Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 217

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 16 өдөр

              Дугаар 153/ШШ2019/00217

Ховд аймаг

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Олзвойн 04-23 тоотод оршин суух, регистрийн дугаартай, Хожим овогт Тэрбишийн Ө холбогдох 500,648 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22504667 тоот гэрээ байгуулан 99662544 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Тар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Samsung Galaxy J3 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 399,112 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 71,849 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 29,687 төгрөг буюу нийт 500,648 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Олонсайхан нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Ө холбогдох иргэний хэрэгт хариуцагч Т.Өлзийхишиг нь нэхэмжлэлийн шаардлага болох 500,648 төгрөгийг төлж барагдуулсан тул энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Т.Ө холбогдуулан 500,648 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 500,648 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Олонсайхан нь шүүхэд гаргасан хүсэлтдээ хариуцагч Т.Өлзийхишиг нь нэхэмжлэлийн шаардлага болох 500,648  төгрөгийг төлсөн тухай дурдаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан талаар шүүхэд тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ө холбогдох 500,648 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Олонсайхан нь нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,669 төгрөгөөс 7,834.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,834.5 төгрөгийг Төрийн сангийн 100160000945 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         Б.МАРИНА