Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У,

         шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Б.Э

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ... гэх газарт өөрийн малд нийлсэн Б.Г-ын эзэмшлийн 34 тооны малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад 3.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 17-ны өглөө хониндоо явахад хонины захад 30 гаран хонь харагдсан. Тэгээд би үдээс хойш очиход манай хонинд нийлсэн байсан. Тэр хавийн айлын Баярсайхан гэдэг хүнээс асуухад мэдэхгүй гэж байсан. Тэгээд нэг их хүн амьтнаас асуугаагүй. 2022 оны 06 дугаар сарын 02-нд хургыг нь засаж, 06 дугаар сарын 10-ны үед хуучин будган дээр нь цэнхэр өнгийн будгаар будсан. Зарим хуучин будаг нь арилчихсан байсан. 2022 оны 06 дугаар сарын дундуур Г ах эхнэртэйгээ ирээд манай мал байна гэж хэлсэн. Энэ малыг хувьдаа авах сэтгэл төрөөгүй. Алдчих вий гэхдээ л өөрийнхөө малтай адилхан будсан. Хэргийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг, 

         -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2022 оны 04 дүгээр сард ээлжийн амралтаа аваад мал дээрээ байсан. Худаг гаргах гээд малаа эзэнгүй явуулсан. Тэр үед 147 тооны мал дутсан байсан. Уг нь энэ залуутай таарч асууж байсан. Сураг гарахгүй байсан. Тэгээд нэг өдөр үхрээ бөөгнүүлж яваад энэ айлын хонины хажуугаар явсан чинь манай хонинууд байсан. Энэ залуугаас яагаад манай хонийг цэнхэр өнгийн будгаар будсан юм бэ гэж асуумаар байна. Манайх эдний гэрээс 7 км зайтай байдаг. Энэ хүн зөндөө мал зарсан сураг байдаг. 147 тооны малаас 34 тооны хонийг олж авсан. 113 мал дутаад байгаа.Анх 2022 оны 04 дүгээр сард малаа алдсан. Эхлээд мал тасраад явчихлаа гээд цагдаад хандаагүй. Тэгээд малаа эдний малд байгааг мэдээд цагдаад хандсан гэсэн мэдүүлэг,

          -Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хэдэн үхрээ хайгаад машинтай явж байхдаа манайхаас баруун урагш 8 км зайтай газарт нутагладаг Э гэх айлын хонины хажуугаар өнгөртөл манай хонь байж байсан. Гэхдээ хонины зоог дагуулж хар өнгийн будгаар будсан будгийг ноосыг нь зулгааж арилгаад цэнхэр өнгийн будгаар будчихсан байсан. Тэр айлаас хонио ялгаж авахад их бага нийлсэн 33 хонь, 1 ишиг байсан. Үүнээс хурга 14, хонь 17, ишиг 1 байсныг өөрийнхөө хот руу тууж аваачсан гэсэн мэдүүлэг /хх 22, 24 ху/,

        -Гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай хамтран амьдрагч Б.Э малаа эргүүлэхдээ нэлээд хэдэн тооны мал манай малд нийлчихсэн гэж хэлж байсан. Манай ойр орчмын айлуудын хүмүүс алга болсон малаа эрж яваад нэгнийхээсээ ялгаад аваад явчихдаг. ...Манай хамтран амьдрагч Б.Э нь ...өчигдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хороон дээрээ будсан гэсэн мэдүүлэг /хх 26-28 ху/,

          -Яллагдагч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Н ахын 200 гаруй хонь миний өөрийн 100 гаруй хонио нийлүүлээд бэлчээрт нь хараад явж байхад өдөр 12:00 цагийн орчимд манай  хонины хойд захад 30 гаруй тооны бог мал явж  байхаар нь очиж үзсэн чинь зоон дээрээ хар будгаар будсан хонь явж байхаар нь тоолгүй гэр рүүгээ яваад өгсөн. Гэртээ очоод байж байгаад 14:00 цагийн үед очиход 30 гаруй хонь манай хоньтой нийлсэн байхаар нь тоолгүй орхисон. Тэрнээс хойш 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өөрийнхөө болон манай хонинд нийлсэн байсан 30 гаруй хонийг нийлүүлж байгаад хурга ишгийг нь засаад цэнхэр будгаар будсан, хурга ишиг зассаны дараа 10 гаруй хоногийн дараа Г манай гэрт ирээд танай хонин дотор чинь манай хонинууд байна, бүгдийг нь цэнхэр будгаар будсан танай хонин дээр чинь очно гэсэн. Тэгэхээр нь би Г эхнэр хоёртой хамт очоод хонийг нь ялгаж өгөөд явуулсан гэсэн мэдүүлэг /хх 30-31, 52 ху/,

         -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-13 ху/,

         -Хохирлын үнэлгээ /хх 41-43 ху/,

         -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 48-49, 52 ху/

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

        Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ухнын бууц гэх газарт өөрийн малд нийлсэн Б.Гантулгын эзэмшлийн 34 тооны малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад 3.040.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Эын “...үдээс хойш очиход манай хонинд нийлсэн байсан. 2022 оны 06 дугаар сарын 02-нд хургыг нь засаж, 06 дугаар сарын 10-ны үед хуучин будган дээр нь цэнхэр өнгийн будгаар будсан. Хэргийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрнө” гэсэн,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уын “...Худаг гаргах гээд малаа эзэнгүй явуулсан. Тэр үед 147 тооны мал дутсан байсан. ...нэг өдөр үхрээ бөөгнүүлж яваад энэ айлын хонины хажуугаар явсан чинь манай хонинууд байсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Гын “...үхрээ хайгаад машинтай явж байхдаа манайхаас баруун урагш 8 км зайтай газарт нутагладаг Э гэх айлын хонины хажуугаар өнгөртөл манай хонь байж байсан. Гэхдээ хонины зоог дагуулж хар өнгийн будгаар будсан будгийг ноосыг нь зулгааж арилгаад цэнхэр өнгийн будгаар будчихсан байсан”  гэсэн, гэрч Д.Нийн “...Б.Э малаа эргүүлэхдээ нэлээд хэдэн тооны мал манай малд нийлчихсэн гэж хэлж байсан. ...Б.Э нь ...өчигдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хороон дээрээ будсан” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал” гэдэг нь гэм буруутай этгээдийн оролцоогүй, өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, ижил сүргээсээ тасран салж бэлчээр нутгаасаа холдож, өөр орон нутагт шилжин байрлаж, өмчлөгч эзэмшигч нь тодорхойгүй байгаа таван хошуу мал, бусад тэжээвэр амьтдыг ойлгох бөгөөд “алдуул мал завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдыг өмчийг өөрт олж авахын тул идэвхтэй үйлдэл хийгээгүй, түүний эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа завших сэдэл төрж, захиран зарцуулах эрх үүссэнээр төгссөнд тооцдог.

          Шүүгдэгч Б.Эын 34 тооны хонийг бусдын  өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших сэдэл төрж, хургыг нь засаж, цэнхэр өнгийн будгаар будсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой бөгөөд алдуул малыг  бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг  бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

            Шүүгдэгч Б.Эт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, хохирол төлбөргүй болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын санал зэргийг харгалзан харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор шийдвэрлэв.

  Шүүгдэгч Б.Эт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хохирлын хувьд хохирогч Б.Гын эзэмшлийн 34 тооны малыг завшиж бусдад 3.040.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг биет байдлаар буюу 34 тооны малыг буцаан өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч талаас “147 тооны малаас 34 тооны хонийг олж авсан. 113 мал дутаад байгаа” гэж мэдүүлж байх бөгөөд үлдэх 113 тооны малыг гэмт хэргийн улмаас алдагдсан эсэхийг тогтоолгохоор холбогдох материалыг Дорноговь аймгийн цагдаагийн газарт хүргүүлж шалгуулж байгаа болох нь Прокурорын 2022 оны 12 сарын 22-ны өдрийн 1/06 тоот албан бичгээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан адуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.БАЙГАЛМАА