Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 157

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 11 өдөр           Дугаар 153/ШШ2019/00157                Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн 12-14 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Наймынхан овогт Намхайн Шгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Шгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гантуяа, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Ш шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1964 оны 03 сарын 06-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын Овоот багт Намхайн 6 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Чандмань сумын бага сургуульд 1972 онд нэгдүгээр ангид орж, 1980 онд 8-р анги төгсөөд Ховд аймгийн ХАА-н техникумын малын бага эмчийн ангид элсэн орж 1983 онд төгссөн. Мөн оны 7 сард Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт эмчээр 1987 оны 9 сар хүртэл ажиллаад ар гэрийн гачигдлаар Ховд аймгийн Чандмань суманд шилжин Овоот бригадын малын эмчээр 1989 оныг дуустал ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Н.Ш намайг 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадад Эмчилгээ тэжээлийн цэгийн эмчээр, 1987 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Овоот бригадын малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө гэжээ.

 

Хүсэлт гаргагч Н.Шгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Штэй хамт 1987 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Овоот бригадад хамт ажиллаж байсан. Н.Ш нь одоо Хөвсгөл аймагт амьдардаг. Хамт ажиллаж байсан учир миний бие энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж байна. Н.Ш нь 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадад Эмчилгээ тэжээлийн цэгийн эмчээр, 1987 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Овоот бригадын малын бага эмчээр тус тус ажиллаж байсан учир энэ хугацааг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Ш нь 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадад Эмчилгээ тэжээлийн цэгийн эмчээр, 1987 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Овоот бригадын малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаа нотлохоор дараах баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 88 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

-Н.Шгийн 0669598 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Н.Шгийн 1108 дугаартай Хөдөө аж ахуйн техникумын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Хөдөө аж ахуй Хүнсний үйлдвэрийг удирдах газрын даргын 1988 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаартай “Ямаан сүрэгт ангилалт явуулах тухай” тушаалын хуулбар, түүний хавсралт,

-Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1987 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 40 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

 

-Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1983 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаартай “Мэргэжилтэн нарт сум хариуцуулах тухай” тушаалын хуулбар,

-Гэрч Р.Хасымханы шүүхэд өгсөн “миний бие 1974 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн ерөнхий зоотехникчээр ажиллаж байсан. Н.Ш нь 1984 онд ХАА-н техник төгсөөд 1984 оны 4 дүгээр сараас Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Эмчилгээ тэжээлийн цэгийн бага эмчээр ажилд орсон. Тэрээр 1987 оны намар ар гэрийн шалтгаанаар Ховд аймгийн Чандмань сум руу шилжсэн” гэх мэдүүлэг,

-Гэрч Г.Лхүндэвийн “би 1976 оны 7 дугаар сараас 1992 оны 2 дугаар сар хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Мал эмнэлэгийн тасгийн эрхлэгчээр ажилласан. Н.Ш нь 1983-1987 онд Ховд аймгийн Манхан суманд ажиллаж байгаад 1987 оны зун манай Чандмань сумын Овоот бригадын малын бага эмчээр ирж байсан. Би тэр үед Овоот бригадын Мал эмнэлэгт тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан. Н.Ш нь тус эмнэлэгт 1989 оныг дуустал ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Н.Штэй 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадад, 1987 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Овоот бригадад хамт ажиллаж байсан гэх Р.Хасымхан, Г.Лхүндэв нарыг гэрчээр асуусан бөгөөд гэрч Р.Хасымхан нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьрал нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Хөдөө аж ахуй Хүнсний үйлдвэрийг удирдах газрын даргын 1988 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаартай “Ямаан сүрэгт ангилалт явуулах тухай” тушаалын хуулбар, түүний хавсралт, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1987 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 40 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын хуулбараар, гэрч  Г.Лхүндэв нь Ховд аймгийн Чандмань сумын Мал эмнэлэгт ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1983 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаартай “Мэргэжилтэн нарт сум хариуцуулах тухай” тушаалын хуулбараар тус тус нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Н.Шгийн 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадад Эмчилгээ тэжээлийн цэгийн эмчээр, 1987 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Овоот бригадын малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар тоот регистрийн дугаартай, Наймынхан овогт Намхайн Шгийн 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадад Эмчилгээ тэжээлийн цэгийн эмчээр, 1987 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Овоот бригадын малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА