Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0718

 

 

 

 

128/ШШ2021/0718

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б

Хариуцагч: НТГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, А.Б нарын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн *** тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага  бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч А.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “А" ХХК ( цаашид “Компани” гэх )-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, А.Б нар шалгасан гээд 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр №*** тоот Нөхөн ногдуулалтын акт үйлдэж шуудангаар хүргүүлснийг нэхэмжлэгч “А" ХХК гардаж авсан.

Нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, 11.19.1.2, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн 8 981 363.5 төгрөгийн нөхөн татвар, 48 037 934.48 төгрөгийн торгууль, 48 809 740.04 төгрөгийн алданги Нийт 105 829 038.02 төгрөгийн төлбөр төлүүлэхээр хариуцлага хүлээлгэсэн байна. Ийнхүү татвар төлөгч нэхэмжлэлийн зүгээс Нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

Нэгдүгээрт: нэхэмжлэгч “А" ХХК -ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар ногдуулалт төлөлтийн байдлыг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б,Ц.Ц нар хяналт шалгалт хийгээд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 232018106 тоот шийтгэлийн хуудас үйлдсэн.

Тус шийтгэлийн хуудсаар 1-д 2017 онд 453 530 33 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй хоцроосон гээд 97 014 386 төгрөгийн торгууль, 54 518 839.3 төгрөгийн алданги, 2-д 2016 онд 85 938 363 төгрөгийн, 2017 онд 3 875 272 төгрөгийн суудлын автомашин түүний сэлбэг, эд анги худалдан авсан зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалтыг төсөвт төлөх НӨАТ-с хасч тооцсон гээд 8 981 363.5 төгрөгийн нөхөн татвар, торгууль 2 694 409.1 төгрөгийн торгууль нийт 163 208 997 төгрөгийн төлбөр ногдуулсан. Тухайн шийтгэлийн хуудаст 2018 оны 07 дугаар сарын 25 -ны өдөр Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар 2018 оны 10 дугаар сарын 19 -ний өдрийн 054 тоот тогтоолоор шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулж төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн.

Улмаар татвар төлөгчийн зүгээс захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаснаар анхан болон давж заалдах шатны шүүхээр шийтгэлийн хуудас хянагдаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 665 тоот магадлалын Хянавал хэсэгт "...шийтгэл ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, өөрөөр хэлбэл холбогдогчийг тогтоох ажиллагааг хэрхэн хийсэн болох нь тодорхойгүй, “...... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд А " ХХК -ийн захирал, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 18 дугаар хороо, ****тоот хаягт оршин суух Б.Чыг оролцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг .." гэж Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдсэн боловч бодит байдалд холбогдогчийг татаагүй, хэрхэн татах ажиллагаа хийсэн болох нь баримтаар тогтоогдохгүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй." гэж дүгнэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч татвар төлөгч "А" ХХК -ийн татвар ногдуулалт төлөлтийн байдлыг шалгаж шийтгэлийн хуудсыг ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт" Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ, 2. “Холбогдогч дараах эрхтэй:”,  2.1-д “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх,  2.2-т “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах”,  2.3-д “эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх,  2.6-д “эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан ..шийдвэрт гомдол гаргах,”,  2.7-д “өөрийн эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах”,  2.9-т “зөрчлийн хэрэгтэй танилцах" гэж заасан эрхүүдийг гомдол гаргагч “А” ХХК -д эдлээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 -д "Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно: 1.2. хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэх заасныг зөрчиж “А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нь гүйцэтгэх захирал буюу Б.Ч эсхүл түүнээс итгэмжлэл авсан итгэмжлэгдсэн төлөөлөгчийг эрх бүхий албан тушаалтан буюу татварын улсын байцаагч нар нь тогтоогоогүй байх тул зөвтгөх боломжгүй гэж үзээд дахин шинэ акт үйлдүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэсэн.

Татварын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэхдээ Шүүхийн магадлал болон Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Зөрчлийн хуулийн 11.19 дүгээр зүйлийг үндэслэсэн хариуцлага хүлээлгэж байгаа тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг заавал мөрдөх үүрэг хүлээсэн. Гэтэл татварын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын акт үйлдэхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *** тоот магадлалд ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг .. " гэж Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдсэн боловч бодит байдалд холбогдогчийг татаагүй, хэрхэн татах ажиллагаа хийсэн болох нь баримтаар тогтоогдохгүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй .. / гэж заасан үндэслэлийг зөрчин биелүүлэлгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогч хуулийн этгээд болох "А" ХХК -ийн хууль ёсны төлөөлөгчид эрх, үүрэг эдэлж оролцуулаагүй мэдэгдэлгүй нөхөн ногдуулалтын акт  үйлдсэн  нь  Шүүхийн  магадлал болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Тодруулбал гомдол гаргагч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал буюу эрх бүхий албан тушаалтанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон гарсан шийдвэрийг мэдэгдээгүй нь гомдол гаргагч хуулийн этгээдийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн ажиллагаанд оролцох болон хэрэгжүүлэх эрх, үүрэг нь зөрчигдсөн.

Хоёрдугаарт. Хариуцагч Татварын улсын байцаагч нарын үйлдсэн маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын тайлбар хэсэгт “ .... 2017 оны 05 сарын 11 - ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,3,4,5 дах хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж заасны дагуу шийдвэрлэснийг тэмдэглэв” гэсэн. Хэрэв нэхэмжлэгч “А” ХХК -ийг татварын хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж байгаа тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар шалгасан бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийтгэлийн хуудас үйлдэх байтал нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.

Тодруулбал, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 сарын 22 -ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 сарын 20 -ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 сарын 11 -ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,3,4,5 дах хэсгийг буцаан хэрэглэж тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 665 тоот магадлал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 -д" зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна" гэж заасныг зөрчсөн. Татварын улсын байцаагч нар Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн гэсэн байхад Татварын маргаан таслах зөвлөл нь татварын улсын байцаагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг мөрдөхөөргүй байна гэж хууль бус дүгнэлт хийж давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөрчсөн.

Гуравдугаарт. Татварын ерөнхий хуулийн Татварын өр хураах үйл ажиллагаа гэсэн 55 дугаар зүйлийн 55.2 -д "Татварын алба татварын өрийг хураах үйл ажиллагааг дараах дарааллын дагуу явуулна: 55.2.1. нэхэмжлэх хүргүүлэх, 55.2.2 татварын өрийг үл маргах журмаар гаргуулах, 55.2.3 бэлэн мөнгө хураах, 55.2.4 хөрөнгө болон авлага битүүмжлэх, 55.2.5 битүүмжилсэн хөрөнгийг хураах, 55.2.6 битүүмжилсэн хураасан хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх, орлогыг хуваарилах" гэжээ. Дээрхээс дүгнэвэл татварын алба хэрэв татвар төлөгчийн өрийг хураах үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд эхлээд татвар төлөгчид нэхэмжлэх хүргүүлэх холбогдох дансыг хаах, дараа нь эд хөрөнгө бусад орлогоос гаргуулах гэсэн дарааллаар барагдуулахаар зохицуулжээ. Гэвч улсын байцаагч нар нь дээрх дарааллыг хэрэглэлгүй нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Нөгөөтэйгүүр татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан үүргийнхээ дагуу холбогдох тайлангуудыг үнэн зөв гаргаж татвар төлөхөө илэрхийлж тухайн татваруудыг төлсөн байхад торгууль, алданги тооцож байгаа нь үндэслэлгүй байна.

Дөрөвдүгээрт. 2019 оны 03 сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7-д “2020 оны 01 сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолох хугацааны тасалдлыг 2019 оны 03 сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуульд заасны дагуу тогтооно.” гэсэн.

Гэтэл хариуцагч Татварын улсын байцаагч нар нь 2019 оны 03 дугаар сарын 22 -ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх хөөн хэлэлцэх хугацаа 4-н жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа Татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасныг зөрчиж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн байна. Тодруулбал татвар төлөгч 2016 онд суудлын автомашин худалдан авч мөн ондоо нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж тайлагнасан байтал хөөн хэлэлцэх хугацаа зөрчиж нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан байна. Иймд нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Н, А.Б нарын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн *** тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын олгосон 2220601805 тоот татварын хяналт шалгалт хийх томилолтоор татварын улсын байцаагч Б.Н, А.Б бид нар нийслэлийн татварын газарт бүртгэлтэй 5516498 тоот регистрийн дугаартай “А” ХХК -ын 2015-2017 оны татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж 2020 оны 06 р сарын 30 -ны өдөр *** нөхөн ногдуулалтын актаар 105,829,038.02 төгрөгийн төлбөр ногдуулсан. "А" ХХК -ын 2020 оны 07 -р сарын 31 -ны өдрийн АБ-158 тоот Нийслэлийн Татварын газрын Маргаан таслах зөвлөлд гаргасан Татварын улсын байцаагчийн *** тоот нөхөн ногдуулалтын актыг зөвшөөрөх боломжгүй гэсэн гомдлын шаардлагатай танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

 Нэг. Хан-Уул дүүргийн Татварын улсын байцаагч Ц.Ц*******, О.Б нар "А" ХХК -ын 2015-2017 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2018 оны 06 -р сарын 25 -ны өдөр 232018106 тоот шийтгэлийн хуудсаар 543,343,968.00 төгрөгийн зөрчилд 163,208,997.90 төгрөгийн төлбөр ногдуулсныг үл зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг дагуу 2018 оны 10 -р сарын 19 -ны өдрийн Нийслэлийн Татварын газрын татварын маргаан таслах зөвлөлийн 054 тоот тогтоолоор 47,855,867.50 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 115,353,130.40 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн байна.

Дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэг хянагдаж захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 -р сарын 19-ний өдрийн 590, Захиргааны Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 -р сарын 17 -ны өдрийн 665 тоот магадлал гарсныг хариуцагч нарын зүгээс шийдвэрийг үл зөвшөөрч гомдол гарсныг 2020 оны 4 -р сарын 21 -ны өдөр Улсын Дээд Шүүхийн шүүгч Тунгалаг хэргийг хянаад 2020 оны 5 -р сарын 01 -ны өдрийн 214 тоот захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. Уг захирамжийг хариуцагч нар үл зөвшөөрч гомдол гаргасан ч 2020 оны 5 -р сарын 20-ны өдрийн 65 тоот тогтоолоор Улсын Дээд Шүүх гомдлыг мөн хүлээж аваагүй байна. Улсын дээд шүүхийн 65 тоот тогтоолыг 2020 оны 6 -р сарын 04-ний өдөр хариуцагч нар хүлээж авсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ. гэж заасны дагуу 58 хоногийн хугацаанд шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлсэн байна. Иймд Улсын дээд Шүүхийн 65 тоот тогтоолыг 2020 оны 6 -р сарын 04 -ны өдөр хариуцагч нар хүлээж авснаас хойш 27 хоногийн хугацаанд 2020 оны 06 -р сарын 30 -ны өдөр *** тоот нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн. Гомдол гаргагч татвар төлөгч нь Захиргааны давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 -р сарын 17 -ны өдрийн 665 тоот магадлалыг 2020 оны 3 -р сарын 18 -ны өдөр гардаж авсан өдрөөс 58 хоногийг тоолж гомдол гаргасан байна. Татварын улсын байцаагч бид нар Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт “ татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гаргax хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйл.  2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн  хэлэлцэх хугацааг тоолох, хугацааны тасалдлыг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу тогтооно.” гэж заасныг үндэслэл болгон нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. 2020 оны 7-р сарын 02-ны өдөр "А" ХХК -ын гүйцэтгэх захирал Б.Ч*******ийн гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн болно.

            Хоёр. Тус компани нь 2020 оны 4-р сарын 01 -ны Татварын ерөнхий газрын газрын даргын А/35 тоот тушаалаар Хан-уул дүүргийн татварын хэлтсээс Нийслэлийн татварын газарт шилжиж ирсэн бөгөөд 2020 оны 6 - р сарын 12 -нд хяналт шалгалт хийх томилолт үүссэн Татварын улсын байцаагч бид нарт томилолт олгосноос хойш 2020 оны 6-р сарын 15-нд нягтлан бодогч Н*******тэй 94114503 дугаарын утсаар ярьж хяналт шалгалтын томилолт олгосон тул 2020 оны 16 -ны өдөрт багтаан ирж шалгалтад хамрагдахыг албан ёсоор мэдэгдсэн. Нягтлан бодогч Н******* "Манай захирал Б.Ч хөдөө ажлаар явсан утасны дугаар нь 99******* гэв "2020 оны 6 -р сарын 17 -нд  99******* дугаар луу Б.Ч захирал руу залгахад утсаа аваагүй. Иймд 86******* дугаарт ерөнхий нягтлан бодогчтой холбогдон дуудсан хугацаанд ирээгүй шалтгааныг асуухад “миний бие тааруу, эмнэлгээр явж байгаа тул очиж амжихгүй байна. Уг нь ерөнхий нягтлан очих ёстой хуулийн хүнтэйгээ холбогдож чадахгүй байна, одоо ярих боломжгүй эмнэлэгт байна” оффис засвар орсон, одоогоор Ниссан төвд байрлаж байгаа гэв.

Дараа нь дахин 86******* дугаарт залгахад Б******* гэдэг хүн байхгүй гэв. 2020 оны 6 -р сарын 17 -нд 94******* дугаарын утсаар Менежер Ч*******тай ярихад “энэ асуудлыг Ч захирал мэднэ” гэв. 99******* дугаараар Б.Ч захиралтай холбогдож, өмнөх шалгалтын талаар хэлж, захиргааны шинэ акт гаргахаар хяналт шалгалт хийх болсныг албан ёсоор мэдэгдсэн. Б.Ч захирал “сонгуулийн ажилтай тул татварын албанд очиж уулзах боломжгүй, яагаад байн байн шалгаад байна вэ ?" гээд утас тасарсан, дахин залгасан боловч утсаа аваагүй. Гүйцэтгэх захирал, Ерөнхий менежер, Ерөнхий нягтлан бодогч, Тооцооны нягтлан бодогч нартай 9 удаа утсаар холбогдож хяналт шалгалт хийгдэх болсон тухай мэдэгдэж байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй, албан ёсны тайлбар өгөлгүй татварын улсын байцаагчийн удаа дараа дуудсан хугацаанд ирээгүй тул 2020 оны 6 -р сарын 19 -нд Б.Ч захирлын бүртгэлтэй гэрийн хаягаар баталгаат шуудангаар дуудан ирүүлэх Мэдэгдлийг хяналт шалгалт хийх томилолтын хамт хүргүүлсэн. Мэдэгдэлд 2020 оны 6 -р сарын 26 -ны өдрийн 9 цагт хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн. Гэвч ирээгүй. Иймд 2020 оны 6 -р сарын 30 -нд Нөхөн ногдуулалтын актыг гаргаж, 2020 оны 7 -р сарын 2-нд Б.Ч захирлын бүртгэлтэй гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Хан-Уул дүүргийн Татварын улсын байцаагч Ц.Ц*******, О.Б нарын “А” ХХК-ын 2015-2017 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2018 оны 06 -р сарын 25 -ны өдөр 232018106 тоот шийтгэлийн хуудсаар тогтоосон шийдвэрээс хуулийн заалтын хувьд өөрчлөгдөөгүй, шинээр нэмж талбар үүсээгүй, татвар төлөгчийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргасан.

Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/ -ийн 6 дугаар зүйлийн 6.1.14, 79 дүгээр зүйлийн 79.4.3 -т "... татварыг нөхөн ногдуулж хариуцлага алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх ... " гэж заасны дагуу, нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Татварын ерөнхий хуулийн / шинэчилсэн найруулгыг мөрдсөнөөс хойш 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хийсэн хяналт шалгалтад энэ хуулийн 82-84 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага ногдуулж нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд хяналт шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд нөхөн татвар , торгууль , алданги ногдуулна, Алдангийг Татварын ерөнхий уулийн 73 дугаар зүйлийн 73.2.1 - д заасны дагуу алданги тооцно. Торгуулийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу ногдуулж нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ. /Татварын ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийн дагуу хариуцлага хүлээлгэж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн болно/

42 дүгээр зүйл : Нөхөн ногдуулалтын акт , 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1 -д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ.”,  42.2-д “Нөхөн ногдуулалтын актаар татвар төлөгчийн татварын ногдлыг нэмэгдүүлэх, эсхүл бууруулах өөрчлөлт хийх бөгөөд ногдол бууруулсан зөрүүг нөхөн ногдуулалтын акт үйлдсэн татварын жилийн татварын үлдэгдлийн тооцоололд оруулан тооцно.”, 42-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудас нь нэгдсэн бүртгэл, дугаартай байх бөгөөд хавсралтын хамт хүчинтэй байна.” , 42.4-т “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудаст хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч гарын үсэг зурж, хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.”,  42.5-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь албан ёсны маягтад эцэслэн баталгаажуулаагүй нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид урьдчилан танилцуулахгүй.”, 42.6-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ.”, 42.7-д “Татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.6 - д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол татварын алба уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн хоногийн дотор татвар төлөгчийн хувийн хэрэгт бүртгүүлсэн хаягт шуудангаар илгээнэ.”, 42.8-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.7 -д заасны дагуу илгээсэн өдрөөс хойш Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан хугацаанд гардуулсанд тооцно. гэж заасныг үндэслэн хуулийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/264 тоот тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4.2.1 "Татварын улсын байцаагч Татварын Ерөнхий хуулийн 41.7 -д зааснаас бусад тохиолдолд татвар төлөгчид хяналт шалгалт эхлэхээс ажлын 10 -аас доошгүй өдрийн өмнө шалгалт хийх талаар утсаар, шуудангаар, цахим хаягаар мэдэгдэнэ.” гэж заасны дагуу утсаар болон шуудангаар мэдэгдсэн.

Журмын тав. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд татвар төлөгчийн оролцоо.

5.1-т “татвар төлөгч нь татварын хяналт шалгалтын удирдамж, томилолттой танилцсанаар энэ журмын 4.2.3-т заасан баримт бичгийг татварын албаны тогтоосон хугацаанд бэлтгэж хүргүүлнэ.”, 5.4-т “Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтыг томилолтын хугацаанд шуурхай хийх нөхцөлөөр боломжоор хангана.”, 5.6-д  “татвар төлөгч нь энэ журмын 4.3.4-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад татварын улсын байцаагчид тайлбарыг, нотлох баримтыг шаардсан тухай бүр гаргаж өгнө.” гэж тус тус журамласныг татвар төлөгч мөрдөж ажиллаагүй болно.” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч “А” ХХК-нь “Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, А.Б нарын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Татварын улсын байцаагчийн Хяналт шалгалтын ажлын утасны тэмдэглэлээс үзэхэд, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус компанийн нягтлан бодогч ..... дугаарын утастай Н*******тэй холбогдон  “...2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шалгалтад хамрагдахыг албан ёсоор мэдэгдсэн байна, улмаар  2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ........ утасны дугаартай ерөнхий нягтлан Б*******тай холбогдож хяналт шалгалтад яагаад хугацаандаа ирээгүй талаар тодруулсан байна, улмаар 94******* дугаарын утастай тус компанийн менежер Ч холбогдоход “... Ч захирал энэ асуудлыг мэднэ Ч захирлын .... дугаарын утсанд холбогдож татварын хяналт, шалгалт хийх болсныг мэдэгдсэн. Сонгуулийн ажилтай тул татварын албанд очиж уулзах боломжгүй, ...  ” гэсэн байна.

Мөн Татварын албаны 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №20/06/01 тоот мэдэгдлээр “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ч Нийслэлийн татварын газрын 404 тоот өрөөнд 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагт татварын улсын байцаагч Б.Н, А.Б нартай ирж уулзахыг мэдэгдсэн байна.

“Нийслэлийн татварын улсын байцаагч Б.Н, А.Б нарын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн *** тоот нөхөн ногдуулалтын актыг “А” ХХК-д хүргүүлсэн болох нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шуудангийн баримтаар нотлогдож байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд хяналт шалгалт хийх болсон талаар Татварын албанаас “А” ХХК-д урьдчилан мэдэгдэх үүргээ Татварын алба биелүүлсэн болох нь тогтоогдож байна. 

Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12-д “Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад дараах эрх, үүрэгтэй байна:”, 41.12.3-д “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах.” гэж  заасан ба уг хуулийн зохицуулалтаас үзэхэд татвар төлөгч нь татварын албанаас шаардсан баримтыг гаргаж өгөх, хяналт шалгалтад хамрагдах үүрэгтэй байна.

Иймд “манай компанийн хууль ёсны төлөөлөгч буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд мэдэгдээгүй, хяналт, шалгалтад оролцуулаагүй, нөхөн ногдуулалтын актыг манай компанид мэдэгдээгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийтгэлийн хуудас үйлдэх байтал нөхөн ногдуулалтын акт үйлдсэн ...” гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 665 тоот магадлалаар Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчдын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 232018106 тоот шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 58 хоногоор түдгэлзүүлж шийдвэрлэсний дагуу, 2019 оны Татварын ерөнхий хууль үйлчилж эхэлснээс хойш 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** тоот Нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байх ба тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14-д “нөхөн ногдуулалтын акт” гэж татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг;” гэж заасан байх тул Татварын албыг буруутгах боломжгүй.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “... Татварын ерөнхий хуулийн Татварын өр хураах үйл ажиллагаа гэсэн 55 дугаар зүйлийн 55.2 -д "Татварын алба татварын өрийг хураах үйл ажиллагааг дараах дарааллын дагуу явуулна: ... Дээрхээс дүгнэвэл татварын алба хэрэв татвар төлөгчийн өрийг хураах үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд эхлээд татвар төлөгчид нэхэмжлэх хүргүүлэх холбогдох дансыг хаах, дараа нь эд хөрөнгө бусад орлогоос гаргуулах гэсэн дарааллаар барагдуулахаар зохицуулжээ. Гэвч улсын байцаагч нар нь дээрх дарааллыг хэрэглэлгүй нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэж байгаа нь хуульд нийцэхгүй байна...” гэж тайлбарласан байгаа нь үндэслэлгүй байна.

 Үүнийг тайлбарлавал: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 665 тоот магадлалаар Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчдын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 232018106 тоот шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 58 хоногоор түдгэлзүүлж шийдвэрлэсний дагуу татварын улсын байцаагч нь өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд захиргааны шинэ актыг буюу 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** тоот Нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “... 2019 оны Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7-д “2020 оны 01 сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолох хугацааны тасалдлыг 2019 оны 03 сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуульд заасны дагуу тогтооно.” гэсэн. Гэтэл хариуцагч Татварын улсын байцаагч нар нь 2019 оны Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “... хөөн хэлэлцэх хугацаа 4-н жил байх бөгөөд ...” гэж заасныг зөрчиж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн байна. Тодруулбал татвар төлөгч 2016 онд суудлын автомашин худалдан авч ... байтал хөөн хэлэлцэх хугацаа зөрчиж нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан байна.” гэсэн байна.

2008 оны Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 11.6-д “Татварын хяналт шалгалтын явцад нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар болон алданги, торгуулийн хөөн хэлэлцэх хугацааг татварын улсын байцаагчийн тогтоосон акт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.” гэж тус тус заасан байна.

2019 оны Татварын ерөнхий хуулийн 15.4-д “Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчид нь анх  хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 232018106 тоот шийтгэлийн хуудсыг үйлдсэн байх бөгөөд улмаар нэхэмжлэгч нь тус 232018106 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул “хөөн хэлэлцэх хугацааг зөрчиж нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан байна” гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14, 15 дугаар зүйлийн 15.4, 41 дүгээр зүйлийн 41.12.3, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 11.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн татварын газрын улсын байцаагч А.Б нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, А.Б нарын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “А” ХХК-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.БАТЗОРИГ