Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 479

 

 “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02332 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Е” ХХК,

Хариуцагч НШШГГт холбогдох,

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1090 тоот шийдвэр болон мөн шүүхийн 2013 оны 520 тоот шийдвэрт хийсэн тайлбарыг барьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тусад нь явуулж байгаа нь хууль бус ажиллагаа болохыг тогтоолгох,

бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 146 062 950 төгрөг төлөгдсөн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болохыг тогтоолгох,

шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан хуучин нэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт Е ХХК-ийн 5039649 тоот улсын бүртгэлийн гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны 1027 тоот албан бичгээр хийгдсэн ажиллагааг хүчингүй болгож, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг нээхийг Улсын бүртгэл, Оюуны өмчийн газарт даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр, Д.Янжинхорлоо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнчунт, Д.Өлзийсайхан,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацаг, өмгөөлөгч Р.Мухийт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Е” ХХК Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн ард НИТХ-ийн 2006 оны шийдвэрээр зохих газрын болон барилгын эрхтэйгээр 2007 оны 10 дугаар сараас орон сууцны барилга барьж, 6 давхар карказ бариад манай барилгын ажил зогссон. Иргэн М.Н2008 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд хандан “Е” ХХК барилга барьснаас болж, түүний гаражид нөлөөлөн, зүүн талын хана суултад орж цууран, бетонон шал нь хагарсан тул гараж өмчлөх эрхэд саад учруулж байгаа үйлдэл гэж үзсэн барилгын ажлыг зогсоож, урьд байсан хэвийн байдалд оруулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх 2008 оны 1090 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэр гарсан. Иргэний хуулийн дээрх заалтын үндэслэл бол М.Насанбатын гараж өмчлөх эрхэд баригдаж байгаа барилга тодорхой хэсгээрээ ойртож баригдсан үйл ажиллагаа нөлөөлсөн бол гаражийг хэвийн байдалд оруулах л үйлдэл хийгдэх ёстой. Гэтэл дээрх шийдвэрийг тайлбарласан гэх Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн тайлбар нь Иргэний хуулийн зохицуулалтын агуулгатай зөрчилдсөн, хэрэгжүүлэх үндэслэлгүй тайлбар болсон.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1090 тоот шийдвэрт барилгын ажлыг зогсоож, гаражийг анхны байдалд оруулах гэсэн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн бөгөөд шийдвэр дэх гаражийг анхны байдалд оруулах тухай хэсгийг биелүүлэхээр тулаас бэхлэлт хийх, норм дүрмийн дагуу бусад ажиллагаа хийгдээд эхлэхэд гараж өмчлөгч нь 2011 онд дахин нэхэмжлэл гаргаж, хуучин гаражийг нурааж, шинийг барихад гарах зардал гэж 217 000 000 төгрөг нэхэмжилснийг нь Чингэлтэй дүүргийн шүүхээс 145 000 000 төгрөг гаргуулахаар 2011 оны 520 тоот шийдвэр гаргасан.

НШШГАлбаны 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1/8033 тоот албан бичиг, ШШГЕГ-ийн ШГГ-ын 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 5/560 тоот албан бичиг, мөн ШШГЕГ-ийн ШГГ-ын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/10998 тоот албан бичиг, НШШГА-ны 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1/22013 тоот бичгээр “Е” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандан дутуу баригдсан 7 давхар барилгыг гаражнаас 5.3 метр зайд буулгахад холбогдон гарах зардлыг гаргуулах, үүний хамт 145 000 000 төгрөгийг НШШГА-ны дансанд байршуулахыг удаа дараа мэдэгдсэн. Шүүхийн 1090 тоот шийдвэрт буулгах талаар заагаагүй тул НШШГА-ны барилгыг буулгуулахаар шаардаж байгаа нь хууль бус үйлдэл болохыг харуулж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 ба 1090 ба 2013 оны 520 тоот шийдвэрт хийсэн тайлбарыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэрийн дагуу 146 062 950 төгрөг төлөгдсөнөөр хоёр холбоотой хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1027 тоот албан бичгээр хийгдсэн ажиллагаа, 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2/1038 тоот мэдэгдлээр хориглосон ажиллагаа, мөн өдрийн 2/1037 тоот мэдэгдлээр хориглосон ажиллагаа, төлбөр төлөгч компанийн захирал Ма Ён Чолыг хилээр гарахыг хориглосон ажиллагааг тус тус хүчингүй болгуулах, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг нээхийг улсын бүртгэлд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 520 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 523 тоот магадлалаар “Е” ХХК-иас 145 882 950 төгрөгийг гаргуулж М.Насанбатад олгохоор шийдвэрлэсэн.Төлбөр төлөгч “Е” ХХК 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 124/13 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол гарсан.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1090 дүгээр шийдвэрээр “Е” ХХК-ийг иргэн М.Насанбатын гаражийн зүүн хананаас 5.3 метр зайд барилгын үйл ажиллагааг зогсоож, хэвийн байдалд оруулахыг даалгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Нийслэлийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 72 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 153 дугаар тогтоолоор тус тус хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн. Дээрх шүүхийн шийдвэрүүд тусдаа хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бөгөөд тус албанаас 2008 оны 1090 тоот шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг төлбөр төлөгч “Е” ХХК-д хүргүүлсэн.

Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.3-т заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2012 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 2/1027 тоот албан бичгээр “Е” ХХК-ийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 133 дугаар зүйлийн 133.4.4-т заасныг үндэслэн төлбөр төлөгч Е компанийн захирал Ма Ёнг Чолыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх хүмүүсийн нэрсийн жагсаалтанд оруулж, хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх тухай 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/3506 дугаар албан бичгийг Улсын ерөнхий гүйцэтгэгчид хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Е” ХХК-ийн захирал Ма Ёнг Чол нь Монгол Улсын шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэхгүй байсан тул "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 3046 тоот шүүгчийн захирамж, 251 дугаартай Гүйцэтгэх хуудас бичигдэж, 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 273 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч, БНСУ-ын иргэн, “Е” ХХК-ийн захирал Ма Ёнг Чолоос төлбөр гаргуулах хоёр тусдаа шүүхийн шийдвэрт гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар “Е” ХХК-ийн захирал Ма Ёнг Чол-д удаа дараа мэдэгдэл хүргүүлж ажилласан боловч шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа.

Дээрх үйл баримтад дурдагдаж буй “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэрэгт иргэн М.Нминий хууль ёсны эрх ашиг сонирхол ноцтой хөндөгдөж байгаа учир иргэн намайг гуравдагч этгээдээр татан оролцуулж байсан. Тухайн үед “Е” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч БНСУ-ын “Эскорт Имэйж Корпорэшн” ХК-ийн асуудал яригддаг, хөндөгддөг байсан. Гэтэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181/Ш32017/09472 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосонтой яг адилхан агуулга бүхий нэхэмжлэлийг “Эскорт Имэйж Корпорэшн”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх С.Болдбаатар дахин гаргасан байна. Энэ тохиолдолд өмнө нь хууль бусаар нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсгүүлж, гуравдагч этгээдээр миний оролцож байсан маргаан бүхий тохиолдол ямар ч өөрчлөлтгүйгээр дахин бий болсон гэдэг нь тодорхой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1090 тоот шийдвэр болон мөн шүүхийн 2013 оны 520 тоот шийдвэрт хийсэн тайлбарыг барьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тусад нь явуулж байгаа нь хууль бус ажиллагаа болох, бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 146 062 950 төгрөг төлөгдсөн тул 1090 тоот шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хуучин нэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Е” ХХК-ийн 5039649 тоот улсын бүртгэлийн гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1027 тоот албан бичгээр хийгдсэн ажиллагааг хүчингүй болгож, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг нээхийг Улсын бүртгэл, Оюуны өмчийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Е” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Эскорт Имэйж Корпорэшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Е" ХХК-ийн барилгын баруун талд байрлах гараж нь иргэн М.Нгэх нэг хүний өмчлөлийн 1 ширхэг гараж бөгөөд нөгөө 2 гараж түүнээс тусдаа, цаана орших бөгөөд энэ 2 гаражид нэхэмжлэгчийн барилга ямар нэг хохирол учруулаагүй. М.Ннь танай барилга баригдсанаас болж манай гаражийн шал цуурсан, тиймээс барилгын ажлыг зогсоож хэвийн байдалд нь оруул гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг анх өөрөө тодорхойлж Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан. Шүүх тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хангаж шийдвэрлэхдээ, барилгын ажлыг зогсоож, 5.3 метрийн зайд хэвийн байдалд оруулахыг даалгаж шийдсэн. Тус компани хэвийн байдалд оруулахын тулд гаражийн барилгад багана босгох, хүчитгэх зэрэг ажлыг хийж, М.Насанбатын хохирлыг барагдуулахаар олон тооны эвлэрлийн санал тавьж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ч 2008 оны шийдвэр гарснаас хойш бүтэн жилийн дараа 2009 оны сүүлээр эхэлсэн шалтгаан нь шийдвэр ойлгомжгүй гарснаас түүнийг хэрхэн гүйцэтгэх нь ойлгомжгүй байсантай холбоотой юм.

М.Ннь гаражийг буулгах зардал, цоо шинэ гараж барих зардал гэж 145 000 төгрөг шүүхээр шийдүүлснийгээ хүлээж авахгүй байсаар 2017 онд дансаа өгч мөнгөө хүлээж авсан. 2008 онд эхэлсэн шүүхийн маргаанаас болж хэвийн үйл ажиллагаатай байсан гадаадын хөрөнгө оруулалттай "Е" ХХК үндсэндээ дампуурсан. Энэ компанийн гүйцэтгэх удирдлагаа солих эрх чөлөөг шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үндэслэлгүйгээр хааж, гүйцэтгэх захирал асан Ма Ёнг Чолыг хилээр гарах эрхийг хаасан. Монгол улсын шүүхийн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хүний үндсэн эрх, эрх чөлөө нь хасагдсан энэ хүн одоо насан эцэслэвэл ямар нөхцөл байдал үүсэх, мөн хуулийн этгээд, хувь хүн хоёр эрх зүйн хоёр өөр субъект тул хуулийн этгээдийн хариуцлагыг албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хувь этгээдэд нялзаах нь эрх зүйт төрд байж болох зарчим мөн үү?

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Өнгөрсөн хугацаанд "Е" ХХК-ийн захирал Ма Ёнг Чол нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1090 тоот шийдвэрийн дагуу барилга барих ажлыг зогсоосон боловч хариуцагч “Е” ХХК-д даалгасан шийдвэрийг биелүүлээгүй байгаа. "Е" ХХК-ийн захирал Ма Ёнг Чол нь Чингэлтэй дүүргийн шүүхийн дээрх шийдвэрийг санаатайгаар биелүүлэхгүй, зориуд саад учруулж байсан учраас "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай" Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 3046 тоот шүүгчийн захирамж, 2009 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 251 дугаар "Шүүхийн гүйцэтгэх хуудаси-ыг НШШГГт ирүүлснийг үндэслэн "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай" 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 273 тоот тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу одоог хүртэл явагдаж байна.

Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хуулийн дагуу албадан гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг ханган биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, тодорхой үүрэг хүлээлгэх, төлбөр төлөгчийн Улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх, барилгыг гүйцэтгэх баримт бичигт заасны дагуу 5.3 метрт буулгах, буулгахад гарах зардлын тооцоог "Тод бум" ХХК-иар хийлгэж зардлыг нь "Е" ХХК-ийн захирал Ма Ён Чол-оос гаргуулах, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгасан удаа дараагийн мэдэгдлүүдийг төлбөр төлөгчид хүргүүлэх зэрэг хуульд заасан гүйцэтгэх ажиллагаануудыг хуулийн дагуу явуулж байна.

Харин Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02332 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Учир нь 1090 тоот шийдвэрт ямар нэг эд хөрөнгийг нураах, буулгахыг хэн нэгэнд тусгайлан даалгаагүй байгааг дурдах нь зүйтэй." гэж дүгнэсэн нь өөрөө хууль бус бөгөөд Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж баталгаажуулсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд заавал биелэгдэх учиртай эрх зүйт төрийн хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчим алдагдах, 8 жил гаруй хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, нөхцөл байдал үүсч байна.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1090 тоот шийдвэрт "...хариуцагч “Е” ХХК-д даалгаж..." гэж шийдвэрлэсэн байхад 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02332 дугаар шийдвэрийн "үндэслэх нь:" хэсэгт "...хэн нэгэнд тусгайлан даалгаагүй..." гэж өөрчилж дүгнэсэн нь урдах шүүхийн шийдвэрүүдийг үгүйсгэсэн хуульд нийцээгүй үндэслэл гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт "...Учир нь 1090 тоот шийдвэрт ямар нэг эд хөрөнгийг нураах, буулгахыг хэн нэгэнд тусгайлан даалгаагүй байгааг дурдах нь зүйтэй..." гэж дүгнэсэн үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хасч өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэдий ч цаад далд утгаараа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гол шаардлага болох Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 11 дгээр сарын 25-ны өдрийн 1090 дугаар шийдвэрээр батлагдсан зураг, барилга хоорондын зай зөрчиж зэргэлдээх барилгадаа хэт тулгаж 1.2 метрт барьсан барилгыг 5.3 метрт буулгах шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэдгийг тогтоолгох зорилго агуүлсан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дугаар заалт "...Учир нь 1090 тоот шийдвэрт ямар нэг эд хөрөнгийг нүраах, буулгахыг хэн нэгэнд тусгайлан даалгаагүй байгааг дурдах нь зүйтэй" гэж дүгнэсэн нь буруу бөгөөд хууль зөрчсөн ноцтой үйлдэл юм.

БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Е" ХХК-ийн захирал Ма Ён Чол нь Монгол Улсын "Иргэний хууль", "Газрын тухай", "Барилгын тухай", "Хот байгуулалтын тухай", "Улсын бүртгэлийн ерөнхий хууль", "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай", “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай", "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай" зэрэг хуулиудын хэд хэдэн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж хууль бусаар барилга барьсан байдаг бөгөөд барилга барихдаа батлагдсан зураг төслийг өөрсдөө дур мэдэн өөрчилж иргэн М.Насанбатын өмчлөх эрхэд хохирол учруулсан нь Монгол Улсын шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон. Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн 15 удаагийн шийдвэр, уг шийдвэрүүдийг "Албадан гүйцэтгүүлэх тухай" 4 удаагийн шүүгчийн захирамжууд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд 10 шахам жил болж байхад БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Е" ХХК-ийн захирал Ма Ён Чол нь Монгол Улсын шүүхийн шийдвэрүүдийг хүндэтгэхгүй, биелүүлэхгүй байна.

Сүүлийн үед энэ байдал нь улам даамжирч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох улмаар тэдний үйл ажиллагааг явуулахгүй байх элдэв арга саам хэрэглэх, шийдвэр гүйцэтгэгч нарыг басамжлан хэл амаар доромжлох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хүндрэл, саад учруулах, хуурч мэхлэх, шүүхийн шийдвэрийг өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлах, шийдвэр гүйцэтгэгч нарт буруу ойлголт өгөх, одоо бүр Монгол Улсын шүүх байгууллагаар тоглож удаа дараа нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд нэхэмжлэл гаргах, Монгол Улсын аж ахуйн нэгжийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээгүй, хуулийн этгээдийн албан ёсны хаяггүй хууль бус нэхэмжлэлүүдийг шүүхэд гаргах хууль бус үйлдлүүдийг байнга гаргасаар байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “Е” ХХК Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1090 дугаар шийдвэр болон мөн шүүхийн 2013 оны 520 дугаар шийдвэрт хийсэн тайлбарыг үндэслэн тус тусад нь явуулж байгаа гүйцэтгэх ажиллагааг хууль бус ажиллагаа болохыг тогтоолгох, 520 дугаар шийдвэрийн дагуу бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 146 062 950 төгрөг төлөгдсөнөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1027 тоот албан бичгээр мэдэгдсэн “Е” ХХК-ийн улсын бүртгэлийн 5039649 тоот гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг даалгасан ажиллагааг хүчингүй болгож, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг нээхийг Улсын бүртгэл, Оюуны Өмчийн газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч татгалзалдаа анхан шатны шүүхийн 2008 оны 1090, 2013 оны 520 дугаар шийдвэрүүд нь өөр үндэслэлээр гарсан тусдаа шийдвэр тул гүйцэтгэлийн ажиллагаа тусдаа явагдах ёстой, 520 дугаар шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаа дууссан, харин 1090 дүгээр шийдвэрийн дагуу гаражийн зүүн хананаас 5.3 метр зайд хэвийн байдалд оруулахыг даалгасан хэсэг биелээгүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч няцааж 520 дугаар шийдвэрийг биелүүлж, иргэн М.Насанбатын гаражийг нурааж дахин шинээр барих зардал 146 062 950 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлснээр шүүхийн харилцан холбоотой  хоёр шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаа дууссан гэж марган, шүүх хуралдааны шатанд “Е” ХХК-ийн захирал Ма Ён Чолыг хилээр гарахыг хориглосон ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1090 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч М.Насанбатын “Е” ХХК-д холбогдуулан гаргасан гараж өмчлөх эрхэд саад учруулж, хил зөрчин барьж буй барилгын ажлыг зогсоож, урьд байсан хэвийн байдалд оруулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан хангасан байна. Өөрөөр хэлбэл, гаражийн барилгын зүүн хананаас 5.3 метрийн зайд баригдаж буй үйл ажиллагаагаа зогсоож, хэвийн байдалд оруулахыг хариуцагчид даалган шийдвэрлэхдээ хөрш залгаа хилийг зөрчих замаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоох, хэвийн байдалд оруулах замаар эрхийн зөрчлийг арилгах агуулгаар шүүхийн шийдвэр гарчээ.

            Харин Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 520 дугаар шийдвэрээр хариуцагчаас 145 000 000 төгрөгийг гаргуулан, уг гаражийн өмчлөгч М.Насанбатад олгон, гаражид дээрх үйлдлээр учирсан бодит хохирлыг мөнгөөр үнэлэн буруутай этгээд болох “Е” ХХК-иас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж хохирлыг арилгах шийдвэр гарсан байна.

Дээрх шүүхийн дурдсан хоёр шийдвэрийн нэг нь хөршийн нөлөөлөлтэй холбоотойгоор өмчлөх эрхэд саад болж буй үйлдлийг зогсоох тухай, нөгөө нь бусдын буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулах гэсэн өөр үндэслэл, агуулга бүхий нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байна.

            Иймд шүүхийн 2013 оны 520 дугаар шийдвэрийг биелүүлсэн нь 2008 оны 1090 дүгээр шийдвэрт заагдсан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн гэж үзэх боломжгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах эрх зүйн үндэслэл тогтоогдсонгүй. Иймд нэхэмжлэгчийн 520 дугаар шийдвэрийн дагуу бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 146 062 950 төгрөг төлөгдсөнөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

            Харин шүүхийн 2008 оны 1090 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт гараж өмчлөх эрхэд саад учруулж зургаасаа хэтрүүлэн барьж буй барилгын ажлыг зогсоож, урьд байсан хэвийн байдалд оруулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсгийг шууд үндэслээгүй, харин Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 гэсэн ерөнхий заалт баримталсан байгаа нь уг шийдвэрийн талаар “1090 тоот шийдвэрт ямар нэг эд хөрөнгийг нураах, буулгахыг хэн нэгэнд тусгайлан даалгаагүй байгааг дурдах нь зүйтэй” гэж дүгнэх үндэслэл болохгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар буюу маргааны зүйлд хамааралтай нотлох баримтыг хэрхэн үнэлснийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичих ёстой бөгөөд харин шүүхийн шийдвэрийн агуулгыг тайлбарлаж, улмаар шийдвэрлээгүй асуудлын талаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт нийцэхгүй тул  хариуцагч болон гуравдагч этгээдийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй. Гэвч энэ нь хэргийг шийдэх буюу шийдвэрийн тогтоох хэсэгт заагдаагүй тул шийдвэрийг өөрчлөх үндэслэл болохгүй байна.

            Нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1027 тоот албан бичгээр мэдэгдсэн “Е” ХХК-ийн улсын бүртгэлийн 5039649 тоот гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг даалгасан ажиллагааг хүчингүй болгож, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг нээхийг Улсын бүртгэл, Оюуны Өмчийн газарт даалгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгохдоо шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 44 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

            Дээрхийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулахыг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                      А.ОТГОНЦЭЦЭГ