Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/77

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2023         01           10                                      2023/ШЦТ/77

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Э.Чанцалням,

Шүүгдэгч ** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч **т холбогдох *** эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурчин ажилтай, ам бүл *, эхнэрийн хамт **тоотод оршин суух *** /регистрийн дугаар: ***/

Холбогдсон хэргийн талаар :  

Шүүгдэгч ** нь **тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ** оны **-нд шилжих шөнө ** цагийн үед хамтран амьдрагч ** зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :        

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч ** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 01 цагийн үед хамтран амьдрагч **зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...* дүүргийн * дүгээр хороо ** гудамжинд байрлах гэтээ хамтран амьдрагчдаа зодуулсан...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,  

- хохирог *... Би * гэх хүнтэй 2008 онд танилцсан...2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хамтран амьдрагч * бид 2 гэртээ байж байхад * гэх хүн орой 21 цагийн орчим нэг шил 0.75 литрийн хэмжээтэй архитай орж ирсэн, бид 3 хувааж уусан, * 01 цагийн орчим гэр лүүгээ явсан.  Тэгээд ** бид хоёр унтах гээд байж байгаад би гар утсаа хайгаад олохгүй байсан чинь ** намайг гар утсаа хэнд өгсөн юм гээд аягаар миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Миний зүүн шанаа хэсгээс цус гараад байсан чинь ** 103 дугаарт дуудлага өгсөн...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг хавтаст хэргийн 6 дахь тал/,  

- шинжээчийн дүгнэлт : **биед зүүн чамархайн хуйханд шарх, цус хуралт, зүүн чихний дэлбэн, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

- шүүгдэгч **ийн...Би Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо * дүгээр гудамж задгай тоотод 2022 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд өдрийн хооронд эхнэр Ц.**  хамт архи уусан ба гар утсаа хаана хийсэн гээд хоорондоо маргалдаад улмаар би аяга аваад шидсэн ба **чихний дээд талд оносон ба цус гараад байхаар нь би дуудлага өгсөн, **өмнө огт цохиж зодож байгаагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:  

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тул  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн субьектив болон объектын шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч, хохирогч нар тухайн үед согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн, мөн тэд харилцан үл ойлголцож маргалдсан, шүүгдэгч урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил гаргаж байгаагүй зэргийг харгалзахад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэсэн нь зөв болно.

2.3. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-30-31, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.

Иймд шүүгдэгч **ийг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Хохирол, хор уршиг :  

   

Гэмт хэргийн улмаас хохирогч нь хохирлын талаарх нотлох баримт гаргаагүй байх боловч хохирогч нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт 

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн  болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-19-25, 31-34, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **т 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.  

 

  1. Бусад асуудал     

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч **ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч **т 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч **т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.    

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ГАНБААТАР