Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 197

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 06 өдөр                    Дугаар 153/ШШ2019/00197             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Ноён цорос овогт *******ийн Дгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Д, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1983 онд Ховд аймгийн төвийн 2 дугаар 10 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад малчин болж ажиллаж байгаад 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн доторын тасагт асрагчаар ажилд орж, 2000 он хүртэл ажиллаж байгаад Улаанбаатар хот руу шилжсэн. Би ихэвчлэн Нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах 03 тасагт асрагчаар ажиллаж байсан. Нэгдсэн эмнэлэгийн 103 хүлээн авах тасаг нь тухайн үед 03 хүлээн авах тасаг гэсэн нэртэй байсан. Одоо би 4 хүүхэдтэй өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч ажиллаж байсан үеийн баримтууд дутуу байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гараад байна. Иймд намайг 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах 03 тасагт асрагчаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Д нь 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах 03 тасагт асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 400 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1990 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 149 дугаартай “Ажилд түр авах тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1991 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1992 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1994 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 144 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар,

-С.Дгийн нэр дээрх 1985-1988 оны цалингийн картын хуулбарууд,

-С.Дгийн гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-С.Дгийн 1985, 1992, 1993 онд ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зургууд,

-Д.Эрдэнэчимэгийн нэр дээрх 029606 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-С.Бямбаахүүгийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай тушаалын хуулбар,

-Гэрч Д.Эрдэнэчимэгийн шүүхэд өгсөн “...би 1986 оны 8 дугаар сард Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 103 хүлээн авах тасагт ээлжийн сувилагчаар ажилд орсон. Улмаар 2002 он хүртэл ажилласан. 2002 оноос хойш Ховд аймгийн ******* сумын Жаргалан өрхийн эмнэлэгт ажиллаж байгаад 2018 онд тэтгэвэрт гарсан. Намайг Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 103 хүлээн авах тасагт 1986 оны 8 дугаар сард сувилагчаар ажилд ороход С.Дашхүү нь тус тасагт асрагчаар ажиллаж байсан. Түүнээс хойш бид хоёр 2000 он хүртэл хамт ажилласан” гэх мэдүүлэг,

-Гэрч С.Бямбаахүүгийн шүүхэд өгсөн “...би 1982-1985 он хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт ажиллаж байгаад 1985-1992 он хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 103 хүлээн авах тасагт ахлах сувилагчаар, 1992-2002 он хүртэл тус эмнэлэгийн харшлийн тасгийн ахлах сувилагчаар, 2002-2014 он хүртэл тус эмнэлэгийн лаборантаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. С.Д 1985-1990 он хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 103 хүлээн авах тасгийн асрагчаар надтай хамт ажиллаж байсан. Тэрээр байгууллагын тэргүүний ажилтан байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Шүүх хүсэлт гаргачийн хүсэлтээр С.Дтэй хамт ажиллаж байсан гэх Д.Эрдэнэчимэг, С.Бямбаахүү нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 03 хүлээн авах тасагт ажиллаж байсан болох нь хүсэлт гаргачийн тайлбар, Д.Эрдэнэчимэгийн нэр дээрх 029606 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Бямбаахүүгийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай тушаалын хуулбар, хэрэгт авагдсан фото зургаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан гэрэл зургууд нь хүсэлт гаргагч С.Дгийн Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 03 хүлээн авах тасагт ажиллаж байх үеийн зураг болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэгээр нотлогдож байх тул хэрэгт ач холбогдолтой баримт гэж үзлээ.

Хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч С.Д нь 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах 03 тасагт асрагчаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрийн 1 дүгээр хуудас буюу олгосон хэсэг, дэвтрийн 2-3 дугаар дугаар хуудаст ажлын тухай мэдээний талаарх бичилттэй хэсэгт дарсан тамга, тэмдэг нь “Бүсийн оношилгоо эмчилгээний төв”-ийн тамга байх тул тус хөдөлмөрийн дэвтрийг хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

Хүсэлт гаргагч С.Д нь тус шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШЗ2019/00792 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар тоот регистрийн дугаартай, Ноён цорос овогт *******ийн Дгийн 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах 03 тасагт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч С.Д нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА