Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2025/0034

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Ч.Б

Нэхэмжлэлийн шаардлага Ч, 00 дүгээр хороо, Я зусланд байрлах зуслангийн орц, гарц чөлөөлөхийг даалгуулах” тухай

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага “Э.Б-н эзэмшил газрын хэмжээг үндэслэлгүйгээр 647 м.кв болгон өөрчилсөн нь хууль бус болохыг тогтоож, Ч дүүргийн Засаг даргын 2019 оны А/000 дугаар захирамжийн Э.Б-д холбогдох хэсэгт нийцүүлэн эзэмшил газрын гэрчилгээ олгуулах, газрын кадастрын мэдээллийн санд кадастрын зургийг 700 м.кв болгож зөвтгөн бүртгэхийг хариуцагчид даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 759 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0080/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Б нь Ч  дүүрэг, 00 дүгээр хороо, Я  зусланд байрлах зуслангийн орц, гарц чөлөөлөхийг даалгуулах”-аар,

           Гуравдагч этгээд нь “Э.Б-н эзэмшил газрын хэмжээг үндэслэлгүйгээр 647 м.кв болгон өөрчилсөн нь хууль бус болохыг тогтоож, Ч  дүүргийн Засаг даргын 2019 оны А/000 дугаар захирамжийн Э.Б-д холбогдох хэсэгт нийцүүлэн эзэмшил газрын гэрчилгээ олгуулах, газрын кадастрын мэдээллийн санд кадастрын зургийг 700 м.кв болгож зөвтгөн бүртгэхийг хариуцагчид даалгах”-аар тус тус маргажээ.   

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 759 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б-н Ч  дүүрэг, 00 дүгээр хороо, Я  зусланд байрлах зуслангийн орц, гарц чөлөөлөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Э.Б-н бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. “... Тус захирамжид Улаанбаатар хотын зуслангийн 20 амны газрыг иргэдэд эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахыг захирамжилсан. Тус захирамжийн хүрээнд ажлын хэсгүүд байгуулагдаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Б  нь эдгээр ажлын хэсэгт хүсэлтээ орц гарц гаргах хүсэлт гаргасан. Нийт 30000 айлын газрын асуудал хөндөгдсөн. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д зааснаар нийслэлийн Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх эрхтэй. Нийслэлийн 26 амыг хувьчлах 2013-2015 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд байгуулсан ажлын хэсэг болох нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газар орц, гарц гаргах хүсэлтийг 2013 онд Б  өгсний дагуу Ч  дүүргийн газрын албанаас даалгасны дагуу иргэн Б  болон О  нар харилцан тохиролцон иргэний хуулийн дагуу хүсэлтээ баталгаажуулж улмаар кадастрын зурагт орц гарцтай байхаар харилцан тохиролцсон. Б , О  нар урагшаа орц гарцтай газар эзэмших гэрээг 2014-2015 онуудад байгуулсан байдаг.

3.2. Энэ үед буюу 2013-2014 онд иргэн Б  нь 2010 онд нас барсан эцгийнхээ өв залгамжлагч болоогүй байсан. Өв залгамжлалыг 2015 оны 8 сард баталгаажуулж, газар эзэмших гэрээгээ 2019 онд байгуулсан. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан оролцогч тал тодорхойгүй байсан. Эрх нь зөрчигдөж болох Б.Э-н өв залгамжлагч тодорхойгүй байсан. Орц гарц хийгдэж газрын нэгдмэл мэдээллийн санд 2013-2014 онд бүртгэгдэх үед иргэн Б  оролцогч болох нь тодорхойгүй байсан бөгөөд түүний зөвшөөрлийг авах бололцоогүй юм. Хэрэв оролцогч тодорхой байсан бол тухайн айлын төлөөллийг оролцуулж зөвшөөрөл авч шийдвэр гарч болох байсан.

3.3. Орц гарцны зургаас харахад цооногын таг нь орц гарцны газарт хамаарахгүй дотор талдаа байдаг. Нотлох баримтын зурагт таг дороо харагдаж байгаа. Цооног байршсан гэх техникийн зураг, баримт байхгүй. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг буруу үнэлсэн байна ... Гэрээгээр орц гарцыг нөхцлийг зөвшөөрсөн. Улмаар 2020 оны үед газраа 60 сая төгрөгөөр зарах зар тавьсан боловч худалдан авагч олдоогүй. Гэрчийг оролцуулах тухай нэхэмжлэлдээ дурдсан. Гэвч гэрчийг шүүх хуралд оролцуулаагүй. Өмнөх эзэмшигчийн 700 м2 эзэмших өвийн эрх Б эд шилжсэн. Орц гарцыг хассан 647 м2 газрыг зөвшөөрч орц гарцтай газрыг иргэн Б  эзэмшиж гэрээ байгуулсан. Кадастрын зурагт буюу газрын нэгдмэл санд 2013-2014 онд орц гарц хийгдсэн нь Ч  дүүргийн газрын албанаас орц гарц гаргасан гэх тайлбарыг шүүх буруу үнэлсэн.

3.4. Иргэн Б  нь 2019 онд газар эзэмших гэрээг 2010 онд нас барсан эцгийнхээ өв залгамжлагчаар байгуулахдаа ард 2 айлын орц, гарцтай байхаар байгуулж энэ талаар мэдэж байсан боловч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 34.3.5 дахь заалтуудыг зөрчиж 2019-2024 он хүртэл ард талын 2 айлын орц гарцыг хааж, хохироосон. Эдгээр үндэслэлээр орц гарцыг чөлөөлөх шаардлагыг Ч  дүүргийн газрын албанаас удаа дараа тус айлд хүргүүлсэн байдаг.

3.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчлүүлэх хүсэлтийг үүгээр хүргүүлж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Ч.Б нь Ч  дүүрэг, 00 дүгээр хороо, Я  зусланд байрлах зуслангийн орц, гарц чөлөөлөхийг даалгах нэхэмжлэл гаргаж, гуравдагч этгээдээс “Э.Б ийн эзэмшил газрын хэмжээг үндэслэлгүйгээр 647 м.кв болгон өөрчилсөн нь хууль бус болохыг тогтоож, Ч  дүүргийн Засаг даргын 2019 оны А/000 дугаар захирамжийн Э.Б эд холбогдох хэсэгт нийцүүлэн эзэмшил газрын гэрчилгээ олгуулах, газрын кадастрын мэдээллийн санд кадастрын зургийг 700 м.кв болгож зөвтгөн бүртгэхийг хариуцагчид даалгах” бие даасан шаардлагыг тус тус гарган маргасан байна.       

2.2. Анхан шатны шүүх  “... Б.Э болон түүний эзэмших эрхийг өв залгамжлалаар шилжүүлэн авсан Э.Б нь 700 м.кв газрын хууль ёсны эзэмшигч учраас энэхүү газрын зарим хэсгээр орц гарц гаргахдаа газар эзэмшигчээс зайлшгүй зөвшөөрөл авах ёстой. Э.Б ийн эзэмшил газарт орц гарц гаргах талаар тохиролцоогүй, Ч  дүүргийн Засаг даргаас Э.Б эд газрын хэмжээг багасгасан захирамж гараагүй байна. Э.Б ийн эзэмшил газрын зарим хэсгийг орц гарц болгосон шийдвэр гараагүй тул түүнийг чөлөөлөх үндэслэлгүй … Э.Б ийн эзэмших эрх бүхий газрын хэмжээг эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр газрын хэмжээг багасган газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, газрын кадастрын нэгдсэн санд бүртгэсэн нь тогтоогдож байна. Ч  дүүргийн Засаг даргын 2019 оны А/626 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ анх Б.Э-н эзэмшсэн газрын хэмжээгээр буюу 700 м.кв газрыг Э.Б эд шилжүүлэн эзэмшүүлсэн байхад Ч  дүүргийн газар зохион байгуулалтын алба Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ. гэж заасныг зөрчиж, үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хэмжээг багасгаж, газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөлт хийсэн нь тогтоогдож байна” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ч  дүүргийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 000 дүгээр захирамжаар Ч  дүүргийн Я  зусланд байрлах 400 м.кв газрыг эзэмшүүлэх эрхийг Ш.Ч-д олгож, дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/000 дугаар захирамжаар уг газрыг 448 м.кв хэмжээтэйгээр Ч.Б т эзэмшүүлсэн, Ч  дүүргийн Засаг даргын 2002 оны 274 дүгээр захирамжаар Я  зусланд байрлах 700 м.кв газрыг Б.Э-д эзэмшүүлж, дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 96 дугаар захирамжаар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, Х дүүргийн тойргийн нотариатч С.Ц-н олгосон 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 00 дугаар “Ө” Э.Б эд 700 м.кв газрын эзэмших эрхийг олгосон үйл баримт тогтоогдож байна.

2.4. Гуравдагч этгээд Э.Б нь өв залгамжлалаар авсан 700 м.кв газрыг хууль ёсны эзэмшигч болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд тухайн газраар орц, гарц гаргаж байгаа бол хууль ёсны эзэмшигчээс зөвшөөрөл авах ёстой. Ийнхүү зөвшөөрөл аваагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн зарчмыг үйл ажиллагаандаа баримтлаагүй буруутай болох нь тогтоогдож байна.

2.5. Өөрөөр хэлбэл, Ч  дүүргийн Засаг даргаас гуравдагч этгээд Э.Б ийн эзэмшил газарт орц, гарц гаргах талаар зөвшилцөж, тохиролцоогүй, түүний эзэмшил газрыг багасгах талаар аливаа шийдвэр гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Ч  дүүрэг, 00 дүгээр хороо, Я  зусланд байрлах зуслангийн орц, гарц чөлөөлөхийг даалгуулах” шаардлагыг хангах үндэслэлгүй.

2.6. Түүнчлэн, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 19.1.2-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр кадастрын зураглалын мэдээллийг засварлах, бусдад дамжуулах”, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 29 дүгээр зүйлийн 29.10-д “Эзэмшил газрын хэмжээ, байршлыг дараах тохиолдолд өөрчилж болно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 37 дугаар зүйлийн 37.2-д “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж тус тус заасан.

2.7. Ч  дүүргийн Газар, зохион байгуулалтын алба нь гуравдагч этгээд Э.Б ийн эзэмших эрхтэй 700 м.кв газрын хэмжээг эрх бүхий байгууллагын холбогдох шийдвэр, зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээг 647 м.кв болгон багасган газар эзэмших эрхийн гэрчилгээнд бичиж, кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулж бүртгэсэн үйлдэл дээрх хуульд заасныг зөрчсөн байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 759 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                   Д.ОЮУМАА

 

   ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

 

                          ШҮҮГЧ                                                   О.ОЮУНГЭРЭЛ