Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2019/00092/И |
Дугаар | 193 |
Огноо | 2019-05-03 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 193
2019 оны 05 сарын 03 өдөр Дугаар 153/ШШ2019/00193 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 05-29 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Дөчин дөрөвийнхөн овогт Зэвгээгийн Бын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн З.Б миний бие 1980 онд 8 дугаар анги төгсөж, МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйд гарч Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд ээж Г.Цэрэнхүү, ах З.Лхамхүү нарын хамт сувай үхэр маллаж байгаад 1982 оны 6 дугаар сарын 23-ны өдөр цэргийн албанд татагдан Улаанбаатар хотод барилгын цэргийн 022 дугаар ангид цэргийн алба хаагаад, 1985 оны 8 дугаар сарын 11-ний өдөр цэргийн албанаас халагдаж өөрийн төрсөн нутаг Ховд аймгийн Мянгад суманд ирж суурьшин одоог хүртэл мал маллан амьдарч байна. Миний бие ам бүл 5-уулаа, хүүхдүүд Ховд аймгийн төвд сургуульд суралцаж байгаа тул Жаргалант суманд хаягийн бүртгэлтэй байдаг.
Миний нэгдэлд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч усанд орж бичиг баларсан. Ховд аймгийн Мянгад сумын архив шатсан тул нэгдлийн холбогдолтой баримт бичиг Улсын архивт шилжиж ирээгүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох хэрэгтэй гэсэн. Надад байгаа баримтуудыг үндэслэн миний 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Давшилт нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч З.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Б нь 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 8-р анги төгссөн. 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Энэ хугацааг хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.Б нь 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-З.Бын ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,
-З.Бын нэр дээрх цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2133 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 310 дугаартай лавлагаагаар ирүүлсэн “Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант бригадын 1980, 1986, 1988 онуудын 70-р данснаас шүүж үзэхэд Зэвгээгийн Бт холбогдох баримт олдоогүй, Чацаргант бригадын 1981, 1982, 1987, 1989, 1990 он, Гахайт бригадын 1980-1990 оны баримтууд тус архивын сан хөмрөгт шилжиж ирээгүй” гэсэн албан бичиг,
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 381 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01/106 дугаартай албан бичиг,
-Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай албан бичиг,
-З.Бын нэр дээрх 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Малчин мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Д.Янсанжавын шүүхэд өгсөн “...би 1971-1993 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажилласан. З.Б нь Зэвгээ гэдэг хүний хүүхэд бөгөөд 1980 онд 8-р анги төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд илгээлтээр ирсэн. Түүний аав нь 1978 онд нас барсан. Тэгээд ээж Цэрэнхүүгийн хамт мал малладаг байсан. З.Б нь нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан” гэх мэдүүлэг,
-Гэрч Ш.Чулуунбаатарын шүүхэд өгсөн “...би 1976-1991 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малын эмч, хэсгийн даргаар ажиллаж байсан. З.Б нь 1980 онд 8-р анги төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажилласан. Би 1987 онд З.Бт үхэр хуваарилаж өгч байсан. Тэрээр 1991 оныг дуустал нэгдлийн мал малласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 381 дугаартай лавлагаагаар “Ховд аймгийн Мянгад сумын Гахайт хэсгийн 1980 оны мал тооллогын бүртгэлийн 12 дугаарт Б.Зэвгээ ам бүл 6, нэгдлийн гишүүн 2, 16-24 насны 0, 35-44 насны 1, 45-54 насны 1, 33 толгой мал тоолуулсан, Ховд аймгийн Мянгад сумын 1981 оны мал тооллогын бүртгэлийн 3 дугаарт Б.Зэвгээ ам бүл 6, нэгдлийн гишүүн 2, 16-24 насны 1, 35-44 насны 1, 41 толгой мал тоолуулсан, Ховд аймгийн Мянгад сумын Гахайт хэсгийн 1983 оны мал тооллогын бүртгэлийн 8 дугаарт З.Б ам бүл 5, нэгдлийн гишүүн 2, 16-24 насны 0, 35-44 насны 1, 45-54 насны 1, 62 толгой мал тоолуулсан, Ховд аймгийн Мянгад сумын 1984 оны мал тооллогын бүртгэлийн 17 дугаарт З.Б ам бүл 5, нэгдлийн гишүүн 2, 16-24 насны 1, 35-44 насны 1, 65 толгой мал тоолуулсан, Ховд аймгийн Мянгад сумын Гахайт хэсгийн 1985 оны мал тооллогын бүртгэлийн 15 дугаарт З.Б ам бүл 5, нэгдлийн гишүүн 2, 16-24 насны 0, 35-44 насны 1, 45-54 насны 1, 52 толгоы мал тоолуулсан, Ховд аймгийн Мянгад сумын 1986 оны мал тооллогын бүртгэлийн 9 дугаарт З.Б ам бүл 4, нэгдлийн гишүүн 2, 16-24 насны 1, 35-44 насны 1, 28 толгой мал тоолуулсан” гэжээ. Энэхүү лавлагаагаар З.Б нь 1981-1986 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь, түүний 1989 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Мянгад сумын Чацаргант бригадын 1989 оны 70-р дансны хуулбараар тус тус нотлогдож байна. Тус Мянгад сумын Чацаргант бригадын 1989 оны 70-р дансны хуулбарт хүсэлт гаргагч З.Бын нэр орсон байх тул хэрэгт баримтаар үнэлсэн болно.
Харин хүсэлт гаргагч З.Бын 1986-1988 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг нотлох тушаал, цалингийн цэс нь өөрт нь болон архивын тасагт хадгалагдаагүй болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 310 дугаартай лавлагаа болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэлээ.
Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд болон гэрч нарын мэдүүлэгээр хүсэлт гаргагч З.Бын 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан 1987 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн З.Бын нэр дээрх хөдөлмөрийн дэвтэрийн 5-20 дугаар хуудас нь тухайн хөдөлмөрийн дэвтрийн хуудас биш болох нь илт мэдэгдэж байгаа, хавтаст хэрэгт авагдсан С.Цэвээндоржийн нэр дээрх “Итгэл найдвар” гэх материал нь тамгагүй тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар тоот регистрийн дугаартай, Дөчин дөрөвийнхөн овогт Зэвгээгийн Бын 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА