Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 142

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 04 өдөр                 Дугаар 153/ШШ2019/00142                Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт оршин суух, тоот регистрийн дугаартай, Пүнлүүч овогт Базарсадын Аийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн малчин Б.А миний бие 1960 онд төрсөн. Бага наснаасаа эцэг эхийн асрамжинд байж, 1968 онд Ховд аймгийн Манхан сумын сургуульд орж суралцан 1972 онд 4 дүгээр анги төгсөх жил аав, ээж 2 маань нас барж сургууль завсардсан. 1972 онд эгч Б.Бааст, хүргэн ах Я.Данзан нарын хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад нэгдлийн үхэр /сарлаг/ маллаж байгаад 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдөр цэргийн албанд татагдаж, ардын армийн 032 дугаар ангид цэргийн алба хааж 1982 оны 6 дугаар сарын 09-ний өдөр халагдаж төрсөн нутаг Ховд аймгийн Манхан суманд суурьшин одоог хүртэл мал маллан амьдарч байна.

Миний бие бага наснаасаа эцэг эхээсээ өнчирч, эгч, хүргэн ах нарын асрамжинд өссөн учир нэгдлийн үхэр маллан амьжиргаагаа залгуулдаг байсан. 1975 онд хөдөлмөрийн насанд хүрч нэгдлийн гишүүнд элсэн хөдөлмөр өдөр тооцуулж, хөдөлмөрийн хөлс авч эхэлсэн боловч хөдөлмөрийн хөлсийг суурийн ахлагчийн нэр дээр тооцогдож гаргадаг байсан тул миний нэр дээр архивын лавлагаа гарч ирэхгүй байна.

Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Надад байгаа баримтуудыг үндэслэн миний 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл, 1982 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Б.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь 1968 онд Ховд аймгийн Манхан сумын сургуульд орж суралцан 1972 онд 4 дүгээр анги төгсөх жил аав, ээж нь нас барж сургууль завсардсан. 1972 онд эгч Б.Бааст, хүргэн ах Я.Данзан нарын хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад нэгдлийн үхэр маллаж байгаад 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдөр цэргийн албанд татагдаж, ардын армийн 032 дугаар ангид цэргийн алба хааж 1982 оны 6 дугаар сарын 09-ний өдөр халагдаж төрсөн нутаг Ховд аймгийн Манхан суманд суурьшин одоог хүртэл мал маллан амьдарч байна. Б.А нь бага наснаасаа эцэг эхээсээ өнчирч, эгч, хүргэн ах нарын асрамжид өссөн учир нэгдлийн үхэр маллан амьжиргаагаа залгуулдаг байсан. 1975 онд хөдөлмөрийн насанд хүрч нэгдлийн гишүүнд элсэн хөдөлмөрөө тооцуулж, хөдөлмөрийн хөлс авч эхэлсэн боловч хөдөлмөрийн хөлсийг суурийн ахлагчийн нэр дээр тооцогдож гаргадаг байсан тул архивын лавлагаа гарч ирэхгүй байгаа. Иймд Б.Аийн хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл, 1982 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед хөдөлмөрийн тухай хуулиар 15 наснаас эхэлж хөдөлмөр эрхлэлтийг тооцож байсан гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.А нь 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл, 1982 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаа нотлохоор дараах баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2570 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Манхан сумын Ботгон, Зэрэг гол бригадын 1976-1979, 1982-1996 оны Данзан, Бааст, А нарын нэр дээрх 70-р дансны хуулбар,

-Б.Аийн нэр дээрх анкет,

-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай “Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл /Манай зам ХК/ 1991-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн” гэх архивын лавлагаа,

-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 256 дугаартай “Б.А нь Нийгмийн даатгалын хуулийн дагуу ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хуулийн хүрээнд хамрагдаагүй болно” гэх тодорхойлолт,

-Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 43 дугаартай албан бичиг,

-Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1/76 дугаартай албан бичиг,

-Улсын бүртгэлийн хэлстийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн хэлстийн 2019 оны 4 сарын 03-ны өдрийн төрөл садангийн тухай лавлагаа,

-Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах төв архивын 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 15321 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт “А нь БХЯ-ны сайдын 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн н/147 дугаартай тушаалаар Ховд аймгаас 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардийн армийн 032 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1982 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/191 дугаартай тушаалаар 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 392585 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэжээ,

-Б.Аийн 0736661 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Ш.Мөнх-Очирын шүүхэд өгсөн “...би 1964 оны 6 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад эцэг эхийн хамт мал малласан. Улмаар 1984 оноос эхлэн Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад бригадын дарга, нарийн бичгийн даргаар, дараа нь малчнаар 1997 оныг хүртэл ажилласан. Манай нэгдэл нь 1988 онд тарж, Манай зам гэдэг нэртэй компани болсон. Би Б.Аийн эцэг, эхийг мэдэхгүй. Нэлээн эрт нас барсан хүмүүс. Б.А нь Данзан гэдэг айлд өссөн. Б.А сургуульд сурч байгаагүй. Бага наснаасаа эхлэн Данзан гэдэг хүнтэй хамт Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд мал малласан. 1979-1982 онд цэргийн алба хаагаад 1982 оноос эхлэн тус нэгдлийн үхэрчнээр ажиллаж байсан. 1988 онд нэгдэл тараад компани болоход тус компанид бас ажиллаж байсан. Данзан нь Аийн хүргэн ах юм. Тэрээр хүргэн ах Данзангийнд амьдардаг байсан. Данзангийн гэр бүлийн хүнийг Бааст гэдэг байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Бадамхорлоогийн шүүхэд өгсөн “...миний бие 1968 оноос эхлэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад эцэг эхийн хамт мал малласан. Улмаар нэгдэл тарахад 1995 он хүртэл тус сумын Зэрэг гол бригадад малчнаар ажилласан. Б.А нь 1985 оноос Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол бригадад малчнаар ирж ажиллаж эхэлсэн. Өмнө нь тэрээр Манхан сумын Ботгон бригадад мал маллаж байсан. 1985 онд манай бригадын Мягмаржав гэдэг хүнтэй гэр бүл болоод манай бригадад ирсэн” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч Б.А нь 1975-1983 он хүртэл ах Данзан, эгч Бааст нарын хамт Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадад мал маллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч Ш.Мөнх-Очирын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2570 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Ботгон, Зэрэг гол бригадын 1976-1979, 1982-1996 оны Данзан, Бааст, А нарын нэр дээрх 70-р дансны хуулбараар нотлогдож байна. Иймд Ховд аймгийн Манхан сумын Ботгон, Зэрэг гол бригадын Данзан, Бааст нарын нэр дээрх 70-р дансны хуулбарыг нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд хүсэлт гаргагч Б.А нь 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Манай зам ХХК-д малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.                                 

Харин хүсэлт гаргагч Б.Аийн 1975 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь тэрээр 1960 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн байх бөгөөд 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 15 нас хүрсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Пүнлүүч овогт Базарсадын Аийн 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Манай зам ХХК-д малчнаар ажиллаж  байсан байдлыг тогтоож, түүний 1975 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МАРИНА