| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0012/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/17 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
улсын яллагч М.Отгонбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,
шүүгдэгч Р.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Нт холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Р.Н
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Р.Н нь 2021 оны 08 дугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Я.Б алдуул мал болох 4 хөл шийр цагаан, халзан зээрд зүсмийн, цагаан усан давхар саран тамгатай гүүг завшиж, бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Р.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би ямаагаа шавраас гаргаж байсан чинь цаана нэг адуу шаварт байхаар нь татаж гаргасан. 4 шийр нь цагаан халзан адуу байсан. Тэгтэл манай морьтой нийлсэн байсныг харсан. Арваад хоногийн дараа А ах ирсэн. Нөгөө шавраас татаж гаргасан адууг өгөөд эзнийг нь олж өгөөрэй гэж явуулсан. А олон газраар отор нүүдлээр их явдаг. Тэгээд мартчихсан байсан. Гэтэл Б гэдэг эзэн нь А ахын адуунаас авсан гэсэн. Би А бэлэглэж байна гэж хэлээгүй, эзнийг нь олж өгөөрэй л гэсэн юм. Би цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Энэ талаар мэдэхгүй, зар тавиагүй. Энэ адууны эзэн Б гэдэг хүн нь хотод байдаг гэсэн. Эдний адууг Б гэдэг хүн малладаг гэсэн. Би энэ адууны талаар ойр хавийн айл руу, манайхаар мал эрж явсан хүн болгонд хэлж байсан. Урьд нь манай гэрийн тооно мурийсан байсан чинь А би тооно авч өгье гээд авч өгсөн. Тухайн үед би малыг нь маллаж байсан. А энэ адууг зарж үрж болохгүй шүү, хүний юм шүү гэж хэлж өгсөн. Ингэж хэлсэн талаар А асуухад “би уг нь үнэнээ хэлэх гэсэн чинь загнаад, өшиглөсөн. Тэгээд ингэж мэдүүлсэн” гэж саяхан арваад хоногийн өмнө таарахад хэлсэн. Хүний юмыг хүнд өгч явуулсандаа буруутай. Зүйл ангийг зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Я.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...1 тооны давхар саран тамгатай дөрвөн хөл цагаан зээрд халзан гүү хулгайд алдсан. ...тухайн үед Алтанширээ сумын харьяат малчин С.Б гэх хүн маллаж байсан гэсэн мэдүүлэг /хх 20-21 ху/,
-Гэрч Ц.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас өөрийн эзэмшлийн 30 тооны адууг, үхэр, хонь, ямааныхаа хамт тууж явсан юм. Миний нагац дүү болох Н надад танд бэлэглэж байгаа юм гэж өгөхөөр нь авч байсан юм. Би Наас 600.000 төгрөгийн авлагатай байсан ба адуу өгөхөөр нь тэрэндээ дүйцэж байгаа юм байна гэж бодоод ямар нэгэн мөнгө төгрөг нэхээгүй. ...би дээрх гүүг Нын нутагладаг Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3-р баг Дэрсний булаг гэх газарт 2021 оны 08 дугаар сард. өөрийн эзэмшлийн пронтер маркийн машинтай очиж ачиж адуундаа авчирч тавьж байсан. Ныг надад өгөхөөр нь өөрийнхөө адуунаас өгч байна гэж бодож авсан. Тэрнээс хүний адуу байсан бол авахгүй байсан гэсэн мэдүүлэг /хх 13-14, 26-27 ху/,
-Гэрч С.-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар баг ... гэх газраас 2021 оны 08 дугаар сард.. 4 хел шийр цагаан зээр халзан давхар саран тамгатай гүү алдагдсан. Тэр хавиар эрэл сурал болоод олдоогүй. Тэр гүүг хайгаад би 14 хоног эрж явсан. ...тухайн 4 хөл нь шийр цагаан зээрд халзан давхар саран тамгатай гүүг Сайхандулаан сумын нутгаас авчирсан болохоор би нутаг руугаа гүйсэн байж магадгүй гэж бодоод замын баруун талаар хайгаад байсан гэсэн мэдүүлэг /хх 50-51 ху/,
-Гэрч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: манай нөхөр болох Н нь 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр санаж байна. Дорноговь аймгийн Алтанширээ сумын дугаар багт байх, Дэрсэн булаг гэх газарт өөрийнхөө ямааг шавраас татаж гарах гэж байхад нэг гүү шаварт унасан байхаар нь шавраас татаж гаргачихаад ирлээ гэж байсан. Хэд хоногийн дараа нөгөө шавраас татаж гаргасан гэх урд талынх нь хоёр хөл цагаантай гуу нь манай өөрийн эзэмшлийн 3 тооны морьтой нийлсэн явж байна гэхээр нь би харж байсан юм гэсэн мэдүүлэг /хх 55 ху/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-11 ху/,
-Хохирлын үнэлгээ /хх 57-59 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 39-40, 44-45 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 61 ху/
-Шийтгэх тогтоолын хуулбар /хх 62-75 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Р.Н нь 2021 оны 08 дугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Я.Б алдуул мал болох 4 хел шийр цагаан, халзан зээрд зүсмийн, цагаан усан давхар саран тамгатай гүүг завшиж, бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Нын өгсөн “...Би ямаагаа шавраас гаргаж байсан чинь цаана нэг адуу шаварт байхаар нь татаж гаргасан. 4 шийр нь цагаан халзан адуу байсан. Тэгтэл манай морьтой нийлсэн байсныг харсан. Арваад хоногийн дараа А ах ирсэн. Нөгөө шавраас татаж гаргасан адууг өгөөд эзнийг нь олж өгөөрэй гэж явуулсан. ...Би энэ адууны талаар ойр хавийн айл руу, манайхаар мал эрж явсан хүн болгонд хэлж байсан. ...Хүний юмыг хүнд өгч явуулсандаа буруутай. Зүйл ангийг зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Я.Б “...1 тооны давхар саран тамгатай дөрвөн хөл цагаан зээрд халзан гүү хулгайд алдсан. ...тухайн үед Алтанширээ сумын харьяат малчин С.Б гэх хүн маллаж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.А, гэрч С.Б, гэрч Ж.Н нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын үнэлгээ, шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Н шүүхийн хэлэлцүүлэгт “...Арваад хоногийн дараа А ах ирсэн. Нөгөө шавраас татаж гаргасан адууг өгөөд эзнийг нь олж өгөөрэй гэж явуулсан. А олон газраар отор нүүдлээр их явдаг. Тэгээд мартчихсан байсан. ...Би Ат бэлэглэж байна гэж хэлээгүй, эзнийг нь олж өгөөрэй л гэсэн юм. Би цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Энэ талаар мэдэхгүй, зар тавиагүй. ... А энэ адууг зарж үрж болохгүй шүү, хүний юм шүү гэж хэлж өгсөн. Ингэж хэлсэн талаар А-аас асуухад “би уг нь үнэнээ хэлэх гэсэн чинь загнаад, өшиглөсөн. Тэгээд ингэж мэдүүлсэн” гэж саяхан арваад хоногийн өмнө таарахад хэлсэн” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, учир нь шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, үйлдсэн хэргээ нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд энэ мэдүүлэг нь түүний гэм бурууг үгүйсгэх үйл баримт болохгүй.
Өөрөөр хэлбэл дээрхи мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Ц.А-ийн “...Миний нагац дүү болох Н надад танд бэлэглэж байгаа юм гэж өгөхөөр нь авч байсан юм. Би Наас 600.000 төгрөгийн авлагатай байсан ба адуу өгөхөөр нь тэрэндээ дүйцэж байгаа юм байна гэж бодоод ямар нэгэн мөнгө төгрөг нэхээгүй. ...би дээрх гүүг Нын нутагладаг Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3-р баг Дэрсний булаг гэх газарт 2021 оны 08 дугаар сард. өөрийн эзэмшлийн пронтер маркийн машинтай очиж ачиж адуундаа авчирч тавьж байсан. Ныг надад өгөхөөр нь өөрийнхөө адуунаас өгч байна гэж бодож авсан. Тэрнээс хүний адуу байсан бол авахгүй байсан” гэсэн, гэрч С.Б-ийн “...2021 оны 08 дугаар сард. 4 хөл шийр цагаан зээр халзан давхар саран тамгатай гүү алдагдсан. Тэр хавиар эрэл сурал болоод олдоогүй. Тэр гүүг хайгаад би 14 хоног эрж явсан. ...Сайхандулаан сумын нутгаас авчирсан болохоор би нутаг руугаа гүйсэн байж магадгүй гэж бодоод замын баруун талаар хайгаад байсан” гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал” гэдэг нь гэм буруутай этгээдийн оролцоогүй, өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, ижил сүргээсээ тасран салж бэлчээр нутгаасаа холдож, өөр орон нутагт шилжин байрлаж, өмчлөгч эзэмшигч нь тодорхойгүй байгаа таван хошуу мал, бусад тэжээвэр амьтдыг ойлгох бөгөөд “алдуул мал завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдыг өмчийг өөрт олж авахын тул идэвхтэй үйлдэл хийгээгүй, түүний эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа завших сэдэл төрж, захиран зарцуулах эрх үүссэнээр төгссөнд тооцдог.
Шүүгдэгч Р.Нын 1 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших сэдэл төрж, бусдад төлөх төлбөрт тооцож өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүхээс шүүгдэгч Р.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн болон хохирол төлбөргүй зэрэг байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Хохирогч Я.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1 тооны адууг биет байдлаар хүлээн авсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Р. Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан адуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА