Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 11 өдөр            Дугаар 153/ШШ2019/00158               Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 25-06 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Шаргай овогт  Бямбын Бгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Б, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн. 1984 оны 11 дүгээр сард 7 дугаар ангиасаа сургуулиас гарсан. 1984 оны 11 дүгээр сард сургуулиас гарснаасаа хойш эцэг эхийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар, 1989 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажиллаж байсан. 1989 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Б.Цэгмэдтэй гэр бүл болсон. Тэгээд 1989 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл тартал нөхөр Б.Цэгмэдтэй хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан. 1992 оны 11 дүгээр сараас хойш 2016 оны 4 дүгээр сар хүртэл нөхөр Б.Цэгмэдтэй Ховд аймгийн Дөргөн суманд малчнаар ажиллаж амьдарсан. 1990-2000 оныг дуустал нөхөн бичилт хийлгэсэн. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч нэгдэлд анх ажилд орсон гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд Б.Б намайг 1985 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б нь 1985 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 204 дугаартай лавлагаагаар ирүүлсэн “Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын 1985, 1988, 1989 онуудын 70-р дансуудыг хуулбарлан хүргүүлэв” гэсэн албан бичиг,

-Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын 1985, 1988, 1989 онуудын Бямба, Б нарын нэр дээрх 70-р дансуудын хуулбар,

-Б.Бгийн 0708302 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Б.Бгийн нэр дээрх 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

-Дөргөн сумын Сээр багийн малчин Ц.Бямбаагийн 1986-1987 оны цалингийн түүвэрийн хуулбар, цалингийн картын хуулбар,

-Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 794 дугаартай шийдвэрийн хуулбар,

-Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 670 дугаартай шийдвэрийн хуулбар,

-Б.Бгийн 1986, 1989 онд авахуулсан гэх гэрэл зурагууд,

-Гэрч Ч.Дуламсүрэнгийн шүүхэд өгсөн “...би 1974-1991 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд мал малласан. Б.Б нь 1984 онд Дөргөн сумын сургуулийг 7-р анги төгссөн. 1984 оны 6 дугаар сараас Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1989 онд Б.Цэгмэдтэй гэр бүл болсон. Тэрээр нэгдэл тарах хүртэл мал малласан” гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Пүрэвжавын шүүхэд өгсөн “...би Ховд аймгийн Дөргөн сумын уугуул иргэн бөгөөд 1982-1991 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажилласан. Б.Б нь мөн манай нэгдэлд насаараа мал малласан малчин хүн” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 204 дугаартай лавлагаагаар ирүүлсэн “Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын 1988, 1989 онуудын 70-р дансны цалингийн түүврүүдэд Б.Бгийн нэр орсон байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.

Хүсэлт гаргагч Б.Б нь 1985-1989 онуудад эцэг Бямбын хамт мал маллаж байсан гэх бөгөөд 1985-1987 онуудын ажлын хөлс нь түүний эцэг Бямбын нэр дээр бичигдэдэг байсан гэж шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар нь үндэслэлтэй байх тул хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 204 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын 1985 онын 70-р дансны хуулбарыг нотлох баримтаар үнэлэсэн болно.

Мөн хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ч.Дуламсүрэн, Д.Пүрэвжав нарыг гэрчээр асуусан бөгөөд эдгээр хүмүүс нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 794 дугаартай шийдвэрийн хуулбар, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 670 дугаартай шийдвэрийн хуулбаруудаар нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Б.Б нь 1985 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар тоот регистрийн дугаартай, Шаргай овогт Бямбын Бгийн 1985 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МАРИНА