номуун-Үжин гэдэг охинтой болсон бид гурав манай гэрт хамт  амьдардаг. Дөлгөөн Шинжлэх ухаан техникийн их сургуулийн уул уурхайн ангид сурч байгаад хүүхэд төрөхөд надтай хамт сургуулиасаа гарсан. 2013 онд Оргил худалдааны төвд цахилгаанчнаар ажиллаж байгаад гарчихсан, хааяа манай хиамны цехээр ирж ажилладаг. Ийм хэрэгт холбогдсон талаар би мэдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-34/,

Гэрч С.Энхболд  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Ш.Анхбаярын аав нь салаад явчихсан, төрүүлсэн ээж Төгсбаярын хамтаар сүүлийн 6-7 жил хамт амьдарч байгаа, ээж нь өрх толгойлсон эмэгтэй гэр орноо авч явдаг. Ээж нь одоогийн байдлаар 8 нэрийн дэлгүүрт хөлсөөр ажилладаг. Ш.Анхбаяр нь багадаа хүний үгэнд их сайн ордог, их аймхай хүүхэд байсан, харин сүүлд ийм хэрэгт оролцох болсон, зан байдлын хувьд багаасаа даруухан байсан боловч айлын ганц хүүхэд болохоор эрх дураараа өссөн байж магадгүй. Ш.Анхбаярт эхнэр хүүхэд байхгүй одоогийн байдлаар ээжийнхээ хамт амьдардаг...” гэсэн мэдүүлэг. /хх 35/,

Гэрч Б.Энхцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав хотхоны 103-104 дүгээр байрны голд жижиг харуулын байранд би Л.Мөнхбаатар гэдэг хүний хамтаар гарсан, бид 2 байж байхад 31-ний өглөөний 05-06 цагийн үед надтай хамт гарч байсан. Мөнхбаатар байрнууд шалгах гээд явсан хойгуур саарал өнгийн гранд марк-2 52-55 УНТ улсын дугаартай машин ирж зогсоод жолооч нь гээд махлагдуу биетэй залуу гарч ирээд 103 дугаар байрны нэг оршин суугчийг асуугаад эд нар гэр орондоо байгаа болов уу хэдэн цагт гарч ирэх бол надаас машин худалдаж авч байсан юм, надад өртэй гээд яриад байсан. Тэр залуу нилээн их юм ярьж байсан бөгөөд дараа нь бодоод байхад намайг саатуулаад байсан юм байна лээ, тэр машины жолооч надтай юм ярьж байгаад явсаны дараа 103 дугаар байрны оршин суугч ирээд миний машины цонхыг хагалсан байна гэсэн зүйлийг хэлсэн тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг. /хх-38/

Яллагдагч Б.Дөлгөөн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр халтуур хийгээд явж байтал урьд нь танилцаж байсан Анхбаяр над руу залгахаар нь халтууранд явж байна гэхэд хамт явъя гээд би 21 дүгээр хорооллоос очиж авсан, тэндээс хүн аваад гадуур нилээн явсан бөгөөд 30-наас 31-нд шилжих шөнө өглөөний 3 цагийн орчимд Минт баарнаас хүн гар өргөж байж магадгүй гээд Дүнжингарав хотхоны тэрүүгээр явж байтал надад мөнгө өгөөгүй хүний 90-79 гэсэн дугаартай үсгийг нь мэдэхгүй машин зогсож байхаар нь надад өртэй хүн байна жижүүрээс гэрийнх нь хаягыг асуугаадхая гээд жижүүрийн байр руу нь очиход эмэгтэй хүн байсан. Тэр хүнээс 90-79 дугаартай машиний эзнийг олоод өг гэхэд жагсаалтын дэвтрээ харсанаа манайд бүртгэл байхгүй байна гэсэн. Би буцаж очиж машиндаа суухад Анхбаяр нэгдүгээр орцны хаалгаар хар өнгийн цүнх үүрээд гарч ирсэн. Тэндээс машинтай хөдөлж гэр рүүгээ явцгаасан бөгөөд замдаа хар өнгийн цүнхийг онгойлгож үзэхэд Ленова маркийн нөүтбүүк, 2 ширхэг флаш, цэнэглэгч зэрэг эд зүйлс байсан. Би тэндээс гэр рүүгээ харилаа маргааш 10 цагт уулзая гээд нөүтбүүкийг аваад явсан. Маргааш өглөө нь надад өртэй хүн залгаад чи шөнө ирсэн байна, хүрээд ир цагдаа нар ирсэн байна гэхээр нь Анхбаяр руу залгаж тэндээс цагдаа нар залгаад байна очиж уулзая гээд Анхбаяртай хамт Дүнжингаравын тийшээ явсан. Замд явж байхад Анхбаяр нөүтбүүкээ аваад машинаас буугаад дуусаад залгаарай гэхээр нь үлдээгээд очиход цагдаа нар байсан, тэгээд намайг найз дээр чинь очъё гээд бид нар баригдсан...” гэсэн мэдүүлэг. /хх54-55/,

Яллагдагч Ш.Анхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дөлгөөн гэж урьд танилцаж байсан залуутай гар утсаар ярихад халтууранд явж байсан, тэгэхээр нь хамт явъя гээд утсаар ярьж байгаад 22 цагийн орчим 21 дүгээр хороололд уулзсан. Бид хоёр уулзаад нилээн олон хүн авч халтуур хийсэн. Тэгээд шөнийн 03 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүрэгт байрладаг Минт нэртэй баарны гадаа зогсож байгаад гэр рүүгээ явъя гээд тойроод гарахад Дүнжингарав хорооллын хажуугаар өнгөрч байхад хоёулаа ийшээ орж юм асууя гээд Дүнжингарав хороолол руу орсон, баруун талаас нь ороод хамгийн эхний байрны урд машинаа зогсоогоод Дөлгөөнөө ах манаачаас нь би тэр машины гэрийнх нь хаягыг асуугаадхая гэсэн. Тэгэхээр нь за за гээд юм ярьж байсан чинь Дөлгөөнөө ах энэ байрны доод талын гражид дан машин байдаг дотор нь харуул байхгүй гэсэн, тэгээд хоорондоо ярилцаж байгаад энэ доороос нэг машины цонх цохичоод явах уу гэхээр нь би санааг нь дэмжиж тэгье гэж хэлсэн. Тэгэхэд Дөлгөөнөө ах би манаачийг нь аргалж байя чи ор гэсэн бид хоёр машинаас зэрэг буухад Дөлгөөнөө ах манаачийн байр руу явсан. Тэр хооронд нь би граж руу орох

жижиг вакум цонх онгорхой байхаар нь тэр цонхоор орсон, тэгээд гражид ороход миний орсон цонхны хажуу талд 4 дүгээр дээр Ланд-200 маркийн машин байхаар нь жолоочийн эсрэг талын ард талын хаалганы цонхыг Дөлгөөнөө ахын машинаас авсан хар өнгийн отверкоор хөшиж цонхыг нь хагалаад уг цонхоор орсон. Машин дотор орж үзэхэд ямар нэгэн эд зүйл байхгүй урд талын татдаг хайрцгыг нээж үзэхэд хадганд мөнгө байсныг авсан. Би дараа нь 1 дугаартай зогсоол дээр цэнхэр өнгийн Лексус-470 маркийн машин байхаар нь мөн жолоочийн эсрэг талын хаалганы цонхыг хагалж ороод хар өнгөтэй цүнхтэй нөүтбүкийг авсан. Тэгээд бид хоёр тэндээс манай гэр рүү явсан бөгөөд би гэртээ орж унтсан хар цүнхтэй нөүтбүүкийг Дөлгөөнөө ах аваад явсан ба маргааш 10 цаг гэж уулзаад зарна гэж тохиролцож, маргааш нь Дөлгөөнөө ахын гадаа уулзсан тэгээд юу ч гэсэн Дүнжингарав худалдааны төв орьё гээд хамт явсан. Бид хоёр Дүнжингаравын гадаа ирэхэд чи байж бай гээд намайг Дөлгөөнөө ах үлдээсэн. Тэгээд эргээд ирэхдээ нэг цагдаа дагуулаад хүрээд ирсэн тэгээд баригдсан...” гэсэн мэдүүлэг. /хх57-58/,

 

Яллагдагч С.Ариунболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дөлгөөн гэж баз дүүгийн хамтаар явж байгаад 21 дүгээр хорооллын автобусны буудлын орчимд тамхи авах гэж явж байгаад Анхбаяр гэж залуутай тааралдсан. Анхбаяртай уулзахад Сансар ороод ирье гэхээр нь тэгье тэгье гэж хэлээд бид гурав Сансар үйлчилгээний төв орсон. Бид нар ирсэн чинь Анхбаярын уулзах хүн байхгүй байсан бөгөөд анхнаасаа л уулзах хүн байхгүй хулгай хийх гэж явсан юм шиг байна лээ. Бид нар тэндээс хойд талын уулзвараас ертөнцийн зүгээр зүүн тийшээ явахад Холидэй гэсэн зочид буудал байсан бөгөөд тэрний өмнө бид гурав машин дотроо гурвуулаа хулгай хийх үү гэхэд тэгье гэж тохиролцсон, тэгсэн хэн нь машины цонх хагалах уу, хуруудчих уу эсвэл та хагалах уу гэж Дөлгөөн, Анхбаяр хоёр хэлэхээр нь би өмнө нь тэнсэн харгалзах ялтай байгаа шоронд явахыг хүсэхгүй байна гэхэд Дөлгөөн би бас айгаад байна хагалж чадахгүй гэж хэлэхэд Анхбаяр машины цонх хагалж орохоор болсон юм. Бид нар Холидэй буудлын урд талд цагаан өнгийн 1 машин зогсоход Анхбаяр өөрт байсан отверкийг гаргаж ирээд би буучихаад ирье та хоёр байж байгаарай гэж хэлээд буусан. Анхбаяр цагаан машин дээр очоод цонхыг нь хагалсан бөгөөд тэгэхэд маш чанга пис гэсэн дуу гарахаар нь хөөе хөөе хүн гарч ирнэ боль боль гэхэд Дөлгөөн машины цонх онгойлгосноо хөөе хөөе гэж Анхбаярыг дуудахад Анхбаяр машин дотор орчихсон асаагуурын гэрэл асаасан юм үзээд л байсан. Анхбаяр үзэж байх хооронд Дөлгөөн бид хоёр машин асаагаад зам руу хөдөлж зогсоход хойноос Анхбаяр хар өнгийн цүнхтэй зүйл барьчихсан машинд орж ирсэн юм. Миний энэ өгч байгаа байцаалт бол цорын ганц үнэн нь юм, болсон зүйл гэвэл энэ л болсон. Үүнээс өөр зүйл болоогүй. Би өмнө нь яагаад худлаа мэдүүлэг өгч байсан гэхээр би 2014 онд тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн учраас энэ удаад хулгайн гэмт хэрэг үйлдсэн байвал ял аваад шоронд орчих юм болов уу гэж бодсон юм, тэгээд л худал мэдүүлэг өгсөн. Би өөрөө одоогийн байдлаар эхнэр хоёр хүүхдийн хамтаар амьдарч байгаа...Би Анхбаярыг дарамталж шахаж байцаалт өгүүлсэн зүйл байхгүй, өөрийнхөө амьдарлыг ярьж өмнө нь тэнсэн харгалзах ялтай байгаа дахин хэрэгт холбогдох юм бол шоронд явах байх эхнэр, хүүхэд хэцүүднэ гэж хэлсэн. Тэгээд Анхбаяр анх байцаалт өгөхдөө намайг яваагүй гэж хэлсэн байх. Би дарамталж, шахаж хулгай хийлгээгүй Анхбаяр, Дөлгөөн хоёр өөрсдөө нийлж хулгай хийдэг. Бид гурав хоорондоо хэн нь хийх үү гэж хүртэл ярьсан, Дөлгөөн мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх164-165/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх10-15/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх68-70/, эд зүйлийн үнэлгээ /хх-29/, эд зүйлийн үнэлгээ /хх-33/, эд зүйлийн үнэлгээ /хх-81/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24/, шинжээчийн дүгнэлт /хх-40, Б.Дөлгөөний ял шалгах хуудас /хх113-116/, С.Ариунболдын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх121-132/, шийтгэх тогтоол /хх-169/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ш.Анхбаяр, М.Дөлгөөн, С.Ариунболд нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 12 дугаар сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холидэй” зочид буудлын гадна байсан иргэн А.Дэлгэрсайханы эзэмшлийн 88-28 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилийг хагалж халтар манан хөөрөг, жижиг гарын мөнгөн аяга, цүнх, бэлтгэлийн хувцас зэргийг хулгайлж бусдад 6.000.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-мөн шүүгдэгч Ш.Анхбаяр М.Дөлгөөн нар нь давтан үйлдлээр бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав хотхоны 103 тоот байрны доод зогсоолд байсан иргэн И.Ёндонсамбуугийн эзэмшлийн 01-99 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилийг хагалж 210.000 мянган төгрөгний эд зүйл хулгайлсан,

-мөн иргэн О.Эрдэнэсайханы эзэмшлийн 70-02 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилийг хагалж дотор нь байсан “Ленова” маркийн нөүтбүүк, хар цүнх зэргийг хулгайлж бусдад 520.000 мянган төгрөгийн хохирол  тус тус учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С.Ариунболд, Ш.Анхбаяр, Б.Дөлгөөн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Гахынхан овогт Шагдарсүрэнгийн Анхбаярыг бусадтай бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

-Боржигон овогт Батболдын Дөлгөөн, Сутай овогт Сүхбаатарын Ариунболд нарыг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч А.Дэлгэрсайхан, И.Ёндонсамбуу, О.Дэлгэрсайхан нар нь шүүгдэгч нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй мөрдөн байцаалтад мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Ариунболд нь урьд ял шийтгүүлсэн байсан бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар өршөөсөн тул түүнийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Ариунболд, Ш.Анхбаяр, Б.Дөлгөөн нар нь хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 52-15 УНТ улсын дугаартай Тоёота Гранд Марк 2 маркийн автомашиныг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн болно.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч С.Ариунболд, Ш.Анхбаяр, Б.Дөлгөөн нараас эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нарын нэр дээр ямар нэгэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө байхгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гахынхан овогт Шагдарсүрэнгийн Анхбаярыг бусадтай бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

-Боржигон овогт Батболдын Дөлгөөн, Сутай овогт Сүхбаатарын Ариунболд нарыг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ш.Анхбаяр, Б.Дөлгөөн, С.Ариунболд нараас тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ш.Анхбаяр, Б.Дөлгөөн, С.Ариунболд нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ш.Анхбаяр, Б.Дөлгөөн, С.Ариунболд нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 52-15 УНТ улсын дугаартай Тоёота Гранд Марк-2 маркийн автомашиныг хурааж улсын орлого болгосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ш.Анхбаяр, Б.Дөлгөөн, С.Ариунболд нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.  
  5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Анхбаяр, Б.Дөлгөөн, С.Ариунболд нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР