Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 03 өдөр             Дугаар 153/ШШ2019/00190            Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт оршин суух, тоот регистрийн дугаартай, Жантекей тайлах овогт Бурилбайгийн Кы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.К, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.К шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1975 оны 6 дугаар сараас 1977 оны 6 дугаар сар хүртэл илгээлтийн эзнээр тариаланчаар ажиллаж байгаад 1977 оны 6 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1990 оныг дуустал мөн нэгдэлдээ ногоочноор ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он сар дутуу байна. Иймд Б.К намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1975 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1980 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.К нь 1975 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1980 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 306 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Ховд сумын 4-р бригадын 1975-1977, 1980-1989 оны 70-р дансны Буралбай, К нарын нэр дээрх хуулбарууд,

-Б.Кы нэр дээрх 0704185 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Б.Кы нэр дээрх 2977 дугаартай 1989 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Атарчдын алдар” үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Б.Кы нэр дээрх 112 дугаартай 2011 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн “Улсын тэргүүний тариаланч” цол тэмдгийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Б.Кы нэр дээрх 1989 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Диплом,

-Б.Кы нэр дээрх 1975 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “МХЗЭ-ийн хүндэт илгээлт”,

-Б.Кы төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай “Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сарыбулах ХК болж, 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа,

-Б.Кы нэр дээрх 341703 дугаартай Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч  Н.Сесерханы шүүхэд өгсөн “...би 1965-1991 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4-р бригадад ногоочноор ажиллаж байгаад нэгдэл тарсны дараа хувиараа мал малласан. Б.К нь Буралбай гэдэг айлын том хүүхэд. Тэрээр 1975 онд нэгдэлд илгээлтээр гарч 1977 он хүртэл мал маллаж байгаад ногоочноор ажилласан” гэх мэдүүлэг,

-Гэрч Х.Дөрвөдханы шүүхэд өгсөн “...би 1977 онд Ховд аймгийн Ховд сумын сургуулийг 8-р анги төгссөн. Тэгээд сумын Тариалан нэгдлийн 4-р бригадад ногоочноор ажиллаж байгаад цэрэгт явсан. 1985 онд цэргээс халагдаж ирээд мөн сумынхаа нэгдэлд ногоочноор ажилласан. Би Б.Ктай нэг дор өссөн. Мөн сургуулийн дотуур байранд хамт байсан учир сайн танина. Намайг сургуульд сурч байхад Б.Кы эцэг, эх нь нэгдэлд ногоо тарьдаг байсан. Б.К нь 1975 онд 8-р анги төгссөн. Тэгээд шууд нэгдэлд ногоочноор ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Б.К нь 1975 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1980 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд ногоочноор ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЛ59052013 тоот регистрийн дугаартай, Жантекей тайлах овогт Бурилбайгийн Кы 1975 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1980 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА