Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх  

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2305000000040 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 02-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***********” ХХК-д хамгаалагчаар ажилладаг, ам бүл 2, эцгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар багийн 2-9 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн *******ны ******* байрны 07-252 тоотод оршин сууж байгаа гэх,  урьд сум дундын 7 дугаар шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жил 06 сарын хугацаагаар хойшлуулсан, /РД:*******/, ******* овгийн *******ийн *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 10-нд Баянгол дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Альфа” нэртэй бааранд үйлчлүүлж байсан хохирогч эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа зөвшөөрч байгаа.” гэсэн мэдүүлэг.

 

Гурав: Хавтаст хэргээс.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.ийн хохирогчоор өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр найз Мөнх-Оршихтой гэрт уулзаад бид 2 хамт гараад 20 цагийн орчимд +25 бааранд орсон. Ороод 1 шил виски аваад хувааж уугаад суусан. Тэгээд 20-30 минутын дараа Мөнх-Орших барментэй тооцооны асуудлаас болоод маргалдаад байж байхад бармен эрэгтэй нь хүмүүс дуудсан. Тэгээд хэсэг бүлэг 2-3 баарны хамгаалагч бололтой хүмүүс орж ирээд Мөнх-Оршихыг зодоод дэвсээд байгаа харагдсан. Тухайн үед би гаднаас тамхи татчихаад орж ирж байсан. Тэгэхээр нь би явж очоод боль гэтэл нэрийг нь ******* гэж дуудаж байсан байх нэг махлаг шар залуу миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд унахад тэр залуу нэлээд олон удаа дээрээс дэвсэж зодсон. Тэгээд тэр залуу намайг зодож байгаад больчихоор нь найзтайгаа хамт тухайн баарнаас гараад маргааш нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэн эмнэлэгт хэвтсэн. Миний биед учирсан гэмтлийн махлаг шар ******* гэх хамгаалагч залуу учруулсан. Тухайн газарт хяналтын камер байсан.Би гомдолтой байна, эмчилгээний зардал болох 742.900 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал)

 

2.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.ы гэрчээр өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай бармен над руу залгаад хүмүүс тооцоогоо хийхгүй агсам тавиад байна гэсэн. Тэгэхээр нь би яваад очтол 2 залуу байсан бөгөөд тооцоогоо хийгээгүй мөнгөгүй байсан. Тэгээд туранхай залуу нь эхнэрээ дуудаад эхнэр нь ирээд тэр хоёрыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.гийн гэрчээр өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ ганцаараа байсан. Тэгээд хоёр ах орж ирээд яг текний урд талын ширээн дээр суусан виски авья гээд 1 литр Баллантайнс авсан. Үргэлжлүүлээд нэлээн их хүмүүс орж ирээд байсан бөгөөд би тооцоогоо хийчих ганцаараа хүнгүй байгаа талаараа хэлсэн. Тэгтэл намайг 2-3 удаа тооцоогоо нэхэж ирлээ гэж над руу уурлаж босож ирээд  над руу дайраад байсан. Тухайн үед баарны хамгаалагч ******* ах ирсэн байсан. Тэгээд учир байдлыг хэлэхэд ******* ах нөгөө 2 хүнийг тооцоогоо хийчих гэсэн. Тэр үед нөгөө хүмүүс нь одоохон хийнэ гээд байгаа юм биш үү гээд байсан бөгөөд нөгөө хүмүүсээс нэг нь ******* ахыг зодолдъё гээд байсан хариуд нь ******* ах цохилцоод цагдаа гэхгүй салж чадах юм уу гэсэн нөгөө 2 хүн чадна гээд тэр 3 дээгүүр хувцаснуудаа тайлаад гарах уу гэж байгаад өндөр залуу нь Аагий ахтай харилцан 2-3 удаа цохилцоод салсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Мөнх-Оршихын гэрчээр өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн үед найз э манайд ирж машиныг янзалж өгсөн юм. Дуусаад 0,5мл хэмжээтэй хүний 3 ширхгийг уугаад гадуур гарч ганц юм ууя гээд ийнд очоод тэр хувцсаа солиод Баянгол дүүргийн нутагт байрлах модны хоёрын Альфа гэх нэртэй бааранд 19 цагийн орчим орж үйлчлүүлсэн бөгөөд тухайн газраас 1 литрийн хэмжээтэй Баллантайнс нэртэй виски авч хоёулаа хувааж ууцгаасан. Тэр үед зөөгч нь 2-3 удаа тооцоогоо хийчих гээд байн байн ирээд байсан бөгөөд наадахыг чинь хийчихнэ шүү дээ гэж хэлээд сууцгааж байхад гэнэт гаднаас залуучууд орж ирсэн. Тэнд ийг зодсон асуудал болсон...Маргааш нь э урд шөнө эмнэлэгт үзүүлсэн байсан ба нэг нүд нь хавдсан хөхөрсөн мөн хавирга нь хугарсан хөндүүртэй гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал)

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 134 дугаартай “эгийн биед зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт, хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал)

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн яллагдагчаар өгсөн “Тухайн өдөр би гэртээ амарч байсан ба Алтансүх залгаад ажил дээрээ очоогүй байгаа юм уу тэр Dj-д чинь хүн агсан согтуу тавиад тооцоо төлбөрөө хийхгүй байгаад байна гэхээр нь очтол текний ширээн дээр 2 залуу сууж байсан. Би очоод яасан юу болсон бэ дүү гэхэд энэ 2 хүн тооцоогоо хийчхээ гэхэд есөн шидээр хэлээд урдаас бөглөө тамхины ишээ шидээд хараагаад тооцоогоо хийхгүй байна гэж хэлсэн. Би тухайн хүмүүс дээр очоод за уучлаарай тооцоогоо хийчих гэхэд Мөнх-Очир гэх залуу нь намайг маань араа дуудчихаа хоёулаа үзье гээд байсан. Тэгэхэд би наад залуу чинь чамаас хамаагүй дүү зүгээр тооцоогоо хийчих ээ гэхэд цуг сууж байсан. э гэх залуу нь чи байтугай чиний цаадах намайг бардаггүй юм. Намайг Дорнодын гэдэг хоёулаа нэг нэгэндээ гомдол саналгүй гээд зодолдъё гээд гар бариад зодолдсон...Би этэй хоёулаа гомдол санал байхгүй биз дээ гэхэд гомдол саналгүй байхгүй гэж хэлээд цуг тамхи татаад салсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал)

 

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал) ял шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 40-45 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч нь гомдол саналгүй зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******д холбогдох эрүүгийн 2305000000040 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны шөнийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Альфа” бааранд үйлчлүүлж байсан хохирогч С.ийн нүүр рүү нь гараараа цохиж, бие рүү нь хөлөөрөө дэвссэний улмаас түүний биед зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт, хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

С.ийн хохирогчоор өгсөн: “...******* гэж дуудаж байсан байх нэг махлаг шар залуу миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд унахад тэр залуу нэлээд олон удаа дээрээс дэвсэж зодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал), Т.гийн гэрчээр өгсөн: “...******* ахыг зодолдъё гээд байсан хариуд нь ******* ах цохилцоод цагдаа гэхгүй салж чадах юм уу гэсэн нөгөө 2 хүн чадна гээд тэр 3 дээгүүр хувцаснуудаа тайлаад гарах уу гэж байгаад өндөр залуу нь Аагий ахтай харилцан 2-3 удаа цохилцоод салсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал), Э.Мөнх-Оршихын гэрчээр өгсөн: “...гэнэт гаднаас залуучууд орж ирсэн. Тэнд ийг зодсон асуудал болсон...Маргааш нь э урд шөнө эмнэлэгт үзүүлсэн байсан ба нэг нүд нь хавдсан хөхөрсөн мөн хавирга нь хугарсан хөндүүртэй гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 134 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал), *******ийн яллагдагчаар өгсөн “...Дорнодын гэдэг хоёулаа нэг нэгэндээ гомдол саналгүй гээд зодолдъё гээд гар бариад зодолдсон... Би этэй хоёулаа гомдол санал байхгүй биз дээ гэхэд гомдол саналгүй байхгүй гэж хэлээд цуг тамхи татаад салсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч С.ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* нь хохирогчийн нүүр рүү гараараа цохиж, хөлөөрөө бие рүү нь дэвссэний улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.ийн дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

Хэрэгт хохирогч С.ийн “...эмчилгээний зардал 700.000 төгрөгийг бэлнээр *******ээс хүлээн авсан. Цаашид *******ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 56 дахь тал)

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч *******ийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Харин хяналтын прокурорын цаашид яллах дүгнэлтийн үг, үсгийн алдаа болон гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг өглөө, өдөр, орой,  шөнийн цагийг ялгаж салгаж тодорхойлбол  зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. ******* овгийн *******ийн *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ