Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2025/0018

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б ”

НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.М

Нэхэмжлэгч: “Б ” НҮТББ

Хариуцагч: Д  аймгийн Х  сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: “С ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Х  сумын Засаг даргын 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн А/000 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг цуцлахыг даалгах, мөн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/00 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 127/ШШ2024/0013 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.М, Г.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 116/2021/0009/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б ” НҮТББ нь Д  аймгийн Х  сумын Засаг дарга холбогдуулан “Х  сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/000 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг цуцлахыг даалгах, мөн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/00 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 127/ШШ2024/0013 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “С” ХХК-д 2013 онд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан Д  аймгийн Х  сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/73 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “... ашиглах зөвшөөрөлгүй химийн бодис бордоог ашиглаж, үр тарианы аж ахуй нэгжид хориглох хөрс боловсруулах технологийг зөрчсөн, эзэмшил газраа хуульд заасны дагуу зориулалтын дагуу 2-оос дээш жил үйл ажиллагаа явуулаагүй, тариалалт эрхлээгүй үйл баримт тогтоогдсон гэж харин шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн үндэслэлээ Газрын тухай хуулийн 40.1.2, 40.1.4, 40.1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж тайлбарласан. Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гуравдагч этгээдийн зүгээс маргахгүй болно. Харин нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгийг хангаж шийдвэрлэсэн тухайд гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “... Харин Газрын тухай хуулийн... 40.1.2, 40.1.4, 31.4, 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна...” хэмээн дүгнэсэн атлаа, мөн Үндэслэх хэсэгтээ “... Газрын тухай хуулийн 40.1.1... Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйл 7.2 дахь хэсэгт заасныг 2013, 2022 онд тус тус зөрчиж Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдож байх тул Д  аймгийн Х  сумын Засаг даргын 2022 оны 05 сарын 11-ны өдрийн А/73 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ” хэмээн дүгнэж Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл 14.1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчимд үндэслэн явагддаг бөгөөд дээрх шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл 6.3 дахь хэсэгт заасан “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд дурдсан дээрх тайлбарыг хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс бүхэлд нь үйл баримт, хууль хэрэглээний хувьд няцаасан бөгөөд шүүх тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж “нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэл тогтоогдохгүй байна” хэмээн дүгнэсэн байдаг. Гэтэл шүүхийн зүгээс талуудын мэтгэлцээгүй үндэслэлээр өөрөө оюун дүгнэлт гаргасан буюу Газрын тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасан “хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа нь шүүхэд хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж байгаа явдал юм. Мөн энэхүү дүгнэлт шийдвэр нь шүүхээс хариуцагч, гуравдагч этгээдийн мэтгэлцээний туршид хийсэн хууль зүйн үндэслэл бүхий тайлбар, татгалзлын үндэслэл болсон үйл баримт захиргааны хэрэг үүссэн цагаас эхлэн цуглуулсан нотлох баримт, цаг хугацаа зэргийг нотолгооны ач холбогдолгүй болгож байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл 106.5 дахь хэсэгт заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

3.1. Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн ямар эрх ашиг нь сэргэнэ гэж үзэж байгаа, ямар эрх ашиг сонирхол нь хамгаалагдаж байгаа талаар дүгнэлт хийлгүй үлдээсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйл 107.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь “С ” ХХК нь одоо маргаан бүхий газрыг эзэмшиж байгаа нь нийтийн эрх ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж байгаа эсхүл зөрчиж болзошгүй байгаа нь хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй бөгөөд маргаан бүхий газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн хүсэлтээр цуцалснаар нийтийн ашиг сонирхол хэрхэн хамгаалагдах талаар мөн нэхэмжлэгч талаас огт баримт гаргаж өгөөгүй. Энэ талаар шүүх хэт нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт хийсэн ба тухайн дүгнэлт нь хуульд заасан нотлох баримтад үндэслээгүй болно.

3.2. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.2, 34.7 дахь хэсэг болон 40 дүгээр зүйл 40.1.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйл 7.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх дүгнэлтийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйл 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” хэмээн хуульчилж өгсөн байдаг. Гэвч шүүхээс маргаан бүхий газарт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэх асуудлаар нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгээгүй атлаа “хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Д  аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 217 дугаарт албан бичиг, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Д  аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зөвлөмж гэсэн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйл 7.2, 7.3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй байна...” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйл 32.1, 34 дугаар зүйл 34.1, 34.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

Учир нь Д  аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 217 дугаар албан бичигт “... Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл авна уу” гэх агуулга бүхий албан бичиг ирүүлсэн бөгөөд шүүхээс энэ талаар дахин тодруулах нотлон баримт цуглуулах ажиллагаа хийгээгүй болно. Түүнчлэн хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “өмнө нь бөөнд нь хийлгэж байсан гэв” гэж хариулсан байхад “хариуцагч тайлбартаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж байгаагүй” гэх байдлаар дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй байна.

3.3. Түүнчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.2 дахь хэсэгт “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалт нь анх газрыг олгоход төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчинд учруулах сөрөг нөлөө, үр дагаврыг урьдчилан тодорхойлж түүнийг бууруулах, арилгахад, чиглэгдсэн арга хэмжээг эрх бүхий этгээдэд танилцуулах зорилготой ба манай компанийн зүгээс зориулалтын дагуу ашиглаж газарт сөрөг нөлөөлөл үзүүлээгүй болох хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Мөн манай компанийн зүгээс газрыг “Ж” ХХК-аас шилжүүлж авсан бөгөөд энэхүү газрыг анх “Ж” ХХК эзэмших эрх олж авахдаа Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээ хийлгэсэн байх боломжтой юм. Гэвч энэ талаар шүүх тодруулах ажиллагаа хийгээгүй атлаа хуулийг илтэд буруугаар тайлбарлаж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуульд заасан дээрх зохицуулалтад газрыг зориулалтын дагуу шилжүүлэх болгонд тухайн газарт дахин дахин байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийлгэх утга агуулга байхгүй болно.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “ ... Харин Газрын тухай хуулийн 40.1.2, 40.1.4, 31.4, 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна ...” хэмээн дүгнэсэн атлаа, мөн Үндэслэх хэсэгтээ “... Газрын тухай хуулийн 40.1.1... Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйл 7.2 дахь хэсэгт заасныг 2013, 2022 онд тус тус зөрчиж ... Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдож байх тул Д  аймгийн Х  сумын Засаг даргын 2022 оны 05 сарын 11-ны өдрийн А/73 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ” хэмээн дүгнэж Монгол улсын нүдсэн хуулийн 14 дүгээр зүйл 14.1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл 37.4 дэх хэсэгт “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж заасан бөгөөд Засаг даргын 2013 оны газар эзэмших эрхийг “С ” ХХК-д олгосон тухай шийдвэр эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Иймээс тухайн асуудлыг шийдвэрлэхэд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зайлшгүй шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд шүүхээс дээрх дүгнэлтийг хийхдээ Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасныг зөрчиж 11 жилийн дараа хууль зөрчсөн гэх үндэслэлээр гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй тул Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Б” НҮТББ-аас “Х  сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/113 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг цуцлахыг даалгах, мөн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/00 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Д  аймгийн Х  сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Анх Д  аймгийн Х  сумын Засаг даргын 2012 оны А/00 дугаар захирамжаар тус сумын Т багийн нутагт байрлах Б-н ухаа нэртэй газарт 1631.2 га газрыг газар тариалангийн зориулалтаар “Ж” ХХК-д эзэмшүүлсэн.

3.2. Мөн сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/113 дугаар захирамжаар дээрх газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд “С ” ХХК-д шилжүүлж, газар тариалангийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

3.3. Улмаар “С ” ХХК-ийн хүсэлтийн дагуу сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Эзэмшил газрыг нэгж талбар бүрээр хуваан эзэмшүүлэх тухай” А/73 дугаар захирамжаар газрын хэмжээг 1629.88 га болгож, 2101001092, 2101001093, 2101001094, 2101001095 дугаартай 4 нэгж талбарт хувааж, тус бүр 6 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

3.4. Дээрх захирамжид холбогдуулан нэхэмжлэгч “Б ” НҮТББ-аас гаргасан гомдлыг Д  аймгийн Х  сумын Засаг дарга хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/98 тоот албан бичгээр “... газар эзэмшигч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын газарт явуулж буй үйл ажиллагаанд нийцүүлж эргэлтийн талбай тус бүрээр нь нэгж талбарт хуваан газар эзэмших гэрчилгээг шинэчилсэн бөгөөд шинээр газар эзэмшүүлж хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй болно” гэсэн хариу өгснөөр нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Б ” НҮТББ-ын нэхэмжлэлийн “С ” ХХК-д 2013 онд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохыг даалгах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Д  аймгийн Х  сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/00 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

4.1. Гуравдагч этгээд “С” ХХК-ийн өмгөөлөгчөөс шүүхийн шийдвэрийн “Д  аймгийн Х  сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/00 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасан хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх шийдвэрийг бүхэлд нь хянасан болохыг дурдах нь зүйтэй.

5. Нэхэмжлэлийн “С ” ХХК-д 2013 онд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохыг даалгах” шаардлагын тухайд:

5.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

5.2. Маргаан бүхий Д  аймгийн Х  сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Эзэмшил газрыг нэгж талбар бүрээр хуваан эзэмшүүлэх тухай” А/00 дугаар захирамжийн 2 дахь заалтаар мөн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/000 дугаар захирамжийг хүчингүйд тооцсоноор түүний эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон тул эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй.

5.3. Өөрөөр хэлбэл, нэгэнт хүчингүй болсон захирамжид холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв болжээ.

6. Нэхэмжлэлийн “Д  аймгийн Х  сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/73 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

6.1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 34.3-д “Хэрэв тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхийн гэрчилгээгээр эзэмших газарт хийсэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр сөрөг дүгнэлт гарсан бол эрхийн гэрчилгээг олгохоос татгалзаж, дуудлага худалдааны үнийг буцаан олгоно”, 34.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшилд олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно” гэж тус тус заасан.

6.2. Гуравдагч этгээд “С ” ХХК нь маргаан бүхий газарт байгаль орчны нөлөөлийн ерөнхий үнэлгээ хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан Д  аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 000 тоот албан бичиг, Д  аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Зөвлөмж, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

6.3. Хариуцагч Д  аймгийн Х  сумын Засаг дарга нь тус сумын Т багийн нутагт байрлах Б ухаа нэртэй газрыг 2012 оны А/80, 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/ дугаар захирамжуудаар газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг зөрчжээ.

6.4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “... манайх газрыг “Ж ” ХХК-иас авсан учир тус компани байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэх ёстой. Өмнөх компани газар тариалангийн зориулалтаар газрыг авсан учраас нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх боломжтой” гэж тайлбарладаг.

6.5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ”, 7.3-д “Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ” гэж тус тус заасан.

6.5. Дээрхээс үзвэл байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх нь газар эзэмшигчийн үүрэг бөгөөд газар эзэмших эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө аль алинд нь нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхээр хуульчилсан байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

6.6. Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг 11 жилийн дараа хүчингүй болгосон нь хуулийг ноцтой зөрчсөн ... гуравдагч этгээдийн хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой” гэж дурдсаныг хүлээн авах боломжгүй.

6.7. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах. Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй”, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно”, 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж тус тус зааснаас үзэхэд маргаан бүхий захиргааны акт болох Д  аймгийн Х  сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Эзэмшил газрыг нэгж талбар бүрээр хуваан эзэмшүүлэх тухай” А/00 дугаар захирамжийг захиргааны байгууллага хүчингүй болгож байгаа тохиолдолд хуульд заасан 5 жилийн хугацааг баримтлах бөгөөд шүүхийн журмаар хүчингүй болгож байгаа энэ тохиолдолд хамаарахгүй.

6.9. Түүнчлэн, дээрх Засаг даргын захирамж Газрын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул гуравдагч этгээдийн итгэл хамгаалагдахгүй.

6.10. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 127/ШШ2024/0013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ