Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 191

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 03 өдөр               Дугаар 153/ШШ2019/00191          Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт оршин суух, тоот регистрийн дугаартай, Тавинаахан овогт Идэшийн Мын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч И.М, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч И.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт 1964 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн. Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1980 оноос эхлэн эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Д.Жавзандуламтай гэр бүл болж, тус нэгдэлдээ мал маллаж байгаад, нэгдэл тарж Баясгалант амьдрал ХХК болоход мөн малчнаар ажилласан. Би одоог хүртэл мал малласаар байна.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэрийн бичилт зөрсөн тул шүүхээр тогтоолгохоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архиваас 70 дугаар дансны хуулга авч хавсаргасан. Иймд И.М намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүртэл, 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч И.М нь 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 391 дугаартай лавлагаагаар ирүүлсэн “Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол бригадын 1980-1989 онуудын 70-р дансыг хуулбарлан хүргүүлэв” гэсэн албан бичиг,

-Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол бригадын 1980-1989 онуудын Идэш, М нарын нэр дээрх 70-р дансны хуулбар,

-И.Мын нэр дээрх 1981-1990 оны ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-И.Мын нэр дээрх 1991 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нээлгэсэн 1991-1993 оны ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-И.Мын 0736327 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 40 дугаартай “Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн иргэн Идэшийн М нь цэргийн албыг хуульд заасан хэлбэрээр хаагаагүй болохыг тодорхойлов” гэх албан бичиг,

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай “Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл нь 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Баясгалант амьдрал ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа,

-И.Мын төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

-Гэрч Н.Батчулууны шүүхэд өгсөн “...би Ховд аймгийн Манхан сумын уугуул иргэн бөгөөд 1969-1992 он хүртэл тус сумын Баясгалант амьдрал нэгдэлд хэвлэлийн төлөөлөгч, малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарсны дараа хувиараа мал маллаж байна. И.М нь Идэш гэдэг хүний том хүүхэд юм. Тэрээр багаасаа эцэг эхийн хамт Баясгалант амьдрал нэгдлийн мал малласан. 1987 онд Баяраа гэдэг хүнтэй гэр бүл болж нэгдэл тарах хүртэл бог мал малласан. Манай нэгдэл 1992 онд тарсан. И.М цэрэгт яваагүй, дандаа мал маллаж байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч С.Батмөнхийн шүүхэд өгсөн “...би 1984-1986 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын сургуульд эрхлэгчээр ажиллаж байгаад 1986-1991 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Үүнээс хойш тус сумын Зэрэг гол багийн Засаг даргаар ажиллаж байсан. И.Мыг би хүүхэд байхаасаа эхлэн мэднэ. Түүний аавыг Идэш, ээжийг Цэрмаа гэдэг. И.М сургуульд сурч байгаагүй. Багаасаа эцэг, эхийн хамт мал малладаг байсан. Тэрээр Баясгалант амьдрал нэгдэл тарах хүртэл мал малласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 391 дугаартай лавлагаагаар ирүүлсэн “Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол бригадын 1980-1989 онуудын 70-р дансны хуулбарт хүсэлт гаргагч И.Мын нэр орсон байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.

Харин И.М нь Иргэн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдаж, 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан болох нь хэрэгт авагдсан түүний 0736327 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүх хуралдаанд гаргасан хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч И.Мын 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн энэхүү хүсэлтийг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Харин хүсэлт гаргагч И.М нь Иргэн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдаж, 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан байх тул энэхүү хугацааг шүүх давхардуулан тогтоохгүй бөгөөд хэрэв шүүхээр тогтоолгох шаардлагатай бол энэхүү хугацааны баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин хандах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар тоот регистрийн дугаартай, Тавинаахан овогт Идэшийн Мын 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч И.ММ нь 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д малчнаар ажиллаж байсан байдлын талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА