Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 204

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 10 өдөр            Дугаар 153/ШШ2019/00204              Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, тоот регистрийн дугаартай, Харахас овогт Иманханы Тний хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, хүсэлт гаргагч И.Тн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч И.Тн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд 10 дугаар анги төгсөөд эвлэлийн илгээлтээр гарч Дарханы сангийн аж ахуйд 7 жил ажиллаж байгаад 1973 оноос эхлээд Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд 10 жил, 1983 оноос 1991 оныг хүртэл Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид Авто мухлагийн жолооч, агентаар ажиллаж байсан. Улсад нийтдээ 40 гаруй жил ажилласан. 2007 онд анх тэтгэвэр тогтоолгоод төрөөс тухайн үед тогтоосон хэмжээгээр тэтгэврээ авч байсан ба 2017 онд миний тэтгэврийг ямар нэгэн үндэслэлгүйгээр Ховд аймгийн Нийгмийн даатгалын байгууллагаас зогсоосон. Түүнээс хойш миний бие өдийг хүртэл тэтгэвэр авч чадахгүй хохирч байна. Учир нь би Дарханы сангийн аж ахуйд 7 жил ажилласан талаараа шүүхээр шийдвэрлүүлж шийдвэрээ гаргуулсан. Бусад жилүүдийнх нь баримтууд шаардлага хангаж байна хэмээн тухайн үеийн нийгмийн даатгалын байгууллагын хүмүүс миний тэтгэврийг хууль дүрэм журмын дагуу тогтоож өгсөн. Би ч хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлэн холбогдох газарт нь өгч тэтгэврээ тогтоолгож өөрийн ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн. Намайг Ховд аймгийн Буянт сум төдийгүй улсын хэмжээнд алдартай ногоочин Тн гэдгээр нь хэн ч андахгүй байхаа. Гэтэл 2017 онд намайг миний гаргаж өгсөн 1983-1990 оны хоорондох баримт болох үйлдвэрчний эвлэлийн батлах болон бусад баримтуудыг шаардлага хангахгүй хэмээн зогсоож хохироож байгаад маш их гомдолтой байна. 1983-1990 оны хооронд надад дээрхи үйлдвэрчний эвлэлийн батлахаас өөр олон баримт байсан болно. Тухайлбал Баярын бичиг, Сайшаалын үнэмлэх, мөн Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан хугацааны цалингийн хүснэгтүүд болон бусад холбогдох баримтууд байгаа болно. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд намайг 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид авто мухлагийн жолооч, агент, бэлтгэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч И.Тн нь 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид авто мухлагийн жолооч, агент, бэлтгэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 406 дугаартай “Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1985-1989 оны баримт тус архивын сан хөмрөгт шилжиж ирээгүй” гэх лавлагаа,

-Автомухлагийн жолооч агент И.Тний 1985-1989 оны цалингийн түүвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 51 дугаартай “Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн анги нь эд хэрэглээний хоршоо, компани болж улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа,

-И.Тний нэр дээрх 1984 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Баярын бичиг, 1985 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Баярын бичиг, 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Баярын бичиг,

-Гэрч С.Дөрвөдийн шүүхэд өгсөн “би И.Тн гэдэг хүнийг хэдэн үеэр нь мэднэ. Миний бие 1984-1990 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар ажиллаж байсан. Намайг даргаар ажиллаж байх үед И.Тн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажиллаж байсан. И.Тн бол улсын аварга ногоочин, тариаланч хүн гэдгийг Буянт сумыхан төдийгүй Ховд аймгийн ард түмэн бүгд мэднэ” гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Чанцалдуламын шүүхэд өгсөн “...намайг 1990 онд МУИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид ногооны няраваар ажилд орж байхад И.Тн нь агентаар ажиллаж байсан. Тэрээр Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч болон бусад ажлыг эрхэлж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар И.Тн нь 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид авто мухлагийн жолооч, агент, бэлтгэгчээр ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар тоот регистрийн дугаартай, Харахас овогт Иманханы Төлөөгөний 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид авто мухлагийн жолооч, агент, бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА