Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/12

 

 

 

 

 

 

                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         иргэдийн төлөөлөгч Б.Ариунцэцэг,

         хохирогч Г.Д,

         шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваа,

         шүүгдэгч М.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Шид холбогдох эрүүгийн 2219000000342 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: М.Ш

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.Ш нь 2022 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг Харуул-Овоо 3-2 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар түүний биед халдаж хутгалж эрүүл мэндэд нь хунд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч М.Шийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түлш авахаар сумын төв дээр ирсэн. Тэгээд оройтсон болохоор Дн гэрт очсон. Бид хоёр хааяа нийлж архи уудаг байсан. Тэр орой бид хоёр архи уусан. Бид хоёр тэр өдөр 0.75 литрийн 1 шил архи уусан. Дахин нэг шил архи авчирсан. Би гарч явах гэтэл намайг татаж эргүүлсэн. Энэ үед нэг мэдсэн чинь хутгалсан байсан. Энэ миний буруу. Д нь манай эхнэрийн төрсөн ах байгаа юм. Бид хоёр урьд нь маргалдаж муудаж байгаагүй. Тухайн үед болсон асуудлаа хагас дутуу мэдээд байгаа. Хэнтэй утсаар ярьснаа санахгүй байгаа. Хутгалснаа мэдээгүй. Харахад цус гарч байсан. Миний гарт хутга байсан. Хохирогчид эмчилгээний зардал 4.050.000 төгрөг өгсөн. Өнөөдөр дахин 4.000.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учирсан гэмтэл дээр маргах зүйл байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцна. Мотоциклийн тогны утас тасраад байдаг болохоор энэ хутгыг ленттэй цуг биедээ авч явдаг. Дд хохирол учруулсандаа маш их гэмшиж харамсаж байна. Ар гэрийн байдлыг харгалзан үзэж, ялын доод хэмжээг өгнө үү гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Г.Дн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэртээ орой 18 цагийн үед ирэхэд дүүгийн нөхөр Ш ирсэн байсан. Намайг ганц юм уух уу гэж дохихоор нь зөвшөөрч 0.5 литрийн архи авчирсныг уусан. Дахин 0.75 литрийн архи авч уусан. Тэгээд унтах болтол орилж хашхираад унтахгүй байсан. Тэгээд гарч явах гэхээр нь утасны гэрлээ тусгаад дөхөөд очтол нэг юм ухаж байснаа цохисон. Тэгтэл цус олгойдоод ирсэн. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Одоо цус багадалтаас болоод бөөрний дутагдалд орсон. Аппаратанд орж байгаад гайгүй болж аппаратнаас гарсан. Хохиролд 8.050.000 төгрөг өгсөн. Одоогоор өгсөн баримт дутуу байгаа. Цаашдаа Ш нь тусалж дэмжинэ гэсэн. Ш нь төрсөн дүүгийн минь нөхөр, 5 хүүхэдтэй зэрэг ар гэрийн байдлыг харгалзан гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг,

          -Гэрч Ч.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би гэр бүлийнхээ хамт өөрийн гэртээ байж байтал 18 цагийн орчимд манай нөхрийн төрсөн дүүгийн нөхөр болох Ш манай гэрт орж ирсэн. Манай гэрт ирэхдээ эрүүл байсан ба "манай эхнэр хүүхэд Сайншанд сум явах гэж байгаа юм, сумын төв дээр үлдээчихээд ирлээ. Танай гэрт чинь хоноод явна" гэж хэлсэн. Тэгээд Дтай 1 шил архи хувааж уучихаад сайхан амарна гэж хэлээд Ш 0.75 литрийн хэмжээтэй Цагаан гэх нэртэй архи авч ирсэн. Тэр архиа уучихаад нэмж 0.75 литрийн хэмжээтэй Хараа гэх авч ирж тэр хоёр хоёулаа уусан. Дараа нь амарцгаая гэж ярилцацгаагаад орондоо ороод гэрлээ унтраагаад хэвтэцгээсэн. Ш эхнэртэйгээ ярья гэж хэлээд эхнэртэйгээ ярьж байхдаа хэрэлдээд байгаа бололтой орилж хашхичаад байсан. Тэгтэл манай нөхөр гэрт ориллоо гэж уурлахад Ш би тэгвэл явлаа гээд хувцсаа өмссөн. Тэгээд Ш манай нөхөрт хандаж "чи дүүгээ мэдэхгүй байна даа" гээд цохих шиг дуугарсан. Би юу болов гээд гэрлээ асаатал манай нөхөр Дг хутгалсан байсан. ...Би хаанаас хутга гаргасан гэдгийг нь өөрөө хараагүй. Манай нөхрийн хэвлий хэсэгт хутгалсан байсан. Манай 7 дугаар ангийн охин Амин-Эрдэнэ надад хэлэхдээ Ш ах өмднийхөө ар талын халааснаас хутга гаргаж ирээд аавыг хутгалсан гэж хэлсэн. ...Ш өөрийн эхнэр буюу Дгийн дүүг зоддог байсан. Тэрнээс болоод Д дүүгээ өмөөрч зодолддог байсан. ...Сайншанд сумын эмнэлэгт ирээд дэлүү нь задарч дахиж хагалгаанд орсон. ...Дн биед 2 бөөр ажиллагаагүй болсон. ходоод цоорсон, нарийн гэдэс тасарсан, гол судас тасарсан, элэг цагаан болсон гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 14-15 ху/,

         -Гэрч Х.Эрдэнэбулганы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Д гэх хүн хэвлий хэсэгт хутгалуулсан байдалтай дотуур их хэмжээний цус алдалттай хүнд хүн байсан. Тус аймгийн нэгдсэн эмнэлгээс хагалгааны баг Даланжаргалан суманд очиж Дд хэвлийн хөндийн хагалгаа хийгээд ходоодны гарах хэсгийн нэвт хатгасан шархтай, ходоод тэжээх судсыг тастсан байсан ба 1 литр гаран цус дотуур алдсан байсан. Тухайн үед цус алдалт тогтоож, ходоодыг оёж хэвлийн хөндийг цэвэрлэж, Сайншанд суманд хүргэгдэж эмнэлэгт хэвтүүлсэн. Аймагт ирснээс хойш 2 хоногийн дараа байх, дахин хэвлийд цус алдсан ба яаралтайгаар хагалгаанд ортол дэлүү нь тал хэмжээтэй язарч урагдсан байсан тул дэлүү авах мэс засал хийсэн. Одоогоор Дн биеийн байдал маш хүнд байгаа ба эрчимт эмчилгээний тасагт ухаангүй эмчлүүлж байна гэсэн мэдүүлэг /хх 18-19 ху/,

         -Яллагдагч М.Шийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний едер хөдөө гэрээсээ түлш авахаар төв дээр ирчихээд оройтчихсон болохоор нь хүргэн ах Дн гэрт очиж хонохоор очсон юм. ...Би дэлгүүр явж нэг шил архи аваад хоёулаа хувааж уусан юм. Тэгээд нэмээд 1 шил архи авсан ба тэр архиа дуусгалгүйгээр унтахаар хэвтэцгээсэн. Тэгээд Д ээжийгээ өмөөрөөд намайг загнасан. Би өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөөд гэрээс нь гарах гэж байсан. ...Нэг мэдэхэд хэвлий хэсэгт нь хутгалчихсан Дн хэвлий хэсгээс цус гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 10-11, 25-26, 82-83 ху/,

          - Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №02/012 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Г.Дн биед хэвлийн хөндийд нэвтэрч дотор эрхтнийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт х 21-22 ху/,

          -Өвчний түүх /хх 44-73 ху/,

          -Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 42 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 74-76 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 31 ху/

          -Хохирлын баримт /хх 119-137 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч М.Ш нь 2022 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг Харуул-Овоо 3-2 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зэвсэг хэрэглэн түүний биед халдаж хэвлий хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч М.Шийн...Хутгалснаа мэдээгүй. Харахад цус гарч байсан. Миний гарт хутга байсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учирсан гэмтэл дээр маргах зүйл байхгүй” гэсэн, хохирогч Г.Дгийн “...гарч явах гэхээр нь утасны гэрлээ тусгаад дөхөөд очтол нэг юм ухаж байснаа цохисон. Тэгтэл цус олгойдоод ирсэн. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Одоо цус багадалтаас болоод бөөрний дутагдалд орсон. Аппаратанд орж байгаад гайгүй болж аппаратаас гарсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Ч.Оюунтуяа, Х.Эрдэнэбулган нарын мэдүүлэг, хохирогчийн биед хэвлийн хөндийд нэвтэрч дотор эрхтнийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/012 дугаартай дүгнэлт, өвчний түүх, хохирлын баримт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч М.Шийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон зүйлчлэлийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдвал зохино.

         Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчийг “хутга мэстэй явж хүний биед санаатай хохирол учруулсан гэм буруутай” гэх дүгнэлтийг гаргасан болно.

         Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 09 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “... шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа болон хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан шийдэж өгнө үү” гэх саналыг, шүүгдэгчийн зүгээс “...Гэмшиж байна, ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан бол хохирогчийн зүгээс “Ш нь цаашдаа тусалж дэмжинэ гэсэн, төрсөн дүүгийн минь нөхөр, 5 хүүхэдтэй зэрэг байдлыг нь харгалзан гомдол саналгүй” гэсэн ба эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, хүсэлт гаргаагүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжгүй байхаар хуульчлагдсан бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулах ял, шийтгэлийг хөнгөрүүлэх боломжийг хуульд тусгаж өгсөн тул шүүхээс шүүгдэгч М.Шид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан, ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Иймд шүүгдэгч М.Шид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 хэсэгт зааснаар 03 жил, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

         Хохирлын хувьд энэ хэргийн улмаас хохирогч Г.Дд амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 4.050.000 төгрөг, шүүхийн шатанд 4.000.000 төгрөг, нийт 8.050.000 төгрөгийг хохиролд төлж барагдуулжээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байх бөгөөд энэ талаар маргаан гарвал хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

         Шүүгдэгч М.Шийн хойшлуулшгүйгээр баривчилсан 1 хоногийг элдэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн бариултай, 21.5 см-ийн урттай эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч М.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.Шийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шид оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Шид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шийн хойшлуулшгүйгээр баривчилсан 1 хоногийг элдэх ялд нь оруулан тооцсугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн бариултай, 21.5 см-ийн урттай эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

         7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА

                        ШҮҮГЧ                      Д.АДЪЯАСҮРЭН

                      ШҮҮГЧ                       Т.ЭНХМАНДАХ