Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/11

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         иргэдийн төлөөлөгч Б.Баянтуул,

         хохирогчийн өмгөөлөгч М.Эрдэнэч имэг,

         шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

         шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн 2219000000348 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Д.Б

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ханги хилийн боомт суурьшлын бүсэд байрлах түрээсийн байрны 3 тоотод хохирогч Д.Эыг “өөдөөс томорлоо” гэх зүйлээр шалтаглан түүнийг хутгалж, биед  нь хэвлийн хөндийд нэвтэрч, элгийг гэмтээсэн шарх бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 22-ны орой Э над руу залгахад аваагүй. Дараа нь мессеж бичихээр нь авч ярьсан. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 27-ны шөнө Э ирээд архи гаргаад бид 2 уусан. 2022 оны 10 дугаар сарын 29-нд Э Болор нэртэй архи авч ирээд Баярхүү, Э бид 3 уусан. Би унтсан. Баярхүү, Э хоёр архи уугаад үлдсэн. Тэгтэл унтаж байхад элдвээр хэлээд яагаад байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд Э хоол хийгээд байж байх үед бид 2 маргалдсан. Намайг 2 удаа мөргөөд нүдийг чинь ухна гээд хутга бариад далайхаар нь биеэ хамгаалаад хутгатай гар руу нь цохичихсон чинь хутга нь бие рүү нь орчихсон. Би урьд нь мэдүүлэг өгөхдөө тэгсэн юм байх гэж бодсон. Сүүлд бодоод байхад тийм зүйл болоогүй. Нүдийг чинь ухна гээд хутга барьж дайрсан. Одоо хохирогчид 1.750.000 төгрөг төлсөн. Эмчилгээний зардлыг төлнө. Э ер нь хударгагүй талдаа хүн. Энэ зүйл ангийг зөвшөөрөхгүй. Би хутга хэрэглээгүй. Э өөрөө агсам тавьж хутга барьж ирсэн. Би хутгатай гар руу нь өшиглөсөн. Миний үйлдлээс хохирогчид гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрнө, миний буруу. Э худал мэдүүлэг өгсөн. Би баруун гартаа юм барьдаг, зүүн гартаа барьдаггүй. Шинэбаяр өмгөөлөгч хурдан шийдвэрлүүлэх гээд анх намайг ингээд мэдүүлчих гэж хэлсэн. Би энэ талаар олон өдөр бодсон. Хохирогч хударгагүй зантай гэдгийг олон хүн мэднэ. Би тэр 2 шил архинаас 3, 3 удаа л татсан байх. Би өшиглөснөөс хутгалагдсан үйлдлийг зөвшөөрнө. Хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс Мөнгөн гүүр эмнэлгээр эмчлүүлсэн зардал 896.000 төгрөгийг, эм тарианы зардал 828.049 төгрөгийг, хүнсний зардал 76.169 төгрөгийг, бусад зардал 450.000 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрнө, Харин шатахууны зардал 791.575 төгрөгийг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг, олох байсан орлого 10.500.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагийн орчим Болор нэртэй 2 шил архийг Б ах, би, Б ахын дүү гээд танихгүй залуугийн хамт 3-лаа хувааж ууж эхэлсэн. Тэгээд ууж байгаад би орой 18 цаг өнгөрч байхад би шөлтэй хоол хийж өгөөд идэж дуусаад бид гурав үлдсэн хугас шил архиа хувааж ууж байхад Б намайг Ханги дээр танихгүй нэг ч хүн байхгүй гэх зэргээр их юм ярьж байсан. Тэгээд гэнэт босоод хоолны ширээний хажууд байрлах тогоо руу очоод арагшаа хараад зогсохоор нь би яасан та өлссөн юм уу гээд босоод хоол хийж өгөх санаатай босоод ширээний хажууд очиход эргэж хараад зүүн гараараа миний баруун талын хэвлий хэсэгт нэг удаа хутгалахаар нь би гайхаад Б ахыг та яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь зүгээрээ гээд орлуу түлхэж хэвтүүлээд наадах чинь эдгэнэ ээ гэж хэлээд дээрээс дарсан гэсэн мэдүүлэг /1хх 13, 104 ху/,

          -Гэрч Д.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Б ах, Д.Э гэх залуугийн хамт Болор гэх нэртэй 2 шил архи хувааж уусан. ...Б ах болон Э гэх залуу 2 маргалдаад байгаа нь мэдэгдэхгүй тоглоод байгаа нь мэдэгдэхгүй бие биеэ үгээр идэж салаавч гаргаад байсан. ...тэгээд удалгүй Э гэх залуу нь шөлтэй хоол хийж бид 3 хоолоо идэж дуусаад үлдсэн хугас шил архиа хуваагаад ууж байхад тэр хоёр дахиад тэврэлдээд газарт унаад инээгээд байсан. Тэгээд би гарч бие засах санаатай гараад ороод ирэхэд Э гэх залуу орны урд газар тонгойсон байдалтай гар нь цус болоод гэдсээ дараад хүнтэй утсаар яриад байж байхад хажууд нь Б ах утсаа ухаад бариад зогсож байхаар нь би юу болсон талаар асуухад Б ах, Эыг би хутгалчихлаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /1хх 15 ху/,

         -Гэрч Х.Эрдэнэбулганы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 29-ний орой Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт дуудлага ирж Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги хилийн боомтод иргэн Д.Э нь хэвлийн тус газраа хутгалуулж гэмтсэн гэх дуудлагын дагуу... 2022 оны 10 дугаар сарын 29-ний шөнө очиход хэвлийн баруун дээд хэсэгт хутгалагдсан гэх өгүүлэмжтэй байсан. ...үзлэг хийхэд хэвлийн хөндийд нэвтэрч, дотуур цус алдсан байдалтай байхаар нь яаралтайгаар газар дээр нь шууд хагалгаа хийж эмнэлгийн тусламж үзүүлсэн. ...Д.Эын биеийн хэвлийн хөндий нэвтэрч 3 орчим см гүнтэй элэгний 4 сегмент хадгагдаж тус газраас нь цус алдаж байсан гэсэн мэдүүлэг /1хх 102 ху/,

         -Яллагдагч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би сэрээд дахиж архинаас хувааж уусан. Тэгэх үед Э томроод янз бүрийн юм яриад байхаар нь би эхлээд тоглоод байна гэж бодоод өөдөөс нь арзагнаад байсан. ...удалгүй Баярхүү гэрээс гарсан. Тэгээд би ширээний хажууд зогсож байх үед Э намайг 2 удаа мөргөөд авахаар нь газар унаад ширээний булангаас татаад босоод ирэх үед гарт нэг зүйл баригдаад авахаар нь атгаад босоод ирэх үед Э өөрөө дахиж над руу дайрч байгаад миний гарт байсан хутганд өртсөн. ...2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нутгийн дүү болох Д.Этай хамт архи ууж байгаад үл ойлголцож маргалдаж биеийн хэвлийн хэсэгт нь нэг удаа хутгалж хүнд хохирол учруулсан. ...би өөрийн үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна. ...Д.Эт эмчилгээний зардалд 1.550.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг /1хх 19-20, 98 ху/,

          - Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02/0517 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Д.Эын биед хэвлийн хөндийд нэвтэрч элгийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

          5.Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /1хх 25-26 ху/,

          -Өвчний түүх /1хх 27-49 ху/,

          -Хохирлын баримт /1хх 123-224 ху/

          -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 3-8 ху/,

          -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 16-17 ху/,

          -Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 21 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 91-93, 98 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 84 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ханги хилийн боомт суурьшлын бүсэд байрлах түрээсийн байрны 3 тоотод хохирогч Д.Этай маргалдан түүнийг хутгалж, биед нь хэвлийн хөндийд нэвтэрч, элгийг гэмтээсэн шарх бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.Бын...Намайг 2 удаа мөргөөд нүдийг чинь ухна гээд хутга бариад далайхаар нь биеэ хамгаалаад хутгатай гар руу нь цохичихсон чинь хутга нь бие рүү нь орчихсон. ...Би хутгатай гар руу нь өшиглөсөн. Миний үйлдлээс хохирогчид гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Эын өгсөн “...гэнэт босоод хоолны ширээний хажууд байрлах тогоо руу очоод арагшаа хараад зогсохоор нь би яасан та өлссөн юм уу гээд босоод хоол хийж өгөх санаатай ширээний хажууд очиход эргэж хараад зүүн гараараа миний баруун талын хэвлий хэсэгт нэг удаа хутгалахаар нь би гайхаад Б ахыг та яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь зүгээрээ гээд ор луу түлхэж хэвтүүлээд наадах чинь эдгэнэ ээ гэж хэлээд дээрээс дарсан” гэсэн, гэрч Д.Баярхүү, Х.Эрдэнэбулган, яллагдагч Д.Б нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед хэвлийн хөндийд нэвтэрч элгийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0517 дугаартай дүгнэлт, өвчний түүх, хохирлын баримт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б нь  “...Э хоол хийгээд байж байх үед бид 2 маргалдсан. Намайг 2 удаа мөргөөд нүдийг чинь ухна гээд хутга бариад далайхаар нь биеэ хамгаалаад хутгатай гар руу нь цохичихсон чинь хутга нь бие рүү нь орчихсон. Би урьд нь мэдүүлэг өгөхдөө тэгсэн юм байх гэж бодсон. Сүүлд бодоод байхад тийм зүйл болоогүй. Нүдийг чинь ухна гээд хутга барьж дайрсан. ...Энэ зүйл ангийг зөвшөөрөхгүй. Би хутга хэрэглээгүй. Э өөрөө агсам тавьж хутга барьж ирсэн. Би хутгатай гар руу нь өшиглөсөн” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, үйлдсэн хэргээ нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд энэ мэдүүлэг нь түүний гэм бурууг үгүйсгэх үйл баримт болохгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөхгүй юм.

           Шүүгдэгчийн дээрхи мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Эын “...гэнэт босоод хоолны ширээний хажууд байрлах тогоо руу очоод арагшаа хараад зогсохоор нь би яасан та өлссөн юм уу гээд босоод хоол хийж өгөх санаатай босоод ширээний хажууд очиход эргэж хараад зүүн гараараа миний баруун талын хэвлий хэсэгт нэг удаа хутгалахаар нь би гайхаад Б ахыг та яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь зүгээрээ гээд орлуу түлхэж хэвтүүлээд наадах чинь эдгэнэ ээ гэж хэлээд дээрээс дарсан” гэсэн,  гэрч Д.Баярхүүгийн “...би гарч бие засах санаатай гараад ороод ирэхэд Э гэх залуу орны урд газар тонгойсон байдалтай гар нь цус болоод гэдсээ дараад хүнтэй утсаар яриад байж байхад хажууд нь Б ах утсаа ухаад бариад зогсож байхаар нь би юу болсон талаар асуухад Б ах, Эыг би хутгалчихлаа гэж хэлсэн” гэсэн, гэрч Х.Эрдэнэбулганы “...үзлэг хийхэд хэвлийн хөндийд нэвтэрч, дотуур цус алдсан байдалтай байхаар нь яаралтайгаар газар дээр нь шууд хагалгаа хийж эмнэлгийн тусламж үзүүлсэн. ...Д.Эын биеийн хэвлийн хөндий нэвтэрч 3 орчим см гүнтэй элэгний 4 сегмент хадгагдаж тус газраас нь цус алдаж байсан” гэсэн, яллагдагч Д.Бын “...Э намайг 2 удаа мөргөөд авахаар нь газар унаад ширээний булангаас татаад босоод ирэх үед гарт нэг зүйл баригдаад авахаар нь атгаад босоод ирэх үед Э өөрөө дахиж над руу дайрч байгаад миний гарт байсан хутганд өртсөн. ...2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нутгийн дүү болох Д.Этай хамт архи ууж байгаад үл ойлголцож маргалдаж биеийн хэвлийн хэсэгт нь нэг удаа хутгалж хүнд хохирол учруулсан. ...би өөрийн үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна” гэсэн мэдүүлгүүд, 02/0517 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.

          Шүүгдэгч Д.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

         Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдгийг “иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг” хамааруулж ойлгох бөгөөд шүүгдэгч нь ахуйн хэрэглээнд зориулсан хутгаар хохирогчийн эрүүл мэндэд хүнд хор уршиг учруулсан байгаа нь зэвсэг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

         Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчийг “хүнд мэс хүргэсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасныг хэргийн бодит байдалтай тохирч байна гэж үзээд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, хохирлын зарим хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурор өмгөөлөгч нарын  санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Быг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

         Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүнд хохирол учирсан бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.Быг гэм буруутайд тооцсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

         Хохирогч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Мөнгөн гүүр эмнэлгээр эмчлүүлсэн зардал 896.000 төгрөг, эм тарианы зардал 828.049 төгрөг, хүнсний зардал 76.169 төгрөг, бусад зардал 450.000 төгрөг, шатахууны зардал 791.575 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг, олох байсан орлого 10.500.000 төгрөг /шүүхийн шатанд 7.000.000 төгрөг, шүүх хуралдаан дээр 3.500.000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн/, нийт 14.541.793 төгрөг нэхэмжилжээ.

        Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс 1.750.000 төгрөгийг төлсөн байна.

        Хохирогчоос ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгчийн төлөхийг зөвшөөрсөн хэмжээгээр буюу Мөнгөн гүүр эмнэлгээр эмчлүүлсэн зардал 896.000 төгрөг, эм тарианы зардал 828.049 төгрөг, хүнсний зардал 76.169 төгрөг, бусад зардал 450.000 төгрөг, нийт 2.250.218 төгрөг дээр шатахууны зардал 791.575 төгрөгийг нэмж тооцох үндэслэлтэй. Иймд нийт 3.041.793 төгрөг төлөхөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн 1.750.000 төгрөгийг хасч тооцон шүүгдэгчээс 1.291.793 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эт олгохоор шийдвэрлэлээ.

       Харин нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөгийг төлбөрийн чадвартай иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хөлс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож, олох байсан орлого 10.500.000 төгрөгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхилоо.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 см урттай модон иштэй хутгыг  хутгыг устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон олох байсан орлогын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэр гийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Быг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 см урттай модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 1.291.793 /нэг сая хоёр зуун ерэн нэгэн мянга долоон зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 10.500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

          7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон олох байсан орлогын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА

                        ШҮҮГЧ                      Д.АДЪЯАСҮРЭН

                      ШҮҮГЧ                       Т.ЭНХМАНДАХ