Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 181

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 26 өдөр               Дугаар 153/ШШ2019/00181              Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 04-01 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Борголжин овогт Дэлгэрийн Эгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 09-07 тоотод оршин суух, ПИ86071117 тоот регистрийн дугаартай, Хэрээдэй овогт Бадрахын Бат-Эрдэнэд холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Б.Бат-Эрдэнэтэй 2016 онд танилцсан. Танилцсанаас хойш бид хэн хэнийдээ ирж очин амьдарч байгаад, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Наранзун төрсөн. Хүүгээ төрөөд 2-3 сарын дараа Б.Бат-Эрдэнэ нь ажил хийхээр Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод нэг хэсэгтээ ярьж байгаад 2018 оны 11 дүгээр сарын сүүл 12 сарын эхээр огт харьцахаа байсан. Фейсбүүк дээрээ өөр охинтой хамт авахуулсан зургаа хүртэл тавьдаг болсон. Тэгээд манай найзууд чат бичихээр хүний амьдралд битгий гай болоод бай гэж хариу бичсэн. Б.Бат-Эрдэнэ нь хүүхдээ төрсөн цагаас хойш хүүхдийнхээ хэрэгцээнд зориулж эд зүйл болон мөнгөний туслалцаа үзүүлж байгаагүй бөгөөд 2018 оны 12 сараас хойш огт холбоогүй байгаа учраас миний бие нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хүү Б.Наранзуныг эх Д.Э миний асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Эгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Д.Э, Б.Бат-Эрдэнэ нар нь нэг гэрт орж, хамт амьдарч байгаагүй бөгөөд хоёулаа нэг нэгнийдээ очдог байсан. Улмаар 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Наранзун төрсөн бөгөөд одоо хүртэл хүү Б.Наранзун эх Д.Эгийн хамт амьдарч байгаа. Хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь хүү Б.Наранзунг өөрийн хүү мөн болохыг, мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байдаг. Иймд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Наранзуны асрамж тогтоолгож, эцэг Б.Бат-Эрдэнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Д.Эгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүү Б.Наранзун нь миний төрсөн хүү мөн. Би хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Цаашид Д.Э болон хүү Б.Наранзун нарыг харж хандаж байх болно гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Б.Бат-Эрдэнэд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Б.Бат-Эрдэнэ нар нь 2016 оноос эхлэн үерхэж, улмаар тэдгээрийн дундаас 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Наранзун төрсөн болох нь хүү Б.Наранзуны төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно. Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Б.Бат-Эрдэнэ нар нь нэг гэрт орж хамтран амьдраагүй, гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хүү Б.Наранзун нь эцэг Б.Бат-Эрдэнээр овоглож төрсний гэрчилгээ авсан байна.

Хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь хүү Б.Наранзуны асрамжийн талаар маргаагүй ба түүнийг эх Д.Эгийн асрамжид өгч, хүүхдийн тэтгэлэгийг төлөхийг зөвшөөрсөн байх тул хүү Б.Наранзунг эх Д.Эгийн асрамжид үлдээн, эцэг Б.Бат-Эрдэнээр хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Б.Наранзунг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Б.Бат-Эрдэнээс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Д.Эд, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Бат-Эрдэнэд тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.Наранзунг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Б.Бат-Эрдэний хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Б.Бат-Эрдэнээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Д.Э саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Наранзуныг эх Д.Эгийн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Наранзуныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Бат-Эрдэнээс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Б.Бат-Эрдэнэ нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, нэг гэрт орж хамтран амьдарч байгаагүй ч гэсэн хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Б.Бат-Эрдэнэд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Д.Эд тус тус даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.6-т зааснаар нэхэмжлэгч Д.Э нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  хариуцагч Б.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Д.Эд, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Бат-Эрдэнэд тус тус мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МАРИНА