| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0013/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/17 |
| Огноо | 2023-01-30 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
Улсын яллагч Б.Эрхэмбаяр,
Шинжээч А.Минжмаа, А.Хүрэл-Эрдэнэ /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл,
Шүүгдэгч Ч.Алтансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Алтансүхэд холбогдох 2223001260184 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг, Ажилчны хэсгийн 117 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Мандаат овогт Чинбатын Алтансүх регистрийн дугаар: ИЭ98061816.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Алтансүх нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал болох 2516.9 килограмм хонин арц, ховор ургамал болох 1255 килограмм хуурамч хонин арцыг 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 04 дүгээр сар, 2022 оны 05 дугаар сар, 2022 оны 06 дугаар сард Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн 220 тоот, Ажилчны хэсэг 117 тоот, Үйлдвэрийн хэсэг 319 тоот хашаанд тус тус худалдан авсан, мөн “Ланд круйзер-80” маркийн 50-57 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөн, тээвэрлэж байгаль экологид 377,572,710 төгрөгийн хохирол учруулсан буюу “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт холбогдсон байна. Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Ч.Алтансүх нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал болох 2516.9 килограмм хонин арц, ховор ургамал болох 1255 килограмм хуурамч хонин арцыг 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 04 дүгээр сар, 2022 оны 05 дугаар сар, 2022 оны 06 дугаар сард Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн 220 тоот, Ажилчны хэсэг 117 тоот, Үйлдвэрийн хэсэг 319 тоот хашаанд тус тус худалдан авсан, мөн “Ланд круйзер-80” маркийн 50-57 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөн, тээвэрлэж байгаль экологид 377,572,710 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-67-р хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саруулын “...Би шинжээч Э.Мягмаржавын гаргасан №10, Х.Сольхүүгийн гаргасан №151 дугаартай дүгнэлтүүдтэй танилцлаа. Байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Өөр надад хэлж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 79-82-р хуудас/,
- Гэрч Ч.Алтанбаганы “...Би 2022 оны 06 дугаар сарын 10-ны үеэр Улаанбаатар хот руу яваад 3 хоногийн өмнө гэртээ ирсэн. 319 тоотод байгаа хуучин үйлдвэрийн зориулалттай объект нь хуучин эсгийний үйлдвэр байсан газар байгаа юм. Тухайн объектын зүүн талд нь өргөтгөж барьсан хэсэг дотор 15 жилийн өмнө тэжээлийн тээрэм суурилуулсан. Одоо тухайн тэжээлийн тээрмээр гахайн тэжээл тээрэмддэг. Намайг Улаанбаатар хот руу явсан байхад манай дүү Ч.Алтансүх нь арц авчирсан байсан би түүнийг нь мэдээгүй. Миний хувьд арц худалдаж авсан, хадгалсан зүйл байхгүй. Тухайн объект нь манай аавын нэр дээр байдаг болохоор манай дүү уг газарт эд зүйлээ хийдэг. Дундуураа хашаа татаагүй л болохоос 2 тусдаа айлууд юм. Манай дүү Ч.Алтансүх нь 2022 оны хавраас л арц худалдаж авч эхэлсэн гэсэн. Би өөрөө ачааны машинаар хот хооронд ачаа зөөдөг болохоор арц бол надад ямар ч хамаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 90-92-р хуудас/,
- Гэрч О.Батнасангийн “...Би 2022 оны 04 дүгээр сараас эхлээд Завхан аймгийн Улиастай сум Өлзийт багийн нутаг дэвсгэрт байрлах 220 тоот хашаанд Ч.Алтансүх нь арц буулгаж тавиад “үүнийг харж байгаарай би танд сарын 350.000 төгрөгийн цалин өгье” гэхээр нь би түүний арцыг хардаг болсон. Одоогоос 5 хоногийн өмнө шөнө 00 цагийн орчимд хүнээс арц худалдаж авсан бололтой цэнхэр өнгийн портер машинаар ирж арц буулгасан. 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр байхаа мөн шуудайтай арцнууд авчирч буулгаад түүнийгээ улбар шар өнгийн контейнер дотор бүгдийг нь шуудайнаас гаргаж тарааж тавьсан. Миний хувьд арц түүж бэлтгэсэн зүйл байхгүй. Би түүнийг буулгасан арцыг нь гадаа дэлгэж хатаагаад харж байдаг. Өөр ямар нэгэн зүйл байхгүй. Ч.Алтансүх нь 2022 оны 04 дүгээр сараас эхлээд хүнээс арц авч эхэлсэн. Одоогийн миний амьдарч байгаа 220 тоот гэсэн хашаа бол миний өөрийн эзэмшлийн хашаа байгаа юмаа. Нэрийг нь шилжүүлж авч чадаагүй. С.Алтансүх нь арцаа манай хашаанд буулгаад “сарын 350.000 төгрөгийн хөлс өгнө арц хараад өг” гэж хэлсэн. Би түүнийг хаанаас хэдэн шуудай арц хэзээ худалдаж авсан талаар бол мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 93-95-р хуудас/,
- Гэрч Ц.Цогзолмаагийн “...Би 50-57 ЗАН тээврийн хэрэгслийг 2 жилийн өмнө 10.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би сүүлийн 1 жил Улаанбаатар хотод байсан. Тухайн тээврийн хэрэгслийг манай нөхөр, хүүхдүүд ашигладаг. Манай гэр бүлийн дундын өмч байгаа юм. Би 50-57 ЗАН ланд круйзер тээврийн хэрэгслээ 10,000,000 /арван сая/ төгрөгөөр үнэлж байна. Манай хүү Ч.Алтансүхийн энэ жилийн хувьд хүнээс арц авсан байхаа. Арц түүсэн хүмүүс арц авах уу гэхээр нь авсан юм шиг байна лээ. Манай том хүү Ч.Алтанбаганы хувьд том ачааны машинаар ачаа ачдаг. Арцны хэрэгт ямар ч хамааралгүй. Манай хүү Алтанбаганы гэрийн хашаанд байгаа үйлдвэрийн зориулалттай цагаан байранд байх тэжээлийн бутлагч /тээрэм/-ийг 6 жилийн өмнө малын тэжээл тээрэмдэх зориулалттай хүнээс авч байсан. Одоо хэдэн төгрөгөөр худалдаж авснаа санахгүй байна. Би тухайн тээрэмний марк, хэзээ, хаана үйлдвэрлэгдсэн талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 100-102-р хуудас/,
- Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч Э.Мягмаржав, А.Минжмаа, “Отгон бор хавцал” Төрийн бус байгууллагын шинжээч А.Хүрэл-Эрдэнэ нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтээр: Шинжилгээнд ирүүлсэн 310 шуудай арц нь цаг агаарын нөхцөл байдал болон гадаа хадгалсны улмаас шуудайнууд задарсан тул шуудайг солих ажил хийгдсэний дараа шуудай тус бүрийг судлан, дээж авч тухайн арцны төрөл, зүйлийг нэг бүрчлэн шинжилж ямар зүйлийн арц болохыг тогтоосон болно.
1. 101 ширхэг шуудай 1255 кг арц нь Овог Агрууны, Төрөл Арц, Зүйл Хуурамч хонин арц ( Juniperus pseudosabina Fisch. et Mey.) Хуурамч хонин арц /Juniperus pseudosabina/ бүх шилмүүс хайрсархуу, адилхан, ромбодуу хэлбэртэй, боргоцой- жимсгэнэ 1ш үртэй, залуу найлзуур 1.5 мм орчим бүдүүн байна.
208 шуудай 2516.9 кг арц нь Овог Агрууны, Төрөл Арц, Зүйл Хасаг буюу Хонин арц ( Juniperus sabina L.). Хонин арц /Juniperus sabina L./ бүх шилмүүс хайрсархуу, адилхан, боргоцой- жимсгэнэ 2-6ш үртэй /хааяа 1 үртэй/ залуу найлзуур 1 мм орчим бүдүүн байна. Тээрэмдсэн 1 шуудай 21.60 кг арцны зүйлийг нарийвчлан тогтоох боломжгүй.
2. 101 ширхэг шуудай 1255 кг арц нь Монгол улсын засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор Ховор ургамлын жагсаалтад орсон.
208 шуудай 2516.9 кг арц нь 1995 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол улсын хууль буюу Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтад нэн ховор ургамлын жагсаалтад орсон. Тээрэмдсэн 1 шуудай 21.60 кг арцыг тодорхойлох боломжгүй.
3. Монгол оронд Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтай, Говь-Алтай зэрэг уулархаг нутгийн өндөр уулсаар дтд: 1500-2000 метр өндөрт тархан ургадаг. Арцны амьдрах орчин нь Тайгын, Ойт хээр, Тагийн бүс бүслүүрт хад асга ихтэй элсэрхэг хөрсөнд ургана. Завхан аймгийн хувьд Монгол орны ургамлын газар зүйн тойргоор Хангайн уулийн тагийн тойрог, Их нууруудын хотгорыг цөлөрхөг хээрийн тойрог дамнан ургадаг. Тухайн ургамал нь газар зүйн онцлогоос шалтгаалан нэг болон түүнээс дээш бутнууд нийлж ургана.
4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 тушаалын хавсралт буюу ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо ургамлын тухайн үеийн нойтон, хуурай жингээр тооцдог бөгөөд тухайн ургамлыг гадна талбайд 6 сар хадгалсан нь уг ургамлын нойтон, хуурай шинжийг тодорхойлох боломжгүй байна.
Тухайн ургамлыг сайдын тушаалын дагуу нойтон жингээр ач үзвэл:
| № | Арцны нэр | Латин нэр /зүйл/ | Нэг кг арцны ЭЭЗҮнэлгээ /төгрөгөөр/ | Нийт арцны тоо /кг/ | Экологи-эдийн засгийн үнэлгээ /төгрөгөөр/ |
| 1 | Хонин арц | Juniperus sabina L. | 100900 | 2516.9 | 253955210 |
| 2 | Хуурамч хонин арц | Juniperus pseudosabina | 98500 | 1255 | 123617500 |
| НИЙТ | 3771.9 | 377572710 | |||
Дүн үсгээр: Гурван зуун далан долоон сая таан зуун далан хоёр мянган долоон зуун арван төгрөг.
Тухайн ургамлыг сайдын тушаалын дагуу хуурай жингээр ач үзвэл:
| № | Арцны нэр | Латин нэр /зүйл/ | Нэг кг арцны ЭЭЗҮнэлгээ /төгрөгөөр/ | Нийт арцны тоо /кг/ | Экологи-эдийн засгийн үнэлгээ /төгрөгөөр/ |
| 1 | Хонин арц | Juniperus sabina L. | 194000 | 2516.9 | 488278600 |
| 2 | Хуурамч хонин арц | Juniperus pseudosabina | 175800 | 1255 | 220629000 |
| НИЙТ | 3771.9 | 708907600 | |||
Дүн үсгээр: Долоон зуун найман сая есөн зуун долоон мянга зургаан зуун төгрөг.
Тухайн хураагдсан 310 шуудай арц нь байгаль цаг уурын нөхцөл байдлын улмаас шуудай задарсан тул шуудайг солих ажил 3 өдөр хийгдсэн. Экологи эдийн-засгийн үнэлгээг гаргахад нойтон, хуурай эсэхийг тогтоох хэрэгтэй бөгөөд тухайн ургамлыг гадаа задгай орчинд хадгалсан, байгаль цаг уурын нөхцөлөөс шууд хамааралтай тул арцны нойтон, хуурай шинжийг механик аргаар нарийн тогтоох боломжгүй байсан. Тээрэмдсэн 1 шуудай 21.60 кг арцны зүйл нь тодорхойгүй тул үнэлгээ гаргах боломжгүй байна.
5. Хайчилж, тасдсан мөчир нөхөн төлжихгүй бөгөөд залуу найлзуурууд түрж ургах боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 201-211-р хуудас/
- Шүүгдэгч Ч.Алтансүхийн “...Би 2022 оны 05 дугаар сараас эхлээд хүмүүсээс арц худалдаж авсан ба 1 килограммыг нь 1000-1200 төгрөгөөр худалдаж авдаг байсан. Би олон хүнээс олон удаа арц худалдаж авсан бөгөөд дээрх арцнуудаа Өлзийт багийн 220 тоот хашаа буюу О.Батнасан ахын хашаанд, заримыг нь өөрийн төрсөн ах Ч.Алтанбаганы том грашт зөөж аваачсан байсан. Үүнээс 2-3 сарын дараа арц худалдаж аваад хадгалж байхдаа цагдаа нарт баригдаад арцаа хураалгасан. Миний худалдаж авсан арц 3-4 орчим тонн болох байх. Миний худалдаж авсан арцнууд зарим нь нойтон байсан талаар мэдэхгүй ихэнх арцнууд нь нойтон байсан. Би худалдаж авсан арцнуудынхаа уутыг нь суллаж авах гээд өөрийнхөө гэр болох Өлзийт баг Ажилчны хэсгийн 117 тоот хашаанд байрлах байшингийн дээвэр дээр асгасан байсан. Би шинжээч нарын гаргасан дүгнэлттэй танилцлаа. Шинжээч Э.Мягмаржавын гаргасан дүгнэлтээс хуурамч хонин арцыг хуурай гэж үнэлсэн байна. Үүнийг хуурай гэж үнэлсэн нь хэдэн хувийн чийгшилтэйгээс дээшээ болоход нойтон гэж үзэж байгаа нь тодруулж өгөөч. Би энэ арцыг авахдаа ямаан арц гэж худалдаж авсан. Миний худалдаж авсан арцнуудын 20-30 хувь нь хонин арц, бусдыг нь ямаан арц гэж худалдаж авсан. Ямаан арцыг 1000 төгрөгөөр, хонин арцыг 1200-1400 төгрөгөөр худалдаж авсан. Надад арц худалдсан гэх хүмүүсийг танихгүй. Уг хүмүүс надад арц авчирч өгөхдөө дандаа шөнө авчирч өгдөг байсан болохоор мэдэхгүй байна. ...Би гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 139-141-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтууд байна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.” гэж,
Мөн хуулийн 11 дүгээр зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Ч.Алтансүхийн Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал болох 2516.9 килограмм хонин арц, ховор ургамал болох 1255 килограмм хуурамч хонин арцыг худалдан авсан, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу ашиг хонжоо олох зорилгоор нэн ховор, ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч Ч.Алтансүх нь нэн ховор ургамал болох 2516.9 килограмм хонин арц, ховор ургамал болох 1255 килограмм хуурамч хонин арцыг 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 04 дүгээр сар, 2022 оны 05 дугаар сар, 2022 оны 06 дугаар сард тус тус үргэлжилсэн хэд хэдэн удаагийн үйлдлүүдээр худалдан авч тээвэрлэсэн болох нь тогтоогдож байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Ч.Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хонин арц, ховор ургамал хуурамч хонин арц худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирлын талаар:
Шүүгдэгч Ч.Алтансүхийн хууль бусаар нэн ховор ургамал хонин арц, ховор ургамал хуурамч хонин арц худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 376,772,710 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Уг шинжээчийн дүгнэлтээр 101 ширхэг шуудай 1255 килограмм хуурамч хонин арц, 208 шуудай 2516.9 килограмм хасаг буюу хонин арцыг “гадаа задгай орчинд хадгалсан, байгаль цаг уурын нөхцөлөөс шууд хамааралтай тул арцны нойтон, хуурай шинжийг механик аргаар нарийн тогтоох боломжгүй байсан” гэж дүгнэсэн байна. Мөн тээрэмдсэн 1 шуудай 21.60 килограмм арцны зүйл нь тодорхойгүй тул үнэлгээ гаргаагүй байна.
Шинжээчийн дүгнэлт нь дээрх арцны үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаартай тушаалын хавсралтаар баталсан үнэлгээний дагуу тухайн ургамлын нойтон жин, хуурай жин гэсэн хоёр төрлөөр тогтоосон байна. Прокуророос шинжээчийн дүгнэлтээр бага үнийн дүнгээр тодорхойлогдсон нойтон жинг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүгдэгчид ашигтай байдлаар ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасан.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэлийн “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 13-т “байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг.” ойлгоно гэж,
мөн хэсгийн 11-т “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж тус тус хуульчилсан. Шүүгдэгч Ч.Алтансүхийн хувьд тухайн ургамлыг түүсэн үйлдэл хийгээгүй зөвхөн худалдан авсан тул хохирлыг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тодорхойлохгүй бодит хохирлоор тогтоож өгнө үү” гэсэн нь үндэслэлтэй байх тул хүлээн авах боломжтой байна.
Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон нь байгаль орчинд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулга юм.
Шүүгдэгч Ч.Алтансүхийн хувьд дээрх хонин арц болон хуурамч хонин арцыг өөрөө түүж бэлтгээгүй, харин бусдын түүж бэлтгэн ирсэн арцыг худалдан авсан авсан байх тул 2516.9 килограмм хонин арцны экологи–эдийн засгийн үнэлгээ экологи-эдийн засгийн үнэлгээ 253.955,210 төгрөг, 1255 килограмм хуурамч хонин арцны экологи-эдийн засгийн үнэлгээ 123,617,500 төгрөг нийт 377,572,710 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэлийн “...Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “...Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэг дахин багасгаж өгнө үү” гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь дээрх хуулийн ойлголт нь гэм хор учрахад хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Ч.Алтансүхийг арц худалдан авахад хохирогчийн ямар нэгэн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Ч.Алтансүхээс ургамлын аймагт учруулсан хохирол 377,572,710 /гурван зуун далан долоон сая таван зуун далан хоёр мянга долоон зуун арав/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах шийдвэрийн дагуу шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхээс 30 /гуч/ минутын завсарлага авч хохирлоос 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол төлж үлдсэн 376,772,710 /гурван зуун далан зургаан сая долоон зуун далан хоёр мянга долоон зуун арав/ төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хонин арц, ховор ургамал хуурамч хонин арц худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үлдсэн 376,772,710 /гурван зуун далан зургаан сая долоон зуун далан хоёр мянга долоон зуун арав/ төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байр суурьтай оролцсон бөгөөд шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү гэж өмгөөллийн дүгнэлт гаргав.
Шүүх шүүгдэгч Ч.Алтансүхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх нь зүйтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж заасныг үндэслэв.
Шүүгдэгч Ч.Алтансүхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.Алтансүх урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 144-р хуудас/
Шүүгдэгч Ч.Алтансүхийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх шүүгдэгч Ч.Алтансүхийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан нөхөн төлөх хохирлын хэмжээ зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Алтансүх нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 1 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарлах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Ч.Алтансүхэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 1 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Завхан аймгийн “Хурд-Од” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн 2022 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 151 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...2022 оны 07 дугаар сарын байдлаар 1992 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 10,000,000 /арван сая/ төгрөг гэж” тогтоосон байна. /хх-ийн 126-128-р хуудас/
Уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Цоозоогийн Цогзолмаа болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 170-р хуудас/
Иймд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.Алтансүхийн худалдан авсан арцаа тээвэрлэсэн 50-57 ЗАН улсын дугаартай “Land Criuzer-80” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10,000,000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, марк тодорхойгүй Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн 380 вольтын цахилгаанаар ажилдаг бутлагч төхөөрөмж, хууль бусаар худалдан авсан 101 ширхэг шуудай 1255 килограмм хуурамч хонин арц, 208 шуудай 2516.9 килограмм хасаг буюу хонин арц, тээрэмдсэн 1 шуудай 21.60 килограмм арцыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож,
түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Мандаат овогт Чинбатын Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хонин арц, ховор ургамал хуурамч хонин арц худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч.Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Алтансүхэд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Алтансүх нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ч.Алтансүхэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 1 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Алтансүхээс 376,772,710 /гурван зуун далан зургаан сая долоон зуун далан хоёр мянга долоон зуун арав/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.Алтансүхийн худалдан авсан арцаа тээвэрлэсэн 50-57 ЗАН улсын дугаартай “Land Criuzer-80” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10,000,000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, марк тодорхойгүй Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн 380 вольтын цахилгаанаар ажилдаг бутлагч төхөөрөмж, хууль бусаар худалдан авсан 101 ширхэг шуудай 1255 килограмм хуурамч хонин арц, 208 шуудай 2516.9 килограмм хасаг буюу хонин арц, тээрэмдсэн 1 шуудай 21.60 килограмм арцыг тус тус улсын орлого болгосугай.
8. Шүүгдэгч Ч.Алтансүх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Алтансүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ