| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2023/0053/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/140 |
| Огноо | 2023-01-27 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/140
2023 01 27 2023/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгч *************нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *************** овогт ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208004090827 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************* оны ****дүгээр сарын ***-ны өдөр ******** аймгийн *********** суманд төрсөн, яс үндэс дархад, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-1, ************** аймгийн ************** сумын **************** гэх газарт оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод нийтийн байр хөлсөлж амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ************** овогт ******************* /РД:***************/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ************* нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ны өдөрт шилжих шөнө *********** дүүргийн *********** дугаар хорооны нутаг дэвсгэр, ***************дугаар гудамжинд иргэн *************эзэмшлийн Самсунг А-31 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би энэ үйлдлийг анхлан гэмт хэргийн сэдэлттэй гэж мэдээгүй. Би тэр үед согтуу байсан болохоор болсон асуудлыг санахгүй байгаа юм. Би маргааш нь хохирогчийн гар утсыг харчхаад буцааж өгөхөөсөө санаа зовоод ломбардад тавьсан юм. Тэгээд нэг удаа сунгалт хийгээд дараах нь хугацаа болоход цалин буугаагүй байсан учир авч чадаагүй юм” гэв. Би хохирлыг завсарлага авч төлөх бодолтой байна (шүүх хуралдааны тэмдэглэл)
Гэм буруугийн талаар:
Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч *********** нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүнсалааны 7 дугаар гудамжинд иргэн **************** эзэмшлийн Самсунг А-31 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч **************: ”...Би ...*********** фэйсбүүк хаягаар харьцаж байсан юм. ...***************уулзъя гэж хэлээд Зүүнсалаад байх ************ гэх найзынхаа гэрт дуудахад ************** өөрийнхөө нэг эрэгтэй найзтай цуг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 00 цаг болох гэж байхад ирсэн. Бид дөрөв нийлээд хоёр том пиво уугаад 2022 оны 01 дүгээр сарын 04-ний 04 цагийн орчимд авсан пиво ууж дуусчхаад гэр рүүгээ харих гээд гарсан юм. *********** өөрийнхөө найзтай цуг намайг дагаж гарч ирээд Зүүнсалааны 7 гудамжинд явж байхад миний утсыг ************** гуйж “Утсаар чинь мессеж биччихээд өгье” гэж хэлээд авсан юм. Тэгснээ “Манайх 21 дүгээр хороололд байдаг. Манай гэрт очоод нэмж ууя” гэж хэлэхээр нь би “үгүй” гэж хэлэхэд ***********миний утсаар мессеж бичиж байснаа утсыг маань халаасандаа хийчхээд өгөхгүй байгаад байсан. Цуг явж байсан залуу “Утсыг нь буцааж өгөөч” гэж хэлэхэд өгөхгүй байж байгаад “Чи надтай цуг 21 орохгүй гээд байна” гэж хэлээд миний утсыг аваад зугтаагаад яваад өгсөн. Би тэр найзтай нь цуг араас нь очоод би ************* муудалцаж байхад ************* найз нь яваад өгсөн. Би ************** утсаа авах гээд ноцолцоход байгаад намайг түлхчхээд яваад өгсөн юм. Миний гар утас Самсунг А-31 маркийн утас байсан. Найз нь оролцоогүй, Батням ганцаар миний утсыг аваад зугтаасан. Би гар утсаа олж авмаар байна..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14, 17 дахь тал),
2. Гэрч *************“...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны өргөтгөл “Бумбум” гэх нэртэй ломбардад ажил дээрээ байхад нэг танихгүй залуу Самсунг А-31 маркийн гар утас тавих гэсэн юм гэхээр нь би тухайн гар утсыг нь үзэж харж байгаад 240.000 төгрөгөнд авна гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу тухайн гар утсаа 14 хоногийн хугацаатай 240.000 төгрөгөөр тавьсан. Тухайн залуу *********** ************ гэсэн өөрийн бичиг баримтаар тавьсан. 14 хоног нь дуусаад тухайн залуу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гар утсаа сунгуулсан. Гар утасных нь хугацаа 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар нь би бүртгэлтэй 88547118 гэсэн дугаар руу залгаж хэлэх гэсэн боловч “**************гэж хүн байхгүй” гэж хэлэхээр нь ...сар гаран хүлээгээд ирэхгүй байхаар нь 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр танихгүй хүнд 260.000 төгрөгөнд зарчихсан юм. ...Тухайн залуу миний өөрийн гар утас байгаа юм гэж хэлээд анх тавиулсан юм. Гар утсыг шалгаж үзэхэд гар утсан дээр өөрийнх нь зураг байхаар нь би авсан юм. Тухайн гар утас нь хар өнгөтэй, Самсунг А-31 маркийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
3. “Мастер үнэлгээ” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 22/001 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан: “... Самсунг фирмийн А-31 загварын гар утас - 450.000 төгрөг...” гэх (хавтаст хэргийн 24 дэх тал),
4. “Бумбум” барьцаалан зээлдүүлэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00044911 дугаартай барьцаат зээлийн гэрээ: “************* нэрээр А-31 гар утас 240,000 төгрөгийн барьцаанд тавьсан тухай” (хавтаст хэргийн 54 дэх тал),
5. Яллагдагч ************* “...Би 2021 онд нэг охинтой фэйсбүүкээр танилцаад чатаар 2 сар гаран харилцдаг байсан юм. 2022 оны 01 сарын 03-ны орой тухайн охин над руу чат бичээд ...”Сонгинохайрхан дүүргийн Зүүн салаанд манай найзынд хүрээд ир” гэж хэлсэн. Би замаараа найзыгаа аваад ...тухайн айлд очиход нөгөө фэйсбүүкээр танилцсан охин, найз охинтойгоо уучихсан сууж байсан. Би очих замдаа дэлгүүрээс хоёр том пиво аваад очсон юм. Бид дөрөв тухайн хоёр пивыг шөнийн 04 цаг хүртэл хувааж ууж дуусгаад манай найз ************, нөгөө танилцсан охин бид гурав тухайн айлаас гараад явсан юм. Би тухайн айлаас гараад цааш нь юу болсноо санахгүй байна. Өглөө нь найзындаа сэрсэн чинь нэг утас дуугараад байсан. Манай найз “Наад утас чинь нөгөө танилцсан гээд байгаа охины утас ш дээ. Чи утсаар яриад өгье гэж хэлээд аваад явсан” гэж хэлсэн. Би санаа зовоод “Яаж буцааж аваачиж өгөх вэ дээ” гэж бодоод тухайн өдрөө Цамбагаравын “Бумбум” гэсэн ломбарданд 240.000 төгрөгөөр тавьсан юм. Би энэ үйлдлийг гэмт хэргийн сэдэлттэй үйлдэл гэж мэдээгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-78 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хуульчилж өгсөн ба хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжийг агуулдаг байна.
Шүүгдэгч ************* нь шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх ба тэрээр тодорхой, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, сурдаггүй, цалин хөлс орлогогүй гэх шалтгаанаар, амар хялбар байдлаар мөнгө олох зорилгоор хохирогчийн биемахбодод халдаж хүч хэрэглэхгүйгээр, түүний гар утсыг хууль бусаар авч зугтаан, өөртөө захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн байна.
Иймд шүүхээс шүүгдэгч ************* бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч ************* үйлдсэн нь дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч ************ 450.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч *************** нь хохирол төлөх хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг завсарлуулсан боловч тэрээр энэ хугацаанд хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч ************** 450.000 төгрөгийг гаргуулан хохирогч *********** олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч *************** нь: “... надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргасан.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч **************** хувийн байдлын хувьд, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр баг, Эмт гэх газарт оршин суух бүртгэлтэй ч энэ хаяг дээрээ амьдардаггүй, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах “Best shoes” ХХК-нд ажилладаг гэх боловч энэ талаар баримтгүй, мөн Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, дүүрэг харгалзахгүйгээр нийтийн байр хөлсөлж амьдардаг, энэ хаяг нь тодорхойгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдаагүй байх тул **************** зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах боломжгүй байна.
Харин шүүгдэгч ************** нь шунахай сэдэлтээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, тус гэмт хэргийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлөөгүй байдал, нөгөө талаас дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар ял оногдуулж, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ************* нь 2023 оны 01 зүгээр сарын 11-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 16 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1, 37.12 дугаар зүйлийн 4, 5, 6 дүгээр хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************** овогт ***************** ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************** цагдан хоригдсон 16 (арван зургаа) хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгийг гаргуулж, хохирогч ************* олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *************** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ