Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 04

 

И.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                                                                                     Хэргийн индекс 132/2017/00553/И

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 568 дугаартай шийдвэртэй,

 И.Б-ийн нэхэмжлэлтэй, Б а-ийн Н э-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:   

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

 

Нэхэмжлэгч И.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие И.Б нь 2016 оны 11 дүгээр сард аймгийн Н э-т сувилагчаар ажилд орсон юм. Гэтэл тухайн үед надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд авсан тухай шийдвэр тушаал гаргаагүй байсан. Мэдрэлийн тасагт дагалдан сувилагчаар ажиллаж бай гэсэн боловч тушаал гаргаагүй учраас цалин олголгүй намайг хохироосон байна. Уг нь хөдөлмөрийн тухай хуулинд туршилтийн болон дагалдан ажиллах хугацаа нь тус тусдаа заалттай бөгөөд цалин хөлсийг талууд харилцан тохиролцож тогтоохоор заасан байдаг. Гэтэл огт цалингүй ажиллуулсан мөртлөө одоо бүртгэл байхгүй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнээс хойш тушаалгүй, цалингүй ажиллуулж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б/90 тоот тушаал гарган дотор- арьсны тасагт сувилагчаар авсан тухай тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд түр гэж заагаагүй байсан тул түр гэж үзэх үндэслэлгүй байна. Би ажиллаж байгаад 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авсан. Гэтэл ээлжийн амралтын олговорыг олгохгүй байхаар нь 2017 оны 09 дүгээр сард шаардаж хэлтэл одоо өгнөө гэж хариу хэлээд одоо хүртэл өгөхгүй байхаар нь Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид гомдлоо гаргасан. Улсын байцаагч шалгалтын явцад намайг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн тухай 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/166 тоот тушаалыг авч өгч би хуулбарлан авч, хууль бусаар чөлөөлөгдсөн болохоо мэдлээ. Учир нь уг тушаал дээр хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр ажиллаж байсан гэж бичсэн боловч байгуулаагүй хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж ойлгох боломжгүй. Миний хувьд хөдөлмөрлөх эрхээ хамгаалж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Мэргэжлийн хяналтын газарт хандсан бөгөөд шалгалтын явцад Н э-ийн удирдлагууд цагийн бүртгэлээ алга болгож, дуудахад нь ирэхгүй байх зэргээр элдэв саад учруулж байгаа тул шүүхэд хандаж байна. Намайг 7 дугаар сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлсөн гэсэн хэрнээ 09 дүгээр сард бүтэн  ажиллуулж,   10 дугаар сард 2 удаа 103 -ын жижүүрийн  сувилагчаар 2 удаа ажиллуулсан боловч цалин өгөөгүй. Миний шүүхэд хандаж буй асуудал нь улсын байцаагчийн шалгаж буй асуудалтай холбоогүй, давхардаагүй юм. Учир нь улсын байцаагч нь тушаал гаргаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгалын дэвтэр нээж баталгаажуулаагүй гэх зэрэг Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэн хариуцлага тооцох асуудлыг шалгаж байгаа болно. А-ийн Н э-ийн хууль бус үйл ажиллагаа ганцхан надаар зогсохгүй, олон хүнийг ингэж хохироож чирэгдүүлж, хүн амын эрүүл энхийн манаанд зогсох нэр төртэй бөгөөд хариуцлагатай үүргээ ингэж хайхрамжгүй гүйцэтгэдэг асуудлыг таслан зогсоох зорилгоор шүүхэд хандаж байна. Миний нэхэмжлэлийг хүлээн авч шуурхай шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн Булган сумын 3-р багийн иргэн И-ийн Б-ийн тус шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэлтэй танилцлаа. Үүнийг үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Б/90 тоот тушаал гарган Дотор арьс өнгөний тасагт ээлжийн сувилагч нарын ээлжийн амралтын хугацаанд түр сувилагчаар ажиллуулсан ба 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн. Иймд хөдөлмөрийн тухай хуульд болон Н э-ийн дотоод журамд заасны дагуу ээлжийн амралтын хугацааг тодорхой заасан заалтууд байгаа. Гэтэл И.Б нь тус Н э-т 03 сар 12 хоног ажилласан байна. Н э-ийн дотоод журам болон хөдөлмөрийн хуулийн дагуу 8 сараас дээш ажилласан үндсэн ажилтанд ээлжийн амралт эдлэх эрх үүсдэг болно. И.Б-ийн ажилласан хугацааны цалин болон Нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсөн. Иймд ээлжийн амралтын тухай болон ажиллаагүй хугацааны цалин хөлс бусад шимтгэлийн олгогдох боломжгүй гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 568 дугаар шийдвэрээр:

              Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Б а-ийн Н э-т холбогдох ажилд тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай И.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

              Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж,

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдаж,

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А давж заалдах гомдолдоо:

... Шүүх талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй ч гэсэн хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцой зөрчиж байна гэж үзлээ. Үүнийг хууль зүйн үүднээс тайлбарлавал Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино гэсэн заалтыг үндэслэн үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхыг шаардана. Түүнээс биш мэдсэн байна, ажиллаж байсан байна. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, 3.1.2. “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг хэлнэ гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулиар дор дурдсан талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээний болон түүнээс уламжилсан хөдөлмөрийн бусад харилцааг зохицуулна. 4.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага   болон Монгол Улсын иргэн хоорондын гэсэн заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. 24.2. Ажил олгогч нэг ажлын байранд хэд хэдэн ажилтан ажиллуулах тохиолдолд ажилтан бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулна. 24.3. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэсэн заалтуудыг тус тус анхан шатны шүүх анхааран үзсэнгүй.

Нэхэмжлэгч И.Б-ийг 2017.07.21-ний өдөр ажлаас чөлөөлөгдснөө мэдсэн байх боломжтой гэж анхан шатны шүүх дүгнэжээ. Ийм учраас 2017 оны 10 дугаар сард МХГ-аас хуулбарлан авсан тушаалыг урьд нь мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан хэмээн дүгнэсэн байна. Энэ дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: Уг хуулийн 43 дугаар зүйлийн 43.3. Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2. Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд ажил олгогчийн ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг заавал гардан авсан байх тухай заалтыг шүүх мөн анхааран үзэлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ гэж үзэж байна. Харин МХГ-ын улсын байцаагчид гомдол гаргаад уг гомдлыг хянан шийдвэрлэх явцад ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар нь гарч ирж үүнийг хувилуулан авсан бөгөөд МХГ-ын тодорхойлолтыг нэхэмжлэлдээ хавсарган өгсөн болно. Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэсэн заалтыг хэрэглэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 28 дугаар зүйлд хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно гэсэн ба шүүх нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийгдээгүй цалин мөнгө олгогдоогүй байхад нэхэмжлэгч ажлаас халагдсан талаараа мэдсэн л байж таарна, мэдсэн байх үндэстэй байна гэж дүгнэснийг би буруу гэж үзэж байна. Учир нь нийгмийн даатгалын дэвтэр нь ажилтанд өөрт нь байдаггүй нягтлан бодогч дээрээ байж цалин бодох үед л бөглөгдөж явдаг байсан. Аль ч газар тийм л практиктай хэрэгжүүлж байгаа, ЭМД, НД-ын дэвтрээ өөр дээрээ аваад сар болгон очиж нягтлан бодогчоороо бөглүүлдэг байсан бол мэдэх боломжтой байх гэхсэн. Гэхдээ нэхэмжлэгчид 2017 оны 08, 09, 10, 11 дүгээр сард огт цалин олгоогүй шүү дээ. Цагийн бүртгэлээ зассан устгасан, хамт ажиллаж нэг ээлжинд гарч байсан хүмүүсийг нь тийм хүн танихгүй хэмээн хэлүүлж байгаагаас үзэхэд бүх зүйл нь хуурамч хууль бус нотлох баримт дээр үндэслэсэн байна гэж үзлээ.

Мөн хариуцагч тал нь хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дууссан тул гэсэн үндэслэлээр тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан талууд харилцан тохиролцсон гэсэн үндэслэлийг баримталсан байтал уг тушаалын үндэслэх хэсгийг шүүх анхаарч үзэлгүйгээр ямар ч хүнийг ямар ч тушаалаар халж чөлөөлж болдог мэтээр аашилсанд нь маш их гомдож байна. Уг нь бол буруу халагдсан гэх үндэслэл нь тушаалын үндэслэх хэсгээс л эхтэй баймаар юм гэж би үзэж байгаа учраас ингэж гомдолтой байгаа юм. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 6 дугаар зүйлд хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.д заасан хугацаатай гэрээ гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг хуанлийн он, сар, өдрөөр эсхүл жил, улирал, сараар, үйл явдлаар /тухайлбал: ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж буй ажилтан эргэж ажилдаа ортол гэх мэт/ тодорхойлогдсон байна. Энэхүү гэрээний хугацааг тоолохдоо Иргэний хуулийн хугацаа тоолох журмыг хэрэглэнэ гэж заасан. Нэхэмжлэгчийг 2017.10.04-нд ажилд авсан гэх боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй  тушаал гаргасан  гэх боловч дахин хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл тогтоогдоогүй байтал ажлаас нь халсан байх юм. Яагаад халж байгаа юм бэ гэж шүүх хуралд гэрчээр оролцсон хүний нөөцийн ажилтнаас асуухад утсаар мессэж бичсэн гэж хэлсэн. Мессэжийг үндэслээд хөдөлмөрийн гэрээг цуцалж болохгүй гэдгийг мэдэхгүй байж болох ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй шүү дээ. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 14 дүгээрт “Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д заасан "хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл" гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ” гэсэн заалтаас үзэхэд бичгээр гэрээ байгуулна. Түүнийгээ цуцлах талаар бичгээр хүсэлт өгнө гэж заасан байна. Гэтэл ийнхүү цуцлах тухай өргөдөл өгөх нь байтугай, ажилд дахин томилогдсон тухайгаа ч мэдээгүй байсан. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй. Энэ хэргийн аль ч тохиолдолд бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд амаар харилцан тохирч, дараа нь гэрээгээ нөхөн бичгээр байгуулахаар тохиролцоогүй байна. Мөн анх ажилд авах тухай 2017.04.04-ний Б/90 дүгээр тушаалд И.Батцэцэгийг түр ажилд авах тухай заагаагүй, хугацаа тохироогүй хэрнээ 2017.07.21-ний Б/166 дугаар тушаалд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байсан гэснийг нь л буруу гэж үзэж шүүхэд гомдол гаргасан боловч ингэж буруу шийдвэрлэсэнд нь гомдолтой байна.

Иймд дээрх үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Мөн МХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.16-д зааснаар Н э-т торгуулийн шийтгэл ногдуулсан байгаа. Энэ шийтгэвэрийг татан авах хүсэлт шүүхэд гаргахад шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон билээ. Мөн хариуцагч Д.Б-ын харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг хязгаарлах хүсэлт гаргасныг ч шүүх хүлээн аваагүй бөгөөд ямар үндэслэлээр хүлээн авч хангаагүй талаараа захирамж гаргаагүй байна.

Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2017.11.13-ны өдөр гардуулсан боловч хариуцагч тал тайлбараа 2017.11.29-ний орой авчирч өгсөн байх тул хуулинд заасан хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, шүүх хурлыг хийх ёстой гэж бодож байна. Учир нь 2 хоног хэтрүүлсэн болохоо хариуцагч хүлээн зөвшөөрч шүүхээс уучлал хүсч байна гэдэг нь хүндэтгэх ямар нэг ноцтой шалтгаан байхгүй байна гэсэн үг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. 72.3. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний   эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. 72.4.Энэ хуулийн 72.3-т заасан үр дагаварыг нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулах үед мэдэгдэнэ гэсэн заалтыг шүүх хэрэглэсэнгүй. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ анхнаасаа ашиг сонирхолын зөрчилтэй, хариуцагчийн талд илт ажилласан гэж үзэж байна. Сар шахам болгож байж нэхэмжлэлийн хувийг гардуулан өгөөд  тайлбараа хуулийн хугацаа хэтрүүлэн авсан хэрнээ хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох тухай хуулийн заалтыг хэрэглээгүй, Хөдөлмөрийн хуулийн болон УДШ-ийн тайлбарын дээр дурдсан хэд хэдэн заалтыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Илэрхий ийм алдаа гаргаж буй шүүгчийг мэргэжлийн хороонд хандан ажил мэргэжилдээ тэнцэж буй эсэх талаар нь дүгнэлт гаргуулах болон цаашид ёс зүйн талаар дүгнэлт гаргуулахаар ёс зүйн хороонд нь хандах болно.

Дээрх байдлаас үзвэл шүүх хэт нэг талыг баримтлан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийг хохироолоо гэж үзэж буй тул Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.06-ны өдрийн 568 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 2017 оны 08, 09, 10, 11, 12 дугаар сард ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган биелүүлж өгнө үү. Мөн нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаас татгалзаж байна... гэжээ.

                                                ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч И.Б нь Б а-ийн Н э-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч И.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн б/90 тоот тушаалаар Б а-ийн Н э-ийн дотор арьс өнгөний  тасагт сувилагчаар ажиллаж байсан ба 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн б/166 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасныг баримтлан ажлаас чөлөөлжээ./ х.х-ийн 5,9/

Ажил олгогч Б а-гийн Н э-ийн захиргаа ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу тухайн байнгын ажлын байранд  хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй буруутай боловч түүний ажилласан 2017 оны 4,5,6,7 дугаар саруудад цалин хөлсийг нь бүрэн олгож байсан нь зохигчдын тайлбар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдсон байна. /х.х-ийн 6/

Харин нэхэмжлэгчийн 2016 оны 11 дүгээр сард Нэгдсэн эмнэлэгт анх сувилагчаар ажилд орсон, 2017 оны 8,9,10,11,12 дугаар саруудад ажилласан нь холбогдох нотлох баримтаар нотлогдоогүй байх тул дээр дурдсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна. 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүсэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.    

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 568 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           М.ХҮРЭЛБААТАР

 

                ШҮҮГЧИД                                               С.УРАНЧИМЭГ

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ё.БЯМБАЦЭРЭН