| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00124/И |
| Дугаар | 189 |
| Огноо | 2018-05-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 189
2019 оны 05 сарын 03 өдөр Дугаар 153/ШШ2019/00189 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 03-01 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Найман овогт Турсанбекийн Агийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т. А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1966 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Ховд суманд М.Турсанбекийн 4 дэх охин болж төрсөн. Намайг 5 настай байхад манай гэр бүл Ховд сумаас Буянт сум руу шилжин суурьшсан. Улмаар би Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн сургуулийг 1974 оноос 1982 оны хооронд суралцаж 8-р анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Цагаан эрэг бригадад би 1982 оноос аав М.Турсанбекийн хамт мал маллаж малчнаар ажиллаж 1994 оны 12 сарыг дуустал малчнаар ажилласан. Энэ хооронд 1990 онд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэл нь Соёл хувьцаат кампани болж өөрчлөгдсөн бөгөөд миний малчнаар ажиллаж байсан нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байсан. Тухайн үед гэр бүлийн гишүүний нэг хүний нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөг байсан бөгөөд миний аав М.Турсанбекийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн нь Ховд аймгийн Засаг даргын архивын тасгийн лавлагаагаар тогтоогдоно. Мөн Турсанбекын А миний Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт 1983 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Цагаан эрэг бригадын малчнаар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан боловч архивын лавлагаа болон хөдөлмөрийн дэвтэр зөрүүтэй байна гэх үндэслэлээр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь намайг ажилласан жилүүдээ шүүхээр тогтоолго гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 2.6-д заасны дагуу шүүхэд хүсэлт гаргаж байна. Иймд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Цагаан эрэг бригадад 1982 оноос 1992 оны 12 сарыг дуустал 10 жил малчнаар ажиллаж байсан, Соёл хувьцаат кампанид 1992 оноос 1994 оны 12 сарыг дуустал 2 жил малчнаар ажиллаж байсан, нийт 12 жил малчнаар ажиллаж байсныг байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Т. Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.А нь 1982 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Цагаан эрэг бригадад эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж байгаад 1992 оноос 1994 оны 12 сарыг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл хувьцаат кампанид малчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл эдгээр хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагтай гэсэн. Хүсэлт гаргагч Т.А нь Иргэний ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдаж, 1990-2000 он хүртэл нийт 11 жилийг нөхөн тооцуулсан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Цагаан эрэг бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байх тул дээрх хугацааг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т. А нь 1982 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Цагаан эрэг бригадад малчнаар, 1992-1994 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл хувьцаат кампанид малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.Аг 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Цагаан эрэг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг багасгалаа.
Хүсэлт гаргагч Т.А нь 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Ж.Энхжаргалд итгэмжлэл олгосон бөгөөд тус итгэмжлэлээр Ж.Энхжаргалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг олгосон байна. Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь хүсэлт гаргагч Т. Агийн шүүхэд гаргасан хүсэлтийг багасгах эрхтэй байх тул хүсэлтийг “1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Цагаан эрэг бригадад малчнаар ажиллаж байсан...” гэж өөрчилсөн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Т.Агийн нэр дээрх 0776360 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 69 дугаартай лавлагаагаар ирүүлсэн “Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг бригадын 1982-1989 онуудын 70-р дансуудыг хуулбарлан хүргүүлэв” гэсэн албан бичиг,
-Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг бригадын 1982-1989 онуудын Турсанбекийн нэр дээрх 70-р дансуудын хуулбар,
-Гэрч Т.Хүнтуганы шүүхэд өгсөн “...би Ховд аймгийн Буянт сумын уугуул иргэн. Бага наснаасаа буюу 1982 оноос эхлэн 1992 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажилласан. Харин Т.А нь 1984-1992 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1992 онд нэгдэл тараад би хувиараа мал малласан, харин Т.А нь компаний мал малласан” гэх мэдүүлэг,
-Гэрч С.Нарийханы шүүхэд өгсөн “...би 1986-1992 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар, 1992-1994 оныг дуустал Соёл компанид малчнаар ажиллаж байсан. Т.А нь 1982 онд сургууль төгсөөд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд эцэг эхийн хамт мал малласан бөгөөд тэрээр нэгдэл тараад нэгдлийн суурь дээр байгуулагдсан компанид 1994 он хүртэл малчнаар ажилласан” гэх мэдүүлэг,
-Гэрч Ш.Замзамын шүүхэд өгсөн “Би арван хүүхэдтэй. Т.А нь миний 4 дэх хүүхэд. Манайх Ховд аймгийн Буянт сумын уугуул иргэн. Т.А 1-8 дугаар ангид сурч төгссөн. Тэгээд 8-р анги төгсгөөд илгээлтээр гаргасан. Манай хүүхдүүд бүгд малчин болсон. Т.А нь эцэг эхдээ тусалдаг ганц хүүхэд байсан, төрсөн 10 хүүхдээс 2 хүүхэд нас барсан. Том хүү Казакстан явсан. Т.А нь нэгдлийн мал малладаг байсан бөгөөд ямар нэгдэл гэдгийг сайн санахгүй байна. Тэр үед өрхийн тэргүүний нэр дээр нэгдлийн мал малладаг байсан. Миний даралт ихэсдэг учир би өөр зүйлийг сайн санахгүй байна. Одоо Т.А мал маллахгүй байгаа. Миний охин Т.А нь бид нарт туслаж мал малладаг байсан нь үнэн. Т.А нь мал маллахаас өөр ажил хийж байгаагүй” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 69 дугаартай лавлагаагаар ирүүлсэн “Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг бригадын 1982-1989 онуудын 70-р дансны цалингийн түүврүүд нь хүсэлт гаргагч Т.Агийн эцэг Турсанбекийн нэр дээр гарсан байна. Хүсэлт гаргагч Т.А нь 1982-1989 онуудад эцэг Турсанбекийн хамт мал маллаж байсан гэх бөгөөд 1982-1989 онуудын ажлын хөлс түүний эцэг Турсанбекийн нэр дээр бичигдэдэг байсан талаар шүүхэд өгсөн гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлтэй байх тул хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 69 дугаартай лавлагаагаар ирүүлсэн “Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг бригадын 1982-1989 онуудын 70-р дансны хуулбарыг нотлох баримтаар үнэлэсэн болно.
Харин хэрэгт авагдсан 1983 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн хүсэлт гаргагч Т.Агийн гэх хөдөлмөрийн дэвтэрт эзэмшигчийн нэрийг “Турсанбекийн Аясаулэ” гэж, эзэмшигчийн төрсөн он, сар, өдрийг 1966 оны 12 сарын 05-ны өдөр гэж бичигдсэн байх ба хүсэлт гаргагчийн нэр, төрсөн сар, өдөртэй зөрүүтэй байх тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Т.Аг 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Цагаан эрэг бригадад малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Найман овогт Турсанбекийн Агийн 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Цагаан эрэг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА