Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0709

 

 

 

 

 

 

2021 10 29 128/ШШ2021/0709

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О ХХК,

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 02/12 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын 2.6 дахь хэсгийн 58 дугаарт Х дүүргийн ** дугаар хорооны ** дугаар байрны зүүн талд 1.5 га талбайд авто зогсоол барихаар төлөвлөсөн-ийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани Х дүүргийн ** дугааp xopoo /xyyчнаap * дyгaap xopoo/-ны нутaг дэвсгэр, М-н баруун урд талд, ** дугаар байрны зүүн талд 1993 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрийн барилгыг 2016 оны 01 дугээр сард худалдан авч түүнийг өмчлөх эpхтэй /Y-22060****/ болсон ба Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар саpын 15-ны өдрийн A/207 дугаар захирамжаар тухайн үйлдвэрийн барилгын суурийн болон орчны 877 мкв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших эpх олroсoн.

2016 онд хөрш залгаа газар эзэмшигч О M ХXК эзэмшил газартаа нийтийн зориулалттай орон сууцны барилга барих ажил эхлүүлснээр манай компaнийн үйлдвэpийн барилгын хананд цууралт өгч нурах аюултай болсон, тухайн орчинд суурьшил үүсч, оршин суугчид төвлөрөх болсонтой холбогдуулан өөрийн өмчлөх эрхийн гэрчилгээ /Y-22060****/ бүхий Яс боловсруулах үйлдвэр-ийн барилгаа буулгаж, тухайн газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших хүсэлт гаргасныг эрх бүхий байгууллага зөвшөөрч нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/445 дугаар захирамжаар эзэмшил газрын зориулалтыг өөрчилж үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 876 мкв газрыr 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон.

Мөн манай компани эзэмшил газартаа зориулалтын дагуу үйлчилгээтэй орон сууц барих болон холбогдох бусад зөвшөөрлийг эрх бүхий байгууллагуудаас авахын тулд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу хөрш, зэргэлдээ газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудаас санал авсан бөгөөд З ХXК, О м ХХК, М ХХК тус тус зөвшөөрсний дагуу эзэмшил газрын хойд хэсэгт байсан хуучин барилгаа буулгаж, урд хэсэг рүү шахаж 15x15м хэмжээтэй нэг орцтой 9 давхар 22 айлын орон сууц барих зөвшөөрөл олгосон болно.

Энэ хугацаанд дэд бүтцийн ажлаа хийж гүйцэтгэсэн бөгөөд 2021 оны 03 дугааp саpд барилгын ажлаа эхлүүлж газар шорооны ажил эхлээд явж байх үед **, ** байрны оршин суугчид гомдол гаргасны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй тухай оршин суугчдад хариу өгсөн бөгөөд Х дүүргийн ** дугаар хорооны Засаг дарга манай эзэмшил газрыг авто зогсоол барихаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан гэж хэлснээр ийм шийдвэр гарсан болохыг мэдэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр илт хууль бус шийдвэрээ эргэн харж хүчингүй болгох гомдол гаргасан боловч өнөөг хүртэл хариу өгөхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргасан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 02/12 дугаар тогтоолын хавсралтын Хоёр. Газар зохион байгуулалтын талаар хэрэгжүүлэх арга хэмжээ-ний 2.6 дахь хэсгийн 58-д Х дүүргийн ** дугаар хорооны ** дугаар байрны зүүн талд 1.5 га талбайд авто зогсоол барих-аар төлөвлөсөн байх бөгөөд ийнхүү газар зохион байгуулалт хийх нь Захиргааны ерөнхий хуулийн 73.1-д заасны дагуу захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон Захиргааны өрөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагаанд хамаарч байна.

Гэтэл нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал манай компанийн эзэмшил газpыг оролцуулан 1.5 га газарт авто зогсоол байхаар төлөвлөхдөө Захиргааны ерөнхий хүүлийн 74 дүгээр зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явүүлаагүй, 76 дугаар зуйлд заасны дагуу хэлэлцүүлэг зохион байгуулаагүй болно.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэхүү шийдвэрийг гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан тусгай зарчим болох хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг мөрдөөгүйгээс зөвхөн манайх биш бусад газар эзэмшигчийн газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөж, төрийн захиргааны байгууллагын зохих зөвшөөрлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгөө буулгаж шинээp өмч хөрөнгө бий болгох хууль ёсны үйл ажиллагаа, итгэл маань хамгаалагдахгүй байгаад гомдолтой байна.

Иймд Газрын тухай хуульд бусдын эзэмшил газар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шууд хураан авч авто зогсоол төлөвлөх буюу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй, тухайн байрлалд төрийн өмчийн болон нийтийн эдэлбэрийн талбай байхгүй буюу энэхүү төлөвлөлтийг бодит нөхцөлд биөлүүлэх боломжгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6, 47.1.7-д заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 02/12 дугаар тогтоолын хавсралтын Хоёр. Газар зохион байгуулалтын талаар хэрэгжүүлэх арга хэмжээ-ний 2.6 дах хэсгийн 58 Х дүүргийн ** дугаар хорооны ** дугаар байрны зүүн талд 1.5 га талбайд авто зогсоол барихаар төлөвлөсөн-ийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.О гэдэг хүн анх тухайн саналыг гаргасан. Х дүүргээс тухайн хүсэлтийг гараагүй юм байна лээ. Манай компанийн эзэмшлийн газарт 1993 оноос хойш тухайн хашаа нь байсан. 1993 оноос хойш үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаад 2016 он хүртэл үйл ажиллагаа явуулж байсан. Ямар ч судалгаагүйгээр тухайн шийдвэрийг гаргаснаас болж манай компани хохирч байна. Манай компани нь тухайн газарт барилга барихаар 2017 онд барилга барих зөвшөөрөл аван, 2018, 2019 онуудад бүх инженерийн дэд бүтцүүдээ хийсэн. Үүнд дулааны шугам, цэвэр усны шугам, бохир усны шугам, цахилгааны дэд станц хүртэл барьсан. Ингээд өчнөөн зардал гарган 2020 онд барилгын ажлаа эхлүүлэх гэтэл Ковид-19 өвчний нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоосон учраас 1 жилээр хойшлуулан 2021 онд ажлаа эхлүүлэх гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ямар ч судалгаа хийлгүйгээр маргаан бүхий төлөвлөгөөг батлан хорооны Засаг даргадаа хүргүүлсэн. Хорооны Засаг дарга нь тухайн газар оршин суудаг иргэд, аж ахуйн нэгжүүдэд энэ газарт авто зогсоол баригдана гэж зарласан. Үүнд иргэдэд ямар ч буруу байхгүй, төрөөс ийм шийдвэр гарсан байхад иргэд үнэмших нь аргагүй. Тухайн иргэд танай компани нь авто зогсоол барих гэж байгаа газар барилга барих гэж байна гэж буруутгаж байна. Эцэст нь манай компани хохирч байна. Бид 1 жил ажлаа алдсан, маш их зардал гаргасан, мөн барилгыг барихын тулд хөрөнгө босгохын тулд тодорхой хүмүүстэй орон сууцны захиалгын гэрээ хийн, урьдчилгаа мөнгийг нь авсан. Одоо тухайн гэрээний хугацаа дууссан, хүү алданги төлж байна.

1.5 га газрын хил заагийн зураг нь байхгүй гэдгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өөрсдөө хэлж байна. Тухайн газарт авто зогсоол барих хөрөнгө мөнгө нь батлаагдаагүй гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь хэлсэн. Х дүүргийн Засаг даргаас ...манайх энэ асуудлыг мэдэхгүй Нийслэлийн Авто замын газраас тодруул... гэж хэлсэн. Энэ эцэст нь юунд хүргэж байна вэ гэхээр иргэд, аж ахуйн нэгжүүдийг хооронд нь муудалцуулж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаад норм, дүрэм зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Хот байгуулалтын газраас тухайн газар барилга барьж болно гэдгийг зөвшөөрсөн. Тухайн оршин суугч иргэдээс Авлигатай тэмцэх газар гомдол гаргасан, Авлигатай тэмцэх газраас шалгалт хийн ...Авлига, албан тушаалын хэрэг тогтоогдохгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгон хаалаа... гэсэн. Цаана нь хэн хохирч байгааг тооцож байж газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж баймаар байна. Энэ жил манай компани нь хохирч үлдэж байна, яагаад гэвэл одоо барилгын ажил эхлүүлэх боломжгүй болсон. Та нарын гаргасан буруу шийдвэрээс болж манай компани хохирч үлдэхээс өөр аргагүй болсон байхад та нар бид нар хуулийн дагуу зөв зүйл хийсэн гэж тайлбарлахаасаа татгалз. Та нар тухайн төлөвлөгөөг 2020 онд баталсан атлаа 2021 онд манай компаниар газрын төлбөрийг төлүүлж л байсан. Мөн 2021 онд манай компанийг тухайн газар байгаль орчны үнэлгээ хийлгэж байсан мөртлөө тухайн төлөвлөгөөгөө 2020 онд баталчихсан байсан. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Манай компани нь Нийслэлийн Х дүүргийн ** дугаар хороо буюу хуучнаар * дугаар хорооны М-н баруун талд ** дугаар байрны зүүн талд байсан үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан. Тус үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсантай холбоотойгоор 2016 оны Нийслэлийн Засаг даргын А/207 дугаар захирамжаар 877 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх үүссэн. Тухайн газрыг эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгийг авсны дараа хөрш залгаа компани нь барилгын ажил эхлүүлсэнтэй холбоотойгоор манай компани нь үйлдвэрийн зориулалттай барилгаа ашиглах боломжгүй болсон. Хоёрдугаарт: Мөн тухайн орчинд суурьшлын бүс бий болсон. Үүнтэй холбоотойгоор манай компани нь үйлдвэрийн барилгаа буулган, тухайн суурьшлын бүстэй уялдуулан үйлчилгээний зориулалттай орон сууц барихаар төлөвлөсөн. Энэ төлөвлөлтийнхөө дагуу Нийслэлийн Засаг дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүсэлт гаргасны дагуу архитектур төлөлвлөлтийн даалгавар, барилга барих зөвшөөрлийг хууль, журмын дагуу авсан. Тухайн зөвшөөрлүүдийг авахаасаа өмнө 2015 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 05/14 дугаар тогтоолын дагуу орчны газар эзэмшигч, үл хөдлөх хөрөнгө эзэмшигч нараас холбогдох зөвшөөрлийг авна гэж заасны дагуу манай хөрш залгаа компаниуд болох О м ХХК, З ХХК, М ХХК-иудаас барилга барихтай холбоотой бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй гэдэг байдлаар зөвшөөрлийг аван, үүний дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүхий л зөвшөөрлүүдийг нь аван инженер шугам сүлжээний ажлуудаа хийж эхэлсэн байсан. 2021 онд барилгын ажил эхлэхтэй холбоотойгоор тухайн орчны хоёр байрны иргэд эсэргүүцсэн. Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас ...ямар нэгэн байдлаар хууль болон барилгын норм дүрмийг зөрчөөгүй байна... гэсэн дүгнэлт гаргасан. Тухайн барилга барихтай холбоотойгоор иргэд нь эсэргүүцэл зарлаад, тухайн хорооны Засаг дарга нь бидэнд ...Танай эзэмшил газрыг нийтийн зориулалттай авто зогсоол болгох гэж байна... гэдэг мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийн дагуу манай эзэмшил газарт 1,5 га талбайд авто зогсоол барих гэж байгааг мэдсэн. Энэ талаар бид Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гомдол гаргасан. Энэ гомдлын хариу нь ирээгүй учраас шүүхэд хандсан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/12 дугаар тогтоолыг яагаад илт хууль бус гэж үзэж байна вэ гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6, 47.1.7 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Тус захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 73.1-т заасны дагуу захиргааны байгууллага нь төлөвлөлтөө боловсруулан батлуулахын тулд сонсох ажиллагаа явуулах ёстой. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах явцдаа Захиргааны ерөнхий хуулийн 73, 74 дүгээр зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулан, хэрэв хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд байвал хэлэлцүүлэг явуулах ажиллагаа явуулах ёстой байсан. Хоёрдугаарт: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 02/12 тоот тогтоолд мөн адил сонсох ажиллагаа явуулах ёстой байсан. Захиргааны байгууллага нь сонсох ажиллагаа явуулахаас өмнө бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой буюу ямарваа нэгэн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох, хэрэв зөрчигдсөн бол оролцогчдыг нь оролцуулан, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар заалтуудыг хэрэгжүүлэх ёстой атал хэрэгжүүлээгүй байна. Хамгийн гол Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь заалт буюу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн тусгай зарчим буюу 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна. Хуульд үндэслэх зарчим нь өмчлөх эрх юм. Бид нарын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх буюу өмчтэй байх, өмчлөх эрхтэй байх, өмчлөх эрхэд хуульд заасан нөхцлөөс бусад нөхцөлд халдах эрхгүй байх ёстой гэсэн зарчмуудыг зөрчиж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд газар эзэмших болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор ямар нэгэн байдлаар хязгаарлах хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй.

Захиргааны ерөнхий хуулийн 40.1.7 дахь заалт буюу бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй юм. Бид шүүхийн үзлэг болон Газар зохион байгуулалтын албанаас гарган өгсөн хоёр удаагийн албан бичгээс харахад тухайн газарт нь 1,5 га талбай байхгүй. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гарган өгсөн хоёр удаагийн албан бичигт мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зураг байхгүй гэдэг нь тус албан бичгүүдэд тодорхойлсон байна. Тэгэхээр бодит байдалд 1,5 га талбай бүхий газар байхгүй юм. Үүнийг ямар нэгэн байдлаар хэрэгжүүлэх ямар ч боломжгүй юм гэж үзэж байна. Тийм учраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар тогтоолын 2.6 дахь хэсгийн 58 дугаарт байгаа Х дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны зүүн талд байрлах 1,5 га талбайд авто зогсоол барих төлөвлөлт нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэв.

 

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х дүүргээс сонгогдсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.О 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус дүүргийн *, *, **, **, **, **, ** дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 36 байршилд цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, авто замын байгууламж, авто зогсоол гэх мэтийг төлөвлөх санал ирүүлсэн бөгөөд ** дугаар хорооны нутаг дэвсгэрт ** дугаар байрны зүүн талд олон жил хашаалсан байдалтай байгаа газрыг авто зогсоол болгох санал гаргасныг 2021 оны нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, уг ажлыг хариуцан хэрэгжүүлэх байгууллага нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Х дүүргийн Засаг даргын Тамгын газар байхаар тогтоосон болно. 

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д зааснаар нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн дүүргийн Засаг даргын саналын дагуу дүүрэг бүрээр боловсруулж нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд уг төлөвлөгөөг хариуцан хэрэгжүүлэх байгууллага буюу Х дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нөлөөлөлд өртсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай уулзаж тохиролцох, газар чөлөөлөх, авто зогсоол барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд одоогийн байдлаар энэхүү ажил хийгдээгүй байна. 

Өөрөөр хэлбэл тухайн төлөвлөгөөний дагуу маргаан бүхий байрлалд авто зогсоол барьж байгуулах арга хэмжээг хэрэгжүүлэх тохиолдолд О ХХК-тай хэлэлцэн тохирох, тухайн компанид гэм хор учрах эсэхийг тодорхойлох боломжтой юм. 

Иймд уг төлөвлөгөөний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол бодит байдалд зөрчигдөөгүй бөгөөд уг тогтоол нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн ажлыг хийж гүйцэтгэх байгууллага нь Нийслэлийн Автозамын газар болон Х дүүргийн Засаг даргын Тамгын газар байхаар тогтоосон. Одоогийн байдлаар тухайн газарт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзаж тохиролцсон зүйл байхгүй. Тухайн газарт төлөвлөлтийн дагуу авто зогсоол барих эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа. Хэрвээ тухайн газарт авто зогсоол байгуулах нь тодорхой болвол тухайн хэрэгжүүлэгч байгууллагууд буюу Нийслэлийн Автозамын газар болон Х дүүргийн Засаг дарга нар нь тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай тохиролцож, нөхөн олговор олгох байдлыг хэлэлцэхээр байна. Тийм учраас одоогийн нөхцөлд байдалд тус О ХХК-ийн эрх ашиг хөндөгдөөгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу тухайн ажлыг хийнэ гэж шийдвэрлээгүй, тухайн газарт авто зогсоол байгуулна гэж шийдвэр гараагүй учраас сонсох ажиллагаа хийгээгүй. Одоогийн байдлаар тухайн газарт авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн боловч авто зогсоол байгуулах нь шийдвэрлэгдээгүй байна. Хэрвээ тухайн газарт авто зогсоол барихаар шийдвэрлэгдсэн тохиолдолд сонсох ажиллагаа хийнэ.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаад Нийслэлийн Автозамын газар, Х дүүргийн Засаг даргаас санал ирээд, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд авто зогсоол барихаар төлөвлөсөн, авто зогсоол барих шаардлагатай байна гэсэн санал ирэх юм бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сонсох ажиллагаа хийсэн эсэх, нөхөн төлбөр олгох талаар зөвшилцсөн эсэхийг шалгадаг. Түүнээс биш газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан хэдий ч тухайн байршилд авто зогсоол хийгдэхээр төлөвлөгдөөгүй байгаа учраас сонсох ажиллагааг одоогийн байдлаар хийгээгүй байна.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Х дүүргээс сонгогдсон Б.О төлөөлөгчөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр *, *, **, **-** дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 36 байршилд цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, авто замын байгууламж, зогсоол гэх мэтийг төлөвлөх санал ирүүлсэн.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайн 1,5 га газарт аль хэсгүүд орж байгааг тайлбарлах боломжгүй. О ХХК-ийн эзэмшлийн 877 м.кв газар нь тухайн төлөвлөлтөд орсон 1,5 га газарт давхацсан эсэхэд маргаагүй. 1,5 га газрыг төлөвлөхдөө хэн нэгний эзэмшилд байгааг шалгах ажиллагаа хийгдсэн эсэхийг мэдэхгүй. Тухайн газарт 1,5 га газар сул зай байхгүй. Үүнтэй маргахгүй. гэв.

 

Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т ... тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 21.2.1-т ... нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг дүүрэг бүрээр боловсруулж, дүүргийн Засаг даргын санал, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хамт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх; гэж тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг даргын зүгээс 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/6554 дугаартай албан бичгээр Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. Тус төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны 11 дүгээр сарын 27, 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулагдсан ээлжит II хуралдаанаар хэлэлцэн олонхийн саналаар дэмжин Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2020 оны 02/12 дугаартай тогтоолыг батлан гаргасан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Засаг дарга нь Хуралд асуудал хэлэлцүүлэхээр өргөн барьж тухайн асуудлыг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонх дэмжвэл түүнийг баталгаажуулан тогтоол гаргахаар зохицуулсан байна. 

2. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулан Нийслэлийн Засаг даргаар уламжлуулан Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн тул Хурал нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтаар олгосон бүрэн эрхийн хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. 

Газар зохион байгуулалтын албаны танилцуулгад Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2018 оны А/123 дугаар тушаалаар батлагдсан "Нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал-ын дагуу боловсруулсан талаар дурдсан байна. Мөн төлөвлөгөөний төсөлд УИХ-ын 3 гишүүн, Зам тээвэр, хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16 төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон харьяа 48 байгууллагаас цахимаар болон албан бичгээр санал авсан талаар дурдсан байна. 

Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан бөгөөд маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн төлөвлөгөөний төслийг өргөн барихдаа танилцуулга болон холбогдох мэдээллийг өргөн барьдаг. Энэ мэдээлэлд ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж, ашиглаж буй газрыг нийтийн эдэлбэр газраар төлөвлөсөн гэсэн мэдээлэл байгаагүй. Харин нийтийн эзэмшлийн зам талбайд авто зам, авто зогсоол байгуулах ажил нь газар зохион байгуулах төлөвлөгөөний өргөн барьсан төслийн 2.6-ийн 60 дугаарт тухайн маргаан бүхий газрын тухай байсан. Ингээд Нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж, зарим төлөөлөгчдийн саналыг тусган хэлэлцэж батлахад тухайн маргаан бүхий газар нь 2.6-ийн 58 дугаарт батлагдсан. Тийм учраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү тогтоолыг батлан гаргасан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс сонсох ажиллагаа явуулаагүй. Геодези, зураг зүйн газрын даргын тушаалаар батлагдсан аргачлал, мөн Газрын тухай хуульд тодорхой хэдэн зохицуулалтууд байдаг. Үүний дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас боловсруулаад Нийслэлийн Засаг даргаар дамжуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонсох ажиллагаа хийдэггүй. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О ХХК нь эрх ашиг сонирхол нь халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх үндэслэлүүдээр Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын 2.6 дахь хэсгийн 58 дугаарт Х дүүргийн ** дугаар хорооны ** дугаар байрны зүүн талд 1.5 га талбайд авто зогсоол барихаар төлөвлөсөн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/6554 тоот албан бичгээр Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлснээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар тогтоолоор баталсан, төлөвлөгөөний хоёрдугаар хавсралтын 2.6 дахь хэсгийн 58 дугаарт Х дүүргийн ** дугаар хорооны ** дугаар байрны зүүн талд 1.5 га талбайд авто зогсоол барихаар төлөвлөсөн байна. Тиймээс ч харьяа агентлагийнхаа боловсруулсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг өргөн мэдүүлсэн нийслэлийн Засаг даргыг шүүх энэ хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулсан болно.

Нэг. Хууль тогтоомжийн зохицуулалтын хувьд,

Газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.2-т зааснаар төлөвлөлт бөгөөд төлөвлөгөөг боловсруулж буй байгууллага төлөвлөлтөд оролцох, санал өгөх үүрэгтэй байгууллага болон төлөвлөлтөд өртөх этгээдэд сонсох ажиллагаа явуулах, хэлэлцүүлэг хийх, төлөвлөгөөг батлах зохицуулалтыг хуульд тусгайлан заасан, нийтийн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эсхүл тухайн этгээдэд өмнө танилцуулж байсан бол сонсох ажиллагаа хийхийг шаардахгүй юм байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.1-д дүүргийн Засаг дарга нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний төсөлд санал өгөх, 20 дугаар зүйлийн 20.2.3, 21.2.1-т нийслэлийн Засаг дарга нь нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нийцүүлэн, нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг дүүрэг бүрээр боловсруулж, дүүргийн Засаг даргын санал, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хамт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1.1-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах бүрэн эрхтэй бөгөөд 23 дугаар зүйлийн 23.3.1-д нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулах-аар байна.

Хоёр. Нэхэмжлэгч нь төлөвлөлт хийхдээ сонсох ажиллагаа хийгээгүй, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн, газар эзэмших эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, уг төлөвлөлт нь бодит байдалд хэрэгжих боломжгүй гэсэн үндэслэлүүдээр маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын эдгээр үндэслэл бүрээр дүгнэвэл,

1. Захиргааны ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа буюу газар зохион байгуулалт хийхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар шийдвар гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож, ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг буюу хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй төлөвлөлтөнд өртөх өмчлөл, эзэмшил, ашиглалтын газар байгаа эсэхийг олж тогтоох, тэдгээрт сонсох ажиллагаа явуулах, саналыг авах, үүрэгтэй байжээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газрын хувийн хэргийг хөтөлж, кадастрын мэдээллийн санг эрхэлж, газар эзэмшигчтэй газар эзэмших гэрээний биелэлтийг дүгнэх, газрын төлбөрийн тооцоог хийх чиг үүргийг Газрын тухай хуулиар хэрэгжүүлж буй нийслэлийн Газар зохион байгуулалтын алба газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа, маргаан бүхий байршилд төлөвлөлт хийхдээ өртөх газар эзэмшигч байгаа эсэхийг тогтоох ажиллагааг огт хийгээгүйгээс газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй газар эзэмшигчийн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах, эзэмших Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар олгогдсон субьектив эрхийг зөрчжээ.

Тодруулбал нэхэмжлэгч О ХХК нь Х дүүргийн ** дугааp xopooны нутaг дэвсгэрт /хуучнаар * дугаар хороо/ ** дугаар байрны зүүн талд байрлах Ч ** тоот хаягтай 235 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-22060**** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Н ХХК-иас 2016 оны 01 дугээр сард худалдан авч, улмаар 1998 оноос эзэмших эрх үүссэн 876 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авч, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар саpын 15-ны өдрийн A/207 дугаар захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/445 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болсон, өөрөөр хэлбэл эрхийн улсын бүртгэлийн Y-220602**** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө буюу үйлдвэрлэлийн барилгатай, нэгж талбарын 18640308739*** дугаарт бүртгэлтэй 876 м.кв газрыг 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3183** дугаартай гэрчилгээгээр эзэмшиж байгаа, газрын шинэчилсэн бүртгэлээр нэгж талбарын дугаар 17808003*** болж, эрхийн улсын бүртгэлийн Э-22060017*** дугаарт бүртгэгдсэн ба 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17*** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр, 01122-2016/71*** дугаартай гэрээгээр үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 876 м.кв газрыг эзэмшиж байна. Тухайн эзэмшлийн газар нь 2012 онд мэдээллийн санд нэгж талбарын 186403087*** дугаарт бүртгэгдсэнээс хойш байршил, хэмжээ өөрчлөгдөөгүй.

Хамтран хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хариуцан хэрэгжүүлэх байгууллага буюу Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Х дүүргийн Засаг даргын Тамгын газар нөлөөлөлд өртсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай сонсох ажиллагаа хийх, тохиролцох, газар чөлөөлөх ажлыг хийнэ, төлөвлөлтийн дагуу автозогсоол барьж байгуулах арга хэмжээг хэрэгжүүлэх тохиолдолд нэхэмжлэгч компанид гэм хор учрах эсэхийг тодорхойлох боломжтой, төлөвлөлтийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол бодит байдалд зөрчигдөөгүй байна гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь дээр дүгнэсэнчлэн нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа буюу газар зохион байгуулалт хийхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг буюу хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй, төлөвлөлтөнд өртөх өмчлөл, эзэмшил, ашиглалтын газар байгаа эсэхийг олж тогтоох, тэдгээрт сонсох ажиллагаа явуулах, саналыг авах үүрэгтэй, энэ ажиллагаа төлөвлөгөөг батлахаас өмнө хийгдэхээр тодорхой хуульчлагджээ.

Иймд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх буюу төлөвлөлтөд өртөх этгээдийг тодорхойлоогүй, сонсох ажиллагаа хийгээгүй, санал аваагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан зарчимд нийцээгүй байна.

2. О ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/445 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгогдсон 0.087 га газарт барилга барих зөвшөөрөл хүссэнээр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр МЗХ2016/01-** тоот сууриараа 15.70мx15.70м хэмжээтэй нэг орцтой 9 давхар орон сууцны барилгыг эзэмшил газрын зүүн урд хэсэгт байршуулан барих архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон, 2017 оны 6 дугаар сарын 07-нд 13/20** тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдож, 2020 оны 9 дүгээр сарын 29-нд 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгагдсан, барилгын эскиз зураг 2017 онд батлагдсан, улмаар орон сууцны барилга барихаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй үйлдвэрлэлийн барилгыг буулгасан байдаг. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх болон түүн дээрх эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг буулган тухайн газар дээр баригдах барилгын холбогдох зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагаас авсан, зөвшөөрлүүд нь хүчин төгөлдөр байхад нийтийн зориулалтаар автозогсоол барихаар эзэмшлийн газрыг нь оруулан төлөвлөсөн нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах ёстой Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим алдагджээ.

Дээрх хоёр үндэслэл аль аль нь захиргааны үйл ажиллагааг хуульд нийцээгүй, хууль бус гэж үзэх үндэслэл болно.

3. Газар эзэмших эрх дуусгавар болох, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл журмыг Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан, хуулиар тогтоосон энэ үндэслэлээр нэхэмжлэгч О ХХК-ийн маргаанд хамаарах энэ газрын эзэмших эрхийг дуусгавар болгосон, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон аливаа шийдвэр гараагүй, нөгөөтэйгүүр газар эзэмших эрх дуусгавар болох нөхцөл үүсээгүй, ийнхүү автозогсоолын зориулалтаар төлөвлөсөн шийдвэр энэ нөхцлийг үүсгэхгүй.

Газар эзэмших эрхийг дуусгавар болгосон, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, түүнчлэн газрыг тусгай хэрэгцээнд авсан аливаа шийдвэр гараагүй ч нэхэмжлэгчийн эзэмшил газрыг оруулан нийтийн зориулалтаар автозогсоол барихаар төлөвлөсөн нь угтаа газраа гэрээнд заасан зориулалтаар эзэмших, ашиглах, түүн дээр эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө барьж өмчлөх эрхийг шууд хассан үр дагавар үүсгэж, газар эзэмшигчийн Газрын тухай хуулиар олгогдсон, хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд халдсан шийдвэр болжээ. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тул газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан шийдвэрийн энэ хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болжээ.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах харилцаа үүсээгүй, энэ маргаанд хамааралгүйг мөн дурьдах нь зүйтэй.

4. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлж хэрэгт авагдсан сансрын зураг, мөн Хурлын төлөөлөгчөөс гаргасан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах саналын 25 дахь хэсэгт тусгагдсан сансрын зургаас үзэхэд авто зогсоолын зориулалтаар төлөвлөсөн гэх 1.5 га буюу 15000 м.кв газрыг О ХХК-ийн эзэмшлийн газрын хэмжээгээр л тэмдэглэсэн, шүүхийн үзлэгээр тогтоогдсон үйл баримтаар нэхэмжлэгч О ХХК-ийн эзэмшлийн 876 м.кв хашаалсан газраас өөр аль газрыг уг төлөвлөлтөд хамааруулсан нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн газрын хойд талд орон сууцны **, зүүн хойд талд **, баруун талд нь ** дугаар байрууд, зүүн талд нь залгаад М компанийн агуулах, конторын барилга, ажилчдын байр, гараш зэрэг обьектууд бүхий хашаатай, урд талд нь мөн л хашаалсан бусдын эзэмшил газартай, урд болон хойд талдаа хороолол дундах нарийн зам бүхий орц гарцтай, өөрөөр хэлбэл автозогсоолын зориулалтаар төлөвлөгдөхөөр 1.5 га газар бодит байдалд байхгүй.

Тодруулбал маргаанд хамаарах байршлын тухайд шинээр 1.5 га буюу 15000 м.кв газрыг нийтийн эзэмшилд автозогсоол барихаар төлөвлөх иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил, ашиглалтад олгогдоогүй талбай бодит байдалд байгаагүй, үүнийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба газар дээр нь судалж тогтоогоогүй, дүүргийн Засаг даргын саналыг аваагүй, Х дүүргээс сонгогдсон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс ирүүлсэн нэхэмжлэгч О ХХК-ийн хашаалсан эзэмшил 876 м.кв газрын сансрын зураг бүхий саналаар 1.5 га газрыг төлөвлөгөөнд тусгасан нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж хэлэлцүүлэх, батлах хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмыг зөрчжээ.

Шүүх газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулсан байгууллага болох нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас автозогсоолын зориулалтаар төлөвлөсөн 1.5 га газрын байршлын зургийг шаардахад төлөвлөгөөний 2.6.58 дахь хэсэгт тусгагдсан ажлын байршлын зураг цахим системт бүртгэгдээгүй гэсэн хариу ирүүлжээ.

Ийнхүү Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Х дүүргийн ** дугаар хорооны ** дугаар байрны зүүн талд 1.5 га талбайд авто зогсоол барихаар төлөвлөснийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байх тул төлөвлөлтийн энэ хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар илт хууль бус болжээ.

Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэхэд төлөвлөлтөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар өртөөгүй гэж үзсэн гэж тайлбарлах хэдий ч төлөвлөлтөд танилцуулагдсан зургаар тухайн газар нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй газар, газрын хэмжээний тухайд төлөвлөж буй 1.5 га хэмжээнд бодит байдалд хүрэхгүй байх тул захиргааны байгууллага зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй, үндэслэлгүй, сонсох ажиллагаа хийлгүйгээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан энэ шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцахаас чөлөөлөгдөхгүй.

Нэхэмжлэгчийн зөрчигдөж буй эрх түүний эзэмших эрхтэй 876 м.кв газрын хэмжээнд байх ч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын 2.6 дахь хэсгийн 58 дугаарт авто зогсоол барихаар төлөвлөсөн 1.5 га талбайн байршил тодорхойгүйгээс нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай хэсэг гэж маргаж буй талбайг зааглан тодорхойлох боломжгүй тул уг заалтыг бүхэлд нь илт хууль бус гэж үзсэн болно.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний холбогдох хэсгийг шүүх илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харьяа агентлаг нь боловсруулсныг өргөн мэдүүлсэн тул зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй, үндэслэлгүй, сонсох ажиллагаа хийлгүйгээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан энэ шийдвэрийн үр дагаврыг хариуцуулж, шүүхийн зардал буюу улсын тэмдэгтийн хураамжийг хамтран хариуцагч нийслэлийн Засаг даргаар төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.1, 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, 73 дугаар зүйлийн 73.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 78 дугаар зүйлийн 78.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.2.3, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 02/12 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын 2.6 дахь хэсгийн 58 дугаарт Х дүүргийн ** дугаар хорооны **F дугаар байрны зүүн талд 1.5 га талбайд авто зогсоол барихаар төлөвлөсөн-ийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА