Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1007

 

 

 

 

 

 

 

2019          10             10                                           2019/ДШМ/1007

 

С.Шт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Ариунсанаа,

хохирогч Б.Буянхишиг, түүний өмгөөлөгч М.Баасанбат,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЗ/2596 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 110 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн С.Шт холбогдох 1906 02736 1434 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Сгийн Ш, 1970 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хөдөө аж ахуйн бизнес эрхэлдэг гэх, ам бүл ганцаараа, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

С.Ш нь 2019 оны 3 дугаар сараас 2019 оны 6 дугаар сарын хооронд ... тоотод оршин суух иргэн Б.Буянхишиг, Б.Нямдулам нарыг цахим сүлжээгээр болон ... дугаарын утаснаас залгаж, түүнчлэн 2019 оны 3 дугаар сарын 31, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны 03-аас 04 цагийн хооронд ... тоот гэрт нь очиж, өөртэйгөө уулзахыг шаардах зэргээр тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Буянхишиг, хохирогч Б.Нямдулам, гэрч Б.Тэгшжаргал нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаас үзэхэд С.Ш нь хүүхэд зулбуулах, хүчиндэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүний эрүүл мэндэд хохирол учруулах зэрэг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тодруулж шалган тогтоогоогүй;

2. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Батболдын 2019 оны 7 дугаар сарын 16-н өдрийн 279 дугаартай, яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахаас татгалзах тухай тогтоол /хх 167/-д “...хяналтын прокурор И.Ариунсанаагийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 948 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.14 дэх заалтад зааснаар хүчингүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэн, энэ талаар уг гомдлын хариу мэдэгдэх хуудас /хх 175/-т дурдсан байхад 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 948 дугаартай яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулсан гэх хувьтай нь зарим үг, үсгийн хувьд тохирохгүй байх бөгөөд мөн нүүр хуудасгүй, өөр яллах дүгнэлт /хх 172-174/ хэрэгт хавсаргасан;

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан гэх мэйл, мессеж зэрэг цахим шуудангийн баримтуудын эх сурвалжийг нягтлан шалгаагүй нь мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор И.Ариунсанаа бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 110 дугаартай прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч С.Ш нь “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь болон түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн...”, өөрөөр хэлбэл С.Ш нь 2019 оны 3-6 дугаар сард ... тоот гэрт нь очиж, өөртэйгөө уулзахыг шаардах зэргээр тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Буянхишигийн /хх 13/, хохирогч Б.Нямдуламын /хх 19/, гэрч Л.Бадамсамбуугийн /хх 21/, гэрч Б.Тэгшжаргалын /хх 23/, Г.Гантуяагийн /хх 25/ мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар тооцсон мэйл, мессеж зэрэг нотлох баримтуудаар шууд нотлогдон тогтоогдсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон гэж үзэж байна. Харин хэрэгт яллагдагч нь хохирогчийн бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан буюу ураг зулбуулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл бүхий нотлох баримт байхгүй. Энэ талаар хохирогч Б.Нямдулам гомдол гаргаагүй, мэдүүлээгүй байдаг. Зөвхөн гэрч Б.Тэгшжаргалын мэдүүлэгт үндэслэн уг асуудлыг шалгах үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “...Бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл ...хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан...” гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд 2001 онд болсон үйл явдлыг шалгах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй юм. Мөн хохирогч Б.Буянхишиг, Б.Нямдулам болон гэрч Б.Тэгшжаргал нар “...С.Ш нь Б.Нямдуламтай хамт амьдарч байх хугацаандаа буюу 2001-2016 онуудад зодож дарамталж байсан, ...2016 оны 3 дугаар сард Хятад улсад байхдаа зодсон...” гэж мэдүүлсэн байдаг. Мэдүүлгүүдэд дурдсан үйл явдал нь 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө болсон байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэснийг удирдлага болговол 2002 оны Эрүүгийн хуульд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг хуульчлагдаагүй байсан тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулсан ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн зарчмын дагуу С.Шыг дээрх гэмт хэрэгт буруутган мөрдөн шалгах үндэслэлгүй байна. Иймд хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж  байна. 2. Прокурор яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн бөгөөд яллагдагчид яллах дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу гардуулсан болох нь яллах дүгнэлт гардуулсан тухай тэмдэглэлд яллагдагч С.Ш нь гарын үсэг зурсан баримтаар харагдаж байна. 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй гэсэн. Хохирогч Б.Буянхишиг нь цагдаагийн газарт өгсөн гомдлынхоо эх сурвалжийг тодорхой зааж хэлсэн байдаг. Тэрээр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө гомдолд дурдсан асуудлынхаа талаар тодорхой, ямар нэгэн зөрүүгүйгээр хэлж мэдүүлсэн ба мөрдөгч нь хохирогчийн гар утсан дахь мэйл, мессеж зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцон нотлох баримтаар үнэлсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ямар нэгэн зөрчил байхгүй байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч М.Баасанбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Шын хүч хэрэглэж, заналхийлсэн үйлдэлд прокурор хяналт тавьж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр орсон. Анхнаасаа хохирогч нь С.Шын заналхийлсэн үйлдэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Тухайн үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, тодорхой хэмжээнд тогтоосон гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл шүүгдэгч С.Шын заналхийлсэн үйлдэл үргэлжилсээр байгаа. Тиймээс шүүгдэгчид тохирсон ял шийтгэлийг оногдуулж чадаагүй учир дахин тухайн үйлдлээ гаргах боломжийг нь гаргаж өгч байна. Иймд хугацаа алдалгүй шалгаж, гэм буруугийн асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч Б.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн “Дээд шатны прокуророос хүчингүй болгосон яллах дүгнэлтээр хэргийг шүүхэд шилжүүлсэн” гэсэн үндэслэл зааж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин яллагдагч С.Ш нь хүүхэд зулбуулах, хүчиндэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүний эрүүл мэндэд хохирол учруулах зэрэг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тодруулж шалгах, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан гэх мэйл, мессеж зэрэг цахим шуудангийн баримтуудын эх сурвалжийг нягтлах гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж дүгнэв.  

Учир нь, С.Ш нь Б.Нямдуламын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан буюу ураг зулбуулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл бүхий нотлох баримт хавтас хэрэгт байхгүй, энэ талаар хохирогч Б.Нямдулам нь гомдол гаргаагүй ба хохирогч Б.Буянхишиг нь мэдүүлэг өгөхдөө гомдолд дурдсан асуудлынхаа талаар тодорхой, ямар нэгэн зөрүүгүйгээр хэлж мэдүүлсэн, хохирогчийн гар утсан дахь мэйл, мессеж зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтаар бэхжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурор Ц.Батболдын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 279 дугаартай тогтоолд “...хяналтын прокурор И.Ариунсанаагийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 948 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул ...хүчингүй болгох үндэслэлтэй байна.” гэж дүгнэсэн байхад 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 948 дугаартай яллах дүгнэлтийг  яллагдагч С.Шт гардуулсан, уг яллах дүгнэлт нь огноо, дугаар ижил, агуулгын хувьд зөрчилтэй байх тул яллах дүгнэлтийг хуулийн дагуу дахин үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй.

Мөн хохирогч Б.Буянхишиг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эгч Б.Нямдуламын Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хонхны баяр дээр “Дуганхад” амралтын газарт ангийнхантайгаа амарч байхад нь С.Ш 2-3 найзтайгаа араас нь буутай ирээд найз Одонтуяагийн хажууд нь дарамталж зодож, ой руу авч яваад “ам руу нь архи цутгаж, хий буудаж ална” гэж сүрдүүлсэн”, мөн “...Буудаж ална гэж сүрдүүлж байсан” гэх мэдүүлгүүдийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй байх ба С.Ш нь хуулийн дагуу галт зэвсэг эзэмшдэг эсэх, тухайн үед галт зэвсэгтэй байсан эсэх, уг галт зэвсгээр сүрдүүлж, заналхийлсэн үйлдэл, өөрөөр хохирогчийн биед хохирол учруулж болзошгүй үйлдэл гаргаж байсан эсэхийг мөрдөн байцаалтаар нарийвчлан шалгаж, дүгнэлт хийх нөхцөл байдал байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн нотолсны үндсэн дээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан эсэхэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нь хэргийн зүйлчлэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлнө.

 

Дээрх үндэслэлүүдээр прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 110 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЗ/2596 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЗ/2596 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 110 дугаартай эсэргүүцлийн үндэслэлийн 1, 3 дахь заалтуудыг хүлээн авсугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,                         

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ