Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/16

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагч М.Отгонбаатар,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

         Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

  Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б.Э

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сумын ..... тоот хашааны урд Б.Гтай маргалдаж толгойгоороо 1 удаа мөргөж, гараараа цохиж дээд уруулын шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бухий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          -Шүүгдэгч Б.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр найз Амгалангийнд очоод архи уусан. Энэ үед Г орж ирээд гэрийн хаалга хаахгүй байсан юм. Тэгэхээр нь би “хаалгагүй гэрт ороод ирсэн юм уу” гэж маргасан. Г миний хүзүүний гинжийг тасалчихсан. Тэгээд цохиж амжаагүй байхад нь би 1 мөргөөд, гараараа цохичихсон. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Миний буруу, хүлээн зөвшөөрнө. Г надад мөнгө төгрөг хэрэггүй гэж хэлсэн. Би мөнгөний хэрэг болоод Төв аймгийн Мөнгөнморьт руу самарт явсан. Дорноговь аймгийн Цагдаагийн газраас нэхэмжилж байгаа 532.281 төгрөгийг төлнө, маргахгүй гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн үед Амгалан гэх урд айлын гэрт ганцаараа ороход Амгалантай хамт гэрт нь танихгүй нэг залуу байсан. Би тухайн үед Агийн гэрт жоохон чанга дуугаар бахирч орсон чинь Агийн гэрт байсан Э гэх залуу намайг чи хаанахын хүн бэ гэж асуухаар нь би Хатангийн Х гэж хүн байна гэж өөрийнхөө дууддаг нэрийг хэлсэн чинь намайг гэрээс гаръя, хоёулаа уулзъя гэхээр нь би цуг гараад гудамжинд гарч уулзах уед намайг уруул хэсэгт 1 удаа мөргөхөөр нь доош тонгойход доороос намайг цохих шиг болсон. Намайг Э гэх хүнтэй муудахад ойр орчимд бид хоёроос өөр хүн байгаагүй. А гэртээ үлдсэн байсан. Миний дээд уруул хэсгээс цус гарч байсан. Намайг Агийн гэрт орох үедээ чанга дуутай орсноос болж Эийн уурыг хүргэсэн юм шиг байгаа юм. Би өглөө айлын ажил явдалд явж ирээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Этэй өмнө муудаж байгаагүй, танихгүй хүн байсан. Эийн биед би хүрээгүй. Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Сүүлд гэрийн гадаа цусаа тогтоох үедээ цагдаа дуудахад миний хажууд гуйваад байсан. Э гэх хүнд миний уруулыг сэтэлсэнд гомдолтой байна. Эмчилгээнд зарцуулах мөнгө авна гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,

          -Гэрч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Намайг гэртээ 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Эийн хамт Хараа нэртэй 0.75 граммын архи ууж байхад 16 цагийн үед манай гэрт "Хатангийн хар Х гэж таних уу" гэж чанга дуутай Г гэж хүн орж ирсэн. Э айлд орж ирж байж аятайхан орж ирээч гэж хэлсэн чинь Г, Э 2 хоорондоо юм ярьж байгаад манай гэрээс гараад явсан. ...хэсэг хугацааны дараа Э Г 2 орж ирсэн. Гын ам хэсгээс цус гарсан байсан гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,

          -Гэрч Ө.А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн үед гэрээсээ нойл орох гээд явж байх үед нөхөр Г маань нүүрэн хэсэгтэй цус болсон байдалтай ирж байхаар нь би гэрийнхээ гадаа Гын дээд уруул хэсгээс цус гарч байсныг тогтоосон. Цагдаагийн байгууллагад манай нөхөр хүнд зодуулчихлаа гэж дуудлага өгсөн. Гыг хэн гэдэг хүнтэй муудаж зодолдсон талаар мэдэхгүй, манай нөхрийг зодсон гэх хүнийг би өмнө харж байгаагүй. Гэрийн гадаа байж байхад, манай нөхрийг цохисон гэх Э нь хажууд ирэн "би танай нөхрийг зодсон та нар тэгээд яах юм цагдаагийн байгууллагад ханд л даа" гэж агсам тавьж байсан гэсэн мэдүүлэг /хх 16 ху/,

           -Яллагдагч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би найз Амгалангийн гэрт Хараа нэртэй, 0.75 литрийн архийг Атай цуг ууж байхад би Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Г гэх хүн байна гээд гаднаас нэг хүн ганцаараа орж ирэн, А бид хоёрт агсам тавихаар нь би мэдэхгүй юм байна гэсэн чинь намайг Амгалангийн гэрээс гараад ир гэхээр нь би Гтай цуг гарч хоорондоо маргалдах үед Г миний хүзүүний гинжийг таслан, намайг баруун гараараа нүүр хэсэг рүү 1 цохихоор нь би баруун гараараа нүүр хэсэгт нь 1 удаа цохиж, зүүн гараараа 1 удаа цохиход намайг шоронд явуулна, шоронд очсоны дараа нь чамайг сонин болгоно гэж хэлээд явсан гэсэн мэдүүлэг /хх 14, 31 ху/,

           -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны едрийн 02/0119 дугаартай дүгнэлтэнд:

          1.Б.Гын биед дээд уруулын шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй

        5.Учирсан гэмтэл нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх 18 ху/,

         -Яаралтай тусламжийн хуудас /хх 19-20 ху/,

         -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /42 ху/

         -шийтгэх тогтоолын хуулбар /хх  44-58, 60-63 ху/

         -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурор тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 24-26 ху/ зэрэг болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

          Шүүгдэгч Б.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сумын .... тоот хашааны урд Б.Гтай маргалдаж толгойгоороо 1 удаа мөргөж, гараараа цохиж дээд уруулын шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл бухий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Эийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...найз Агийнд очоод архи уусан. Энэ үед Г орж ирээд гэрийн хаалга хаахгүй байсан юм. Тэгэхээр нь би “хаалгагүй гэрт ороод ирсэн юм уу” гэж маргасан. Г миний хүзүүний гинжийг тасалчихсан. Тэгээд цохиж амжаагүй байхад нь би 1 мөргөөд, гараараа цохичихсон. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Миний буруу, хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Гын “...А гэх урд айлын гэрт ганцаараа ороход Атай хамт гэрт нь танихгүй нэг залуу байсан. Би тухайн үед Аийн гэрт жоохон чанга дуугаар бахирч орсон чинь Аийн гэрт байсан Э гэх залуу намайг чи хаанахын хүн бэ гэж асуухаар нь би Хатангийн Х гэж хүн байна гэж өөрийнхөө дууддаг нэрийг хэлсэн чинь намайг гэрээс гаръя, хоёулаа уулзъя гэхээр нь би цуг гараад гудамжинд гарч уулзах уед намайг уруул хэсэгт 1 удаа мөргөхөөр нь доош тонгойход доороос намайг цохих шиг болсон. Э гэх хүнд миний уруулыг сэтэлсэнд гомдолтой байна” гэсэн, гэрч Ш.Аийн “...Эийн хамт Хараа нэртэй 0.75 граммын архи ууж байхад 16 цагийн үед манай гэрт Хатангийн хар Х гэж таних уу гэж чанга дуутай Г гэж хүн орж ирсэн. Э айлд орж ирж байж аятайхан орж ирээч гэж хэлсэн чинь Г, Э 2 хоорондоо юм ярьж байгаад манай гэрээс гараад явсан. ...хэсэг хугацааны дараа Э Г 2 орж ирсэн. Гын ам хэсгээс цус гарсан байсан” гэсэн, гэрч Ө.Аын “...17 цагийн үед гэрээсээ нойл орох гээд явж байх үед нөхөр Г маань нүүрэн хэсэгтэй цус болсон байдалтай ирж байхаар нь би гэрийнхээ гадаа Гын дээд уруул хэсгээс цус гарч байсныг тогтоосон. Цагдаагийн байгууллагад манай нөхөр хүнд зодуулчихлаа гэж дуудлага өгсөн. Гыг хэн гэдэг хүнтэй муудаж зодолдсон талаар мэдэхгүй, ...Гэрийн гадаа байж байхад манай нөхрийг цохисон гэх Э нь хажууд ирэн би танай нөхрийг зодсон та нар тэгээд яах юм цагдаагийн байгууллагад ханд л даа гэж агсам тавьж байсан” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед дээд уруулын шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон 02/0119 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Б.Эийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

          Энэ хэргийн улмаас хохирогч Б.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь “...эмчилгээний төлбөр нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч эмчилгээтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.

          Хохирогчийн хувьд хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

           Дорноговь аймгийн Цагдаагийн газраас шүүгдэгч Б.Эийг эрэн сурвалжилж, албадан ирүүлэхэд гарсан зардал 532.281 төгрөгийг нэхэмжилсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 532.281 төгрөгийг шүүгдэгч Б.Эөөс гаргуулж, Дорноговь аймгийн Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ялд оруулсан тооцсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эөөс  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 532.281 /таван зуун гучин хоёр мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж Дорноговь аймгийн Цагдаагийн газарт олгосугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА