Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00972

 

Б.Туяагийн нэхэмжлэлтэй

                  иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02862 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2222 дугаар магадлалтай, 

Б.Туяагийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бэрхсайханы гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Бадамдорж оролцов.

 Нэхэмжлэгч Б.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2019/00585 шийдвэр гарч, нэхэмжлэгчид 58,440,998.52 төгрөгийг төлөх болсон. Үүнээс хойш би төлбөр авагчид боломжийн хирээр төлж барагдуулж байгаа. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэн миний барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг илт хохиролтойгоор маш бага үнэлгээ гаргуулсан. Өр төлбөрийг мөнгөөр барагдуулж байхад иргэн миний амьжиргаа орон байрыг минь зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлүүлж орох оронгүй, оочих аягагүй байдалд оруулж байгаад маш их гомдолтой байна. Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэрлэн хөндлөнгийн шинжээчээр гаргуулсан Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, бага наран, 45/4 гудамж, 3б тоот хаягт байрлах 128 мкв талбайтай хувийн сууц, газрыг үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн нэр дээр Баянгол дүүрэгт орон сууц байдаг боловч энэ хөрөнгийг үнэлгээнд оруулаагүй гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Туяагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201002017, Г-2201002017 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, бага наран 45/4 байрны 3б тоот орон сууцыг битүүмжлэн хураасан. Төлбөр төлөгч Б.Туяагийн өмчлөлийн хувийн сууц, газрыг албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилон үнэлүүлж, шинжээчийн үнэлсэн 62,300,000 төгрөгийн үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 5-р сарын 20-ны өдөр, мөн үнэлгээний 70 хувь болох 43,610,000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2020 оны 6-р сарын 26-ны өдөр талуудад тус тус мэдэгдсэн. Тухайн газар, хувийн сууцыг үнэлсэн үнэлгээнд автомашины гараж болон худаг орсон ба энэ талаар үнэлгээнд тусгагдсан зах зээлийн үнэ гарсан. Баянгол дүүргийн орон сууцны хувьд банкны барьцаанд байдаг учир шийдвэр гүйцэтгэгчээс битүүмжилж, хураан авах ажиллагаагүй хийгдээгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02862 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Туяагийн гаргасан хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2222 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02862 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бэрхсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.Туяа миний бие нь Микро кредит ББСБ ХХК-д 58,440,998 төгрөгийг төлөх болсон бөгөөд төлбөрийг төлж барагдуулж байгаа. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг илт хохиролтойгоор маш бага үнэлгээ гаргуулсан. Мөн хоёр машины тоосгон граж, гүний цахилгаан худаг зэргийг үнэлгээнд оруулж тусад нь үнэлээгүй. Иймээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2222 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

Б.Туяа нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.Туяа, Ч.Содбилэг нараас 58,440,998 төгрөг гаргуулж Микро кредит ББСБ ХХК-д олгох Сонгино-хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04ий өдрийн 184/ШШ2019/00585 дугаар шийдвэрийг биелүүлэх явцдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч нар төлбөрөө сайн дураар биелүүлээгүй гэж үзэн барьцааны зүйл болох тус дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 45/4 гудамж, 3б тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай хувийн сууц, 506.4 м.кв газрыг битүүмжлэн, хурааж, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулжээ. 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно, Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж тус тус заасан.  

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй нь хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч шинжээч томилсон хуульд нийцжээ.  

Шинжээч Мөнх оргил трейд ХХК нь хөрөнгө үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргаар, хөрөнгийг 62,300,000 төгрөгөөр үнэлж, энэ тухайгаа үнэлгээний тайланд тодорхой дурдсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журамд нийцжээ.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар талууд үнэлгээ тогтоосон тухай мэдэгдлийг авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах ба нэхэмжлэгч уг хугацаанд нэхэмжлэлээ гаргажээ.  

Шинжээч нь дээрх эд хөрөнгийг үнэлэхдээ тухайн хөрөнгийн шинж байдал, онцлог буюу тухайн хөрөнгөд хийгдсэн нэмэлт сайжруулалт болох автомашины гараж, блокон хашаа, гүний худаг, бохирын цооног зэргийг үнэлж, үнэлгээнд оруулж тооцсон талаар үнэлгээний тайланд тодорхой тусгасан, шүүх дүгнэлт хийсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна /хэргийн 32-45 тал/.  

Иймд шинжээчийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй гэх гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа шийдвэрт хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүйг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2222 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02862 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д... гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ  

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ 

  Д.ЦОЛМОН