Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0712

 

128/ШШ2021/0712

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо

Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид ЭХЗХ гэх/ нь Т  ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж /Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 50 МВт-ын хүчин чадалтай салхины эх үүсвэр/ барих 20/2015 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 526 дугаартай тогтоол гаргасан.

Засгийн газар, Улсын онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын Засгийн газар , Улсын онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж , хол хорионы хатуу дэглэм тогтоосон байсан цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ЭХЗХ -ны шийдвэрийг хожуу гардаж авсан.

Манай компани 2015 оны 07 дугаар сарын 07- ны өдөр Өмнөговь аймгийн Баян - Овоо сумын Могойт багийн нутагт Эрчим хүчний барилга байгууламж - 50 МВт -ын Салхин парк барих 20/2015 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос авсан бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 т заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох , түүнд нэмэлт , өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой асуудал нь Эрчим хүчний зохицуулах хороонд хамаарах тул хариуцагчийг тодруулж байна .

Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 - т заасны дагуу Эрчим хүчний яаманд 2021 оны 01 сарын 18-ны өдөр EZ/21-02 тоот албан бичгээр гомдол гаргасан боловч 2021 оны 01 сарын 29 - ний өдөр в/377 тоот албан бичгээр ... тус асуудалд Эрчим хүчний яамны зүгээс дүгнэлт хийх боломжгүй юм ... Эрчим хүчний хорооны ... бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр байна ... гэсэн хариу ирүүлсэн.

Эрчим хүчний зохицуулах хороо нь Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай " 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 526 дугаар тогтоол гаргахдаа " Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай 2020 оны 10 сарын 16-ны өдөр 487 дугаар тогтоолыг үндэслэсэн энэхүү тогтоолыг гаргахдаа Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай " 2019 оны 12 сарын 19-ний өдрийн 537 дугаар тогтоолыг үндэслэсэн бөгөөд хууль ёсны бус шийдвэрүүдийн улмаас " Т******* ХХК -ийн эрх , хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул дараах үндэслэл бүхий гомдол гаргаж байна .

Т******* ХХК нь эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах эрчим хүчний нөөцийн судалгааг Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутагт байрлах 80 метр өндөр хэмжилтийн станцаар тасралтгүй 12 сарын хугацаанд салхины судалгаа , тооцоог хийж , тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал , багийн иргэдийн Нийтийн Хурлаас салхин цахилгаан станц барих зориулалтаар газар эзэмшихийг дэмжүүлэн, Их луус " 50 МВт - ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийн ТЭЗҮ-г боловсруулж , Эрчим Хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэж, Байгаль орчин , аялал жуулчлалын яамаар хянуулах зэрэг шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр Эрчим хүчний зохицуулах хорооны 196 дугаар тогтоолоор Эрчим хүчний барилга байгууламж (Салхин цахилгаан станц-50 МВт ) барих 20/2015 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 2015 оны 07 дугаар сарын 07 - ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаатайгаар авсан.

Энэ хугацаанд Эрчим хүчний барилга байгууламж ( Салхин цахилгаан станц - 50 МВт ) барих ажлыг дуусгах гэсэн нөхцөл шаардлагыг биелүүлэхийг Эрчим

хүчний зохицуулах хорооноос үүрэг болгосон.

Тусгай зөвшөөрөл авснаас хойш Т******* ХХК нь цахилгаан үйлдвэрлэх тарифыг Эрчим хүчний зохицуулах хороогоор батлуулах , байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг "О******* " ХХК-аар хийлгэж , Байгаль орчин , ногоон хөгжил , аялал жуулчлалын яамаар батлуулах, шинэчилсэн Техник эдийн засгийн үнэлгээний дагуу салхин сэнсний газрын хэмжээг нэмэгдүүлэхээр төсөл сонгон шалгаруулалтад дахин оролцож , 1760 га газрыг авах , Төвийн бүсийн эрчим хүчний системд зэрэгцээ ажиллагааны үеийн горимын тооцоог Эрдэм шинжилгээ судалгааны эрчим төвөөр хийлгэн , дүгнэлт гаргуулж , д******* ХХК -ийн зөвшөөрлийг авах , БНХАУ - ын Hydrochino Corporation - тэй " Зураг төсөл ханган нийлүүлэлт , барилга угсралтын гэрээ " ( ЕРС )-г байгуулах, Эрчим хүчний яамнаас эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох Техникийн нөхцөл-ийг жилийн хугацаатай авах, Д******* ХХК -тай Эрчим хүчний яамнаас олгосон эрхийн дагуу СЭХ - 2017/12 дугаартай Эрчим хүч худалдах , худалдан авах гэрээ (PPA), хөрөнгө оруулалтын сан TBF International Group Inc-тай Хөрөнгө оруулалтын гэрээ, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨААТҮТ-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зэрэг ажлуудыг хийж, тасралтгүй ажиллан, гэрээний урьдчилгаа , төлбөр , ажлын хөлс , цалин , татвар зэрэгт нийт 1.5 сая ам.долларын зарцуулсан.

Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авснаар эрчим хүчний барилга угсралтын ажлыг шууд эхлүүлэх боломжгүй бөгөөд зөвхөн дээр дурдсан ажлуудыг шат дараалан хийх эрх үүсдэг.

Эрчим хүчний барилга, байгууламж барих төслийг 4 үе шат дамжин хэрэгждэгээс манай компани эхний 3-н шатны ажлуудыг амжилттай, бүрэн гүйцэтгэсэн боловч 4 дэх буюу Барилгыг ажил, үйлдвэрлэл эхлэх шатанд хамаарах ажилд шаардлагатай захиргааны байгууллагуудаас авах ёстой зөвшөөрөл, бичиг баримтуудыг авсаар байсан боловч бидний үйл ажиллагаанаас хамаарахгүй төрийн байгууллагын шийдвэр болон орон нутгийн засаг захиргааны байгууллагын үйл ажиллагааны удаашрал зэргээс хамаарч тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барилгын угсралтын ажил дуусаагүй.

Иймээс тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах зайлшгүй шаардлага бий болж, Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 -д заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийг сунгах анхны хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргасан.

Барилга угсралтын ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулах хугацаа хойшлоход нөлөөлсөн нөхцөл байдлуудаас зөвхөн Эрчим хүчний салбарын шийдвэртэй холбоотой үүссэн шалтгааныг дурдвал; Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д заасны дагуу Барилгын зөвшөөрөл авах хүсэлтэд Техникийн нөхцөл-ийг хавсаргахаар заасан.

Манай компани 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн EJ/18-11 тоотоор Эрчим хүчний яаманд Техникийн нөхцөл-ийг сунгуулах хүсэлтийг гаргасан боловч Эрчим хүчний сайдын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлийг үндэслэн Техникийн нөхцөл сунгах асуудлыг түр түдгэлзүүлсэн гэсэн шийдвэр хэлсэн.

Мөн бид 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн EJ/19-03 тоотоор "Техникийн нөхцөл" сунгуулах хүсэлтийг дахин Эрчим хүчний яаманд гаргасан боловч Эрчим хүчний сайдын зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны 08 дугаар тэмдэглэлийг үндэслэн ижил хариу өгсөн.

Гэтэл Эрчим хүчний яамны шийдвэрүүдийн дагуу аргагүйн эрхэнд 1.3 жил түр зогсолт хийж, үйл ажиллагаа явуулж чадаагүй байхад Эрчим хүчний зохицуулах хороо буруутган, барилгын угсралтын ажлаа эхлүүлээгүй, 4 жилийн хугацаанд нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй, хууль бусаар хүчингүй болгосон.

Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг огт харгалзан үзэлгүй, бидэнтэй биечлэн уулзаж, санал, мэдээлэл авалгүй, тайлбар, танилцуулга хийх боломж олголгүй, хуралд оролцуулалгүйгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хууль ёсны эрх ашгийг зөрчиж, хууль бус 537, 487 , 526 дугаартай шийдвэрүүдийг ар араас нь гаргаж Захиргааны үйл ажиллагааны хууль тогтоомж , тусгай зарчмыг удаа дараа , ноцтой зөрчсөн.

Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэхдээ ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нарийвчлан шинжлэн судлаагүйн зэрэгцээ хууль тогтоомж зөрчиж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон Т******* ХХК-г хууль бусаар дампууруулахад хүрээд байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын дагуу захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Хариуцагчийн тайлбар болон гаргаж өгсөн нотлох баримтуудад дурдсанаар маргаан бүхий Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 526 дугаар тогтоол нь мөн хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар тогтоолуудыг үндэслэн гаргажээ.

Иймд Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар тогтоол хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг шийдвэрлэхгүйгээр маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг бүрэн шийдвэрлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийн хүчингүй болгосон шийдвэрийг мэдсэнээс хойш Эрчим хүчний зохицуулах хороонд өөрт нь болон Эрчим хүчний яаманд гомдол гаргаж шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөхгүй болсноо бодитоор илэрхийлсээр байсан болно.

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар тогтоол нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэж, Хангалтгүй гэж дүгнэсэн.

2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар тогтоолоор дээрх 537 дугаар тогтоолыг үндэслэн ... тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангалтгүй биелүүлсэн цаашид үйл ажиллагаа явуулах хэвийн нөхцөл боломжгүй байгаа тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсүгэй гэжээ.

Үүнээс үзэхэд 537 дугаар тогтоол тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм-д заасны дагуу дүгнэсэн.

Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник технологийн хувьд цаашид үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөл боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана гэж заасны дагуу гарсан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэж 487 дугаар тогтоол гарсан бөгөөд ингэхдээ 2019 оны 537 дугаар тогтоолыг үндэслэл болгожээ.

Иймд тогтоол тус бүртээ эрх зүйн зохицуулалт агуулж, нэхэмжлэгчид нэхэмжлэгчид сөрөг үр дагавар үүсгэж байна. Хариуцагчийн зүгээс тухай бүрт нь тогтоол гаргаж бие даасан шийдвэр болгож явдаг гэдгийг шүүх хуралдаанд тайлбарласан.

Мөн 537, 487 дугаар тогтоолуудтай маргахгүй орхивол тэдгээр үндэслэн маргаан бүхий 526 дугаар тогтоолын хуулийн үндэслэлтэй эсэхийг бүрэн хянах боломжгүй болохоор байна.

Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д зааснаар Төрийн захиргааны төв буюу Эрчим хүчний яамны бүрэн эрхэд тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгохтой холбогдон гарсан маргааныг хянаж дүгнэлт гаргах багтсан байна.

Нэхэмжлэлд заасан тогтоолууд нь Т******* зуун ХХК-ийн 20/2015 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбогдон үе шат тус бүрээр гарсан шийдвэрүүд болно.

Иймд дээрх тогтоолуудыг эс зөвшөөрч 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчээс Эрчим хүчний яаманд гомдол гаргасан бөгөөд 01 дүгээр сарын 29-ний өдрийн в/377 дугаартай албан бичгээр яамнаас хариу өгсөн.

Тухайн гомдол шийдвэрлэсэн хариуг авснаас хойш Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана. 14.1.1-д дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гарсан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж заасны хугацааны дотор буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолыг хүчингүй болгох Т******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Эрчим хүчний зохицуулах хороо нь дээрх тогтоолыг гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заасан бүрэн эрхийн хүрээнд тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх хэсэг буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үндэслэлийг баримталсан болно. Т******* ХХК нь тусгай зөвшөөрлийг 4 жилийн хугацаатайгаар 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр авсан бөгөөд уг тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хугацаа нь дууссаны дагуу дээрх тогтоолыг гаргасан.

Т******* ХХК нь тусгай зөвшөөрөл авахдаа түүний нөхцөл, шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд уг үүргийг хэрхэн биелүүлснийг Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 6 дугаар зүйлд заасны дагуу дүгнэдэг.

Энэ дүгнэлтээр Т******* ХХК нь Хангалтгүй үнэлгээ авсаныг Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 537 дугаар тогтоолоор шийдвэрлэж баталгаажуулсан. Энэ тухай болон тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй болсныг Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 1/109 тоот албан бичгээр тус компанид мэдэгдсэн.

Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой тохиолдолд Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгадаг. Гэтэл Т******* ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг Хангалтгүй биелүүлж техникийн нөхцөлийн хугацаа 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дууссан байсан учраас Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар тогтоолоор тус компанийн тусгай зөвшөөрлийг сунгахгүй байхаар шийдвэрлэснийг Хорооны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/1300, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1118 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн болно. Мөн уг албан бичигт тус компанийн 20/2015 дугаартай эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсныг мэдэгдсэн.

Эрчим хүчний зохицуулах хороо дээрх шийдвэрүүдийг гаргахдаа нэхэмжлэгчийн оролцоог хангаж шийдвэр гаргах тухайгаа албан бичгээр тогтмол мэдэгдэж байсан бөгөөд харин нэхэмжлэгч талаас эдгээр албан бичигт дурдсан асуудлаар ямар нэг тайлбар өгч байгаагүй. Нөгөө талаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 526 дугаар тогтоол нь дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн хуулийн дагуу гарсан бөгөөд хууль зөрчөөгүй болно. Иймд Т******* ХХК -ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Т ХХК нь:

1.    Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,

2.    Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар тогтоол,

3.    2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Тусгай зөвшөөрөл олгох, түүний нөхцөл, шаардлагыг тогтоох тухай 196 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Т******* зуун ХХК-д Эрчим хүчний барилга байгууламж (Салхин цахилгаан станц-50 МВт ) барих тусгай зөвшөөрлийг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаатай олгож, 3 дахь заалтаар Олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж ажиллахыгт Т ХХК-д үүрэг болгосон байна.

Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай 537 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Т******* зуун ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хангалтгүй гэж дүгнэсэн байна.

Улмаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай 487 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Т******* зуун ХХК-д олгосон 20/2015 дугаартай эрчим хүчний барилга байгууламж (50 МВт-ын хүчин чадалтай салхины эх үүсгүүр) барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангалтгүй биелүүлсэн, цаашид үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөл боломжгүй байгаа тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Харин Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 526 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Т******* зуун ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж /Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 50 МВт-ын хүчин чадалтай салхины эх үүсгүүр/ барих 20/2015 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Дээрх 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолыг гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.2, 24 дүгээр зүйлийн 24.3.1-д заасныг тус тус үндэслэсэн байна.

Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэг хүлээнэ:, 25.1.12-д ... тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах ... гэж заасан байна.

Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй. гэж заасан байна.

Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 1.3-д Энэхүү дүрмийг ... тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хүсэлт гаргагч хуулийн этгээд дагаж мөрдөнө., 6.1-д Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл эзэмшигч дараа жилийн 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, ... нөхцөл, шаардлагын биелэлтийг цахим системээр тайлагнах бөгөөд мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна. гэж тус тус заасан байна.

Т******* зуун ХХК-д 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр олгосон 20/2015 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрхлэх үйл ажиллагаанд тогтоосон нөхцөл шаардлагыг чандлан биелүүлж ажиллах үүрэгтэй ... гэсэн байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг чанд биелүүлж ажиллах үүрэгтэй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 9.1.2-т энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;, 9.1.3-д тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах; 9.2-д Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө., 22 дугаар зүйлийн 22.2-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана. 24 дүгээр зүйлийн 24.3-д Тусгай зөвшөөрөл олгогч дараахь үндэслэлээр түүнийг хүчингүй болгоно:, 24.3.1-д тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан; гэж тус тус заасан байна.

Мөн Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараахь эрхтэй:, 10.1.5-д тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох. гэж тус тус заасан байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд Эрчим хүчний зохицуулах хороо нь өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолуудыг гаргасан байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Тусгай зөвшөөрөл олгох, түүний нөхцөл, шаардлагыг тогтоох тухай 196 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Т******* зуун ХХК-д олгосон Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг баталсан байна.

Дээрх 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 196 дугаар тогтоолоор 20/2015 дугаар тусгай зөвшөөрөлд хамаарах Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг баталсан байх ба уг нөхцөл шаардлагын 4.1-4.6-д заасан шаардлага буюу шалгуур үзүүлэлтүүдийн дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэсэн байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны даргын 2019 оны А/92 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр Т******* зуун ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэсэн байх ба уг дүгнэлтээр[1] нэхэмжлэгч нь 30 оноо буюу хангалтгүй гэж дүгнэгдсэн болох нь тогтоогдож байх тул Т******* зуун ХХК-ийг 20/2015 дугаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж ажилласан гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, Т ХХК-нь 20/2015 дугаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж ажиллаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас шалтгаалж тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаж чадаагүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 196 дугаар тогтоолоор Т  ХХК-д Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаатай олгосон ба тусгай зөвшөөрлийн хугацаа Коронавируст халдварын нөхцөл, байдал үүсэхээс цаг хугацааны хувьд өмнө буюу 2019 оны 07 дугаар 07-ны өдөр дууссан байна.

Т   ХХК нь нэхэмжлэлдээ ....бодит нөхцөл байдлыг огт харгалзан үзэлгүй, бидэнтэй биечлэн уулзаж, санал, мэдээлэл авалгүй, тайлбар, танилцуулга хийх боломж олголгүй, хуралд оролцуулалгүйгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хууль ёсны эрх ашгийг зөрчиж, хууль бус 537, 487 , 526 дугаартай шийдвэрүүдийг ар араас нь гаргаж Захиргааны үйл ажиллагааны хууль тогтоомж , тусгай зарчмыг удаа дараа , ноцтой зөрчсөн гэж тайлбарладаг хэдий ч Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 39 дүгээр тэмдэглэлээс үзэхэд тус өдрийн хуралдаанд Т******* зуун ХХК-ийн ерөнхий инженер Дэлгэрцогт, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нар оролцсон, мөн тус хорооны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/109 тоот, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1118 тоот, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/1300 тоот албан бичгүүд, явуулсан баримт бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий актуудын талаар Т******* зуун ХХК-д мэдэгдэж, тайлбар гаргах боломжоор хангаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.2, Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 10 дугаар зүйлийн 10.1.5 заасныг тус тус  баримтлан Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч Т  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

 

 

 

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 135-158 дугаар хуудас