| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00736/И |
| Дугаар | 182 |
| Огноо | 2019-04-26 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 182
2019 оны 04 сарын 26 өдөр Дугаар 153/ШШ2019/00182 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2-р 60 айлын орон сууцны 27 тоотод оршин суудаг, тоот регистрийн дугаартай, Ноён цорс овогт Даваажавын Аын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 38 айлын орон сууцны 38 тоотод оршин суух, ПЕ88031101 тоот регистрийн дугаартай, Мөнхтөрийнхөн овогт Зоригоогийн Батцэцэгт холбогдох гэм хорын хохирол 2,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхзаяа, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн З.Батцэцэгийн төрсөн хүү болох Цогтбаярын Даваажаргал нь миний харриер маркийн автомашины урд салхины шилийг хагалсан болох нь тогтоогдсон бөгөөд холбогдогч нь насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр Цагдаагийн газраас миний гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан болно. Мөн шинжээчийн үнэлсэн үнэлгээг асран хамгаалагч З.Батцэцэг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бас энэхүү үнэлгээ нь миний худалдаж авсан шилний бодит үнээс доогуур байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан тул нэхэмжлэл гаргасан.
Иймд Ц.Даваажаргалын асран хамгаалагч, хууль ёсны төлөөлөгч З.Батцэцэгээс харриер маркийн автомашины урд салхины шилний үнэ 330,000 төгрөг, шил наасан 2 цавууны үнэ 20,000 төгрөг, шилний халаалтын наалт 25,000 төгрөг, шил наалгасан ажлын хөлс 25,000 төгрөг, шинжээчээр үнэлгээ хийлгэсэний төлбөр 10,000 төгрөг, нийт 410,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12,950 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхзаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид харриер маркийн автомашины урд салхины шилний үнийг судлаж үзэхэд 200,000 төгрөгийн үнэтэй байсан. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт хавсаргасан санхүүгийн баримт нь нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас 330,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, илүү нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч З.Батцэцэгт холбогдуулан харриер маркийн автомашины урд салхины шилний үнэ 330,000 төгрөг, шил наасан хоёр цавууны үнэ 20,000 төгрөг, шилний халаалтын наалт 25,000 төгрөг, шил наалгасан ажлын хөлс 25,000 төгрөг, шинжээчээр үнэлгээ хийлгэсний төлбөр 10,000 төгрөг, нийт 410,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.А нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “...би машины шил солиулахад 410,000 төгрөгийн зардал гарсан. Энэ мөнгийг миний машины салхины урд шилийг хагалсан хүүхэд Ц.Даваажаргалын эцэг, эх төлөх ёстой” гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхзаяа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...харриер маркийн автомашины урд салхины шилний одоогийн зах зээлийн үнэ 200,000 төгрөг байдаг. Гэхдээ 330,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, илүү нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцлээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2-р 60 айлын орон сууцны гадна зогсож байсан 72-99 ХОҮ улсын дугаартай харриер маркийн автомашины урд салхины шилийг 16 нас хүрээгүй Ц.Даваажаргал хагалсан болох нь хэрэгт авагдсан Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолын хуулбар /хх-2/, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно. Харин зохигчид харриер маркийн автомашины урд салхины шилний үнийн хувьд маргасан болно.
16 нас хүрээгүй Ц.Даваажаргалын эх нь З.Батцэцэг мөн болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар, 72-99 ХОҮ улсын дугаартай харриер маркийн автомашины өмчлөгч нь Д.А болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-29/-аар тогтоогдож байх тул 72-99 ХОҮ улсын дугаартай харриер маркийн автомашины эвдрэл гэмтлийг тус машины өмчлөгч Д.А нэхэмжлэх эрхтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэйг тодорхойлжээ.
Нэхэмжлэгч Д.Аын өмчлөлийн 72-99 ХОҮ улсын дугаартай харриер маркийн автомашины гэмтсэн эд хөрөнгө болох урд салхины шилийг Хөрөнгө үнэлгээний Ховд дахь салбар нь 250,000 төгрөгөөр /хх-48-49/ үнэлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Д.А нь тус үнэлгээг эс зөвшөөрч дахин үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж, Хөрөнгө үнэлгээний Мон-Үнэлгээ ХХК-ийг томилсон байна. Гэвч Хөрөнгө үнэлгээний Мон-Үнэлгээ ХХК нь хохирол үнэлэх тусгай зөвшөөрөлгүйн улмаас үнэлгээ хийх боломжгүй талаар /хх-81/ албан бичгийг шүүхэд ирүүлснийг нэхэмжлэгч Д.Аод танилцуулахад тэрээр уг үнэлгээ хийлгэх хүсэлтээсээ татгалзсан татгалзалыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Д.А нь өөрийн өмчлөлийн харриер маркийн автомашины урд салхины шилийг 330,000 төгрөгөөр худалдан авсан худалдагч болох Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг Тамир захад автомашины эд анги зардаг Г.Даваачулууныг гэрчээр асуулгасан бөгөөд гэрч Г.Даваачулуун нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...он, сар, өдрийг нь сайн санахгүй байна, Д.А нь манайхаас 165,000 төгрөгөөр машины салхины урд шил худалдан авсан. Мөн силкон цавуу нэг бүрийн үнэ 10,000 төгрөгөөр 2 ширхэг цавуу авсан” гэж мэдүүлснээ дараа нь “...Д.А нь 350,000 төгрөгөөр салхины шил худалдан авсан” гэж мэдүүлсэн нь эргэлзээтэй байна. Шүүхээс гэрч Г.Даваачулуунд зөрүүтэй мэдүүлэг өгснийг тодруулж асуухад тэрээр “...350,000 төгрөгөөр худалдан авсан” гэж тайлбарлалаа. Иймд нэхэмжлэгч Д.А нь худалдагч Г.Даваачулуунаас харриер маркийн автомашины урд салхины шилийг 330,000 төгрөгөөр худалдан авсан гэж, худалдагч буюу гэрч Г.Даваачулуун нь Д.Аод харриер маркийн автомашины урд салхины шилийг 350,000 төгрөгөөр худалдсан гэж зөрүүтэй тайлбар, мэдүүлэг өгсөн тул гэрч Г.Даваачулууны мэдүүлэгийг хэрэгт үнэлээгүй болно.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхзаяа нь нэхэмжлэгч Д.Аын өмчлөлийн харриер маркийн автомашины урд салхины шилний үнэд 330,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчаас 330,000 төгрөг, мөн тус машины шилний үнэлгээг тогтоосон шинжээчийн зардал 10,000 төгрөг, харриер маркийн автомашины урд салхины шилийг наахад гарсан 2 ширхэг силкон цавуу 20,000 төгрөг, нийт 360,000 төгрөгийг хариуцагч З.Батцэцэгээс гаргуулан нэхэмжлэгч Д.Аод олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Жаргалант тамир ХХК-ний зарлагын баримт нь /хх-6/ хүлээн авагчийн гарын үсэггүй, регистрийн дугааргүй учир хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Батцэцэгээс 360,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 11,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Аод олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан хариуцагч З.Батцэцэгээс 360,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Аод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 50,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Батцэцэгээс 11,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ