| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2023/0127/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/162 |
| Огноо | 2023-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/162
2023 02 02 2023/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч П.Эрдэнэбат,
шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************** овогт **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2308001860100 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ********* оны **** дугаар сарын ***********-ны өдөр *********** аймгийн ******** суманд төрсөн, ************ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, хамтран амьдрагч 3 хүүхдийн хамт амьдардаг, ************** дүүргийн ************* дүгээр хороо, *************тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, **************овогт **************** (РД:******************),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************* нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***************дүүргийн *********** дүгээр хорооны нутаг дэвсгэр ***************** тоотод хамтран амьдрагч ***************зодож биед нь тархи доргилт, дагз, зүүн чамархай хуйханд зөөлөн эдийн няцрал, хамар, хоёр нүдний дотор буланд цус хуралт, хүзүүнд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч *************мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16452 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал), шүүгдэгч ************* мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ************** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь үндэслэлтэй байна. Учир нь,
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “...хамтран амьдарч” 3.2 дахь хэсэгт “...эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан...” гэж заасан байх бөгөөд тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6 дахь заалт “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор зохицуулагдсан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.
Ингэхдээ хууль тогтоогч нараас гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад байлгадаг харилцааг ойлгохыг тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийвэл, шүүгдэгч ************** хохирогч ********** нар гэрлэлтийн баталгаагүй ч гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа хүмүүс байх бөгөөд амьдарч байх хугацаанд бие биедээ хүч хэрэглэж байсан нөхцөл байдал тогтоогдоогүй, өөр хоорондоо таарамжгүй харилцаатай байдаггүй талаар хөндлөнгийн эх сурвалжтай байх тул шүүгдэгч *********** хохирогчийн эсрэг хийсэн нэг удаагийн шинжтэй үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн ойлголтод хамруулж хүндрүүлэн үзэх, дүгнэх боломжгүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг дээрх байдлаар хөнгөрүүлэн зүйлчилсэн болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт болон нотлох баримтуудыг дурдвал,
шүүгдэгч ************ нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *************** дүүргийн ***********дүгээр хорооны нутаг дэвсгэр***************** тоотод хамтран амьдрагч ************* зодож биед нь тархи доргилт, дагз, зүүн чамархай хуйханд зөөлөн эдийн няцрал, хамар, хоёр нүдний дотор буланд цус хуралт, хүзүүнд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Хохирогч ************: “...Тухайн өдөр манай гэрт буюу ************ дүүргийн ******** дүгээр хороо Орбитын *************оотод манай төрсөн ээж *********, манай хамтран амьдрагч ************ нар нийлээд пиво уугаад байсан ба би энэ ************* хандаж "Архиа болиоч чи" хэлэхэд яадаг юм гээд гарнаас чанга зуураад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд толгой руу нь 2 удаа цохиод авсан ба хамтран амьдрагч ************* маань уурлаж миний үснээс татаж ор луу чирч, улмаар хамар луу 2 удаа гараараа цохисон. Маргаан болохыг сонсоод манай төрсөн дүү **************нөхөр ************* нь өөр өрөөнөөс орж ирээд ээжтэй хамт ************* бид 2-г салгасан. Манай хамтран амьдрагч ************* нилээн их согтолттой, ээж бол бага зэргийн согтолттой байсан. Мөн ************ надад 1 стакан пиво өгөөд шахаад байхаар нь би уучихсан. Надтай зууралдаж байх үед ээж болон ************** нар салгах гээд ирэх үед түлхсэн. Харин охин бол зууралдаж байхад орноосоо уначихсан бусдаар халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Өнөөдөр өгч буй мэдүүлэг үнэн зөвөө. Би өмнө мэдүүлэг өгөхдөө айж сандарсан байсан учир ээж дүү хүүхэд нарыг зодсон гэж мэдүүлэг өгсөн, бэртэл гэмтэл учирсан зүйл байхгүй. Харин надад л гэмтэл учирсан. Манай охины биеийн байдал хэвийн байгаа. Миний бие эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн баримт байхгүй. Тухайн үед учирсан хөхрөлт, зулгаралтууд хэд хоноод эдгэрсэн. Миний бие эрүүл мэндийн даатгалын сан болон нийгмийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан зүйл байхгүй. Надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй. Манай нөхөр надаас уучлалт гуйж, хоорондоо эвлэрсэн бөгөөд тэр өдрөөс хойш архи хэрэглээгүй байгаа. Иймд миний зүгээс ямар нэг гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16452 дугаартай: “...************ биед тархи доргилт, дагз, зүүн чамархай хуйханд зөөлөн эдийн няцрал, хамар, хоёр нүдний дотор буланд цус хуралт, хүзүүнд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
3. Шүүгдэгч *************: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие эхнэрээсээ уучлалт гуйж хоорондоо эвлэрсэн байгаа. Би өөр цагдаагийн газар хэлтэст гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч ************ нь согтуурсан үедээ хамтран амьдрагч *************тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэрүүл өдөж, нүүр толгой, хэвлий, гуя зэрэг дайралдсан газар бүртээ цохиж зодсоны улмаас хохирогчид гэмтэл шарх учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, түүний энэхүү үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Улмаар шүүгдэгч ************** дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Хохирол, хор уршгийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч *************** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор ************* нь **************** холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) *************** танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Хэдийгээр прокуророос ************* холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүхээс хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай тооцсон хэдий боловч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн тухайд прокурорын гаргасан саналын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Иймээс шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч *************** хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******************холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ************** овогт ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************** 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ************** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ